Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/55

 

 

 

 

 

 

 

 

 

   2024        09         11                                           2024/ДШМ/55

 

 

 

М.Өод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Төгөлдөр

Шүүгдэгч                                                       М.Ө

Нарийн бичгийн дарга                               П.Пунсалдулам нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлээр М.Ө-од холбогдох 2425000240308 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч М.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрхэс караокены гадна хохирогч Н.Т-аас “утсаараа яриулаач” гэж хэлэн хуурч, хохирогчийн эзэмшлийн Самсунг А-73 загварын гар утсыг нь авч яван, өөртөө хууль бус эзэмшил тогтоож, 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Тэди худалдааны төвд гар утасны худалдаа эрхлэгч Л.Б-өд 600,000 төгрөгөөр худалдан борлуулж, хохирогчид 750,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч М.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-од шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 / дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

   Шүүгдэгч М.Ө-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Ц.Батбямба шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Орхон аймгийн прокурорын газраас эрүүгийн 2425000240308 дугаартай М.Өод холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2024/ШЦТ/295 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна. 

Шийтгэх тогтоолыг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ө-од холбогдох хэргийг хянан хэлэлцээд бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийн, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байна. 

Харин шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ..иргэний нэхэмжлэгч Л.Б-өд учирсан 600,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн талаар тусгалгүй орхигдуулсан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ хангуулах эрхийг нь зөрчсөний зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад ...нэхэмжлэлийг шүүх хэргийн хамт хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг тусгана" гэсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн байна. 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарч байна. 

Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/295 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Ө тайлбартаа: “...Би иргэний нэхэмжлэгч Б-д 600,000 төгрөг данс руу нь шилжүүлсэн боловч банкны хуулгаа авч амжаагүй байгаа...” гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төгөлдөр дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дүгнэлт гаргаж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

          Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурор Ц.Батбямбын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч М.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрхэс” караокены гадна хохирогч Н.Т-аас “утсаараа яриулаач” гэж хэлэн хуурч, хохирогчийн эзэмшлийн Самсунг А-73 загварын гар утсыг нь авч яван, өөртөө хууль бус эзэмшил тогтоож, 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэди” худалдааны төвд гар утасны худалдаа эрхлэгч Л.Б-өд 600,000 төгрөгөөр худалдан борлуулж, хохирогчид 750,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай тохирсон байна.

 Харин анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Ө-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гаргуулж шийдвэрлээгүй орхигдуулсан тул өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурор эсэргүүцэл гаргажээ.

            Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ө-од холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ иргэний нэхэмжлэгч Л.Б-өд учирсан 600 000 төгрөгийн хохирол  нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт бусдад төлөх төлбөргүй гэж   иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ хангуулах эрхийг нь зөрчжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн...хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт шийдвэрлэнэ.

Мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7.д зааснаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах тухай эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг тусгана...гэсэн хуулийн заалтуудыг зөрчиж гаргасан шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8.д заасан ...шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бичигдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарч байгаа боловч давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой байна.

 Иймд иргэний нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжилсэн 600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй  тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9   дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. 4 , 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “бусдад төлөх төлбөргүй”  гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч М.Ө*оос 600 000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Л.Бөд олгож” гэж өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Дээд шатны прокурор Ц.Батбямбын  эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

 

                                      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                   С.ЦЭЦЭГМАА