Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/949

 

 

 

 

    2024           08            20                                          2024/ДШМ/949

 

Т.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ц.Оч, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/485 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Мөнх-Одын бичсэн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаар эсэргүүцлийг үндэслэн Т.Б-т холбогдох эрүүгийн 2305025022044 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Т.Б, 1998 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүрэг, “Ц”-д байрлах “М” орон сууцны барилгад мужаан ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн …… сумын ...-р багт оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ...-р хороо, нийтийн байрны … тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ……………../;

Шүүгдэгч Т.Б нь Баянгол дүүргийн …-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “К” хоолны газрын орчимд 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр болгоомжгүйгээр хохирогч С.Б-ыг түлхсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд гавлын баруун зулай, титэм, суман заадас, зүүн чамархай дух, суурь ясны хугарал, зүүн зулай, чамархай, дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн шуу, богтос ясны зөрөөтэй хугарал, баруун тохой, баруун мөрөнд зулгаралтын нөсөө гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдпээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б-ээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 7.144.500 төгрөг, эмчилгээний зардалд 741.700 төгрөг, нийт 7.886.200 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-т олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Б нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-ээс 3.887.990 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор Б.Мөнх-Од бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйл Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт хууль тогтоогчоос “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж тус тус хуульчилжээ. Гэтэл шүүхээс шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа шүүгдэгчийн ямар эрхийг хасаж буйг тодорхой тусгаж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор түүний биелэлт бодитой хэрэгжих хууль зүйн үр дагавар үүсгэдэг. Шүүгдэгч Т.Б-т оногдуулсан эрх хасах ял тодорхойгүй байснаар тухайн ялын биелэлт бодитой хэрэгжих боломжгүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэлд хамаарч байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 485 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

            Прокурор И.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хууль тогтоогчийн зүгээс тус хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахгүй бол хэрэглэхэд төвөгтэй байна. Мөн тус хуулийн зохицуулалтыг цэг, таслалаар нь ойлгох юм бол “эсхүл” гэж байна. Тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа эрхлээгүй этгээдэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад заасны дагуу тодорхой ажил, үйлчилгээ эрхлэх эрхийг хязгаарламаар байвч боломжгүй байна. Иргэд тодорхой ажил, үйлчилгээг зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг. Үйлчилгээ үзүүлэгч иргэн ямар нэгэн зөвшөөрөл авдаг. Жишээлбэл, тогооч нь тогоочийн мэргэжлийн үнэмлэх, үйлчлэгч нь үйлчлэгчийн мэргэжлийн үнэмлэх авдаг. Гэтэл Т.Б нь “К” гэх хоолны газар мах зорж байсан этгээд байсан. Ямар нэгэн байдлаар хуульчилж, журамлаж зөвшөөрөл олгосон зүйл байхгүй. Энэ тохиолдолд “эсхүл зорчих эрхийг хязгаарлах” гэсэн хэсгийг авч үзэж, прокурорын зүгээс ялын санал гаргасан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Т.Б нь Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “К” хоолны газрын орчимд 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр болгоомжгүйгээр хохирогч С.Б-ыг түлхсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд гавлын баруун зулай, титэм, суман заадас, зүүн чамархай дух, суурь ясны хугарал, зүүн зулай, чамархай, дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн шуу, богтос ясны зөрөөтэй хугарал, баруун тохой, баруун мөрөнд зулгаралтын нөсөө гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь:

Хэргийн газрын нөхөн үзлэгийг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-8/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “зургаар таньж олуулах ажиллагаа эхлэхийн өмнө хохирогч С.Б таних гэж байгаа хүнийг ямар шинж тэмдэг, онцлогоор нь таньж олох гэж байгааг асуухад”, “би бага зэрэг архи уусан байсан ч намхан богино үстэй байсан гадаад төрхийг хараад шууд танина гэв. Хохирогч С.Б-т 1-4 хүртэлх дугаартай зургаас таньж олуулахад энэ хүмүүс дотор намайг шатнаас түлхэж унагаасан хүн 1 гэсэн дугаартай зураг дээрх хүн мөн байна гэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-11/,

хохирогч С.Б-ын “...хамгаалагч залуу намайг яах гээд байгаа юм гэж хэлснээ түлхсэн. Би шууд хараад танина. Намхан буюу 165 см өндөр, туранхай, үс нь хойшоогоо самнасан, саарал өнгийн цамц, жинсэн өмдтэй байсан...” /хх 12-20/,

 “...Би өмнө нь 2017-2018 оны хооронд муруй хамраа тэгшлүүлэх гэж хамрын хагалгаанд 1-р эмнэлэг дээр орж байсан. Толгойдоо өмнө нь гэмтэл авч байгаагүй, ямар нэгэн хагалгаанд орж байгаагүй. Сая шатнаас унаж гэмтээд тархины хагалгаанд орж толгойны зүүн талын ясаа авхуулсан. Би өмнөх өдөр нь архи уусан тэр өдөр бага зэрэг архи уусан байсан. Шатнаас унаж босоод шууд гэр лүүгээ явсан. Гэрт ороход ах С.З-т байсан. Шөнө нь миний толгой их өвдөж хоносон. Өглөө шууд гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. К нэртэй хоолны газрын ажилтан намхан, богино үстэй, саарал цамцтай байсан санаж байна тэр залуу цай уух гээд орсон эндээс гар яв гэж хэлээд хоёр гараараа миний цээж рүү түлхсэн. Түлхүүлээд унахдаа би толгойгоороо шат мөргөсөн. Би гомдолтой байна...” /хх 21-24/,

гэрч С.З-ын “...дүү С.Б 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээсээ гарч яваад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шөнө гэртээ ирсэн хэдэн цагт ирснийг санахгүй би тухайн үед ганцаараа архи уусан байсан. С.Б толгойгоо дараад миний толгой өвдөөд байна гээд толгойгоо дараад байсан. Би толгойгоо яасан юм бэ гэж асуусан чинь намайг намхан залуу зодсон байх гэж хэлсэн. Манай дүү С.Б хийсэн ажилгүй гадуур архи уугаад явж байдаг. Хаана уусан талаар мэдэхгүй гадуур таарсан хүнтэйгээ архи уудаг...” /хх 25-28/,

гэрч О.Г-ийн: “...2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед санаж байна би ажлын байран дээрээ ажлаа тойроод солонгос хоолны газрын хаалгаар дамжаад К хоолны газар руу орсон чинь Т.Б байхгүй байсан. Хаачсан юм бол гэж бодоод гараад хартал насыг нь болон хувцсыг нь санахгүй байна согтуу эрэгтэй хүнийг кебаб касс хийдэг Т.Б “Алтан төгрөг” дэлгүүрийн шатан дээр гаргаж өгөөд буцаад явж байсан тэр үед тэр согтуу хүн араас нь хараагаад үглээд байсан. Би хараад буцаад орсон. Т.Б-ээс яасан юу болсон талаар асуухад согтуу хүн орж ирээд гарахгүй болохоор нь гаргаж өгсөн гэсэн юм яриад өнгөрсөн. Т.Б халуун газ дээр ажилдаг болохоор үе үе гарч тамхи татах буюу сэрүүцдэг. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Би үргэлжлүүлээд ажлаа шалгаад тойроод яваад өгсөн. Т.Б миний хараад өнгөрснөөр биед нь халдаагүй. Шат руу гаргаж өгөх гээд явж байгааг л харсан. Намайг ажилд ороход ажиллаж байсан би 1 жил болж байгаа. Миний мэдэхийн архи уудаггүй тамхи татдаг. Би урдаас нь биш араас нь хальт харсан болохоор насыг нь болон хувцсыг нь хэлж мэдэхгүй байна...” /хх 32-35/,

гэрч Г.М-ын: “...Би 2012 оноос одоог хүртэл “Т” ХХК-д ажиллаж инженерээр ажиллаж байна. Манай байгууллага гадаа орц, гарц харах 24 ширхэг камертай. Чанай камерын ачаалал, тоо, нягтаршлаас шалтгаалан 23-24 хоног хадгалдаг. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн камерын бичлэг хадгалагдаагүй учраас байхгүй...” /хх 139-140/,

иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн: “...Дээрх гэмт хэргийн улмаас С.Б-ын эрүүл мэндийн төвөөс үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.887.990 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг Т.Б-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий Газрын Төрийн сан дахь дансанд төлүүлж өгнө үү...” /хх 148-150/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 9400 дугаартай шинжээчийн: “...С.Б-ын биед гавлын баруун зулай, титэм, суман заадас, зүүн чамархай, дух, суурь ясны хугарал, зүүн зулай, чамархай, дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, аалзан хальсан доорх цус харвалт /2023.07.13- ны амь насны заалтаар тархины зүүн талын бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авч тархи дарагдал чөлөөлөх мэс засал/, зүүн шуу, богтос ясны зөрүүтэй хугарал, баруун тохой, баруун мөрөнд зулгаралтын нөсөө гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Шинж тэмдэг илрэх, тархи дарагдах хүртэл үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна.” /хх 36-60/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ.”

2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулахаар хуульчилсан.

Анхан шатны шүүх Т.Б-т эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй боловч шүүгдэгчийн ямар эрхийг нь хасаж байгаа нь тодорхойгүй байгаа тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс тодруулж, шүүгдэгч Т.Б-ийг аливаа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллахдаа үйлчлүүлэгчтэй шууд харилцах эрхийг хасах нь зүйтэй гэж үзэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, ...хугацааг тоолно.” гэж заасан тул шүүгдэгч Т.Б-т оногдуулсан аливаа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллахдаа үйлчлүүлэгчтэй шууд харилцах эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхлэх үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/485 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, дээд шатны прокурор Б.М-н бичсэн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаар эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/485 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 1 жилийн хугацаагаар эрх хасаж, ...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг аливаа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллахдаа үйлчлүүлэгчтэй шууд харилцах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ...” гэсэн өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан аливаа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллахдаа үйлчлүүлэгчтэй шууд харилцах эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХТУЛГА   

                                               ШҮҮГЧ                                       Ц.ОЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ