| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 188/2019/0748/Э |
| Дугаар | 627 |
| Огноо | 2019-12-02 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 627
М.Над холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Ц.Амар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 774 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 929 дүгээр магадлалтай, М.Над холбогдох 1903001620229 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Алаг адуу овогт Мын Н нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Ныг Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлстэй холбоотой 1 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цид 10.200.000 төгрөгийн хохирол төлөгдсөн болохыг дурдаж, шүүгдэгч М.Нын В ангиллын 852163 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Над холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 929 дүгээр магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн ангилал, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогчийн буруутай үйл ажиллагаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлт өгсөн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “...зөвхөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн үр дагавартай холбогдож гарсан төлбөрийг төлсөн байдалд илүү ач холбогдол өгсөн...” гэж үндэслэлгүй дүгнэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ." гэж тус тус заасныг баримтлан анхан шатны шүүхээс
- шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр /М.Н болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/,
- гэмт хэргийн ангилал /хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон/,
- ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал /ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон/,
- хохирол төлбөр төлөгдсөн байдал /оршуулгын зардалтай холбоотой зардлыг нөхөн төлсөн/,
- гэмт хэрэг гарсан нөхцөл байдал /гэрч Цэвэлсүрэнгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2348 дугаар дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг/,
- шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэгт холбогдсон/ зэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлт өгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж, нэмэгдэл ялыг эдлүүлж шийдвэрлэсэн.
Энэ нь 2015 оны Эрүүгийн хуульд шууд заагаагүй боловч Монгол улсын Олон улсын гэрээ, олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн “энэрэнгүй ёсны” зарчим болон “шударга ёсны” зарчмын аль алинд нийцсэн гэж үзэж байна.
Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 929 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 774 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн. Хүний амь хохирсон нь нөхөн сэргээгдэхгүй хор уршиг. Тэнсэх үндэслэл нь хохирлоо төлж, хор уршгийг арилгасан байх ёстой. Тийм учраас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү“ гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна. Гэхдээ давж заалдах шатны шүүх 2019 оны эхний улирлын байдлаар бүртгэгдсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн статистик мэдээг үндэслэл болгон шүүгдэгчийн ял шийтгэл хөнгөдсөн гэж дүгнэсэн нь буруу болжээ. Иймд магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын гаргасан гомдлыг үндэслэн М.Над холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч М.Нын үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.
Анхан шатны шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч М.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 9-ний орой 23 цаг 26 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ” төвийн зүүн талын замд “Тоёота королла аксио” загварын 14-51 УНН улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 5.3-т заасан “...гэрэл бүдэг асдаг болсон” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Бийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэв.
Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.Ныг Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэв.
Анхан шатны шүүхээс амь хохирогч Ш.Б нь шөнийн цагаар, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний дүрэмд заасан явган зорчигчийн баримтлах үүргийг зөрчин замын зорчих хэсгээр явсан нь зам тээврийн осол гарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн, мөн шүүгдэгч нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хор уршигтай холбоотой гарсан зардлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Над Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх журмыг хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй болно.
Иймд давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүх М.Над холбогдох хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруу, хүний амь нас хохирсон хор уршигт бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй” гэсэн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 929 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 774 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН