Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/54

 

 

 

 

 

 

 

2024      09         11                                            2024/ДШМ/54

 

 

 

Д.Ут холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.АмарЖ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Төгөлдөр

Шүүгдэгч                                                       Д.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б.Баасанжав

Хохирогч                                                      Ц.Д

Нарийн бичгийн дарга                               П.Пунсалдулам нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлоор Д.Ут холбогдох 2425004370104 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 00 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.У нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Х багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 0 цэцэрлэг дотор хохирогч Ц.Дгаар 2023 оны 03 дугаар улирлын санхүүгийн тайланд гарын үсэг зуруулах явцдаа маргалдаж, улмаар “Төсөвт байгууллагын 2023 оны 03 дугаар улирлын санхүүгийн тайлан” гэсэн цаасан баримт барьсан гараараа хохирогчийн баруун шанаан тус газарт цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Уийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Д.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-ийг 700 /долоо зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Д.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 16 ширхэг цаасан баримт, 2 ширхэг рентген зураг, хяналтын камерын бичлэг 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

 

“... Д.У анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр хэргийн газрын нөхөн үзлэг хийлгүүлэх, өрхийн их эмчийн тархи доргилт гэсэн оношоор гэмтлийн хөнгөн хохирол учирсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан нь эргэлзээтэй байх тул дахин шинжээч томилуулах, багийн Засаг даргаас мэдүүлэг авхуулах, холбогдох баримтыг гаргуулах, гэрчүүдээс дахин мэдүүлэг авхуулах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авхуулах, Ц.Д нь урд өмнө толгойдоо хүнд доргилт авсан байж болзошгүй тул шалгуулах гэсэн утга бүхий 7 хүсэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах үндэслэлгүй хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

Д.У-ийн хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.д "Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй" гэж заасны дагуу эрхээ эдэлж, өөрийнхөө гэм буруугүй болохыг, цагаатгах талын баримтыг эрүүгийн хавтас хэрэгт авхуулах, хэрэгт ач холбогдолтой зүйлийг тодруулах гэсэн хүсэлт байсан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. 

Энэ нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3.д “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь тус зүйлийн 1.д "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2.д "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно." гэж заасны дагуу цагаатгах талын нотлох баримт бүрдүүлэхээр шүүгдэгчийн гаргаж буй хүсэлтийг шүүх хангахгүй орхиж байгаа талуудын тэгш мэтгэлцэх боломжийг хязгаарласан гэж үзэхээр байна. 

Түүнчлэн тус зүйлийн 4.д "Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно" гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь шийтгэх тогтоолд “...эдгээр баримтыг няцаах баримтгүй, эдгээр баримтуудад эргэлзэх шалтгаан үндэслэл тогтоогдохгүй байна. Хохирогч Ц.Д нь "Анхны оч" өрхийн эмнэлгээр харьяаллын дагуу олон жил үйлчлүүлж байгаа нь түүний амбулаторийн картуудаар нотлогдсон" гэжээ. Гэтэл шүүгдэгчээс хохирогчийг Хүрэнбулаг багт харьяалалтай эсэхийг тодруулах, багийн засаг даргыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа нь хуулийн дээрх зүйл заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. 

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Учир нь хохирогчийн анх гаргасан өргөдөл гомдолдоо гараар цохисон талаар огт дурдаагүй бөгөөд шүүх эмнэлгийн цаасаар цохих үед хөнгөн гэмтэл учрах эсэхийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарснаас хойш цаастай гараар хавсарч цохисон гэж мэдүүлж байгаа нь эргэлзээтэй байдлыг бий болгож байгаа, түүнчлэн хохирогчийн хувьд хүнд доргилт авсан талаар эмчийн үзлэгийн тэмдэглэлд байгааг хохирогчийн мэдүүлснээр эмч андуурсан мэтээр дүгнэсэн, цаастай гараар толгой руу цохиж байгаа тохиолдолд цаасан дээр нүүрний будаг наалдах эсэх нь эргэлзээтэй байгаа зэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 10-ны өдрийн 262 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй;" 1.3.д "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн" гэх үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.У тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө давж заалдах гомдлыг дэмжиж байна ... Хэргийн газрын үзлэг хийхдээ намайг байлцуулаагүйд гомдолтой байна...” гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... Хэргийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ц.Д тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төгөлдөр дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжавын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

 

шүүгдэгч Д.У нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Х багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 0 цэцэрлэг дотор тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Д-гаар 2023 оны 03 дугаар улирлын санхүүгийн тайланд гарын үсэг зуруулах явцдаа маргалдаж, улмаар “Төсөвт байгууллагын 2023 оны 03 дугаар улирлын санхүүгийн тайлан” гэсэн цаасан баримт барьсан гараараа түүний баруун шанаан тус газарт цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

 

хохирогч Ц.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Х багт үйл ажиллагаа явуулдаг 0 цэцэрлэгт эрхлэгчээр ажилладаг. 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн орчим ажлын өрөөндөө тус цэцэрлэгийн нягтлан бодогч Ут толгойн тус газартаа зузаан цаастай гараар нь нэг удаа цохиулсан. Тэгээд толгой манараад хэсэг хугацаанд сандал дээрээ сууж байтал гаднаас О багш орж ирсэн. Би У-т толгой руугаа цохиулсан тухайгаа хэлсэн. Би өрөөндөө сууж байгаад 20 минутын дараа өрөөнөөсөө гараад угаалгын өрөө орох гэж явахад урдаас У гаднаас орж ирж таарсан. Зөрөхдөө намайг “лалар минь чамайг яасан ч яадаг юм, цагдаа шүүхээрээ яваарай, юу олж долоохыг чинь харна гээд намайг заамдаж авах гээд байхаар нь би хойшоо ухарсан. Намайг өмхий авгай, бүх юм нь өмхийрсөн, яаж нөхөр нь унтдаг байна, бузар авгай, лалар авгай” гэж доромжилсон ... Тэгээд өрөөндөө ороод сууж байтал гаднаас арга зүйч Г.Наранцэцэг орж ирснээ “та зүгээр үү юу болсон бэ, нөгөөдөх чинь коридороор нэг орилж хашхирч байгаад гараад явлаа” гэж хэлсэн. Би толгой руугаа цохиулснаа хэлээд дотор салгалаад нэг л тайван биш байна гэсэн ... Миний сэтгэцэд хор уршиг учраагүй. Тогтоолгох шаардлагагүй ... Би 2023 оны 11 дүгээр сарын 06-наас 12-ныг хүртэл “Талын булаг” эмнэлэгт “Ходоодны архаг үрэвсэл” оношоор 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Маргааш нь ажил дээрээ ирсэн ... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Оы ... 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагаас 13 цагийн орчим ангийн хүүхдүүдээ унтуулж байхад коридорт муухай орилж хашхиралдсан дуу сонсогдсон ... Би хүүхдүүдээ унтуулчхаад даргын өрөөнд орж юм хэвлэхээр нөүтбүүкээ тэврээд ортол хаалганых нь хажуу талын хүрээ мод нь уначихсан байсан. Би “хүүе яагаад энэ модоо унагаачихаа вэ” гэтэл “нягтлан сая орж ирээд намайг зодчихоод гараад явлаа” гэж хэлсэн. Даргыг анзаараад харахад нүүр нь улайчихсан, шоконд орсон байдалтай юм ярихдаа сандраад хоолой нь чичрээд байсан ... Дарга надад хэлэхдээ нягтлан У намайг цохисон гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 60, 64 тал/,

 

Гэрч Б.Бын ... 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажил дээрээ жижүүртэй байхад эрхлэгч Ц.Д ирээд эмнэлэг орж хүүхдийнхээ шинжилгээг өгөх гэсэн юм яваад өгөөч гэж гуйсан ... Хүүхдийг нь хороолол руу хүргэж өгөөд ажил дээрээ ирсэн. Энэ үед эрхлэгчийн биеийн байдал зүгээр байсан. Машинаа байрлуулчхаад ажил руугаа ороход нягтлан эрхлэгч хоёр маргалдсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 66 тал/,

 

Гэрч Л.Тын ... Би Боловсролын төвд сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Ажил дээрээ ажлаа хийж байхад 0 цэцэрлэгийн эрхлэгч Ц.Д өрөөнд орж ирээд нягтлантайгаа муудалцсан талаараа ярьсан. Нягтлан уурлаад миний толгойг цаастай гараараа хавсраад цохичихлоо гэж хэлсэн. Одоо эмчид үзүүлж зураг хөргөө авхуулна гээд толгой өвдөөд байна гээд царай нь цонхигор ядруухандуу харагдсан ... гэсэн мэдүүлэг

 

Гэрч Э.Оийн ... “Анхны Оч” эрүүл мэндийн төв дээр ажил үүргээ гүйцэтгээд сууж байхад 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ц.Д гэдэг эмэгтэй гаднаас айсан, сандарсан, түгшсэн байдалтай орж ирсэн. Биеийн байдлыг нь үзэхэд даралт нь 140/100, 130/90 пульс нь 92 удаа цохилж байсан. Даралт бууруулах тариа хийж, зүрхний пульс буулгах эм уулгаад өвчин намдаах тариа хийгээд 18 цагт дахин үзэхэд даралт пульс буурсан байсан. Толгой өвдөж нүд эрээлжилнэ, энэ тэнд гишгэнэ гэсэн зовуурьтай байсан тул зөвлөгөө өгөөд дахин ирж үзүүлээрэй, даралтаа хянаарай, өвчин намдаах эм уугаарай, уламжлалтын эмчид үзүүлээрэй гэж хэлсэн. Хүнд зодуулсан гэж хэлсэн. Миний санаж байгаагаар баруун талын чамархай хэсгээ бариад өвдөөд байна гэхэд нь харахад хавдаж хавагнасан зүйл анзаарагдаагүй, хөхөрч няцарсан зүйл байгаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-73 тал/,

 

Гэрч П.Сгийн ... 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Анхны Оч” эрүүл мэндийн төв дээр ажлаа хийгээд сууж байхад Ц.Д гэдэг эмэгтэй үзүүлсэн. Судас нь түргэн чичирч лугшин, энэ нь зүрх нь дэлссэн гэсэн үг. Дараа нь толгойны судсыг нь барьж үзэхэд мөн адил чичирч лугшиж байсан. Ажлынхаа хүнд цохиулсан толгой өвдөж дотор муухайрч байна гэсэн. Тархи доргилттой гэсэн онош тавьж 4 өдрийн толгой хүзүүний хэсгийн бариа хийсэн байгаа. Баруун талынхаа шанаа хацар хэсгээр гараараа илээд дараад байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76 тал/,

 

Гэрч Р.Жын ... 2023 оны 11 дүгээр сарын 06-наас 12-ныг хүртэл Ц.Д нь “Талын булаг” эмнэлэгт ходоодны сөөргөө өвчний оношоор хэвтэн эмчлүүлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-81 тал/,

 

Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн дүрс оношилгооны эмч ажилтай Ц.Цэрэндэжидийн ... 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ц.Д гэдэг эмэгтэй гавал ясны рентген зураг авхуулсныг харж дүгнэж бичсэн байгаа. Энэ шинж нь тархи доргилтоос үүдэлтэй бага зэргийн хаван, тархины дотоод даралт ихэссэнтэй холбоотой байдаг гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84 тал/,

 

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1032 дугаартай ... Ц.Дгийн биед тархи доргилт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 91-96 тал/

 

Хохирогч Ц.Дгийн амбулаторийн картын хуулбар, 0 цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн хуралдаанаас гарсан дүгнэлт /хх-ийн 150-152 тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 54-56 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Д.Уийн санаатай цохисон үйлдлийн улмаас хохирогч Ц.Дгийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Уийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол төлсөн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон оногдуулсан нь түүний гэм буруугийн байдалд тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжавын “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжавын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.УРАНЧИМЭГ

 

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.АМАРЖ

 

 ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА