Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00330

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00330

 

 

******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/03781 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч ******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******од холбогдох

Гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон орон сууцны ногдох хэсэгт 6,000,000 төгрөг хариуцагчид өгч, орон сууцны хамтран өмчлөх эрхээс хариуцагч ******ыг хасуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

1.Нэхэмжлэгч ******-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие ******той 2014 оноос 2020 оны хооронд хамтын амьдралтай байсан бөгөөд бид миний нэр дээр 34,500,000 төгрөгөөр 1 өрөө орон сууц худалдан авч, урьдчилгаанд 10,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 24,500,000 төгрөгийг Голомт банк ХХК-аас зээл авсан.

Хариуцагч байнга архи хэрэглэж, ажлаа тасалж, байнга хэрүүл, маргаантай байдаг байсан. Мөн намайг ажил хийхэд араас залгаж байнга харддаг, нэг бус удаа надад гар хүрч байсан. Эцэг, эх маань гадагшаа яв гээд 8,800,000 төгрөг надад өгөхөд нь хариуцагч гэр оронтой болцгооё гээд байрны урьдчилгаанд оруулсан. Хариуцагчаас огт мөнгө гараагүй. Би байрыг өөрийн өмчлөлд үлдээж, хариуцагчийн анх гаргасан гэх 1,200,000 төгрөг дээр зээл төлж байсан мөнгийг нэмээд өөрийнх нь хэлж буй 6,000,000 төгрөгийг өгөөд салах хүсэлтэй. Би сар бүр Голомт банк ХХК-д 378,000 төгрөгийг төлж байна. Иймд би уг орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээж, хариуцагчийг орон сууцны хамтран өмчлөгчөөс хасаж өгнө үү.

Мөн бид тусдаа амьдраад удаж байгаа тул бидний гэрлэлтийг цуцлуулж өгнө үү. Бид дундаасаа үр хүүхэдгүй болно гэжээ.

 

2.Хариуцагч ******ын тайлбарын агуулга: Гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч байна. Бид 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байрандаа нүүж орсон. Би  ангид ажилладаг, сарын 1,000,000 төгрөгийн цалинтай, нийгмийн даатгал төлөгдөөд явсаар байр авах нөхцөл бүрдсэн.

Тухайн үед нэхэмжлэгч тогтсон ажилгүй байсан, би Сэлэнгэ, Хүдэр, Ерөө зэрэг аймаг сумдад тогтмол ажилладаг байсан ба цалингийн картаа нэхэмжлэгчид үлдээгээд явдаг. Тэрээр зээлийн төлбөрийн картнаас төлдөг байсан. Голомт банк ХХК-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үндсэн зээлдэгч, бөгөөд уг зээлээс 23 сарын хугацааны зээлийг төлсөн. Байрыг түрээслээд дээр нь нэмж 100,000 төгрөг зээлд төлдөг байсан.

Миний зүгээс 2006 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1,100,000 төгрөг шилжүүлсэн, мөн 200,000 төгрөг өгч байсан. Би байраа өөрөө аваад цаашдаа зээлээ төлөөд явах тогтсон ажил төрөл, орлогын эх үүсвэртэй. Би нэхэмжлэгчид байранд зарцуулагдсан 25,100,000 төгрөгийн тал хувь 12,550,000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргаж өгч болно, эсвэл надад 12,550,000 төгрөг өгвөл байрыг үлдээж мөнгөө авч болно. Байрны урьдчилгаанд 10,000,000 төгрөг одоо 40 сарын зээл төлөгдсөн бөгөөд үүнийг 377,500 төгрөгөөр үржүүлэхээр уг дүн гарч байгаа. Нэхэмжлэгчийн эцэг эхээс тухайн үед биднийг орон сууцтай болоорой гээд бидний дунд 8,800,000 төгрөгийг өгсөн гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар******г //,******** /****/ нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дах хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын  тоотод орших 18 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-200 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ******-ийн өмчлөлд үлдээж, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хариуцагч ******ыг хасч, нэхэмжлэгч ******ээс 12,500,000 төгрөг гаргуулан хариуцагч ******од олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******оос 285,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******т олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч ******-ийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

4.а.Миний бие хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас шүүгчийн асуусан асуултыг буруу ойлгож, шүүгчид 12,500,000 төгрөгийг хариуцагч ******од төлнө гэж ойлгуулсан. Иймээс анхан шүүх нэхэмжлэгчээс ******ээс 12,500,000 төгрөг гаргуулж ******од төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

4.б. Хариуцагч ******ын урьдчилгаанд төлсөн 1,200,000 төгрөг дээр зээл төлж байсан гэх 6,000,000 төгрөгийг өгөх саналтай байна. Маргаж буй уг орон сууцыг урьдчилгаанд 10,000,000 төгрөгийн 8,800,000 төгрөгийг өгөхдөө миний эцэг эх хоёр 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан, нотаритаар гэрчлүүлэн надад өгсөн. Би урьдчилгаа 8,800,000 төгрөг төлсөн банкны баримтыг шүүхэд гаргаж өгөхөө мэдээгүйн улмаас өөрийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон орон сууцны ногдох хэсэгт 6,000,000 төгрөг хариуцагчид өгч, орон сууцны хамтран өмчлөх эрхээс хариуцагч ******ыг хасуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

3.Гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 114 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг үндэслэн гэрлэгчид болох нэхэмжлэгч ******, хариуцагч ****** нарын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журам, Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасанд нийцжээ./хх-3,5/

4.Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон орон сууцны ногдох хэсэгт 6,000,000 төгрөг хариуцагчид өгч, орон сууцны хамтран өмчлөх эрхээс хариуцагч ******ыг хасуулах шаардлагын тухайд:

4а.Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох үйл баримтыг тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг зөрчөөгүй, зохигчдын тайлбар, хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дах хэсэгт заасан үндэслэлээр гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгийг хуваарилж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, шүүх хуралдааны үеэр хариуцагч ****** би орон сууцыг авч үлдвэл нэхэмжлэгчид 12,500,000 төгрөг өгнө, нэхэмжлэгчид орон сууцыг үлдээвэл би өөрөө түүнээс 12,500,000 төгрөг авна гэж, нэхэмжлэгч ****** нь Би хариуцагчид 12,500,000 төгрөг өгөөд байрандаа үлдээд хариуцагчийн тус байранд оруулсан 12,500,000 төгрөгийг өгнө гэж тус тус тайлбарлажээ. Уг тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч ******-ийн өмчлөлд маргаан бүхий орон сууцыг үлдээж, нэхэмжлэгчээс 12,500,000 төгрөг гаргуулан хариуцагч ******од олгож, орон сууцны хамтран өмчлөх эрхээс хариуцагчийн нэрийг хасуулах шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.

4б.Нөгөөтэйгүүр, хариуцагч ****** Би нэхэмжлэгч ******, ****** нар 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эрх бүхий газарт бүртгүүлжээ. /хх-5/ Гэрлэгчид Дархан-Уул аймгийн дүүргийн Дархан сумын  тоот хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий орон сууцыг 134,500,000 төгрөгөөр худалдаж авахдаа нэхэмжлэгч ******-ийн эцэг, эхээс тэдгээрт өгсөн 8,800,000 төгрөг, хариуцагч ******ын 1,200,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт өгч, үлдэх 24,500,000 төгрөгийг Голомт банкнаас зээл авсан үйл баримт тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх-1110-112,116-117/

Дээрхээс дүгнэхэд, зохигчид гэрлэснээс хойш өөрсдийн хөрөнгөө нийлүүлж, Голомт банк ХХК-аас хамтран зээл авч, маргаан бүхий орон сууцыг худалдан авч, өмчлөлдөө бүртгүүлснээр тус хөрөнгө нь гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болсон гэж үзэх нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.5-д заасанд нийцнэ.

Гэрлэгчдийн дундаас хүүхэд төрөөгүй, хоёулаа амьдарч байсан тул гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар адил байна. Иймд ... эцэг, эхийн өгсөн 8,800,000 төгрөгийг байрны урьдчилгаанд өгсөн, ... хариуцагч орон сууцны урьдчилгаанд 1,200,000 төгрөг өгсөн, зээл төлж байсан мөнгийг нэмээд нийт 6,000,000 төгрөгийг хариуцагчид өгнө гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Талууд Дархан-Уул аймгийн дүүргийн Дархан сумын  тоот хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий орон сууцыг 34,500,000 төгрөгөөр худалдан авсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон, дээрх хуульд заасны дагуу нэг хүнд ногдох хөрөнгийн хэмжээг тодорхойлбол 17,250,000 төгрөг байна. Хариуцагч нь орон сууцны зээлд төлсөн 25,100,00 төгрөгийн тал хувиар буюу 12,550,000 төгрөгөөр өөрт ногдох хэмжээг тодорхойлжээ.

Анхан шатны шүүх гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хариуцагчид ногдох хэсгийг түүний тодорхойлсон хэмжээгээр хувааж, нэхэмжлэгчээс гаргуулсан нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дах хэсгийн заасанд харшлаагүй байна.

5.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/03781 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ч.ЦЭНД