| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0077/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч С.Л /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Бүргэд овогт Сайнбаярын Лид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1729000510075 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Л нь 2017 оны 9 сард “Итайкар” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж өгсөн 45-81 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн 12 ширхэг дугуй, 170 литр түлш, 2 ширхэг аккумулятор, кабин халаагч зэргийг тонож, эд ангийг хувьдаа завшин бусдад 4,599,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Л мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-24-р хуудас/
Хохирогч Э.Энхманлайгийн өгсөн:”...Манай компаний эзэмшлийн 45-81 ӨМӨ улсын дугаартай Норд бенз маркийн авто машиныг 2017 оны 09 дүгээр сарын 11-ий өдөр Түвшинтөр гэдэг жолооч БНХАУ-ын Ганцмодны боомтоор жолоодон хилээр орж ирсэн бөгөөд түүнээс хойш сураггүй болсон. Түвшинтөртэй утсаар ярьж машин хаана байгаа талаар тодруулан асуухад найз Лдоо жолоодуулан уурхай руу ачилтад оруулахаар явуулсан гэж байсан болов ч машин авч явсан гэх хүний утас нь холбогдохгүй байсан. Түүнээс хойш 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 45-81 ӨМӨ улсын дугаартай машиныг нүүрс тээврийн засмал замын 6 дахь км-т тоногдсон байдалтай орхисон байхад нь олж цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/
Гэрч Г.Төвшинтөрийн өгсөн: “... би жолоодож явсан 45-81 ӨМӨ машинаа Лид өгч Эрдэнэс таван толгойд ачилтад оруулуулахаар явуулаад би найз Батбилэгийн машинд суугаад оочер руу явсан. Тэгээд би очерт зогсоод 2 хонож байтал манай ах Бямбажаргал над руу залгаад “нөгөө чиний машин өгсөн Л чинь Оюу толгойн замаар явлаа “гэж над руу сая залгалаа гэсэн тэгэхээр нь би одоо тэгээд яах вэ гэтэл ах чи маргааш өглөө 4-р постон дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд утсаа салгаад би амарсан. Тэгсэн маргааш өглөө эрт 10 цагийн үед Л залгаад “Оюу толгойн замаар явах худлаа болсон. Би одоо оочерын сүүлд дээр буюу 100 км дээр зогсож байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь за гэж хэлээд тэгээд тэр өдрөөс хойш утас нь холбогдохгүй 5 хоног болоод би Лийг хайж сураглаад байж байтал 2017 оны 09 дүгээр сарын 18-нд манай ах Бямбажаргал залгаад “чиний гаргаж ирсэн 45-81 ӨМӨ машинаас 4 дугуй тоночихсон гэж байна. Тэгээд намайг мөнгө явуулчих тэгвэл би тэр дугуйнуудыг хийгээд маргааш очерт орлоо” гэж хэлэхээр нь ах “чи хаана байгаа юм” гэж асуутал Цогтцэций суман дээр Нандин гэх зочид буудалд байна” гэж хэлсэн гэсэн. Тэгээд бид 2 маргааш өглөө нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө үүрээр Цогтцэций суманд ирээд нөгөө Нандин гэх буудалд нь очоод асуутал” тийм хүн ирээгүй “гэж хэлсэн. Тэгээд бид 2 Цогтцэций суман дээр хайгаад олдоогүй.Тэгэхээр нь би ах руу залгасан гэсэн нэг мобигийн дугаар руу залгатал нэг эмэгтэй хүн аваад “Оргилуун караоке гэж газар байна” гэсэн. Тэгээд утсаа тасалчихсан. Тэгээд би дахиад жаахан байж байгаад өөр утаснаас залгаад “танайх хаана байдаг юм бэ танайд очих гэсэн юм” гэтэл манайх “Эрдэнэт хотын хороололд байдаг караоке буудал” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш таг болоод би цагдаад мэдэгдсэн... “гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/
Гэрч Ж.Бямбажаргалын өгсөн: “...Манай хүргэн дүү болох Түвшинтөр нь “2017 оны 08 дугаар сарын 29-ны өдөр найз болох Л буюу Томоо гэх хочтой залуутай манай дүү 45-81 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн автомашин БНХАУ-аас гаргаж ирээд хамт рейс хийхээр боллоо” гэхэд нь би дургүйцээд “наадах чинь итгэлгүй хүн байгаа юм” гэж хэлсэн. Тэгсэн манай хүргэн дүү “болноо” гэж хэлээд тэгээд хамт рейс хийж эхэлсэн. Тэгсэн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Л 80170064 гэсэн дугаараас залгаад “ах би Оюу толгойн замаар явахаар боллоо Түвшинтөрийг 4 постон дээр бэлэн бай гэж хэлээрэй” гэж хэлээд тасалсан. Тэгээд нөгөөдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө 2 цагийн орчим 99712230 гэсэн дугаараас залгасан чинь би тэгэхээр нь шууд тулгаад “машин хаана байна. Яагаад зарж үрээд байна” гэтэл Л хэлэхдээ “тэгсэн ах 4 дугуйг нь түлштэй нь зарчихсан. Маргааш зарсан дугуйнаасаа илүү сайн дугуй аваад түлшээ аваад очертоо очно” гэж хэлэхээр нь би “чи яагаад машины түлш, дугуй зарсан юм бэ” гэтэл “Ээгий заръя гэж хэлээд тэгээд бид хоёр хамт зарсан” гэж хэлсэн. Тэгээд “40,000 төгрөг шилжүүлээд өгөөч би Цогтцэций сумын Нандин гэх зочид буудалд байна” гэж хэлээр нь би “за дансаа” гэсэн чинь дансаа хэлэлгүй тасалсан. Тэгээд маргааш ирээд 6 дахь км байгаа машинаа хартал 12 ширхэг дугуй, 2 ширхэг аккумулятор, кабин халаагч, статер зэрэг зүйлүүд нь алга болчихсон байсан. Тэгээд бид нар цагдаа дуудсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/
“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний компанийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №Ц17-48 дугаартай дүгнэлт/хх-ийн 38-45-р хуудас/
Шүүгдэгч С.Лийн яллагдагчаар өгсөн:”...Би 45-81 ӨМА улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг жолоодон явсаар нүүрс тээврийн машинууд явж багйаа засмал замын 6 дахь км-р дээр ирж машинаа орхиод Цогтцэций сумын төв орж усанд орчихоод буцаад машин дээрээ очсон. Тэнд машиндаа сууж байсан танихгүй ахтай уулзаж “дугуй хямд авах уу? гэж асуухад тэр ах ямар дугуй юм бэ үзье” гэсэн учир машин дээрээ дагуулж ирээд чиргүүлийн дугуйнуудыг үзүүлсэн. Тэр ах чиргүүлийн урд тэнхлэгт байсан хоёр дугуйг зааж “энэ хоёр дугуйг нь авж болох юм” гэсэн. Тэгээд би өөрөө тэр хоёр дугуйг тэнхлэгээс салгаж тэр ахад өгөөд тэр ахын машинаас авч ирсэн хоёр дугуйг сольж тавьсан ба хоёр дугуйны үнэ 350,000 төгрөгийг аваад машинаа орхиод сумын төв рүү орж ирээд нөгөө мөнгөөрөө архи, пиво авч танил эмэгтэйг дуудаж хамт уугаад буудалд хоносон. Маргааш нь өглөө дахин машин дээрээ очиж чиргүүлээс нь 3 ширхэг дугуйг авч тэнд цистертэй явж байсан жолоочид өгсөн ба тэр хүний өгсөн 3 хуучин дугуйг авч машиндаа сольж тавьсан ба машины банкнаас 100 литр түлшийг авч мөн жолоочид зарсан тэр жолоочоос 3 дугуй, 100 литр түлшний мөнгө 520,000 төгрөг авсан. 3 дугуйг 420,000 төгрөгөөр, 100 литр түлшийг 100,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/
Шүүгдэгч С.Лийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч С.Лийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/
Шүүгдэгч С.Лийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56-р хуудас/
Шүүгдэгч С.Лийн гурван талаас харуулсан гэрэл зураг болон гарын дардас /хх-ийн 64-65-р хуудас/
Шүүгдэгч С.Лийн зөрчилд холбогдож байсан эсэх талаар лавлагаа хх-ийн 66-69-р хуудас/
Арилжааны банканд харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 70-76-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч С.Л нь 2017 оны 9 сард “Итайкар” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж өгсөн 45-81 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн 12 ширхэг дугуй, 170 литр түлш, 2 ширхэг аккумулятор, кабин халаагч зэргийг тонож, эд ангийг хувьдаа завшин бусдад 4,599,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-24-р хуудас/ хохирогч Э.Энхманлайгийн өгсөн:”...Түүнээс хойш 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 45-81 ӨМӨ улсын дугаартай машиныг нүүрс тээврийн засмал замын 6 дахь км-т тоногдсон байдалтай орхисон байхад нь олж цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, гэрч Г.Төвшинтөрийн өгсөн: “... би жолоодож явсан 45-81 ӨМӨ машинаа Лид өгч Эрдэнэс таван толгойд ачилтад оруулуулахаар явуулаад би найз Батбилэгийн машинд суугаад оочер руу явсан. ......Тэгэхээр нь за гэж хэлээд тэгээд тэр өдрөөс хойш утас нь холбогдохгүй 5 хоног болоод би Лийг хайж сураглаад байж байтал 2017 оны 09 дүгээр сарын 18-нд манай ах Бямбажаргал залгаад “чиний гаргаж ирсэн 45-81 ӨМӨ машинаас 4 дугуй тоночихсон гэж байна... “гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас, гэрч Ж.Бямбажаргалын өгсөн: “...Манай хүргэн дүү болох Түвшинтөр нь “2017 оны 08 дугаар сарын 29-ны өдөр найз болох Л буюу Томоо гэх хочтой залуутай манай дүү 45-81 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн автомашин БНХАУ-аас гаргаж ирээд хамт рейс хийхээр боллоо” гэхэд нь би дургүйцээд “наадах чинь итгэлгүй хүн байгаа юм” гэж хэлсэн. ... Л хэлэхдээ “тэгсэн ах 4 дугуйг нь түлштэй нь зарчихсан. Маргааш зарсан дугуйнаасаа илүү сайн дугуй аваад түлшээ аваад очертоо очно” гэж хэлэхээр нь би “чи яагаад машины түлш, дугуй зарсан юм бэ” гэтэл “Ээгий заръя гэж хэлээд тэгээд бид хоёр хамт зарсан” гэж хэлсэн. Тэгээд “40,000 төгрөг шилжүүлээд өгөөч би Цогтцэций сумын Нандин гэх зочид буудалд байна” гэж хэлээр нь би “за дансаа” гэсэн чинь дансаа хэлэлгүй тасалсан. Тэгээд маргааш ирээд 6 дахь км байгаа машинаа хартал 12 ширхэг дугуй, 2 ширхэг аккумулятор, кабин халаагч, статер зэрэг зүйлүүд нь алга болчихсон байсан. Тэгээд бид нар цагдаа дуудсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний компанийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №Ц17-48 дугаартай дүгнэлт/хх-ийн 38-45-р хуудас/, шүүгдэгч С.Лийн яллагдагчаар өгсөн:”...Тэгээд би өөрөө тэр хоёр дугуйг тэнхлэгээс салгаж тэр ахад өгөөд тэр ахын машинаас авч ирсэн хоёр дугуйг сольж тавьсан ба хоёр дугуйны үнэ 350,000 төгрөгийг аваад машинаа орхиод сумын төв рүү орж ирээд нөгөө мөнгөөрөө архи, пиво авч танил эмэгтэйг дуудаж хамт уугаад буудалд хоносон. Маргааш нь өглөө дахин машин дээрээ очиж чиргүүлээс нь 3 ширхэг дугуйг авч тэнд цистертэй явж байсан жолоочид өгсөн ба тэр хүний өгсөн 3 хуучин дугуйг авч машиндаа сольж тавьсан ба машины банкнаас 100 литр түлшийг авч мөн жолоочид зарсан тэр жолоочоос 3 дугуй, 100 литр түлшний мөнгө 520,000 төгрөг авсан. 3 дугуйг 420,000 төгрөгөөр, 100 литр түлшийг 100,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/ зэргээр нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.
С.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүнийг засарч хүмүүжих боломжтой гэж үзэж оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.
Хохирогч Э.Энхманлай нь “...С.Л нь 45-81 ӨМӨ улсын дугаартай Норд бенз маркийн автомшинд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан ба цаашид энэ хүнээс гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Лид урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүргэд овогт Сайнбаярын Лийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг даалгасугай.
3. С.Л нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримт байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, С.Лийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА