| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01082/И |
| Дугаар | 320/шш2025/00947 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 320/шш2025/00947
| 2025 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 320/ШШ2025/00947 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Н-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 431,996 (дөрвөн зуун гучин нэгэн мянга есөн зуун ерэн зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 320/2025/00947/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Н нь манай Т зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 231019-1668020 дугаартай 200,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 7,2% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Г.Н нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 553 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 431,996 төгрөг төлөгдөөгүй байна.
Иймд зээлдэгч Г.Н-гээс мөнгөн хөрөнгө гаргуулж Т ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа үндсэн зээл 199,977 төгрөг, хүү 182,377 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,642 төгрөг нийт 431,996 төгрөгийг төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 431,996 (дөрвөн зуун гучин нэгэн мянга есөн зуун ерэн зургаа) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн төлбөр 431,996 (дөрвөн зуун гучин нэгэн мянга есөн зуун ерэн зургаа) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,610 (арван гурван мянга зургаан зуун арав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-гээс 6,805 (зургаан мянга найман зуун тав) төгрөг, улсын орлогоос 6,805 (зургаан мянга найман зуун тав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 431,996 (дөрвөн зуун гучин нэгэн мянга есөн зуун ерэн зургаа) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 431,996 (дөрвөн зуун гучин нэгэн мянга есөн зуун ерэн зургаа) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,610 (арван гурван мянга зургаан зуун арав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-гээс 6,805 (зургаан мянга найман зуун тав) төгрөг, улсын орлогоос 6,805 (зургаан мянга найман зуун тав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН