Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Ц.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Хун цагаан овогт Цэцэгжаргалын Ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201716000051 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн Ч.Алтанцэцэгт тэмээний мах өгнө гэж итгүүлэн хууран мэхэлж бэлнээр 3,400,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэн О.Чинзоригт Нордбенз маркийн автомашин зарна гэж хууран мэхэлж 1,950,000 төгрөг, Ниссан теана маркийн 77-74 УНИ улсын дугаартай автомашин залилан мэхэлж аван 3,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун зүгт 7 км зайд “Монпорт” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 56-31 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн 5 ширхэг дугуй, 2 ширхэг аккумулятор, 1 ширхэг стартер, 170 литр түлшийг завшин бусдад 2,481,700 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А “ Би Алтанцэцэг, Чинзориг, Энхманлай гэх хүмүүсийг хохироосон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Хохирогч Ч.Алтанцэцэгийн өгсөн : ”...Тэгээд зарын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байсан санагдаж байна. Нэг залуу миний утас руу залгаад тэмээний мах бөөнөөр олноор нь авах уу гэж ярьсан. Тэгээд би тэр хүнийг та аль сумын хүн бэ? таныг хэн гэдэг юм бэ гэж асуусан чинь “Ханбогд сумын Цог гэдэг хүн байна” гэж нэрээ хэлсэн. Тэгээд би надад тэмээний мах зарна гэж залгасан хүн рүү буцаагаад залгаад “та хэдэн тэмээ зарах гэж байгаа юм бэ” гэж асуусан чинь 15 тэмээ зарна гэж хэлсэн. Тэгээд та яаж махаа надад өгөх юм бэ, би очиж авах уу гэж асуусан чинь зүгээрээ би эндээс машинд ачаад Дундговь аймагт очно, цаашаа би Улаанбаатар хот явах ажилтай гэж хэлсэн. Тэгээд над руу маргааш нь яриад тэмээгээ хүмүүсээр хийлгэж байна. Надад бензиний мөнгө бас мал хийлгэсэн хүмүүст өгөх мөнгө хэрэг болоод байна 400,000 төгрөгийн урьдчилгаа өгөөч гэж хэлсэн. Тэгээд би тэр хүний хаан банкны данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгө шилжүүлэхдээ хэний данс юм бэ гэж асуусан чинь манай эхнэрийн данс гэж хэлсэн. Одоо би дансны дугаарыг нь мартсан байна. Тэгээд маргааш нь над руу яриад машинд махаа ачсан одоо ингээд гарлаа гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа над руу утсаар яриад би танд хаашдаа л махаа аваачиж өгөх юм чинь та надад одоо 2,000,000 төгрөг шилжүүлчих оюутан хүүхдийн төлбөр хийх гэсэн юм. Манай хүүхдийг хичээлд нь суулгахгүй хөөж гаргаад байна гэнэ гэж хэлэхээр нь би тэр үед маш их итгэж байсан учраас надад өмнө нь өгсөн байсан данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлэхдээ 1,000,000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн санагдаж байна. Тэгээд тэр хүний утас нь холбогдохоо больсон. Тэгээд маргааш өглөө нь би тэр хүн рүү залгаад хаана явж байна гэж асуусан чинь Цогт-Овоо сум руу дөхөж байнаа. Ачаа хүнддээд дугуй хагараад явахгүй байна гэж хэлсэн. Тэр оройгоо харуй бүрий болж байхад над руу залгаад Цогт-Овоо дээр явж байна дугуй хагараад явдаггүй. Дугуй авах гэсэн юм 1,000,000 төгрөг шилжүүлээч гэхээр нь дахин нөгөө данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд цагийн дараа залгасан чинь утас нь холбогдохгүй болчихсон байсан. Тэгээд би тэр шөнө Хулд сум хүртэл өөрийн машинаар явж тоссон боловч мах ачсан машинтай хүн таараагүй. Тэгээд маргааш нь дахиад утас руу нь залгаад үзэхэд утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би Дундговь аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаж өгсөн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

Хохирогч О.Чинзоригийн өгсөн: Би Аг өмнө нь зарна гэж ярьж байгаа 87-28 дугаарын Нордбенз маркийн автомашиныг жолоодоод явж байхыг нь нүүрс тээвэрт явж байхдаа харж байсан. Тэгээд цагаан сарын өмнөхөн над руу машинаа яаралтай зарах боллоо чи авах уу гэж асуухаар нь хэдээр яаж зарах гэж байна гэж асуусан чинь А хэлэхдээ чи жижиг тэрэг дээрээ 1,500,000 төгрөг өгчих цагаан, ногоон сар болох гээд мөнгө хэрэг болоод байна. Үлдсэн мөнгийг нь дараа нь цувуулаад өгчих гэж хэлсэн. Тэгээд би Цогтцэций сумын Хаан банкнаас очиж мөнгө авахдаа Ад 1,500,000 өгөөд дээрээс нь өөрийнхөө Ниссан теана маркийн суудлын жижиг тэргийг өгөөд явуулсан. А надад Норд бенз маркийн машинаа шинийн 3 өдөр өгөхөөр болсон. Машин нь Цагаан хаданд байгаа гэж хэлсэн. Би шинийн 3-нд охиныхоо үсний найр хийх болоод шинийн 3-ны өдөр авч чадаагүй. Тэгээд шинийн 5-ны өдөр Атэй холбоо бариад хаана байна гэж асуухад Таван толгойн амар дээр байна. Эндээс Цагаан хад машинд суугаад явлаа, чи Цагаан хаданд яваад ир гэж хэлсэн. Тэгээд би Цагаан хад руу явж очсон. Тэгээд бид хоёр тэр орой Цагаан хаданд уулзсан чинь А одоо орой болчихлоо маргааш больё гэж хэлэхээр нь за гээд маргааш нь уулзахаар болсон. Маргааш нь уулзсан чинь захирал байхгүй байна. Машинаа компанийн хашаанаас гаргаж авч болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш болсон. Тэгээд утас руу нь залгасан чинь тэнд ч байна, энд ч байна гээд худлаа яриад сүүлдээ утсаа авахаа больсон. Тэгээд би Таван шин компанийг хариуцсан дарга Гомбоцог гэдэг хүний утсыг олж залгаад танайд 87-28 дугаарын Нордбенз маркийн автомашиныг жолооддог А гэдэг жолооч байдаг уу гэж асуусан чинь ажиллаж байсан. Одоо ажиллахаа больсон гэж хэлэхээр нь надад 87-28 дугаартай Нордбенз маркийн автомашиныг зарна гэж хэлсэн чинь А худлаа ярьж байна тийм зүйл байхгүй наад машин чинь манай компанийн машин гэж хэлсэн. Тэгээд би Ад залилуулсан гэдгээ мэдээд Цогтцэций сумын цагдаад хандсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/

Гэрч С.Гомбоцогийн өгсөн: “... Танина. Манай компанид 2016 оны 09 дүгээр сард 87-28 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн автомашины жолоочоор ажилд орохоор туршилтаар явж байсан. Тэгээд 2,3 рейс явж байгаад компанийн машинаар дур мэдэн бэлэн мөнгөний ачаанд хулгайн тээвэрт явсан. Өөрөөр хэлбэл компаниас зөвшөөрөл аваагүй явсан. Тэгээд жолоодож явсан компанийн машиныг нүүрс тээвэрлэлтийн 92 дахь км-т моторыг нь эвдээд зогсоосон байсан. Тэгээд ор сураггүй алга болсон. Өөр ямар нэгэн харьцаа холбоо байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/

Гэрч Д.Дэнсмаагийн өгсөн: “... 2017 оын 02 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр болох Чинзориг нь 09 цаг 30 минутын үед гэрээс гарч яваад удалгүй ирэхдээ А гэх залууг дагуулж ирсэн. Улмаар манай нөхөр “би энэ хүнээс шалаанз авахаар болсон ба урьдчилгаанд нь 8,000,000 төгрөг өгөх болсон. Харин бид 2 ярилцаж байгаад түүний оронд өөрийн эзэмшлийн 77-74 УНУ улсын дугаартай Ниссан теана загварын машинаа 6,000,000 төгрөгөөр бодоод өгөхөөр боллоо, одоо харин бэлнээр 1,500,000 төгрөг өгөхөөр тохирлоо” гэж хэлээд тэр 2 наймаа хийсэн. Харин худалдаж авсан Шалаанзаа шинийн 3-ны өдөр цагаан хаднаас очиж авахаар тохирсон боловч тухайн өдөр нөхөр бид 2 үсний найртай болоод очиж чадаагүй. Тухайн хугацаанд манай нөхөр Атэй хэд хэдэн удаа холбогдсон /цаг хугацааг нь сайн санахгүй байна/ А нь мөнгө хэрэг боллоо гээд 150,000 төгрөг мобайлаар 5690006269 гэсэн данс руу шилжүүлсэн. Харин 300,000 төгрөг бэлнээр Цогтцэций сумын цагаан овоо багт байрлах хаяг дээр очиж уулзаж байгаад өгсөн. Тэгээд нэг өдөр намайг гэрт эзгүй байх хугацаанд А нь гэрт ирээд манай нөхөртэй уулзаад гэрээ шиг юм авч ирээд “энэ машиныг компанийн нэр дээр явуулах гээд байна” гэж хэлж уулзсан байсан. Энэ хугацаанаас хойш А нь сураггүй алга болоод утас руу нь залгахаар холбогдохгүй байж байгаад нэг өдөр залгасан чинь согтуу утсаа аваад “би зарах гэсэн машинаа одоо унаад явж байна” гэж ярьж байгаад утсаа салгаад алга болсон. Тэгээд нөхөр бид 2 залилуулсан талаараа мэдсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

“Вендо” ХХК-ийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09/17 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/  

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 144-р хуудас/

Хохирогч Э.Энхманлайгийн өгсөн: “... Манай эзэмшлийн 56-31 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн автомашиныг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Цэцэгжаргал овогтой А гэх жолооч нь өөрийн хөдөө гэртээ авч очоод 5 ширхэг дугуй, 2 ширхэг аккумулятор, 170 литр түлш зэрэг зүйлүүдийг тоносон байсан тул одоо үнэлгээгээр гарсан 2,481,700 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 152-р хуудас/

Гэрч Д.Эрдэнэчулууны өгсөн: “...би нүүрс тээвэр хийгээд 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Цагаан хаданд явж байтал хуучны танил болох Атэй таарсан тэгсэн намайг хөгшөөн 6 дахь км-т дөхөөд буучмаар байна гэж хэлсэн. Тэгээд замдаа явж байхдаа би Монгол компанид жолоочоор ороод нэг машин босгоод явах гэтэл машинаа босгуулчихаад надад мөнгө өгөөгүй. Тэгээд одоо цагаан сар болох гэж байна гэж хэлээд хаагаад явсан талаараа ярьсан тэгэхээр нь би чи тэгвэл надтай хамт 2 рейс хийгээд рейсний 100,000 төгрөг аваад цагаан сардаа нэмэр бол гэж хэлсэн. Тэгсэн зөвшөөрөөд хамт 1 рейс хийсэн. Тэгээд 2 дахь рейсэндээ явахаа болиод 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ачаагаа буулгачихаад 6 дахь км дээр ирээд би Ад би энд машинаа тавьлаа манаачид нь хүлээлгэж өглөө гэж хэлсэн тэгсэн А мөнгө төгрөгөөр харуулж яах гэсэн юм бэ чи манай хөдөө гэрт харуулаад тавьчих гэсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд машинаа өгөөд явуулсан... “...Би тэгээд Сэлэнгээс ирэх замдаа 02 дугаар сарын 22-ны шөнө залгатал Цагаан хаданд байна. Маргааш Цогтцэций орно гэж хэлээд утсаа салгахаар нь би суманд ирээд 02 дугаар сарын 23-ны өдөр А рүү залгатал утас нь холбогдохгүй байхаар нь би очиж хоносон гэх гэрт нь очтол надад 88185273 гэсэн дугаар өгөөд энэ хөдөө байдаг манай ээжийн дугаар залгаад ярь гэсэн. Тэгээд би залгаад гэрийг нь заалгаад очтол миний 56-31 ӨМА машины чиргүүлийн баруун талын голын тэнхлэгийн 2 давхар дугуй, мөн зүүн талын урд талын тэнхлэгийн 2 давхар дугуй, запас 1 дугуй нийлээд 5 ширхэг дугуй, 2 ширхэг аккумулятор, 1 ширхэг статер зүйлүүд алга болсон байсан. Тэгээд би гэрт байх ээжээс нь асуутал “би сайн мэдэхгүй байна А ирэх болгондоо энэ машинаас 1-2 дугуй авч яваад байсан. Тэгээд асуусан чинь компанийн машин асаах гэж байна гэж хэлээд аваад явдаг байсан” гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 155-р хуудас/

“Вендо” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Ц18-10 дугаартай дүгнэлт /хх-ийн 163-р хуудас/  

Шүүгдэгч Ц.Агийн хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Ц.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 44-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 589 дугаартай тодорхойлолт /хх-ийн 181-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Аг гурван талаас нь харуулсан фото зураг, товч танилцуулга /хх-ийн 182-183-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн Ч.Алтанцэцэгт тэмээний мах өгнө гэж итгүүлэн хууран мэхэлж бэлнээр 3,400,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэн О.Чинзоригт Нордбенз маркийн автомашин зарна гэж хууран мэхэлж 1,950,000 төгрөг, Ниссан теана маркийн 77-74 УНИ улсын дугаартай автомашин залилан мэхэлж аван 3,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун зүгт 7 км зайд “Монпорт” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 56-31 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн 5 ширхэг дугуй, 2 ширхэг аккумулятор, 1 ширхэг стартер, 170 литр түлшийг завшин бусдад 2,481,700 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ч.Алтанцэцэгийн өгсөн : ”... Тэгээд над руу маргааш нь яриад тэмээгээ хүмүүсээр хийлгэж байна. Надад бензиний мөнгө бас мал хийлгэсэн хүмүүст өгөх мөнгө хэрэг болоод байна 400,000 төгрөгийн урьдчилгаа өгөөч гэж хэлсэн. Тэгээд би тэр хүний хаан банкны данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн. ...тэгээд хэсэг хугацааны дараа над руу утсаар яриад би танд хаашдаа л махаа аваачиж өгөх юм чинь та надад одоо 2,000,000 төгрөг шилжүүлчих оюутан хүүхдийн төлбөр хийх гэсэн юм. Манай хүүхдийг хичээлд нь суулгахгүй хөөж гаргаад байна гэнэ гэж хэлэхээр нь би тэр үед маш их итгэж байсан учраас надад өмнө нь өгсөн байсан данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлэхдээ 1,000,000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн санагдаж байна. Тэгээд тэр хүний утас нь холбогдохоо больсон. Тэгээд маргааш өглөө нь би тэр хүн рүү залгаад хаана явж байна гэж асуусан чинь Цогт-Овоо сум руу дөхөж байнаа. Ачаа хүнддээд дугуй хагараад явахгүй байна гэж хэлсэн. Тэр оройгоо харуй бүрий болж байхад над руу залгаад Цогт-Овоо дээр явж байна дугуй хагараад явдаггүй. Дугуй авах гэсэн юм 1,000,000 төгрөг шилжүүлээч гэхээр нь дахин нөгөө данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн.... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, хохирогч О.Чинзоригийн өгсөн: Би Аг өмнө нь зарна гэж ярьж байгаа 87-28 дугаарын Нордбенз маркийн автомашиныг жолоодоод явж байхыг нь нүүрс тээвэрт явж байхдаа харж байсан. Тэгээд цагаан сарын өмнөхөн над руу машинаа яаралтай зарах боллоо чи авах уу гэж асуухаар нь хэдээр яаж зарах гэж байна гэж асуусан чинь А хэлэхдээ чи жижиг тэрэг дээрээ 1,500,000 төгрөг өгчих цагаан, ногоон сар болох гээд мөнгө хэрэг болоод байна. Үлдсэн мөнгийг нь дараа нь цувуулаад өгчих гэж хэлсэн. Тэгээд би Цогтцэций сумын Хаан банкнаас очиж мөнгө авахдаа Ад 1,500,000 өгөөд дээрээс нь өөрийнхөө Ниссан теана маркийн суудлын жижиг тэргийг өгөөд явуулсан. А надад Норд бенз маркийн машинаа шинийн 3 өдөр өгөхөөр болсон... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,  хохирогч Э.Энхманлайгийн өгсөн: “... Манай эзэмшлийн 56-31 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн автомашиныг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Цэцэгжаргал овогтой А гэх жолооч нь өөрийн хөдөө гэртээ авч очоод 5 ширхэг дугуй, 2 ширхэг аккумулятор, 170 литр түлш зэрэг зүйлүүдийг тоносон байсан тул одоо үнэлгээгээр гарсан 2,481,700 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 152-р хуудас/, гэрч Д.Эрдэнэчулууны өгсөн: “...Тэгээд 2 дахь рейсэндээ явахаа болиод 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ачаагаа буулгачихаад 6 дахь км дээр ирээд би Ад би энд машинаа тавьлаа манаачид нь хүлээлгэж өглөө гэж хэлсэн тэгсэн А мөнгө төгрөгөөр харуулж яах гэсэн юм бэ чи манай хөдөө гэрт харуулаад тавьчих гэсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд машинаа өгөөд явуулсан... Тэгээд би залгаад гэрийг нь заалгаад очтол миний 56-31 ӨМА машины чиргүүлийн баруун талын голын тэнхлэгийн 2 давхар дугуй, мөн зүүн талын урд талын тэнхлэгийн 2 давхар дугуй, запас 1 дугуй нийлээд 5 ширхэг дугуй, 2 ширхэг аккумулятор, 1 ширхэг статер зүйлүүд алга болсон байсан. Тэгээд би гэрт байх ээжээс нь асуутал “би сайн мэдэхгүй байна А ирэх болгондоо энэ машинаас 1-2 дугуй авч яваад байсан.” гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 155-р хуудас/, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Ц.Аг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн бусдын эд хөрөнгийн завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.  

Хохирогч Ч.Алтанцэцэгт 3,400,00 /гурван сая дөрвөн зуун мянга/-н төгрөг, хохирогч О.Чинзоригт 1,950,000 /нэг сая есөн зуун тавин мянга/-н төгрөг, хохирогч Э.Энхманлайд 2,481,700 /хоёр сая дөрвөн зуун наян нэгэн мянга долоон зуу/-н төгрөгийг тус тус шүүгдэгч Ц.Агээс гаргуулан олгуулахаар шийдвэрлэв.

Хохирогч О.Чинзориг нь шүүгдэгч Ц.Агээс нийт 4,674,180 төгрөгийг хохирол төлбөр нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нийт хохирол нь 1,950,000 төгрөг байгаа тул үлдсэн 2,724,180 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 47 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хун цагаан овогт Цэцэгжаргалын Аг бусдыг залилах, бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аг  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д  зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 36.8  дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Ц.Агийн цагдан хоригдсон 47/ дөчин долоо/-н хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дугаар зүйлд зааснаар хохирогч Ч.Алтанцэцэгт 3,400,00 /гурван сая дөрвөн зуун мянга/-н төгрөг, хохирогч О.Чинзоригт 1,950,000 /нэг сая есөн зуун тавин мянга/-н төгрөг, хохирогч Э.Энхманлайд 2,481,700 /хоёр сая дөрвөн зуун наян нэгэн мянга долоон зуу/-н төгрөгийг тус тус шүүгдэгч Ц.Агээс гаргуулан олгосугай.

8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Ц.Агийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ц.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                        Д.БАТТУЛГА