Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүгдэгч: Ц.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Цэндсүрэнгийн Эт холбогдох 1729000860046 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:                   

Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Өгөөмөр зочид буудлын 109 тоот өрөөнд архи ууж согтууран, улмаар орон дээр 1 нас 1 сартай хүү Э.Отгонтулгын хамт унтахдаа түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 10-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-18-р хуудас/

Эд баримтаар “...хөнжил 1 ширхэг, тал ба бүтэн тус бүр 1 ширхэг мантуун бууз, 1 ширхэг тал пирожки, 0,5 гр жинтэй өндөгний салат, лаазалсан үхрийн жигнэсэн мах 1 ширхэг, задгай болон бүтэн хатаасан жимсэн чихэр 2 уут, тал хуушуур 1 ширхэг, хэрэглэсэн тариур 1 ширхэг, “анальгин”, “демидрол” тарианы тус бүр 1 ширхэг хоосон шил...” /хх-ийн 21-р хуудас/

Хохирогч Б.Эрдэнэчимэгийн гэрчээр өгсөн:”...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Цогтцэций сумын төв орж хүүхдийн тэтгэмжийн мөнгө авахаар замын унаанд нөхөр, хүү хоёртойгоо хамт сууж явсаар 15 цагийн үед Цогтцэций сумын төвд ирээд “өгөөмөр” зочид буудалд буучихаад Хаан банк орж хүүхдийн мөнгө болох 240,000 төгрөгөө аваад Хаан банкны эсрэг талын “Төгөл” цайны газраас хуушуур 2 ширхэг, прожки 2 ширхэг, мантуун бууз 2 ширхэг, өндөгний салат 1, үзэмний шүүс 1 савыг тус тус худалдаж аваад буудлдаа ирсэн. Тэгээд цайны газраас худалдаж авсан хоолоо идсэн. Талийгаач хүү маань хоолноос бараг идээгүй, нөхөр бид хоёр дэлгүүрээс 1 шил 0,75 гр Хараа архи, 2 лааз Нийслэл пивотой авсан байснаас архийг нь нөхөр уусан. Хүү өрөөгөөр гүйж байгаад аавыгаа дэрлээд унтчихсан. 19 цагийн үед хүү сэрэхдээ халуурчихсан байхаар нь буудлын жижүүр эгчид хэлж байгаад утсаар түргэн дуудуулсан түргэн цаг гарангийн дараа ирж. Дуудлагаар ирсэн эмч хүүг үзээд халуун бууруулах тариа гээд нэг тариа хийгээд тэндээсээ эмнэлэг рүү авч явсан. ...Э архиа ганцаараа уусан. Би өдрийн авсан болон орой авсан 3 лааз пивоо уучихаад гарч бие засаад барагцаагаар 02 цаг өнгөрөөгөөд өрөөний урд талын орон дээр ганцаараа унтсан, намайг бие засахаар буудлын коридороор явж байтал ресепшин “хүүхэд яаж байна” гэж асуусан би “гайгүй болчихсон” гэж хэлж байсан. Э өрөөний хойд талын орон дээр хүүгээ цаад талаараа аваад унтсан. Түүнээс хойш хэдий хугацаа өнгөрсөн  мэдэхгүй унтаж байтал хүн дуудах шиг болохоор нь сэрээд юу болсон талаар асуухад Э “хүү нэг л биш болжээ” гэсэн тухайн үед 05 цагийн үед байсан шиг санаж байна. Би өрөөний хойд талаар байх Э хүү хоёрын унтаж байсан ор руу харахад хүү орон дээр дээшээ харсан байдалтай нас барсан байсан. Ингээд эмнэлэг рүү буудлын ресепшин эгчийн утсаар түргэн дуудуулж хэлүүлсэн эмч 30-40 минутын дараа ирээд хүүг үзээд нас барсан байна гээд цагдаа дуудсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

Гэрч О.Жаргалмаагийн өгсөн: “...өглөө 6 цагийн үед “Өгөөмөр” буудлын жижрүүрээс манай дуудлагын утас руу “орой халуураад байна гэж түргэн дуудуулсан хүүхэд нас барсан юм шиг байна ээж, аав нь уйлаад байна” гэсэн. Тэгээд би Батцэцэг хамт тэнд очиход нөгөө хүүхэд нас барсан байдалтай аав нь өрөөний хойд талын орон дээр тэвэрээд сууж байсан ээж нь өрөөний урд талын орон дээр уйлаад сууж байсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

Гэрч Б.Мөнхчимэгийн өгсөн: “...Би жижүүрийн байрандаа байж байгаад 22 цаг өнгөрч байх үед “ус авъя” гэж нөхөр нь хэлэхээр нь ус буцалгагчтай ус аваад өрөөнд нь ороход архи үнэртсэн байдалтай нөхөр нь согтуу, эхнэр нь өрөөний урд талын орон дээр хэвтэж байсан. Хүүхэд ээжийнхээ цаад талаар сэрүүн байгаа бололтой хэвтэж байсан. Нөхөр нь зурагтын удирдлага барьчихсан зурагт үзэж байна гээд хойд талын орон дээр сууж байсан. Би аяганд нь ус хийж өгчхөөд өрөөнөөс гарсан. Түүнээс хойш 02 цаг өнгөрч байх үед эхнэр нь “00”-д бие засаад гарч явахаар нь “хүүхдийн бие яаж байна” гэж асуухад над руу эргэж хараагүй өрөө рүүгээ явж байх зуураа “зүгээрээ” гэж хэлсэн. Эхнэр нь гуйваад өрөө рүүгээ орохоор нь би согтуу байгаа юм болов уу? гэж бодсон. Тэгээд 05 цаг өнгөрч байх үед нөхөр нь гэх Э 00-ын өрөөнд орчхоод, буусан өрөөнийхөө хажуу талын өрөөнүүдийн хаалгыг тогшоод байхаар нь хүрч очоод “өрөө чинь цоожлогдсон юм уу” гэхэд “миний өрөө аль билээ” гэхээр нь түрхүүр авч очоод өрөөг нь онгойлгоход өөрөө нь цоожлогдоогүй байсан. Э өрөө рүүгээ орсон түүнээс хойш 5-10 минутын дараа Э манай өрөөний хаалгыг тогшихоор нь гараад очтол “эгээ манай хүүхэд өнгөрчихлөө” гэсэн зогсож байсан. Би эмнэлэг рүү түргэн дуудаж хэлэхэд “та ороод үзээтэхээч” гэхээр нь би өрөөнд нь ороход урд талын орон дээр эхнэр нь уйлаад сууж байсан. Хүүхэд хойд талын орон дээр байсан. Би хүүхдийн хөлийг бага зэрэг татаж үзэхэд хөдлөхгүй байхаар нь гарч ирээд эмнэлэг рүү “нас барсан юм шиг байна” гэж хэлсэн. Түүнээс хойш 20 орчим минутын дараа эмч ирж өрөөнд нь орж хүүхдийг үзсэн...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36-р хуудас/,

Гэрч Т.Батцэцэгийн өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өглөөний 06 цагт сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа “Өгөөмөр” зочид буудлын 109 тоотод нэг ойтой хүүхэд нас барсан байна гэсэн дуудлагыг бага эмч Жаргалмаа эмнэлгийн жижүүрийн утсаар өгсөн ба Жаргалмаа бид хоёр Өгөөмөр зочид буудалд 06 цаг 05 минутад очиход буудлын жижүүр нь үүднээсээ хүүхэд нас барсан гэх 109 тоот өрөөг зааж өгсөн. Бид хоёр өрөөнд ороход ертөнцийн зүгээр өрөөний урд талын хана дагуу байрлуулсан модон орон дээр үс нь сэгсийсэн 40 орчим насны эмэгтэй хүн утсаар яриад уйлаад сууж байсан. Хойд талын хана дагуу байрлуулсан модон орон  дээр 30 гаран насны эрэгтэй хүн цээжээрээ ягаан өнгийн баривч өмссөн доогуураа нүцгэн живэх өмсгөсөн 1 орчим насны эрэгтэй хүүхэд тэврээд уйлаад сууж байсан... ”гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №78 дугаартай шинжээчийн “...

  1. Эрдэнэчимэг овогтой Отгонтулгын цогцост үзлэг шинжилгээгээр духны жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтэл нь нас барахаас богино хугацааны өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  3. Э.Отгонтулгын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин болон гэмтэл тогтоогдсонгүй.
  4. 5. 6. Эмнэлгийн тусламж стандартын дагуу хийгдсэн байна. Шинжээч эмч гэм буруутай эсэхийг тогтоохгүй.

7. Э.Отгонтулга нь амьсгалын хурц дутагдлаар нас баржээ...гэх дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/,

Цогцос болон түүний өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-53-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн “...1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Э Цогтцэций сум” гэж хаягласан цусанд 4,2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 4,2 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн  63-р хуудас/,

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16/03/27/02 дугаартай шинжээчийн “ ...хариулт А. Цогтцэций сумын Сум дундын эмнэлгийн яаралтай тусламжийн бага эмч О.Жаргалмаа нь түргэн тусламжийн дуудлагаар очиж хүүхдийн биеийн байдлыг үзэж үнэлэн Цомбо эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 2020.03 сард хугацаа дуусах, 080701 цувралын дугаартай анальгин 50%-2 мл ампултай тарилгын уусмал, мөн 2022.05 сард хугацаа дуусах 730417 цувралын дугаартай димедрол 1%-1мл ампултай тарилгын уусмал, Айвико эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 2018.06 сард хугацаа дуусах 081218 цувралын дугаартай новокайн 0,25%-100 мл-ээр савласан тарилгын шингэнээс 7 мл-ийг соруулж дээрх 2 тарилгын уусмалтай хольж 10 мл болгож, уг холимгоос хүүхдийн биеийн жинд /биеийн жин 10,5 кг-д / тооцоолон бодож 2.2 мл-ийг Солонгос улсад 2017.08 сард үйлдвэрлэгдсэн 3 гр-ын 23G тариураар хүүхдийн өгзөгний булчинд тариад эмнэлэг рүү тээвэрлэсэн нь эмнэлгийн мэргэжилтэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж байна.    Хариулт Б. Эмнэлгийн мэргэжилтэн нь “Хүүхдийн өвчний цогц менежмент” клиникийн удирдамжаар хүүхдийн ерөнхий биеийн байдлыг дунд гэж үнэлсэн боловч өвчтөний эмчилгээг хийхдээ хүндэвтэрээр тооцоолон бодож хийсэн байна. Гэвч энэхүү эмчилгээ нь хүүхдийн нас баралтад нөлөөлөөгүй юм... гэх дүгнэлт /хх-ийн  81-82-р хуудас/,

Ц.Эын яллагдагчаар өгсөн: “...хүү шалан дээр шээчхээд надтай жаахан тоглоод, инээж байгаад унтах гээд байх шиг байхаар  нь өрөөний урд талын хана дагуу байрлуулсан байсан орон дээр эхнэр цаад талаараа аваад хэвтсэн би өрөөнөөс гарч буудлын ресепшинээс буцалсан ус оруулж өгөөч гэж хэлчихээд өрөөндөө буцаж орсон. Удалгүй буудлын ресепшин эмэгтэй өрөөнд ус оруулж өгчихөөд гарсан түүнээс хойш би буудлаас гарч Тулга дэлгүүр орж дахин нэг шил 0,75 литрын “Ерөөл” архи аваад буцаж буудалдаа ирээд эхнэртэй хоёр хувааж уугаад дуусан, эхнэр гарч бие засаад орж ирээд өрөөний урд талын хана дагуу байх орон дээр унтсан. Хүү эхнэр бид хоёрын архи ууж байх үед багцаагаар 00 цагийн үед өрөөний хойд талын орон дээр унтсан байсан. Би архиа дуусаад хүүгийн наад талаар нь орон дээр унтсан хэдий хугацаа өнгөрснийг мэдэхгүй шээс хүрээд байхаар нь сэрэхэд хүү орны наад талаар би харин орны цаад талаар нь буюу хана талдаа унтаж байсан. 00-ын өрөөнд орж бие засчхаад өрөөндөө орж ирээд хүүгийн хажуугаар хэвттэл хүү нэг л сонин хөшүү байсан. Би судсыг нь дарж үзэхэд цохилохгүй байсан учир өрөөнөөс гарч буудлын ресепшинд “хүү сонин болчихсон байна. Та түргэн дуудаад өгөөч” гэж хэлчхээд өрөөндөө орсон түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсний дараа эмч ирж хүүг маань үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Удалгүй цагдаа ч ирсэн. Тэгээд эхнэр бид хоёроос цусны бүлэг тогтооно гээд цус авсан. Би тухайн үед нэлээд согтуу байсан учир зарим зүйлийг сайн санахгүй байгаа юм. ...би тэр шөнө архи их уусан байсан. Тэгээд хүүгээ өвөртлөн унтаж байгаад бүтээчихсэн байх түүнээс болоод хүү маань нас барсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-94-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Эын хувийн байдлын талаар

Шүүгдэгч Ц.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 99-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Эыг гурван талаас нь харуулсан фото зураг, гарын дардас /хх-ийн 100-101-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Өгөөмөр зочид буудлын 109 тоот өрөөнд архи ууж согтууран, улмаар орон дээр 1 нас 1 сартай хүү Э.Отгонтулгын хамт унтахдаа түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Эрдэнэчимэгийн гэрчээр өгсөн:”... Э өрөөний хойд талын орон дээр хүүгээ цаад талаараа аваад унтсан. Түүнээс хойш хэдий хугацаа өнгөрсөн мэдэхгүй унтаж байтал хүн дуудах шиг болохоор нь сэрээд юу болсон талаар асуухад Э “хүү нэг л биш болжээ” гэсэн тухайн үед 05 цагийн үед байсан шиг санаж байна. Би өрөөний хойд талаар байх Э хүү хоёрын унтаж байсан ор руу харахад хүү орон дээр дээшээ харсан байдалтай нас барсан байсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/, гэрч О.Жаргалмаагийн өгсөн: “...Тэгээд би Батцэцэг хамт тэнд очиход нөгөө хүүхэд нас барсан байдалтай аав нь өрөөний хойд талын орон дээр тэврээд сууж байсан. Ээж нь өрөөний урд талын орон дээр уйлаад сууж байсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, гэрч Б.Мөнхчимэгийн өгсөн: “...Э өрөө рүүгээ орсон түүнээс хойш 5-10 минутын дараа Э манай өрөөний хаалгыг тогшихоор нь гараад очтол “эгээ манай хүүхэд өнгөрчихлөө” гэгээд зогсож байсан. Би эмнэлэг рүү түргэн дуудаж хэлэхэд “та ороод үзээтэхээч” гэхээр нь би өрөөнд нь ороход урд талын орон дээр эхнэр нь уйлаад сууж байсан. Хүүхэд хойд талын орон дээр байсан. Би хүүхдийн хөлийг бага зэрэг татаж үзэхэд хөдлөхгүй байхаар нь гарч ирээд эмнэлэг рүү “нас барсан юм шиг байна” гэж хэлсэн...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36-р хуудас/, гэрч Т.Батцэцэгийн өгсөн: “...Жаргалмаа бид хоёр Өгөөмөр зочид буудалд 06 цаг 05 минутад очиход буудлын жижүүр нь үүднээсээ хүүхэд нас барсан гэх 109 тоот өрөөг зааж өгсөн. Бид хоёр өрөөнд ороход ертөнцийн зүгээр өрөөний урд талын хана дагуу байрлуулсан модон орон дээр үс нь сэгсийсэн 40 орчим насны эмэгтэй хүн утсаар яриад уйлаад сууж байсан. Хойд талын хана дагуу байрлуулсан модон орон  дээр 30 гаран насны эрэгтэй хүн цээжээрээ ягаан өнгийн баривч өмссөн доогуураа нүцгэн живх өмсгөсөн 1 орчим насны эрэгтэй хүүхэд тэврээд уйлаад сууж байсан... ”гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №78 дугаартай шинжээчийн “...7. Э.Отгонтулга нь амьсгалын хурц дутагдлаар нас баржээ...гэх дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/, Цогцос болон түүний өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-53-р хуудас/ Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16/03/27/02 дугаартай шинжээчийн “ ... Гэвч энэхүү эмчилгээ нь хүүхдийн нас баралтад нөлөөлөөгүй юм... гэх дүгнэлт /хх-ийн  81-82-р хуудас/, Ц.Эын яллагдагчаар өгсөн: “...түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсний дараа эмч ирж хүүг маань үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. ...би тэр шөнө архи их уусан байсан. Тэгээд хүүгээ өвөртлөн унтаж байгаад бүтээчихсэн байх түүнээс болоод хүү маань нас барсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-94-р хуудас/ зэргээр нотлогдож байна.

Иймд Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал зэрэг мөн түүнийг засарч хүмүүжих боломжтой гэж үзэж оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

  Хохирогч Б.Эрдэнэчимэг нь шүүгдэгч Ц.Эаас хохирол төлбөрт нэхэмжлэх зүйлгүй, санал, гомдолгүй гэсэт тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Э нь энэ хэргийн улмаас 23 хоног цагдан хоригдсон байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  хөнжил 1 ширхэг, тал ба бүтэн тус бүр 1 ширхэг мантуун бууз, 1 ширхэг тал пирожки, 0,5 гр жинтэй өндөгний салат, лаазалсан үхрийн жигнэсэн мах 1 ширхэг, задгай болон бүтэн хатаасан жимсэн чихэр 2 уут, тал хуушуур 1 ширхэг, хэрэглэсэн тариур 1 ширхэг, “анальгин”, “демидрол” тарианы тус бүр 1 ширхэг хоосон шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Эт урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Цэндсүрэнгийн Эыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3 дахь хэсгүүдэд заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Э нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 36.8  дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Ц.Эын 23 / хорин гурав/-н цагдан хоригдсон болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Эын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөнжил 1 ширхэг, тал ба бүтэн тус бүр 1 ширхэг мантуун бууз, 1 ширхэг тал пирожки, 0,5 гр жинтэй өндөгний салат, лаазалсан үхрийн жигнэсэн мах 1 ширхэг, задгай болон бүтэн хатаасан жимсэн чихэр 2 уут, тал хуушуур 1 ширхэг, хэрэглэсэн тариур 1 ширхэг, “анальгин”, “демидрол” тарианы тус бүр 1 ширхэг хоосон шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА