| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0077/Э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч Ө.О /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Өлзийсайханы Од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1829000860062 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.О нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр согтуурсан үедээ 42-94 УБӨ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Фотон маркийн 89-13 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Энхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.О Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-13-р хуудас/
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон акт, схем зураглал /хх-ийн 14-15-р хуудас/
Хохирогч Б.Энхбаярын өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр найз О, Нармандах, Идэрээ, Зоригоо нарын хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад гэх хоёр шил архи уугаад унтцгаасан юм. Тэгээд маргааш өглөө 06 цагийн үед босоод Оы приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Цагаан хад гэх газраас хөдлөөд Гашуун сухайт боомт руу /хилийн оочер руу/ явсан юм. Тэгээд хилийн оочер руу явж байхад зам дээр том тэрэг чиргүүлээрээ зам хаагаад тавьсан байсан. Тэгээд бид нар тэр машиныг тойрох гээд шороон зам руу ороод буцаад зам руу нийлэхэд Оы машин нь ямар ч жолоодлого байхгүй болоод урд зогсож байсан том тэрэгний дугуйг хамар хэсгээрээ маш хүчтэй мөргөсөн юм. Тэгээд замын хажуу тал руу гараад зогссон байсан. Тэгээд машин дотроос гараад цагдаа дуудсан юм.../хх-ийн 19-20-р хуудас/
Гэрч Д.Идэрбаянгийн өгсөн: “...06 цагт босоод машин руугаа явах болоод Оы приус маркийн машинтай явсан юм. Машиныг О жолоодоод Ганзориг, Нармандах, Энхбаяр бид нар кабинд нь явсан. О замын хойноос урагш чиглэлд очерлон зогссон машинуудыг тойроод эсрэг урсгалаар явж байтал замыг чиргүүлээрээ бараг хаагаад зогссон шаланз машин байсныг зүүн талаар нь тойроод буцаж замдаа орохдоо явсныг бүү мэд шууд яваад очерт зогссон байсан шаланз машины чирэгчийн зүүн талын хойд дугуйг машины урд хэсгээр мөргөөд машин буцаад замын шороон далан руу орчихсон. Тэгээд бүгдээрээ машинаас гарч ирээд байж байтал цагдаа нар ирж үзлэг, хэмжилт хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/
Гэрч Б.Нармандахын өгсөн: “...06 цагийн үед нөгөө хэд маань гаръя гээд намайг дуудахаар нь би боссон. Бид нар тавуулаа Оы машинд суугаад хөдөлсөн. Би машины зүүн талын арын суудал дээр суугаад унтаад явж байтал гэнэт машины зүүн талын 2 дугуй замаас буухад нь сэртэл засмал зам дээр нэг нүүрсний машины чиргүүл цагаан шугам даваад бөгсөө гаргаж зам хаагаад зогссон байсан. Тэгээд О буцаад зам руу ортол машин даялж яваад зам дээр зогсож байсан нүүрс тээврийн машины зүүн талын толгойн арын тэнхлэгийн дугуйг мөргөөд түс тас хийгээд явчихсан...“гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/
Гэрч Л.Өлзийбаярын өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Энержи ресурс” ХХК-ийн ачилтын талбайгаас нүүрс ачуулаад Ганцмод чиглэлд хөдөлсөн. Тэгээд оройдоо засмал замын 228 дахь км-ийн тоочиг дээр очиж очерт зогсоод унтаж амарсан. Тэгээд 03 дугаар сарын 15-ны өглөө 06 цаг 10 минутын үед намайг машиндаа унтаж байтал түс хийх чимээ гараад миний толгой доргиод овс гэхээр нь би машинаасаа гарч хартал замын зүүн талд зүүн тийшээ харан юм мөргөсөн приус-20 маркийн машин миний машинаас 30 орчим метр зайтай зогсож байхаар нь би буцаж машиндаа орж хувцсаа өмсчихөөд ослын тэмдгээ машиныхаа ард тавьчхаад тэр машин дээр очтол машин дотор сууж явсан хүмүүс машинаасаа гарчихсан, нэг хүнийх нь хөл хугарчихсан юм шиг байна гээд хэвтэж байсан...“гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний 4144 дугаартай шинжээчийн
Замын шинжээчийн №016 дугаартай:
А. Ослын үед “Потон” маркийн 89-13 УНӨ улсын дугаартай автомашины жолооч Лхагва овогтой Өлзийбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.
Б. Ослын үед “Тоёота Приус” 20 маркийн 42-94 УБӨ улсын дугаартай автомашины жолооч Өлзийсайхан овогтой О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн. Мөн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн тус тус заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.
В. Монгол улсын шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” гэж заасан байх тул бусдын гаргасан дүгнэлтэд үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй.
Г. Жолооч Лхагваа овогтой Өлзийбаяр нь АВСЕ ангилалтай 2014 оны 03 дугаар сарын 19-ны хүчинтэй 805399 дугаарын үнэмлэхтэй байна. Жолооч Өлзийсайхан овогтой О нь ВСDЕ ангилалтай 2018 оны 02 дугаар сарын 27-ны хүчинтэй 851686 дугаарын үнэмлэхтэй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/
Ө.Оы яллагдагчаар өгсөн:”...04 дүгээр сарын 15-ны өглөө 06 цагт боссон. Тэгээд очерт байгаа машин руугаа явах гээд миний 42-94 УБӨ улсын дугаартай приус машинд сууцгаасан бид нар машин дээрээ очоод приус машинаа буцааж кемп рүү явуулахаар Энхбаярыг авч тавуулаа тэндээс хөдөлсөн юм. Би машиныг жолоодож замаар очерт зогссон машинуудыг эсрэг урсгалаар тойроод явж байтал нэг машины чиргүүл зам руу нэлээд шахаад зогссон байсан түүнийг тойроод буцаад зам руу орох үед машины баруун талын урд дугуй нь хагарч машин тэнцвэрээ алдаад шууд явсаар очерт байсан шаланзны чирэгчийн арын тэнхлэгийн зүүн талын хойд дугуйг машин урд талаараа мөргөөд замын эсрэг талын шороон далан руу орчихсон. Тэгээд бүгд машинаасаа гараад иртэл замаар явж байсан цагдаа нар хүрч ирээд үзлэг хэмжилт хийсэн ба бид нарыг Ханбогд сумын эмнэлэгд дээр ирсэн хойно намайг машин жолоодож явсан болохоор согтуурал шалгах багажаар үлээлгэн шалгахад 1,40% согтолттой гэж гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “Ө.Оыг драгер багаж ашиглан шалгахад 1,40% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл /хх-ийн 78-р хуудас/
Шүүгдэгч Ө.Оы хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ө.Оы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р хуудас/
Шүүгдэгч Ө.Оы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73-р хуудас/
Шүүгдэгч Ө.Оы жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 74-р хуудас/
Шүүгдэгч Ө.Оыг гурван талаас харуулсан гэрэл зураг, гарын дардас /хх-ийн 79-80-р хуудас/
Хохирогч Б.Энхбаярын хүсэлт “...Найз О нь миний биед хийлгэсэн эмчилгээний зардал зэргийг тухай бүрд нь гаргаж байсан. ...миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ...“ гэх /хх-ийн 83-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Ө.О нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр согтуурсан үедээ 42-94 УБӨ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Фотон маркийн 89-13 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Энхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-13-р хуудас/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон акт, схем зураглал /хх-ийн 14-15-р хуудас/, хохирогч Б.Энхбаярын өгсөн: “...Тэгээд бид нар тэр машиныг тойрох гээд шороон зам руу ороод буцаад зам руу нийлэхэд Оы машин нь ямар ч жолоодлого байхгүй болоод урд зогсож байсан том тэрэгний дугуйг хамар хэсгээрээ маш хүчтэй мөргөсөн юм. Тэгээд замын хажуу тал руу гараад зогссон байсан.../хх-ийн 19-20-р хуудас/, гэрч Д.Идэрбаянгийн өгсөн: “...О замын хойноос урагш чиглэлд очерлон зогссон машинуудыг тойроод эсрэг урсгалаар явж байтал замыг чиргүүлээрээ бараг хаагаад зогссон шаланз машин байсныг зүүн талаар нь тойроод буцаж замдаа орохдоо явсныг бүү мэд шууд яваад очерт зогссон байсан шаланз машины чирэгчийн зүүн талын хойд дугуйг машины урд хэсгээр мөргөөд машин буцаад замын шороон далан руу орчихсон. Тэгээд бүгдээрээ машинаас гарч ирээд байж байтал цагдаа нар ирж үзлэг, хэмжилт хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/ гэрч Б.Нармандахын өгсөн: “...Тэгээд О буцаад зам руу ортол машин даялж яваад зам дээр зогсож байсан нүүрс тээврийн машины зүүн талын толгойн арын тэнхлэгийн дугуйг мөргөөд түс тас хийгээд явчихсан...“гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, гэрч Л.Өлзийбаярын өгсөн: “...би машинаасаа гарч хартал замын зүүн талд зүүн тийшээ харан юм мөргөсөн приус-20 маркийн машин миний машинаас 30 орчим метр зайтай зогсож байсан...“гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний 4144 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/, Замын шинжээчийн №016 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/, Ө.Оы яллагдагчаар өгсөн “... түүнийг тойроод буцаад зам руу орох үед машины баруун талын урд дугуй нь хагарч машин тэнцвэрээ алдаад шууд явсаар очерт байсан шаланзны чирэгчийн арын тэнхлэгийн зүүн талын хойд дугуйг машин урд талаараа мөргөөд замын эсрэг талын шороон далан руу орчихсон. ...намайг машин жолоодож явсан болохоор согтуурал шалгах багажаар үлээлгэн шалгахад 1,40% согтолттой гэж гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “Ө.Оыг драгер багаж ашиглан шалгахад 1,40% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл /хх-ийн 78-р хуудас/ зэргээр нотлогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ө.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Энхбаярын хүсэлт “...Найз О нь миний биед хийлгэсэн эмчилгээний зардал зэргийг тухай бүрд нь гаргаж байсан. ...миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ...“/хх-ийн 83-р хуудас/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ө.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ө.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Өлзийсайханы Оыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө.Оыг тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Ө.О нь тэнсэгдсэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ө.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ө.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА