Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00384

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00384

 

 

 

******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргаж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03099 дугаар дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч ******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ххххххххХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 6,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******-ын нэхэмжлэл, тайлбарын агуулга: ****** болон ххххххххХХК-ийг төлөөлж захирал ***** нар 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр вагончик ашиглуулах гэрээ байгуулан, чиргүүл дээр суурилуулсан вагончикийг 1 сарын хугацаатай үнэ төлбөргүй ашиглуулахаар тохиролцсон. Хариуцагч талд түрээсийн зүйлийг актаар бүрэн хүлээлгэн өгсөн.

Гэрээний 3-т заасны дагуу тогтоосон хугацаанд хариуцагч нь вагончикийг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд түрээсэлсэнд тооцож, 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хоног тутамд 500,000 төгрөг тооцон нэхэмжилнэ гэж заасан. Хариуцагч гэрээний хугацааг 13 хоногоор хэтрүүлэн вагончикийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өгсөн бөгөөд түрээсийн зүйлийг актаар хүлээлгэн өгөөгүй болно.

Иймд хариуцагч ххххххххХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх буюу 13 хоногийн түрээсийн төлбөрт 6,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******т олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.

Талуудын байгуулсан вагончик ашиглуулах гэрээ нь ххххххххХХК болон ****** нарын хооронд байгуулагдсан УКС-22 хайгуулын өрөм түрээслүүлэх гэрээний салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл вагончик нь дагалдах зүйл болж ирсэн. Анх манай компани хайгуулын өрмийг түрээслэхээр болоход нэхэмжлэгч вагончикийг үнэгүй ашиглаж болно гэж хэлсний дагуу авсан.

Бид түрээсийн гэрээг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан боловч вагончикийг мөн сарын 22-ны өдөр хүлээн авсан. Ажлаа эхлүүлэх гэтэл хайгуулын өрөм нь эвдрэлтэй, биет байдлын доголдолтой байсан. Нэхэмжлэгчээс авсан өрмийг шууд ашиглах боломжгүй байсан ба бид өөрсдийн зардлаар 1,500,000 төгрөгийн үнэ бүхий өрмийн гол авч засаж янзлахад 7-8 хоног зарцуулсан. Энэ талаар нэхэмжлэгчид хэлэхэд ажлын хоногоос хасуулчих гэж хэлсэн. Тиймээс энэ хугацаа хоног хэтэрч өгөх болсон шалтгаан нь түрээслүүлэгч тал биет байдлын доголтой зүйл түрээслэгч тал шилжүүлснээс болсон гэж үзэж байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ххххххххХХК-аас 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******т олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4а.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг харьцуулан үнэлээгүй. Манай компани ******-ын ****** ХХК-аас хайгуулын өрөм түрээслэх гэрээ байгуулан маргаан бүхий вагончикийг уг ажлын хүрээнд дагалдуулж авсан. Өрөм түрээслэх гэрээг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаатай байгуулсан.

****** ХХК гэрээнд заасан чанар стандарт хангаагүй, биет байдлын доголдолтой хайгуулын өрөм түрээслүүснээс болж бид засвар үйлчилгээнд 8 хоног зарцуулсан хугацаа хэтрүүлж вагончикийн хамт хүлээлгэн өгсөнд манай компаниас 6,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.

4б. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн вагончик ашиглуулах гэрээг иргэн *** ***** нар байгуулсан байдаг. Иймд тус хэргийн хариуцагч нь ххххххххХХК биш, иргэн ***** байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Талууд вагончикийг эхний 1 сар үнэ төлбөргүй ашиглуулж, дараа сараас түрээсийн төлбөр тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан. Хариуцагч биет байдлын доголдолгүй хайгуулын хайгуулын өрмийг актаар хүлээлгэн авсан, ашиглалтын явцад гарсан эвдрэл гэмтлийг гэрээний дагуу өөрсдөө завсарлах үүрэгтэй. Хариуцагч хайгуулын өрөм, вагончикийг актаар хүлээлгэж өгөөгүй гэжээ.

ХЯНАВАЛ

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянасан болно. Анхан шатны шүүхээс шүүх хуралдаан явуулсан талаарх тэмдэглэл хэрэгт авагдаагүй байна.

2.Нэхэмжлэгч ****** нь ххххххххХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан журам зөрчигдсөн тохиолдолд зөрчил бүхий ажиллагаанд үндэслэсэн шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагад нийцдэггүй.

4. Хэрэгт иргэний хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байх тул шүүх хуралдааныг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжсэн гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна. /хх-62-63/ Нөгөөтэйгүүр, шүүх хуралдааны тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар шүүхийн нотолгооны хэрэгсэл төдийгүй шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэрийг гаргасан эсэхийг тогтооход ач холбогдол бүхий баримт юм.

5.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03099 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ч.ЦЭНД