| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0070/Э |
| Дугаар | 74 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.7.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч Ш.Т,
Түүний өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Ц.Х,
Түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховог овогт Цагаанхүүгийн Х, Боржгон овогт Шинэхүүгийн Т нарт холбогдох 1829000060053 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг Цэций-Уулын 19-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржгон овогт Шинэхүүгийн Т /РД:КЮ87090971/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах “Дөлгөөн говь” баарны гадна Ц.Ганхүү, Ц.Х нартай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар Ц.Ганхүү, Ц.Х нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан.
Шүүгдэгч Ц.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах “Дөлгөөн говь” баарны гадна Ш.Ттай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, тус баарны гадна тавиастай байсан иргэн Б.Отгонтөгсийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 23-34 ӨМҮ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Т мэдүүлэхдээ: Би 2018 оны 01 дүгээр сарын өдөр 01-ний орой Мөнхжаргал, Баярбат нарын хамт Дөлгөөн говь бааранд орж, 1 цаг караокед дуулж байгаад тэр үед 1 шил архи хувааж уугаад дуусаад улмаар Баярбат, Мөнхжаргал хоёр гадаа гарч тамхи татсан. Тэр хооронд тухайн бааранд байсан нэг залуу гадаа байсан нэг эмэгтэйтэй танилцаж байхыг нь би сонссон. Тэгээд тэр залуу өөрийгөө хотоос ирсэн гэсэн юм ярьж байх шиг байсан. Тэгээд тухайн баарны бүжгийн талбай руу нь бид гурав орж, тэндээсээ архи худалдаж аваад бид гурав хувааж уусан. Архиа ууж байгаад бүжгийн талбайд нь бүжиглэж байхад нэг туранхай бүсгүй бүжиглэж байсан. Тэр хүүхэн намайг түлхсэн. Тэгэхэд л би их согтсон юм байна. Гэртэ харих болсон юм байна гэж бодсон. Би найз Саран-Эрдэнэ рүү Баярбат ахын дугаараас залгаад найз нь Дөлгөөн говь бааранд байна намайг дуудахаар ирж аваарай гэж хэлсэн чинь тэгье гэсэн. Тэр бааран дотор бүжиглээд байгаад хойшоо хөл алдахад миний мөрнөөс хүн татах шиг болсон. Хэн татав гээд эргээд харсан чинь л газар унаж байснаа мэдэрч байсан. Түүнээс хойш юу ч мэдэхгүй байгаа. Ухаан ороход гадаа хүнд зодуулчихсан, хоёр хүн зугтаачих шиг болсон. Би хүнд зодуулчихсан байна гээд буцаж баар руу ороод барменаас би хүнд зодуулчихсан байна. Хэнд зодуулчихваа камерыг чинь шүүж үзье гэсэн чинь тэгсэн камер ажиллахгүй байгаа шүүлгэхгүй гэсэн. Барментай маргалдаж байх зуур Саран-Эрдэнэ ирж намайг авсан. Би хүн цохиж, хүний эрх чөлөөнд халдаагүй. Тэгэхэд намайг Х, Ганхүү гэж энэ хоёр хүн үндэслэлгүйгээр худал гүтгэж байгаад гомдолтой байна. 2018 оны 05 сарын 24-ний өдөр 15 цагаас 16 цаг 30 минутын хооронд хохирогч болох Ганхүү, түүний аав Гантулга, хойд ээж болох Гантуяа, манай ах Баттогтох гэсэн дөрөв хүн манайд ирсэн. Тухайн үед би ажилдаа явах гэж байсан. Ганхүүгийн аав хойд ээж болох Гантуяа хоёр ирж уулзсан. Надаас юу болсон яасан гэж асуусан. Миний толгой язарсан. Энэ бол дэвсэлтээс болж язарсан хагарал биш. Хоёр тийшээ зурагдсан байдалтай байсан. Тэгэхээр энэ юмаар цохиж хагалсан хагарал болж таарч байгаа юм. Энэ талаар би ахлах дэслэгч Дөлгөөн 5 хуудас хүсэлт гаргаж өгсөн. Дараах зүйлүүдийг шалгаж өгнө үү гэсэн. Манай найз болох Саран-Эрдэнэг асуух, учир нь Саран-Эрдэнэ намайг авч явах гээд ирэхэд шал нь дээр цус болсон байсныг харсан хүн. Дараа нь тухайн баарны бармен маргааш нь над руу залгаж, төлбөр тооцоо дутуу байгаа тэрийгээ гүйцээж хий гэсэн. Би тэр хүнээс бааранд юу болсон талаар асуухад хоёр хүн бүжиглэж байхад дундуур нь Ганхүү орж түлхэж, найз болох өндөр залуу нь архины шилээр цохисон гэж хэлсэн. Энэ талаар би шалгуулъя гэж хэлсэн. Энэ мэтчилэн 5 хуудас хүсэлтийг ахлах дэслэгч Дөлгөөнд өгсөн боловч хэрэгт хавсаргаагүй, ажиллагааг нь хийгээгүй байсан. Ганхүүгийн аав Гантулга, хойд ээж Гантуяа нар надтай ирж уулзахдаа Х чиний толгойг архины шилээр цохиж хагалсан гэж хэлсэн. Энэ хоёр үгсэж намайг хэрэгт холбогдуулж байгаад гомдолтой байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х мэдүүлэхдээ: “Дөлгөөн говь” бааранд Ганхүү бид хоёр орсон. Караокед сууж байхдаа 2, 2 пиво уусан. Тэгээд бааранд нь орж, бүжиглэж байгаад 2 бүсгүйтэй танилцсан. Гадаа гарч тамхи татсан. Бааранд буцаж орж ирж, бүжиглэсэн. Ганхүү цагаан цамцтай ахтай маргалдаж байснаа Ганхүүг цохисон. Баарнаас бүгдээрээ гарсан. Тус баарны үүд нь дээр намайг цохисон. Архины шилээр цохисон зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ганхүү мэдүүлэхдээ: Харилцан зодоон болсон. Бүгд шүүх эмнэлгээр явсан. Надад гомдол санал байхгүй гэсэн чинь гадуур гомдолтой гэж яриад байна гэсэн. Тэрийг би ойлгохгүй байна. 2018 оны 01 сарын 01-ний орой 22 цагийн үед Хтэй бааранд ороод пиво захиалаад бүжиглэж байхад гаднаас хоёр бүсгүй орж ирсэн. Тэр хоёртой танилцаад нэг ширээнд нийлж суусан. Бүжиглэж байхад аав аймгаас ирээд намайг авч явна гэж ирсэн. Би аавтай уулзчихаад хамт явж байсан чинь баарны такен дээр нь утсаа цэнэглэж байгаад мартаад явчихсан байсан. Буцаж ирээд утсаа авахад 1 цагийн дараа хаалаа гэхээр нь аавыг явуулчихаад би найзыгаа аваад очно гэж хэлсэн. Тэгээд туранхай бүсгүйтэй бүжиглэж байсан чинь Т ах голоор орж ирээд намайг түлхсэн. Би тэгэхээр бас түлхсэн. Тэгсэн миний зүүн шанаа руу цохиод баруун шанаагаар унасан. Тэгээд гадаа гарахад өөрийнх нь машин бас 77-19 гэсэн цагаан машин байсан. Тэр хоёр машины голд намайг зодож байхад бармен, баарны эзэн гээд хоёр хүн намайг өрөө рүү оруулж унтуулсан гэсэн. Би сэргээд 1 өнгөрч байхад гэртээ харьсан. Архины шилээр цохисныг бол мэдэхгүй, хараагүй, цохиогүй. Архи авч уугаагүй. 2 2 пиво авч уусан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.
Хохирогч Б.Отгонтөгсийн өгсөн : ”...Би нөхөр Саран-Эрдэнэ рүү утсаар залгаж юу болсон талаар асуухад “баарны гаднаас хүн машин аваад зугтсан. Араас нь явж байна” гээд утсаа салгасан. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсний дараа Саран-Эрдэнэ гэртээ ирсэн. Би юу болсон талаар асуухад “баарнаас гарч ирээд машинаа асаачихаад баар руу буцаж ороод найзыгаа аваад гараад ирэх хооронд хүн машиныг аваад сумын төвөөс хойш зугтсан. Тэгээд түүний хойноос хүн гуйгаад машинаар нь хөөж барьж авсан. Машин авч зугтаасан хүн нь танихгүй хүн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/
Гэрч Т.Саран-Эрдэнийн өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 01-ний орой манай найз болох Т нь над руу залгаад “би Дөлгөөн говь бааранд байна. Намайг ирээд аваарай” гэхээр нь 23 цаг өнгөрч байх үед тус бааранд эхнэрийн эзэмшлийн 23-24 ӨМӨ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа очсон. Очоод машинаа унтраалгүй баар руу ороод гараад иртэл миний унаж явсан Приус-20 алга болсон байхаар нь Наранбаатар гэх найз руугаа залгаад дуудсан ба өөрийн ах болох Цахиур ахад мэдэгдсэн. ...Удалгүй Наранбаатар машинтайгаа ирэхээр нь араас нь дагаж явтал тус тээврийн хэрэгсэл нь зогсолгүй явсаар байгаад сумаас хойш ойролцоогоор 12-13 км-т очиж барь авсан. Гэтэл тэр машинд үл таних нэг залуу согтуу сууж байсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/
Гэрч Ө.Наранбаатарын өгсөн: “ Саран-Эрдэнэ бид хоёр тус Приусыг ойролцоогоор 18-19 км газар дагаж явсан. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоох гэж замыг нь хааж удаа дараа буюу 2-3 арга хэмжээ авсан. Энэ хугацаанд маш хурдтай явж байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
Ц.Хгийн гэрчээр өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр найз Ганхүүтэй уулзаад “Дөлгөөн говь” бааранд орсон. ...Бааранд пиво уухын зэрэгцээ бүжиглэсэн. Тэнд 2 танихгүй хүүхэн бас бүжиглэж байсан. Хамт бүжиглэж байтал цагаан цамцтай нэг согтуу залуу Ганхүүг цохиод авсан. Түүнээс нь болоод тэр залуутай Ганхүү маргалдаад тэр залуу Ганхүү бид 3 баарнаас гарахад тэр залуу намайг цохиод унагачихсан. Би их согтсон байсан учир газар унаад босох гээд чадахгүй хэсэг байж байгаад боссон. ...Би баарны үүдэнд байсан цагаан өнгийн Приус машин асаалттай байхаар нь машинд орж жолооны ард суухад хүнгүй байхаар нь машиныг жолоодоод сумын төвөөс хойшоо шороон замаар явсан. Араас машинтай хүмүүс хөөгөөд гэрлээрээ дохиод байхаар нь баарны гадна байсан хүмүүс намайг хөөж зодох гэж байна гэж айгаад зогсолгүй яваад л байсан. Сумын төвөөс нэлээд холдоод зогссон. Нөгөө хүмүүс хүрч ирээд машинаа авсан. Удалгүй цагдаа нар ирж намайг аваад цагдаагийн газар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/
Гэрч Ц.Ганхүүгийн өгсөн: “ ...найз Хтэй уулзаад гурав, гурван лааз пиво авч Хгийн таньдаг айлд нь уучихаад орой 22 цагийн үед “Дөлгөөн говь” бааранд орсон. Тэнд Х бид хоёр тус бүр 2 лааз, 0,5 литрийн пиво авч уусан. Тэгээд бүжиглэж байгаад тэнд байсан нэг залуутай муудалцаад тэр залуу намайг нэг удаа цохисон. Би тэр хүнд цохиулаад газар уначихсан. Тэгээд баарнаас гараад иртэл тэр араас гарч ирээд намайг газар унагаад цохиж зодсон. Х гарч ирээд тэр залууг надаас салгаж байсан. Би тухайн үед их согтсон байсан учир зарим зүйлийг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/
Ц.Хгийн хохирогчоор өгсөн: “ Ганхүүг тухайн бааранд байсан нэг танихгүй залуу баруун шанаа хэсэг рүү нь нэг удаа цохиод авсан. Тэгээд маргалдаад тухайн баарнаас гарсан чинь нөгөө ах миний баруун шанаа руу нэг удаа цохиод авсан. Тэгээд гадаа Ганхүү тэр хоёр зодолдоод байхаар нь би найз Ганхүүг өмөөрөөд тухайн залуугийн баруун шанаа хэсэг рүү 2 удаа цохисон... Тэр хоёр бааранд байхдаа хоёр хүүхнээс болж маргалдсан. Тэр хоёр эмэгтэйтэй бүжиглэх гээд булаацалдаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-84-р хуудас/
Ц.Ганхүүгийн гэрч, хохирогчоор өгсөн: “ бүжгийн талбай дээр бүжиглэж байхад танихгүй ах миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохиод авсан. Тэгээд яагаад байгааг ойлгохгүй хамтдаа тухайн баарнаас гарсан. Гадаа гараад нөгөө ах миний шанаа руу дахиад цохиод авсан. Тэгээд би газарт унаад өгсөн. Тэгсэн миний нуруу болон хөл, түнк хэсэг рүү дэвссэн. Тэгтэл Х араас гарч ирээд ахыг салгах гэтэл салахгүй өөдөөс дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-89, 107-109-р хуудас/
Гэрч У.Нармандах /зөөгч/-ийн өгсөн: Намайг харах үед өндөр залуу буюу Х тарган залууг нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би тэр хэдийг гар гэж хэлээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-100-р хуудас/
Гэрч О.Отгонбатын өгсөн: “ гадаа зогсож байтал тухайн баарнаас танихгүй 3 залуу согтуу гарч ирээд миний машины хажуу талд доороо ороод зодолдоод байсан. Тухайн үед миний зүс таних Ганхүү их согтуу байсан учир гарч ирээд унаад өгсөн. Тэгсэн чинь бүдүүн биетэй залуу Ганхүүгийн дээрээс нь хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгсэн өндөр туранхай залуу тэр бүдүүн залууг унагааж байгаад толгой дээр нь 3-4 удаа маш хүчтэй дэвссэн. Тэгээд би “боль” гээд очиход тэр өндөр залуу цаашаа гүйгээд зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102-р хуудас/
Ц.Хгийн гэрч, яллагдагчаар өгсөн “Ганхүүүг тухайн бааранд байсан нэг танихгүй ах баруун шанаа хэсэг рүү нь нэг удаа цохиод авсан. Тэгээд маргалдаад баарнаас гарсан чинь нөгөө ах миний баруун шанаа руу нэг удаа цохиод авсан. Тэгээд гадаа Ганхүү тэр хоёр зодолдоод байхаар нь би найз Ганхүүг өмөөрөөд тухайн залуугийн баруун шанаа хэсэг рүү 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-106, 148-149-р хуудас/
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 119-124-р хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн
1. Ц.Хгийн биед тархины доргилт, баруун чихний хэнгэрэгний цоорол, зүүн шанаа, баруун чихний ар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2 . Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой “гэсэн дүгнэлт /хх-ийн 127-р хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 43 дугаартай шинжээчийн
2 . Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой “гэсэн дүгнэлт /хх-ийн 132-р хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн
2 . Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой “гэсэн дүгнэлт /хх-ийн 137-р хуудас/
Шүүгдэгч Ш.Т, Ц.Х хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ш.Т, Ц.Х нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 163, 165-р хуудас/,
Шүүгдэгч Ш.Т, Ц.Х нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 164, 169-р хуудас/,
Шүүгдэгч Ш.Т, Ц.Х нарыг гурван талаас нь харуулсан гэрэл зураг, хурууны дардас /хх-ийн 173-175-р хуудас/,
Шүүгдэгч Ш.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 167-р хуудас/,
Шүүдэгч Ш.Тын хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх №56, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянан хуудас / хх-ийн 178-186-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Ш.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах “Дөлгөөн говь” баарны гадна Ц.Ганхүү, Ц.Х нартай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар Ц.Ганхүү, Ц.Х нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Ц.Хгийн гэрчээр өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр найз Ганхүүтэй уулзаад “Дөлгөөн говь” бааранд орсон. ...Бааранд пиво уухын зэрэгцээ бүжиглэсэн. Тэнд 2 танихгүй хүүхэн бас бүжиглэж байсан. Хамт бүжиглэж байтал цагаан цамцтай нэг согтуу залуу Ганхүүг цохиод авсан. Түүнээс нь болоод тэр залуутай Ганхүү маргалдаад тэр залуу Ганхүү бид 3 баарнаас гарахад тэр залуу намайг цохиод унагачихсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, гэрч Ц.Ганхүүгийн өгсөн: “ ... Тэгээд бүжиглэж байгаад тэнд байсан нэг залуутай муудалцаад тэр залуу намайг нэг удаа цохисон. Би тэр хүнд цохиулаад газар уначихсан. Тэгээд баарнаас гараад иртэл тэр араас гарч ирээд намайг газар унагаад цохиж зодсон. Х гарч ирээд тэр залууг надаас салгаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, Ц.Хгийн хохирогчоор өгсөн: “ Ганхүүг тухайн бааранд байсан нэг танихгүй залуу баруун шанаа хэсэг рүү нь нэг удаа цохиод авсан. Тэгээд маргалдаад тухайн баарнаас гарсан чинь нөгөө ах миний баруун шанаа руу нэг удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-84-р хуудас/, Ц.Ганхүүгийн гэрч, хохирогчоор өгсөн: “ бүжгийн талбай дээр бүжиглэж байхад танихгүй ах миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохиод авсан. ...Гадаа гараад нөгөө ах миний шанаа руу дахиад цохиод авсан. Тэгээд би газарт унаад өгсөн. Тэгсэн миний нуруу болон хөл, түнк хэсэг рүү дэвссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-89, 107-109-р хуудас/, гэрч О.Отгонбатын өгсөн: “Тэгсэн чинь бүдүүн биетэй залуу Ганхүүгийн дээрээс нь хэд хэдэн удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102-р хуудас/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 43, 44 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 132, 127-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. \
Харин шүүгдэгч Ц.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах “Дөлгөөн говь” баарны гадна Ш.Ттай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, тус баарны гадна тавиастай байсан иргэн Б.Отгонтөгсийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 23-34 ӨМҮ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч У.Нармандах /зөөгч/-ийн өгсөн: Намайг харах үед өндөр залуу буюу Х тарган залууг нэг удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-100-р хуудас/, гэрч О.Отгонбатын өгсөн: “Тэгсэн өндөр туранхай залуу тэр бүдүүн залууг унагааж байгаад толгой дээр нь 3-4 удаа маш хүчтэй дэвссэн. Тэгээд би “боль” гээд очиход тэр өндөр залуу цаашаа гүйгээд зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102-р хуудас/, Ц.Хгийн гэрч, яллагдагчаар өгсөн “Тэгээд гадаа Ганхүү тэр хоёр зодолдоод байхаар нь би найз Ганхүүг өмөөрөөд тухайн залуугийн баруун шанаа хэсэг рүү 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-106, 148-149-р хуудас/, хохирогч Б.Отгонтөгсийн өгсөн : ”... “баарнаас гарч ирээд машинаа асаачихаад баар руу буцаж ороод найзыгаа аваад гараад ирэх хооронд хүн машиныг аваад сумын төвөөс хойш зугтсан. Тэгээд түүний хойноос хүн гуйгаад машинаар нь хөөж барьж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/, гэрч Т.Саран-Эрдэнийн өгсөн:...Удалгүй Наранбаатар машинтайгаа ирэхээр нь араас нь дагаж явтал тус тээврийн хэрэгсэл нь зогсолгүй явсаар байгаад сумаас хойш ойролцоогоор 12-13 км-т очиж барьж авсан. Гэтэл тэр машинд үл таних нэг залуу согтуу сууж байсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/, гэрч Ө.Наранбаатарын өгсөн: “ Саран-Эрдэнэ бид хоёр тус Приусыг ойролцоогоор 18-19 км газар дагаж явсан. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоох гэж замыг нь хааж удаа дараа буюу 2-3 арга хэмжээ авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/, Ц.Хгийн гэрчээр өгсөн: “...Би баарны үүдэнд байсан цагаан өнгийн Приус машин асаалттай байхаар нь машинд орж жолооны ард суухад хүнгүй байхаар нь машиныг жолоодоод сумын төвөөс хойшоо шороон замаар явсан. Араас машинтай хүмүүс хөөгөөд гэрлээрээ дохиод байхаар нь баарны гадна байсан хүмүүс намайг хөөж зодох гэж байна гэж айгаад зогсолгүй яваад л байсан. Сумын төвөөс нэлээд холдоод зогссон. Нөгөө хүмүүс хүрч ирээд машинаа авсан. Удалгүй цагдаа нар ирж намайг аваад цагдаагийн газар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 137-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ш.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Ц.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг дурдах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд хэн аль нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Т, Ц.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Т, Ц. Х нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт Шинэхүүгийн Т, Ховог овогт Цагаанхүүгийн Х нарыг бусдыг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн Ховог овогт Цагаанхүүгийн Хг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Тыг 450 /дөрвөн зуун тавь /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хг 500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хг 500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хд оногдуулсан 500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хд оногдуулсан 500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 / есөн зуун мянга/-н төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Тт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд, шүүгдэгч Ц.Хд оногдуулсан 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 / есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 / гурав/-н сарын хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Т, Ц.Х нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Ш.Т, Ц.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримт байхгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ш.Т, Ц.Х нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Т, Ц.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА