Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/00106

 

Г.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/00397 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1923 дугаар магадлалтай,

         Г.Нарантуяагийн нэхэмжлэлтэй,

         “Монос хүнс” ХХК-д холбогдох           

         Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 13.210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгч Г.Нарантуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баясгалан, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлж “Монос хүнс” ХХК-д борлуулалт, маркетинг хариуцсан захирлын албан тушаалд томилогдож ажилласан. Миний хувьд ажиллах хугацаандаа үр бүтээлтэй, дэвшилттэй ажилласнаас борлуулалт сайжирч, компанийн борлуулалтыг нэмэгдүүлсэн. Тус компанийн гүйцэтгэх захирал “шинэ бүтээгдэхүүний имиджийн загвар гаргаж өгөөч” гэсний дагуу 2015 оны 10 дугаар сараас 330 мл савлагаатай шинээр гаргах хүүхдийн чацарганы шүүсний сав баглаа боодол буюу шошгоны загварыг хийж эхэлсэн. Уг нь энэ ажил нь миний ажил үүргийн хуваарьт багтаагүй, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил байсан боловч удирдлагаас даалгасан болохоор загварыг хийсэн. Гэхдээ гүйцэтгэх захиралд тухай бүрт танилцуулж, өгсөн чиглэлийн дагуу хийж байсан. Гүйцэтгэх захирал өөрөө зөвшөөрч гарын үсэг зурж шошгоны загварыг баталсан. Мөн хэвлэх зөвшөөрлийг захирал өгч, санхүүгийн алба, үйлдвэрийн алба бүгдээрээ хамтран ярилцаж хийсэн. Би байгууллагад хохирол учруулаагүй бөгөөд надад санхүүгийн эрх мэдэл байхгүй. Шинээр хийсэн шошгоны загвар алдаатайн улмаас худалдаанд гаргаагүй ч энэ нь ажлаас халах хэмжээний зөрчил гэж үзэхгүй байна. Худалдаанд гаргахаар 7000 ширхэг шошго буюу нийтдээ 210.000 төгрөгийн л шошго үйлдвэрлэсэн байсан. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн 61 тоот, хохирол барагдуулах тухай 60 дугаар тушаалын дагуу 300.000 төгрөгийг суутгаж авсан. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т зааснаар туршилт тохируулгын явцад гарсан зайлшгүй хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй гэж заасан тул би хохирол төлөх үндэслэлгүй, сахилгын зөрчилд миний гаргасан алдааг тооцохгүй байх үндэслэлтэй юм. Дотооддоо шийдээд дахин хийж болох байсан. Мөн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр миний бие өвдөөд ажилдаа очиж чадаагүй. Манай захирал, хүний нөөцийн менежер шинээр ажилд орсон байсан тул би утсаар мэдэгдэх гээд чадаагүй, харин өөрийн ажилтандаа мэдэгдсэн. Гэтэл надад ажил тасалсан гэж нэг сарын хугацаатай 20 хувиар цалин бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан. Би сахилгын шийтгэл ногдуулсан уг тушаалыг зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн ч, манай хүний нөөцийн менежер “цалин ганц сараар бууруулах юм чинь, та зураад өгчих” гэхээр нь би за яахав гэж бодоод “танилцсан” гэж зурсан. Иймд сахилгын шийтгэл буруу ногдуулж ажлаас үндэслэлгүй халагдсан тул борлуулалт маркетинг хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, мөн миний бие сарын 3.100.000 төгрөгийн цалин авдаг байсан ба ажлаас халсан тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэлх 5 сарын хугацааны цалингаас нийгмийн даатгал, татвар шимтгэлийг хасан нийт 13.121.000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баясгалангийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч Г.Нарантуяа нь тус компанид борлуулалт, маркетинг хариуцсан захирлаар ажиллаж байх хугацаандаа шинээр худалдаанд гаргах 330 мл савалгаатай чацарганы шүүсийн шошгоны загварыг хийхдээ зохиогч, патентын эрхийг зөрчиж “My little pony”, “Мinion” барааны тэмдгийг ашигласан болох нь тогтоогдсон. Уг үйлдлийг “Биплас Монголиа” компаниас манайд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэл ирснээр зөрчлийг мэдсэн. Уг үйлдлийн улмаас шинээр худалдаанд гаргах гэж байсан бүтээгдэхүүнийг хойшлуулж, түүний гаргасан загвараар үйлдвэрлэсэн шошго, хэвний загвар гээд 10.000.000 гаруй төгрөгийн хохирол байгууллагад учирсан. Үүнээс зөвхөн 300.000 төгрөгийн хохирлыг л төлүүлсэн. Хохирол учирсан болохыг манай аудитаас шалгаж тогтоосон баримт бий. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т зааснаар туршилт тохируулгын явцад гарсан зайлшгүй хохирол гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулах ёсгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Уг заалт нь тухайн байгууллагын үйлдвэрийн техник, технологийн ололт нэвтрүүлэх, сайжруулахаар хийсэн туршилт, тохируулгын явцад гарсан эд хөрөнгийн хохиролд хамааралтай заалт. Мөн нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг удирдах чиг үүрэг тусгагдсан байдаг тул миний хийх ёстой ажил биш байсан гэдэг нь үндэслэлгүй юм. Мөн өөрөө гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч “Зөрчлийн бүртгэх хуудас”-т “оюуны өмчийн талаар мэдээлэлгүй байснаас болж буруу имидж ашиглалаа” гэж өөрийн гараар бичиж өгсөн байдаг. Түүнчлэн тэрээр 2016 оны 02 сарын 16-ны өдөр ажил тасалж, улмаар түүнд гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 50 дугаар тушаалаар нэг сарын хугацаанд цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Г.Нарантуяа нь өвчтэй байсан гэдэг ч энэ тухайгаа гүйцэтгэх захиралд мэдэгдээгүй, мөн эмнэлгийн акт, магадалгааг ч нөхөн үзүүлээгүй байдаг. Уг тушаалыг түүнд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр танилцуулахад хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байдаг. Иймд өмнө нь сахилгын шийтгэлтэй байхдаа давтан зөрчил гаргасан тул Г.Нарантуяаг гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 61 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалыг нэхэмжлэгчид тэр өдөрт нь танилцуулсан бөгөөд хуульд заасан гомдол гаргах хугацаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1307 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, “Монос хүнс” ХХК-ийн Маркетинг борлуулалтын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13.210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1923 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/00397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгч Г.Нарантуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/00397 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1923 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх “...Монос хүнс ХХК-ийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” 61 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 7.3.17-д заасныг үндэслэн сахилгын шийтгэл давтан гаргасан гэх үндэслэлээр Г.Нарантуяаг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ. “...Нэхэмжлэгч нь шинээр худалдаанд гаргах бүтээгдэхүүний шошгийг хийхдээ зохиогчийн эрхийг зөрчсөн үйл баримтад маргаагүй ч түүний гаргасан зөрчил ажлаас халах хэмжээнд байгаагүй, байгууллагад их хэмжээний хохирол учраагүй, мөн түүний ажлын чиг үүрэгт хамааралгүй ажил байсан гэх боловч хэрэгт авагдсан маркетинг борлуулалт хариуцсан захирлын ажлын байрны тодорхойлолтонд шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг удирдах /хх-ийн 36 дугаар тал/, “Монос хүнс” ХХК-д хийсэн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн аудитын дүгнэлт, “7 000 ширхэг буюу 210 000 төгрөгийн шошго үйлдвэрлэсэн байсан” гэх нэхэмжлэгчийн өөрийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна..." гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Намайг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас чөлөөлсөн 61 тоот, хохирол барагдуулах тухай 60 тоот 2 тушаалыг зэрэг танилцуулж ажлаас халсан. Эдгээр арга хэмжээ авах болсон шалтгаан нь “Монос хүнс” ХХК нь 2015 оны 10 сараас эхлэн 330 мл савалгаатай цоо шинэ хүүхдийн чацарганы шүүсийг худалдаанд гаргахаар туршиж байх хугацаанд бүтээгдэхүүний хаяг шошгоны загварыг шинээр хийсэн боловч алдаатайн улмаас худалдаанд гаргах боломжгүй болсон бөгөөд компанид хохирол учруулсан гэж үзэн надаас 300.000 төгрөгийг суутгаж авсан байдаг. Хөдөлмөрийн хуулийн 132.3-т “Туршилт тохируулгын явцад гарсан зайлшгүй хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй” гэж заасан байна. Миний бие тухайн үед уг шошгыг өөрөө дангаараа хийж, хэвлэлтэнд оруулаагүй, захиралдаа танилцуулан, хэвлүүлэх зөвшөөрөл авч, гарын үсэг зуруулан, компьютерийн ажилтнаар хийлгэсэн. Гэтэл “Монос хүнс” ХХК-ийн удирдлага намайг санаатайгаар байгууллагад хохирол учруулах зорилгоор уг шошгыг хийсэн гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Сахилгын зөрчил гэдгийг Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжид “...хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай, үйлдэл, эс үйлдэхүй байна...” гэж заажээ. Гэтэл миний бие хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, дүрмийн заалтыг зөрчиж удирдлагадаа танилцуулалгүйгээр дураараа уг шошгыг хэвлүүлээгүй, тэгж ганцаараа шийдвэрлээд, мөнгө төгрөгийг компаниас гаргуулах эрх мэдэл, боломж байхгүй, өөрөө ч уг шошгыг хийгээгүй байхад зөвхөн намайг гэм буруутай гэж үзэж арга хэмжээ авсан нь үндэслэлгүй учраас “Монос хүнс” ХХК-ийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас чөлөөлсөн 61 тоот тушаал хуульд нийцэхгүй, миний бие энэ хохирлыг төлөх үндэслэлгүй бөгөөд сахилгын зөрчилд тооцогдохгүй байх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, сахилгын шийтгэл буруу ногдуулсан тушаалыг хүчингүй болгон, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг “Монос хүнс” ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, уг харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлан хэрэглэжээ.

      Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй байна.

         Нэхэмжлэгч Г.Нарантуяа нь хариуцагч “Монос хүнс" ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 13 210 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ.

        “Монос хүнс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 61 дүгээр тушаалд тус компанийн маркетинг, борлуулалт хариуцсан захирал Г.Нарантуяаг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар 7.3.17-д зааснаар сахилгын шийтгэл давтан гаргасан гэх үндэслэл зааж, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлжээ.

         Хариуцагч “Монос хүнс" ХХК дээрх тушаалыг гаргахын өмнө буюу 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Г.Нарантуяаг хөдөлмөрийн дотоод журам зөрчиж, ажил тасалсан зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг үндэслэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, уг тушаалд ажилтан гомдол гаргасан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна. /хх-ийн 45 дахь тал/

         Нэхэмжлэгч Г.Нарантуяа ажил олгогчийн гаргасан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тушаалтай 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр танилцаж, “зөвшөөрөхгүй" тухайгаа өөрөө бичсэн байх тул ажлаас халсан тушаалыг гардуулаагүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заасан хугацааг хэтрүүлсэн гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

         Түүнчлэн ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах байтал хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх үндэслэл тогтоогдоогүй, шүүхэд гомдол гаргах хугацааг  сэргээлгэх  тухай хүсэлт гаргасан баримт хэрэгт авагдаагүй байна.  

         Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн Г.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг зөрчөөгүй тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.1-д нийцсэн байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/00397 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1923 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Нарантуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Нэхэмжлэгч Г.Нарантуяагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.       

 

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

                                            ШҮҮГЧ                                                          Д.ЦОЛМОН