| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2023/00017/И |
| Дугаар | 191/ШШ2025/00772 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/00772
2025 01 29 191/ШШ2025/00772
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, шүүгч А.Цэлмэг, шүүгч Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, дугаар хороо, Ө хороолол, байр, тоотод оршин суух, Ав овогт Эн ын Га /РД:....../
Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, Э өргөн чөлөө, тоотод оршин суух, Ав овогт Эн ын От /РД:....../ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: У хот, Ч дүүрэг, дугаар хороо, Б дугаар гудамж, тоотод оршин суух хаягтай, Х-У дүүрэг, дугаар хороо, Т хотхон, байр, тоотод түр оршин суух, Ав овогт Ав ийн Ад /РД:....../
Хариуцагч: У хот, С дүүрэг, дугаар хороо, А дугаар гудамж, тоотод оршин суух, Бо овогт Ба ийн Ба /РД:....../ нарт холбогдох
Гэм хорын хохиролд 7,492,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Га,
Хариуцагч А.Ад
Хариуцагч Б.Ба,
Хариуцагч Б.Ба ын өмгөөлөгч Б.Чу,
Иргэдийн төлөөлөгч Б.Гантөгс
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Га, Э.От нар нь хариуцагч А.Ад, Б.Ба нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Э.Га миний бие 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн төрсөн эгч болох Э.От гийн өмчлөлийн Volkswagen Tiguan маркийн улсын дугаартай автомашиныг жолоодон Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэр Х худалдааны төвын хажуугийн төв замаар явж байтал автобусны зогсоол дээр зогсож байсан Ниссан Экстрэл маркийн улсын дугаартай авто машины жолооч А.Ад нь шууд буцаж эргэх үйлдэл хийснээс болж миний жолоодож явсан машиныг мөргөсөн билээ. Дээрх ослыг цагдаагийн байгууллагаас шалгаад А.Ад гийн буруутай болохыг тогтоосон бөгөөд түүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан.
Ослын улмаас миний болоод хамт зорчиж явсан зорчигчийн эрүүл мэндэд, мөн автомашинд хохирол учирсан. Тухайлбал миний бие ослын улмаас 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 18 хоног ажиллаж чадаагүй бөгөөд уг хугацаанд тооцогдох 810,000 төгрөгийн олох байсан орлого болох цалингаа авч чадаагүй хохирсон.
Мөн Э.От гийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 6,014,000 төгрөгийн хохирол учирч, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ хийлгэхэд 368,000 төгрөг, автомашин ачуулахад 300,000 төгрөг буюу нийт 7,492,000 төгрөгийн хохирол учраад байна.
Гэм хор учруулсан этгээд болох А.Ад нь өөрийн буруутай үйлдэл болохыг хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлж барагдуулахаар баталгаа бичиж өгсөн боловч одоог болтол хохирол төлбөрийг төлөхгүй байна.
Хариуцагч нараас гэм хорын хохиролд 7,492,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлэлийн шаардлагаас олох байсан орлого болох 810,000 төгрөгийн цалингийн дүн хасаж эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна гэв.
2.Хариуцагч А.Ад шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн осол болсны дараа нэхэмжлэгчтэй ярилцаж тохирох гэсэн боловч зөвшөөрөхгүй байсан, би төлбөрийг төлөх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж байсан.
Одоо хариуцагч Б.Ба төлбөрийг хувааж төлнө гэвэл нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх боломжтой гэв.
3. Хариуцагч Б.Ба шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Ниссан Эсктрал маркийн машиныг А.Ад гээр жолоодуулсан болно. А.Ад нь жолоо барих явцдаа Баянгол дүүргийн дүгээр хороо Х худалдааны төвийн автобусны буудлаас буцаж эргэхдээ дугаартай Волксваген Тигуан маркийн авто машинтай мөргөлдөж осол хийсэн.
Би өөрийн машины засварын хөлсөд 3,800,000 төгрөг, сэлбэгэнд 2,400,000 төгрөг, журмын хашааны хөлсөд 515,000 төгрөг зарцуулсан.
Одоо хариуцагч А.Ад төлбөрийг хувааж төлөхөөр болвол нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх боломжтой гэв.
4. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа 810,000 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,682,000 төгрөгийн шаардлагыг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч А.Ад болон Б.Ба нар нь 3,341,000 төгрөгийг тус бүр нэхэмжлэгч нарт төлөхөөр харилцан тохиролцсон гээд нэг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Га, нөгөө талаас хариуцагч А.Ад, Б.Ба нар гэрээнд гарын үсэг зуржээ.
5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Эвлэрлийн гэрээ байгуулсан, хариуцагч нар хоёулаа хүлээн зөвшөөрөв. А.Ад, Б.Ба нар буруугаа хүлээж, эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Га, Э.От нарын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ад, Б.Ба нарт холбогдох гэм хорын хохиролд 7,492,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Э.Га, Э.От нар нь нэхэмжлэлийн шаардлагаа 810,000 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,682,000 төгрөгийг хариуцагч нар хуваан төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч А.Ад нь 3,341,000 төгрөг, хариуцагч Б.Ба нь 3,341,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Э.Га, Э.От нарт төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Га, Э.От нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,822 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Адгээс улсын тэмдэгтийн хураамжид 60,931 төгрөг, хариуцагч Б.Бааас улсын тэмдэгтийн хураамжид 60,931 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.Га, Э.От нарт олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Э.Га, Э.От нарын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ад, Б.Ба нарт холбогдох гэм хорын хохиролд 7,492,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Э.Га, Э.От нар нь нэхэмжлэлийн шаардлагаа 810,000 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,682,000 төгрөгийг хариуцагч нар хуваан төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч А.Ад нь 3,341,000 төгрөг, хариуцагч Б.Ба нь 3,341,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Э.Га, Э.От нарт төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Га, Э.От нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,822 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ад гээс улсын тэмдэгтийн хураамжид 60,931 төгрөг, хариуцагч Б.Бааас улсын тэмдэгтийн хураамжид 60,931 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.Га, Э.От нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоол нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ
ШҮҮГЧИД А.ЦЭЛМЭГ
Т.ЭНХТУЯА