| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/04149/И |
| Дугаар | 192/ШШ2025/04433 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/04433
2025 05 22 192/ШШ2025/04433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,)-нд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Нямцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие 2018 онд З.Сайнбилэгтэй танилцаж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүү төрсөн. Хүүхдээ төрүүлснээс хойш бидний зан харилцаа таарамжгүй болж, гэр бүлийн хүчирхийллийн хэмжээнд хүрсэн ба 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр З.Сайнбилэг баривчлагдаж, бид тусдаа амьдрах болсон. Цаашид хариуцагчтай хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байна гэжээ.
2.Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гардуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд 2 дахь удаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүү С.Мөнхжингийн төрсний бүртгэлийн лавлагаа, З.Сайнбилэгт холбогдох зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-9 дэх тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагчтай 2019 оноос хамт амьдарч, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүү төрсөн. Хүүхдээ төрүүлснээс хойш бидний зан харилцаа таарамжгүй болж, гэр бүлийн хүчирхийллийн хэмжээнд хүрсэн ба 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр З.Сайнбилэг баривчлагдаж, бид тусдаа амьдрах болсон. Цаашид хариуцагчтай хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй гэж тайлбарлав.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр товлосон шүүх хуралдаанд “Тэрэлжид байгаа тул оролцож амжихгүй”, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр товлосон шүүх хуралдаанд “оролцож амжихгүй” гэх шалтгаанаар 2 дахь удаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт “Гэрлэгчид хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно…” гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч Б.Нямцэцэг, хариуцагч З.Сайнбилэг нар нь 2018 онд танилцаж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн, гэрлэгчдийг хамтран амьдрах хугацаанд 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүү төрсөн болох нь зохигчдийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгчийн зүгээс цаашид хамтран амьдрах боломжгүй, 2023 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэр бүлийн хүчирхийллийн улмаас хариуцагч нь зөрчлийн хариуцлага хүлээсэн гэж тайлбарлаж байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
6.Мөн гэрлэгчдийн дундаас төрсөн хүү нь 5 настай, гэрлэгчид тусдаа амьдарсанаас хойших хугацаанд эхтэйгээ хамт амьдарч байсан зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүүг эх Б.Нямцэцэгийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.6 дахь хэсэгт “... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж заасны дагуу эх Б.Нямцэцэг нь хүү С.Мөнхжинг эцэг З.Сайнбилэгтэй уулзуулах нөхцөлөөр хангах, эцэг, эх нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.
8.Гэрлэгчид нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хатиган овогт Зоригийн Сайнбилэг, Билгүүн овогт Баасанжавын Нямцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Сайнбилэгийн Мөнхжинг эх Б.Нямцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эх нь хойшид үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд эх Б.Нямцэцэг нь хүү С.Мөнхжинг эцэг З.Сайнбилэгтэй уулзуулах нөхцөлөөр хангах үүрэгтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Нямцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Сайнбилэгээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нямцэцэгт олгосугай.
5.Гэрлэгчид нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД