| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/07306/И |
| Дугаар | 192/ШШ2025/04258 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/04258
2025 05 19 192/ШШ2025/04258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,*******,*******,*******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, 102 дугаар байранд байрлах “Гэгээнтэн” СӨХ (РД:9911251)-нд холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Отгонбаатар,
Хариуцагчийн төлөөлөгч Г.Отгонбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие 2024 оны 03 дугаар сард “Гэгээнтэн” СӨХ-ийн гүйцэтгэх захирлын ажилд орсон. 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн өглөө хяналтын зөвлөлийн дарга П.Ундрахгэрэл залгаж, уулзах хэрэгтэй байна, маргааш ир, ирэхгүй бол хүүхдийн чинь сургууль дээр очиж ангид нь орж чамайг байгууллагын тамга, гэрчилгээг өгөхгүй байгаа талаар хэлнэ гэж хэлсэн. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нягтлангаас ажлаас халах шийдвэрийг хүлээж авсан.
1.2.Шийдвэр нь удирдах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл, тогтоолыг үндэслэж, Д.Отгонбаатарын хүсэлтийн дагуу гэж дурдсан байсан. Миний бие ажлаас чөлөөлөгдөх хүсэлт илэрхийлж байгаагүй. Удирдах зөвлөлийн хурал болоогүй, хяналтын зөвлөлийн дарга П.Ундрахгэрэл хурал болсон мэтээр М.Ганзоригоор шийдвэрт гарын үсэг зуруулсан гэж үзэж байна. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуульд зааснаар удирдах зөвлөлийн тогтоолоор гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлдөг.
1.3.Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхаад холбооны үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг шаардаж байсан, холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт үйлчилгээтэй холбоотой зардлыг үндэслэлгүйгээр өндөр тогтоох, оршин суугчдын автозогсоолыг хууль бусаар эзэмшиж их хэмжээний орлого төвлөрүүлдэг байдлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байсан зэрэг нь намайг ажлаас халах үндэслэл болсон гэж үзэж байгаа гэжээ.
2.Хариуцагч “Гэгээнтэн” СӨХ-ийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Нэхэмжлэгч нь ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж, холбооны гишүүд, оршин суугчдаас удаа дараа гомдол гаргаж байсан учраас 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр холбооны үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэл үнэлэх ухай хуралдааныг хяналтын зөвлөл болон оршин суугчдын төлөөллийн хамт явуулж, хийгдээгүй ажилтай холбоотой тодруулахад нэхэмжлэгч нь тийм байдлаар ажиллах боломжгүй, цаашид гүйцэтгэх захирлаар ажиллахгүй гэх хариуг өгсөн учир 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл даалгасан ажлыг хийж гүйцэтгэх хугацаа тогтоосон.
2.2.Холбооны удирдах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 60 хувийн ирцтэй удирдах зөвлөлийн хуралдаанаар Д.Отгонбаатарын ажлаас чөлөөлөгдөх саналыг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т заасныг зөрчөөгүй.
2.3.Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан шийдвэрт 30 хоногийн дотор маргаан таслах зөвлөлд хандах байтал шүүхэд хандсан нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
Хариуцагч талаас холбооны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй байхад гүйцэтгэх захирлын хүсэлтээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ холбооны 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанд нэхэмжлэгч нь цаашид гүйцэтгэх захирлаар ажиллахгүй гэж хариулсан учир түүний хүсэлтийг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн удирдах зөвлөлийн хуралдаанаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн гэжээ.
4.Хэргийн оролцогчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч Д.Отгонбаатар нь хариуцагч “Гэгээнтэн” СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар 2024 оны 03 дугаар сараас эхлэн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажилласан талаар зохигч талууд маргаагүй.
4.2.Нэхэмжлэгчийг ажиллах хугацаанд хариуцагч “Гэгээнтэн” СӨХ-ийн зүгээс нийгмийн болон эрүүл мэнийн даатгалын шимтгэл төлж байгааүй талаар зохигч талууд маргаангүй.
4.3.2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс нэхэмжлэгч Д.Отгонбаатартай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар чөлөөлсөн үйл баримтын талаар зохигч талууд маргаангүй.
5.Нэхэмжлэгчийн хувьд шүүхэд хандсан асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэж зааснаар шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор маргаан таслах комисст эсхүл мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт “Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ”, 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж тус тус зааснаар шүүхэд хандах эрхтэй.
6.Зохигч талуудын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлаар 2024 оны 03 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан, удирдах зөвлөлийн даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/10/02 дугаар шийдвэрээр “өөрийнх нь хүсэлт, удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг үндэслэж” хөдөлмөрийн гэрээг цуцласан гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “…2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2024/03/01 дугаар Удирдах зөвлөлийн тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилж хөдөлмөрийн гэрээг 5 жилийн хугацаатай байгулсан…” гэж дурдсанаас үзэхэд зохигч талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
7.Гэвч нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагүй гэж тайлбарлаж байх тул хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн гэх татгалзлаа нотлох үүрэгтэй.
8.Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Хамтын хэлэлцээнд оролцож байгаа үйлдвэрчний эвлэлийн ажилтан, сонгуультан, ажилтны төлөөлөгчид хамтын хэлэлцээнд оролцсонтой нь холбогдуулж хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах, өөр ажилд шилжүүлэх, цалин хөлсийг нь бууруулах, хэлэлцээний явцад болон хэлэлцээ дууссанаас хойш нэг жилийн дотор аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар татан буугдсан болон энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглоно”, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй”, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж тус тус зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах зохицуулалттай.
8.1.Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Отгонбаатартай байгуулсан хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
8.2.Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар цуцласан гэж үзэх үндэслэлтэй байна.
9.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй.
9.1.Зохигч талуудын тайлбараар нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сараас эхлэн сарын 1,500,000 төгрөгийн цалин авдаг байсан болох нь тогтоогдоож байх тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А\192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно”, 2.3.5-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн 1 сард ногдох дундаж цалин хөлс 1,500,000 (4,500,000/3=1,500,000) төгрөг, 1 ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлс 72,580.6 (4,500,000\62хоног=72,580.6) төгрөг байна.
9.2.Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх (2024.10.01-2025.05.19) хугацааны буюу 7 сар, 18 хоногийн цалин 11,443,547.8 (1,500,000*7сар+72,580.6*13ажлын хоног=11,443,547.8) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
10.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 11,443,547.8 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, 198,046.8 төгрөгийг гаргуулж Төрийн сан банкны … дугаар дансанд нөхөн төлүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 80 дугаар зүйлийн 80.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Отгонбаатартай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлэгүйгээр цуцласан болохыг тогтоож, хариуцагч “Гэгээнтэн” СӨХ-өөс 11,443,547.8 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонбаатарт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Отгонбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Гэгээнтэн” СӨХ-өөс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Отгонбаатарт, 198,046.8 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн 100200100941 дансанд нөхөн төлүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД