| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/08461/И |
| Дугаар | 192/ШШ2025/03998 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/03998
| 2025 05 12 | 192/ШШ2025/03998 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч*******,*******,*******, “М плаза”, 701 тоот хаягт байрлах “Френдстранспорт тийм” ХХК (РД:5662869)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******-нд холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 93,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Очирхүү,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 93,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагчид Sinotruck ZZ3257-N3847A загварын ачаа өөрөө буулгах зориулалттай, LZZ5ELND6HW240571 арлын дугаартай, 2017 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол Улсад импорлогдсон, 31-27 УБО улсын дугаартай, цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг 82,000,000 төгрөгөөр худалдаж, 0379, 0380 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хариуцагч нь гэрээний дагуу 20,000,000 төгрөг төлж үлдэх төлбөрийг төлөөгүй. Гэрээнд төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор заасан ба алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул үлдэгдэл төлбөр 62,000,000 төгрөг, алданги 31,000,000 төгрөг, нийт 93,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчид 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааныг товыг хуульд заасан журмын дагуу хариуцагчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, “Френдстранспорт тийм” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 0379, 0380 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 93,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ хариуцагчтай Sinotruck ZZ3257-N3847A загварын ачаа өөрөө буулгах зориулалттай, LZZ5ELND6HW240571 арлын дугаартай, 2017 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол Улсад импорлогдсон, 31-27 УБО улсын дугаартай, цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг 82,000,000 төгрөгөөр худалдаж, 0379, 0380 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хариуцагч нь гэрээний дагуу 20,000,000 төгрөг төлж үлдэх төлбөрийг төлөөгүй гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх түүнд шүүх хуралдааныг товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, хэргийн оролцогчийн тайлбарын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Зохигч талуудын хооронд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэг талаас Sinotruck ZZ3257-N3847A загварын ачаа өөрөө буулгах зориулалттай, LZZ5ELND6HW240571 арлын дугаартай, 2017 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол Улсад импорлогдсон, 31-27 УБО улсын дугаартай, цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг 82,000,000 төгрөгөөр худалдах, нөгөө талаас уг төлбөрийг урьдчилгаа 10,000,000 төгрөгийг төлж, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 36,000,000 төгрөг, 2023 оны 09 дугаар сарын 25-ны өдөр 36,000,000 төгрөг төлөх үүрэг бүхий 0379 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” бичгээр байгуулагдсан. (хавтаст хэргийн 48-49 дэх тал)
4.2.Зохигч талуудын хооронд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэг талаас Toyota Land cruiser Prado загварын TRJ1500003128 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол Улсад импорлогдсон, 00-67 УАХ улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг 72,000,000 төгрөгөөр худалдах, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулж, төлөгдөөгүй нөхцөлд “Френдстранспорт тийм” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, нөгөө талаас уг төлбөрийг төлөх үүрэг бүхий 0380 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” бичгээр байгуулагдсан. (хавтаст хэргийн 46-47 дахь тал)
5.Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, 198.2 дахь хэсэгт “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заажээ.
5.1.Зохигч талуудын хооронд байгуулагдсан 0380 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.4-т “2023 оны 09 сарын 25 өдөр төлж барагдуулж, төлөгдөөгүй нөхцөлд Френдстранспорт тийм ХХК Ц.Очирхүү нэр дээр шилжинэ”, 0379 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.2-т “Ж.Нэргүй урьдчилгаа 10,000,000... төлнө, 2023 оны 08 сарын 25 өдөр 36,000,000... төлнө.,2023 оны 09 сарын 25 өдөр 36,000,000... төгрөг төлнө” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн “...тухайн хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд Жамбалын Нэргүйгийн эзэмшлийн Toyota Land cruiser Prado загварын TRJ1500003128 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол Улсад импорлогдсон, 00-67 УАХ улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг “Френдстранспорт тийм” ХХК-ийн захирал Ц.Очирхүүгийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон” гэх тайлбар үндэслэлтэй байна.
5.2.Иймд зохигч талуудын хооронд Sinotruck ZZ3257-N3847A загварын ачаа өөрөө буулгах зориулалттай, LZZ5ELND6HW240571 арлын дугаартай, 2017 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол Улсад импорлогдсон, 31-27 УБО улсын дугаартай, цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг 82,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гол нөхцөл бүхийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
5.3.Харин дээрх худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн мөнгөн хэлбэрээр тээврийн хэрэгслийн үнийг төлөх үүргийг хариуцагч нь биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн Toyota Land cruiser Prado загварын TRJ1500003128 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол Улсад импорлогдсон, 00-67 УАХ улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг 72,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгч компанийн захирлын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон “Худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ”, 44.2 дахь хэсэгт “Бий болох эсэх нь мэдэгдэхгүй, эсхүл нэгэнт бий болсныг нь хэлцэл хийгч талууд мэдээгүй байгаа үйл явдлаас шалтгаалан хэлцэлд заасан эрх үүрэг нь үүсэхээр тохиролцсон бол хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл гэнэ”, 236 дугаар зүйлийн 236.1.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан” гэж тус тус зааснаар өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахаар тохиролцсон болзол тавьсан хэлцэл гэж үзнэ.
5.4.Гэвч хариуцагчийн зүгээс дээр дурдсан 00-67 УАХ улсын дугаартай Toyota Land cruiser Prado загварын тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар 0379 дугаар гэрээгээр хүлээсэн мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүрэг дуусгавар болсон гэж үзэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас үлдэгдэл төлбөр болох 62,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.
5.5.Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг няцаасан тайлбар, холбогдох нотлох баримтыг шүүхэд хуульд заасан хугацаанд ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгчийн “…00-67 УАХ улсын дугаартай Toyota Land cruiser Prado загварын тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөхийг шаардахад өгөөгүй, одоо уг тээврийн хэрэгсэл хариуцагчид байгаа эсэх нь эргэлзээтэй…” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.
6.Зохигч талуудын хооронд байгуулагдсан 0379 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.5-д “Гэрээнд заасан хугацаанд хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасанд нийцэж байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй бөгөөд алдангийг 31,000,000 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасанд нийцэж байна.
7.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 93,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгож шийдвэрлэлээ.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно…”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч компанийн урьдчилан төлсөн 844,000 төгрөгийн 622,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 211,050 төгрөгийг, хариуцагчаас 622,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч компанид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Нэргүйгээс 93,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Френдстранспорт тийм” ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Френдстранспорт тийм” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 844,000 төгрөгийн 622,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Нэргүйгээс 622,950 төгрөг, улсын орлогоос 211,050 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Френдстранспорт тийм” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД