Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 311/ШШ2025/00454

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: ..... ХК /......../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.О........т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17,939,624.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ...... ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ...... ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэлийн шаардлага: Т.О........с 2010116808 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 17,939,624.37 төгрөг /арван долоон сая есөн зуун гучин есөн мянга зургаан зуун хорин дөрвөн төгрөг гучин долоон мөнгө/ гаргуулах,

Нэхэмжлэлийн үндэслэл: ...... нь харилцагч Т.О........ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ..... дугаартай зээлийн гэрээ байгуулан 21,000,000 (хорин нэгэн сая) төгрөгийг жилийн 24.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 4,200,000 төгрөг, хүүд 1,868,643.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 156.5 төгрөг нийт 6,068,800 төгрөгийг төлсөн. Т.О...... нь ..... дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Үүнд: Хугацаа хэтэрсэн хоног: 89, зээлийн үлдэгдэл:1,680.0000 төгрөг, хүү 1,125,852.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 13,771.4 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл: 17,939,624.37 төгрөг, бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөр зээлийн гэрээг цуцалж хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 17,939,624.37 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.О....... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...банкнаас онлайн цалингийн зээл авч хугацаандаа төлж яваад 5 сарын төлөлтийг 9 сарын 05-ны өдрөөс 10 сарын 05-ны өдрийн хооронд хийж барагдуулж үндсэн зээлээ хэвийн төлж авна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ....... ХК нь хариуцагч Т.О......... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,939,624.37 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбараа шүүхэд ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,648 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ...... ХК-ийн 17,939,624.37 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.О....... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,648 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 123,824 төгрөгийг, улсын төсвийн орлогын 100090000941 тоот данснаас 123,824 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ........ХК-д олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ