| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/04878/И |
| Дугаар | 192/ШШ2025/04487 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/04487
2025 05 26 192/ШШ2025/04487
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, Адаг адуутан овогт Цэрэн-Очирын Болормаа (РД:УЗ76092105)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,,, Чулуун овогт Цэгмэдийн Хүдэрчулуун (РД:ХВ73092071)-д холбогдох,
4,542,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатаа:”...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00246 дугаартай шийдвэр, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01895 дугаартай зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжуудаар сургалтын төлбөрийг тухайн жилийн 50 хувиар тооцон гаргуулж байсан..., миний охин нь Солонгос хэлийг маш сайн сурч, сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан учир 3,500,000 төгрөгийг мөн миний бие төлсөн учир 50 хувь буюу 1,750,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна..., 2023-2024 оны сургалтын төлбөр 1,460,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...би эхнэр болон 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа тул шууд төлөх боломжгүй учир тодорхой хэмжээний хугацаа гаргаж өгнө үү. 3 сараас 4 сарын хугацаа олгож өгнө үү. Мөн шүүх хуралдааныг миний эзгүйд хийж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт “Зохигч талын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх энэ хуулийн 100.4-т заасны дагуу шийдвэрлэж болно” гэж заасны дагуу талуудын хэн алинаас нь хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүх хуралдааныг талуудын эзгүйд хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эвлэрэх эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 4,542,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3-4 сарын хугацаанд төлж барагдуулах талаар саналаа илэрхийлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хууль, Гэр бүлийн тухай хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Болормаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Хүдэрчулуунд холбогдох 4,542,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хүдэрчулуунаас 38,310 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Болормаад олгосугай.
3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД