Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч М.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан уул овогт Мөнхнасангийн Эод   холбогдох 1829000720061 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Таван толгой” уурхайгаас 80 тонн нүүрс худалдан авах гэрээ хийж өгнө гэж иргэн Б.Түвшинжаргалыг хуурч 1,100,000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ..

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6-р хуудас/

Хохирогч Б.Түвшинжаргалын өгсөн : ”...Би Ханбогд сум руу нүүрс зөөх ажил хийх болоод “Таван толгой” уурхайд очиж нягтлан гэх хүнтэй уулзахад “гэрээ хийхгүй байгаа ” гэж хэлсэн. Тэгээд дүү Отгонжаргалд “гэрээ хийх хүн байна уу” гэж асуухад “гэрээ хийгээд өгчих нэг хүн байна. Та 91335558 дугаар руу залгаад ярьчих” гэхээр би тэр дугаар руу залгаад асуухад “над руу урьдчилгаа мөнгөө шилжүүл, би гэрээг чинь хийгээд имайл хаяг юм уу, эх хувиар нь танруу явуулчихъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд эргэж дүүтэйгээ холбогдоод “гэрээ хийж өгнө гэж байна гээд” хэлсэн чинь манай дүү эхлээд Цогтцэций сумын Хаан банкны төв дээрээс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 5585119593 гэсэн данс руу бэлнээр 600,000 төгрөг шилжүүлсэн. ...Тэгсэн маргааш нь над руу 91335558 гэсэн дугаараас дахин залгаад “үлдэгдэл мөнгө болох 400,000 төгрөг одоо шилжүүлчих би энд гэрээг чинь хийж байна. Би үлдэгдэл мөнгийг чинь аргалъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү Отгонжаргал руу яриад “дахиад 400,000 төгрөг хийгээдэх” гэж хэлсэн. Тэгсэн манай дүү үлдэгдэл мөнгийг хийчихсэн байсан. Тэгээд 2 хоногийн дараа над руу залгаад “дахиад 100,000 төгрөг шилжүүлж. Гэрээ одоо бараг болчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө тэр данс руу дахин 100,000 төгрөг жилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/

Гэрч Б.Отгонжаргалын өгсөн:...манай найз /Бат-Амгалан/ над руу залгаад “Тавантолгойн уурхай дээр байдаг нүүрсний гэрээ хийж өгдөг хүн байна. Чи өөрөө яриад тохиролцоорой” гэж хэлсэн. Тэгээд надад 91335558 гэсэн дугаар өгсөн. Би тэр дугаарыг Түвшинжаргалд өгөөд “та энэ дугаар руу залгаад яриадах” гэж хэлсэн. “Ах яриад тохирчихлоо. Урьдчилгаа 1,000,000 төгрөг дансанд хий” гэж хэлээд 600,000 төгрөгийг над руу явуулсан. 5585119593 гэсэн данс руу би Цогтцэций сумын Хаан банкны төв дээрээс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр 600,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь манай ах руу залгаад “үлдэгдэл мөнгөө цайны цагаас өмнө хийгээдэх” гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би хүнээс хүүтэй мөнгө зээлээд дахин нөгөө данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/

Гэрч Ч.Мөнхнасангийн “миний эзэмшиж, ашигладаг Хаан банкны 5585119593 тоот дансанд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 17 цаг 11 минутад Отгонжаргал гэх хүнээс 600,000 төгрөг, мөн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 12 цаг 58 минутанд Отгонжаргал гэх хүнээс дахин 400,000 төгрөг шилжиж ирсэн талаар мэдэж байгаа. Надад хэлэхдээ “би хүнээс юм авсан юм. Би тухайн хүнд нүүрс авч өгөх гэж байгаа” гэж хэлсэн. ...миний хүүхэд /Э/ урьд нь хүнд нүүрсний гэрээ хийж өгч байгаагүй. Би тэр талаар сан мэдэхгүй байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/

М.Эын гэрчээр өгсөн: “...би Тавантолгой нүүрсний уурхайгаас нүүрс худалдан авах талаар гэрээ огт хийж байгаагүй. Би тэр хүнд нүүрсний гэрээ хийж өгнө гэж хэлсэн. Гэхдээ тэр талаар хүнтэй огт уулзаагүй. Би нүүрсний гэрээ яаж хийдэг талаар мэдэхгүй. Би төрсөн ээж болох Ч.Мөнхнасангийн Хаан банкны 5585119593 тоот дансаар мөнгийг хийлгэж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

М.Эын яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед надад мөнгөний хэрэг маш их байсан учир Түвшинжаргалд гэрээ хийж өгч чадна гээд мөнгийг нь авчихсан юм. Бусдаар бол гэрээг нь хийж өгөх бодол байгаагүй. Би Түвшинжаргалтай ярихдаа гэрээ хийж зуучилсны шанд 1,100,000 авна гэж хэлсэн байсан бөгөөд эхний удаад 600,000 төгрөг, дараа нь 400,000 төгрөг, сүүлд нь 100,000 төгрөг нийт 1,100,000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-32-р хуудас/

Ч.Мөнхнасангийн Хаан банкны 5585119593 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 52-53-р хуудас/

Шүүгдэгч М.Эын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч М.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 38-р хуудас/,

Шүүгдэгч М.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч М.Э нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Таван толгой” уурхайгаас 80 тонн нүүрс худалдан авах гэрээ хийж өгнө гэж иргэн Б.Түвшинжаргалыг хуурч 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  хохирогч Б.Түвшинжаргалын өгсөн: ”... 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 5585119593 гэсэн данс руу бэлнээр 600,000 төгрөг шилжүүлсэн. ...Тэгсэн маргааш нь над руу 91335558 гэсэн дугаараас дахин залгаад “үлдэгдэл мөнгө болох 400,000 төгрөг одоо шилжүүлчих би энд гэрээг чинь хийж байна. Би үлдэгдэл мөнгийг чинь аргалъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү Отгонжаргал руу яриад “дахиад 400,000 төгрөг хийгээдэх” гэж хэлсэн. Тэгсэн манай дүү үлдэгдэл мөнгийг хийчихсэн байсан. Гэрээ одоо бараг болчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө тэр данс руу дахин 100,000 төгрөг жилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/, гэрч Б.Отгонжаргалын өгсөн:.. 5585119593 гэсэн данс руу би Цогтцэций сумын Хаан банкны төв дээрээс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр 600,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь манай ах руу залгаад “үлдэгдэл мөнгөө цайны цагаас өмнө хийгээдэх” гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би хүнээс хүүтэй мөнгө зээлээд дахин нөгөө данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/, гэрч Ч.Мөнхнасангийн “миний эзэмшиж, ашигладаг Хаан банкны 5585119593 тоот дансанд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 17 цаг 11 минутад Отгонжаргал гэх хүнээс 600,000 төгрөг, мөн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 12 цаг 58 минутанд Отгонжаргал гэх хүнээс дахин 400,000 төгрөг шилжиж ирсэн талаар мэдэж байгаа. ...миний хүүхэд /Э/ урьд нь хүнд нүүрсний гэрээ хийж өгч байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/ шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч М.Эыг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.  

Хохирогч Б.Түвшинжаргалд 1,100,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч М.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаан уул овогт Мөнхнасангийн Эыг бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг 600 /зургаан зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 / зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эод оногдуулсан 600 /зургаан зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 / зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав /-н сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч М.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримт байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, М.Эын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА