| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0069/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2018-05-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч Т.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Төмөрийн Нд холбогдох 1729000540051 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 18-нээс 19-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, 04-91 ӨВР улсын дугаартай Х.Портер маркийн автомашиныг жолоодож, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 2.1а дахь хэсгийн заалтуудыг зөрчин, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн 137 дахь км-т зогсож байсан 33-78 УНЦ улсын дугаартай Нортбенз маркийн автомашиныг мөргөж, иргэн Л.Дэлгэрмөрөнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18-р хуудас/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-24-р хуудас/
Хохирогч Л.Дэлгэрмөрөнгийн өгсөн: “...нойр чинь хүрч байвал би барих уу? гэхэд зүгээрээ нойр хүрэхгүй байна гэхээр нь би эргээд унтсан. Тэгсэн нэг мэдсэн пид пад гээд байхаар нь сэрээд харахад миний талын машины хаалга салж байсан. Тэгэхээр нь хүүе чи цаашаагаа дараас гээд ухас гээл босохын завдалгүй нэг машины араас орчихсон. Би хүн байна уу гээд орилсон. Тэгсэн нэг хүн гүйж ирээд тэр хавийн жолооч нар ирээд бид хоёрыг машинаас гаргах гэхэд хавчуулагдчихсан байсан ба мөргөсөн машиныг урагшлуулж байж портерыг салгасан. ...шөнө аажуу үүрээр байсан болохоор хэт их нойрмоглочихсон байсан. ...Одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл гээд байх юм алга байна. Аль аль нь хөл дээрээ босоод эдгэрчих байх гэж бодож байна. ...баримт материал гээд байх зүйл алга байна. Улаанбаатар хотод эмнэлэгт байгаа байх надад тийм зүйл очоогүй, манай гэрийнхэн аваагүй байналээ.../хх-ийн 27-30-р хуудас/
Гэрч Н.Цэрэнсодномын өгсөн: “...Би 9 дүгээр сарын 18-19-нд шөнө үүрээр 04 цагийн орчим 43-37 ӨМӨ улсын дугаартай Нордбенз машинтай нүүрс ачиж явсан юм. Бид нар тэр үед Гүнжийн зогсоолоос хөдлөөд 5 км орчим яваад 137 дахь км дээр зогссон. Цуваа зогсоод бүгд амарч байсан юм. Гэтэл гэнэт түс тас гээд чимээ гарсан. Тэгээд би машинаасаа буух гэтэл амь авраарай гэж хүн дуугарсан. Тэгээд би машины гэрлээ асаагаад хартал урд талын машины чиргүүл рүү 04-91 гэсэн дугаартай цэнхэр өнгийн Портер машин орсон байсан. Тэгээд би сандраад буугаад урд хойд талын жолооч нараа дуудсан. Тэгээд уг машин дээр очиж бид нар тэр машин дотор байсан 2 хүнийг гаргаж авсан. Тэгээд бид нар цагдаа, түргэн дуудаад нөгөө хоёр хүнд анхны тусламж үзүүлж цай, уух юм өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/
Гэрч Ч.Баярсайханы өгсөн: “...Би 9 дүгээр сарын 18-19-нд шөнө үүрээр 04 цагийн орчим 33-78 УНЦ улсын дугаартай Нордбенз машинтай нүүрс ачиж явсан юм. Бид нар тэр үед Гүнжийн зогсоолоос хөдлөөд 5 км орчим яваад 137 дахь км дээр зогссон. Цуваа зогсоод бүгд амарч байсан юм. Гэтэл гэнэт машины араас юм мөргөсөн. Тэгээд би буугаад хартал дугаарыг нь санахгүй байна, гэр ачсан Өвөрхангайн цэнхэр өнгийн Портер машин миний машины араас мөргөсөн байдалтай зогссон байсан. Тэгээд тэр үед миний ард зогсож байсан жолооч Цээгий гэх ах машинаасаа буугаад хүн болохоо байлаа гээд л тэр орчимийн жолооч нарыг дуудсан. Тэгээд бид нар очход Портер машины кабин авах юмгүй эвдэрсэн, дотор нь 2 хүн гарч чадахгүй байсан. Бид нар оролдож байгаад гаргаж авсан, тэгээд цагдаа, түргэн дуудсан юм...“гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний 12183 дугаартай шинжээчийн
Замын шинжээчийн №10 дугаартай: 1. Портер маркийн 04-91 ӨВР улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Төмөр овогтой Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 2.1а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэснийг зөрчсөн байна.
2. Нордбенз маркийн 43-37 ӨМӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Намшир овогтой Цэрэнсодном нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.
3. Нордбенз маркийн 33-78 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Чинчулуун овогтой Баярсайхан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.
4. Төмөр овогтой Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Намшир овогтой Цэрэнсодном нь “BCDE” ангиллын №58697 тоот үнэмлэх хүчинтэй байна. Мөн Чинчулуун овогтой Баярсайхан нь “BCE” ангиллын №385824 тоот үнэмлэх хүчинтэй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/
Т.Нгийн яллагдагчаар өгсөн:”...Өвөрхангай аймгийн төвөөс Дэлгэрмөрөнгийн портер маркийн 04-91 ӨВР улсын дугаартай автомашинтай гарсан юм. ...би Дэлгэрмөрөнг унтсанаас хойш багцаагаар 40-50 км явсан байх замын хойноос урагш чигтэй зорчих хэсэгт нүүрс ачсан машинууд очерлоод зогссон байсан. Би тэр машинуудыг тойрч эсрэг урсгалаар явж байтал нойр хүрсэн тэгээд нэг сэртэл “тас, түс” хийх чимээ гараад л явчихсан юм болсныг мэдэхгүй ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд цээжин дээр хүнд юм дарчихсан амьсгаа авч болохгүй байсан, хажууд Дэлгэрмөрөн “авраарай” гээд орилоод байсан. Түүнээс хойш хэдий хугацаа өнгөрсөн мэдэхгүй, хоёр хүн машинаас намайг өргөөд гаргаж байх шиг санагдсан. Түүнээс хойш дахин юу болсон мэдэхгүй нэг сэргэхэд эмнэлэгт байсан. Намайг тэр замаас онгоцоор Улаанбаатар хот руу хүргэж тэнд эмнэлэгт хэвтүүлсэн юм билээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/
Шүүгдэгч Т.Нгийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Т.Нгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р хуудас/
Шүүгдэгч Т.Нгийн иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66-69-р хуудас/
Шүүгдэгч Т.Нгийн арилжааны банканд харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 85-90-р хуудас/
Шүүгдэгч Т.Нгийн гурван талаас харуулсан гэрэл зураг, гарын дардас /хх-ийн 73-74-р хуудас/
Шүүгдэгч Т.Нгийн компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 75-78-р хуудас/
М.Гочоогийн өргөдөл “...04-91 ӨВР улсын дугаартай Портер автомашин нь миний нэр дээр байдаг. Уг машиныг РД/ЙИ89031611/ регистрийн дугаартай Лхагважав овогтой Дэлгэрмөрөнд 2017 оны 06 дугаар сарын 15-нд зарсан. Тухайн үед ажлын завгүйгээс болж шилжүүлж чадаагүй тул уг машинтай холбоотой эвдрэл гэмтэлд гомдол санал байхгүй...гэх /хх-ийн 93-р хуудас/
Хохирогч Л.Дэлгэрмөрөнгийн хүсэлт “... хохирогч Л.Дэлгэрмөрөн миний бие 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр машины осолд орж биедээ хүнд гэмтэл авсан. ...Нд гомдол санал байхгүй “ гэх /хх-ийн 94-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Т.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 18-нээс 19-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, 04-91 ӨВР улсын дугаартай Х.Портер маркийн автомашиныг жолоодож, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 2.1а дахь хэсгийн заалтуудыг зөрчин, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн 137 дахь км-т зогсож байсан 33-78 УНЦ улсын дугаартай Нортбенз маркийн автомашиныг мөргөж, иргэн Л.Дэлгэрмөрөнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18-р хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-24-р хуудас/, хохирогч Л.Дэлгэрмөрөнгийн өгсөн: “...нойр чинь хүрч байвал би барих уу? гэхэд зүгээрээ нойр хүрэхгүй байна гэхээр нь би эргээд унтсан. Тэгсэн нэг мэдсэн пид пад гээд байхаар нь сэрээд харахад миний талын машины хаалга салж байсан. Тэгэхээр нь хүүе чи цаашаагаа дараас гээд ухас гээд босохын завдалгүй нэг машины араас орчихсон..../хх-ийн 27-30-р хуудас/, гэрч Н.Цэрэнсодномын өгсөн: “...Тэгээд би машинаасаа буух гэтэл амь авраарай гэж хүн дуугарсан. Тэгээд би машины гэрлээ асаагаад хартал урд талын машины чиргүүл рүү 04-91 гэсэн дугаартай цэнхэр өнгийн Портер машин орсон байсан. Тэгээд би сандраад буугаад урд хойд талын жолооч нараа дуудсан. Тэгээд уг машин дээр очиж бид нар тэр машин дотор байсан 2 хүнийг гаргаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/, гэрч Ч.Баярсайханы өгсөн: “...гэтэл гэнэт машины араас юм мөргөсөн. Тэгээд би буугаад хартал дугаарыг нь санахгүй байна, гэр ачсан Өвөрхангайн цэнхэр өнгийн Портер машин миний машины араас мөргөсөн байдалтай зогссон байсан...“гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний 12183 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/, замын шинжээчийн №10 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/, шүүгдэгч Т.Нгийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Т.Нг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Л.Дэлгэрмөрөн нь шүүгдэгч Т.Нгаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан үзэв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Төмөрийн Нг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Нд тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Т.Н нь тэнсэгдсэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА