Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/948

 

 

 

 

    2024           08             20                                       2024/ДШМ/948

 

С.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ц.Оч, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Ч,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/412 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-ийн өмгөөлөгч Д.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Б-т холбогдох эрүүгийн 2411000000205 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн С.Б, 1987 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын дотор засал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн … дүгээр хороо, Майхан толгойн …. тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэпг зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, /РД: …………………./;

Шүүгдэгч С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй ….. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 1…….  тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.И-ыг хэл амаар гутаан доромжилж түүний нүүр, хэвлий хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Б-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.Б-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 29 /хорин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч С.Б-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-ийн өмгөөлөгч Д.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-ыг 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Б.И-ыг нүүр, хэвлий хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэдгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Гэвч хохирогч Б.И нь шүүгдэгчид зодуулсныхаа дараагаас бие нь муудаж, хэвлийн хөндийд нь шингэн хуримтлагдсанаас үүдэн ухаангүй байдалтай, маргааш өдөр нь эмнэлэгт хүргэгдээд 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нас барсан юм. ГССҮТ-ийн өвчний түүхт “Хэвтэх үеийн онош: Гэмтлийн шок... хэвлийн орчмоор хүчтэй өвдөнө... биеийн байдал хүнд ...хэвлийн шингэний биохими 2024/01/31 Өнгө: улаан ягаан” гэж дурдагдсан байдаг. Гэтэл шинжээч эмч Ц.О нь мэдүүлэхдээ “...Талийгаачийн хэвлийн хэсэгт цус хуралт үүссэн байхыг харахад хэвлийн хэсэг рүүгээ цохиулсан байх боломжтой” гэсэн атлаа “...гэхдээ энэ үхэлд хүргэсэн зүйл байхгүй. ...хэвлийн хөндийгөөс гарсан шингэн нь сүрлэн шаргал өнгөтэй байсан... элэгнээс шингэн шүүрэхэд тунгалаг өнгөтэй гардаг” гэх мэт олон эргэлзээтэй байдлыг үүсгэсэн юм. Тодруулбал ГССҮТ-өөс шинжилгээнд зориулж 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр авсан дээж нь шинжээчийн дүгнэлтэд дурдагдсантай тохирохгүй, амь хохирогчийн үхлийн шалтгаан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэх сэжиг, таамгыг үүсгээд байна. Өмгөөлөгчийн хувьд үүнийг мухарлаж, охиноо алдсан эцэг, эхийн сэтгэлийг амраахын тулд нэмэлт, дахин шинжилгээ хийлгэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан боловч шүүх зөвхөн шинжээч эмч Ц.О-н мэдүүлснээр “эргэлзээ байхгүй” гэж дүгнэсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэх үндэслэлд хамаарч байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмэж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

            Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх асуудлын талаар мэдүүлэг авч, тухайн асуудлыг тодруулсан. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Ч “хэвлий хэсэгтээ цохиулсны улмаас цус хуралт үүссэн. Үүнээсээ болж амь хохирогч нас барсан байж болзошгүй” гэж тайлбарлаж, шүүгдэгчийн үйлдэл, амь хохирогчийн нас баралт хоёр нь шалтгаант холбоотой гэж үзэж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар шинжээч эмчээс тодруулж, мэдүүлэг авсан. Шинжээч “амь хохирогчийг элгэний хатуурал өвчтэй байсны улмаас нас барсан” гэсэн дүгнэлт гаргасан. Шинжээчээс энэ талаар “ямар нэгэн цохилт, эсхүл уналтын үед үүсэх боломжтой юу” гэж асуухад тэрээр “гадны хүчин зүйлийн улмаас цохих, цохигдох нь нөлөөлөхгүй” гэсэн тайлбар гаргасан. Мөн шинжээч анхан шатны шүүх хуралдааны явцад амь хохирогчийн хэвлийн хөндий дэх шингэн хуралтын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. Уг нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийж, “ямар нэгэн эргэлзээ тогтоогдоогүй байна. Иймээс шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй” гэж шийтгэх тогтоодоо дурдсан. Прокурорын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад уг асуудлыг тодруулах үүднээс шинжээчээс мэдүүлэг авч, шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй байдал бий эсэхийг тодруулахад шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ үүсээгүй. Шинжээч эмч нь тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан тул шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас С.Б-ын хамтран амьдрагч Б.И-ыг хэл амаар гутаан доромжилж түүний нүүр, хэвлий хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянаад С.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн байна.

Хавтаст хэрэгт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-ийн “...2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 15 цагийн үед үл таних эмэгтэй хүн залгаад "та охин Б.И-ыг байгаа газраас нь очиж авахгүй бол С.Б зодчихсон биеийн байдал нь муу байна" гэж хэлсэн. ...байшингийн цонхоор ороод хартал миний охин Б.И нь газар шалан дээр буйдангийн ёроолд нүүрэн дээр нь алчуур хаячихсан, ухаангүй, согтуу, нүд ам нь бүр хөхрөөд, хавдаад тэгширчихсэн байсан /хх 15-16/,

амь хохирогч Б.И-ын “...Г.М-ынд байхад С.Б нь архи уусан байхдаа миний биед халдаж зодсон...” /хх 25/,

гэрч Г.М-ийн “...2024 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө С.Б архи уусан орж ирээд Б.И-той “янхан, гичий”-гээр нь дуудаад хэрүүл хийгээд байсан. ...зүүрмэглэж байтал Б.И “авраачээ, аллаа” гээд орилохоор нь би сэрээд хартал С.Б  Б.И-ын нүүр лүү хөлийн өвдгөөр өвдөглөөд цохиж байхаар нь би С.Б-ыг “болиоч” гээд салгачхаад Б.И-ыг нүүрийг хартал хамраас нь цус гарчихсан, хоёр нүд нүүр хавдчихсан байсан...Б.И “бие өвдөөд байна, ганц 2 татчихъя” гээд архинаас уусан. С.Б Б.И-ын нүүр лүү өшиглөөд зодож цохиж байсан...” /хх 30-31/,

гэрч Б.А-ийн “...2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр С.Б Б.И-ыг барьж аваад гэдэс, хэвлий рүү өшиглөөд нүүр лүү нь хэд хэд цохиод балбаад байсан юм...Б.И бид хоёрыг хардаад байсан...” /хх 27-28/,

гэрч Б.Д-ийн “...Г.М-ийн ...Б.И-ын нүүр нь тэгширчихсэн байхаар нь би “хэн цохичихсон юм” гээд асуусан чинь Б.И “С.Б өчигдөр уурлаад цохичихсон” гэж хэлэхээр нь би С.Б-т “эмэгтэй хүнийг ийм болтол цохиод байхдаа яадаг юм вэ, та нар архи дарсаа болиоч ээ” гэж хэлчихээд явсан. Би Б.И-ын найз Ц рүү залгаад “Б.И нь С.Б-т зодуулаад нүүр ам нь тэгшрээд хавдсан байна, гэрийнхэнд нь хэлээд авхуулахгүй бол бие нь муу байх шиг байна, Г.М-ийн гэрт байна” гэж хэлсэн юм. ...” /хх 35-36/,

гэрч С.Б-ийн “...Б.И гэнэт хамраас цус гараад байна гээд босоод ирэхээр нь царайг нь хартал нүд, нүүр нь аймар овойгоод хавдчихсан, баруун нүд нь тагларчихсан байхаар нь би хараад айгаад “юу болж байгаан вэ, хэн ингээд цохичихвоо” гэхэд Б.И “С.Б цохичихсон" гэхээр нь “та нар хамт байж нэг нэгнийгээ ингэтэл нь цохиулаад байхдаа яадаг юм” гэхэд манай нөхөр “би мэдээгүй, унтаж байсан чинь ингээд цохиод зодсон байна, би харин сүүлд сэрээд С.Б-г болиулсан, би сэрүүн байсан тул юу гэж ингэж цохиулж байдаг юм гэсэн ...” /хх 33/ гэсэн мэдүүлгүүд авагдсан байх ба хэргийн газарт байсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүмүүсийн дээрх мэдүүлгүүдээр С.Б нь амь хохирогч Б.И-ын нүүр, хэвлий хэсэгт өшиглөж зодсон болох нь тогтоогдсон байна.

Хэрэгт Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2 удаагийн дүгнэлт авагдсан байх бөгөөд уг дүгнэлтүүд нь амь хохирогчийн анх ГССҮТ-д очих үеийн оноштой зөрүүтэй, шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийн мэдүүлэг нь үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж зааснаар дахин шинжилгээг шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийлгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гарахад ач холбогдолтой байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан. 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан байна.

Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлыг нэг мөр тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж заасан.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/412 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-ийн өмгөөлөгч Д.Ч-ийн гаргасан давж заалдалх гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/412 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХТУЛГА

 

                       ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ