Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2018/0127

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2018/0127

Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Л-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.З, хариуцагчийн өмгөөлөгч В.У нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0056 дугаар шийдвэртэй, Б.Л-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У болон нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0056 дугаар шийдвэрээр: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л-гээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр гүйцэтгэгчээр эгүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, нөхөн бичилт хийхийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У давж заалдах гомдолдоо: “… Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 “Захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаарх тайлбар, санал гаргах боломж олгоно” гэснийг зөрчсөн гэснийг зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдлийг хүргүүлсэн, мэдэгдлийг хүргүүлснээс хойш сонсох ажиллагааг хийх гээд Б.Л-гийн өрөөнд нь ороход орсон ажилтнуудыг хэл амаар доромжилж өрөөнөөсөө хөөж гаргасан байдаг. Эндээс үзвэл сонсох ажиллагаа хийгдсэн. Тэмдэглэл нь байдаг.

Тухайн өдрийн шүүх хурлын бичлэгээс дээрх нөхцөл байдал бодитоор харагдах бөгөөд Б/58 дугаартай тушаалыг хүчингүй болгосноор Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргээд ажиллах боломжтой болж таны эрх сэргэнэ гэж хэлж байсан нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болон бичигдсэн байна.

Шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах боловч өөрийн санаа бодол болон гаргах шийдвэрийн талаар урьдчилан ямар нэгэн байдлаар мэдэгдэхгүй байх учиртай. Энэ байдлаас үзэхэд шүүх нэхэмжлэгч талд илүү үйлчилж нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Б.Л-гийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тодорхойгүй энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0056 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Л давж заалдах гомдолдоо: “… Миний бие Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг даалгах, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшхи нийт ажилгүй байсан хугaцааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс миний Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Тушаалыг хүчингүй болгох тухай” Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч “... урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулна”, 136 дугаар зүйлийн 136.1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр болон түүний үндсэн дээр олгогдох гүйцэтгэх хуудас байна” гэж заасан. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “... урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр миний хөдөлмөрлөх эрх бүрэн сэргэж хамгаалагдахгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д “Хариуцагч захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч түүнийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хандаж гүйцэтгэх хуудас олгуулна”, 126 дугаар зүйлийн 126.1-д “Шүүх дараах тохиолдолд шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудсыг шууд олгоно” гээд 126.1.1-д “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай” гэж заасан байна.

Гэтэл шүүхээс “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд маргаан бүхий дээрх захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажил, албан тушаалаа хэрэгжүүлэх боломжтой байх тул нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж үзэж байгаа нь нэхэмжлэгч миний хөдөлмөрлөх, төрийн албанд ажиллах эрхийг бүрэн сэргээж хамгаалж чадахгүй байна. Зүй нь, шүүхээс миний “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд ажилд эгүүлэн томилох шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдах боломжтой болж миний эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргэж, хамгаалагдах юм.

Түүнчлэн, миний ажилд нь эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага хууль бус шаардлага биш тул тус шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0056 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, миний “... урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-гийн давж заалдах гомдлоор шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Авлигатай тэмцэх газрын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/6366 дугаар албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч Б.Л-г 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албанд томилсон 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дүгээр тушаалыг хүчингүй болгожээ.

Анх Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2187 дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газарт Б.Л-гийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичгийн хариу ирэхээс өмнө Б.Л-г түр орлон гүйцэтгэгчээр Б/90 дүгээр тушаалаар томилжээ. Үүний дараа Б.Л-г “... ашиг сонирхлын зөрчилтэй гэх нөхцөл байдлыг үүсгэж байна” гэсэн Авлигатай тэмцэх газраас 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05/188 дугаар албан бичиг ирүүлсэн боловч уг албан бичгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0444 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосон байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан нийтийн ... албанд томилогдохоор нэр дэвшсэн ... хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах” гэж заасны дагуу гаргажээ.

Авлигатай тэмцэх газар нь түүний мэдүүлгийг мөн хуулийн 23.6-д “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ” гэж заасны дагуу хянан үзээд дээрх 05/188 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч уг албан бичгийг шүүхээс хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосноор уг хуульд заасан мэдүүлэг гаргах, мэдүүлгийг хянах ажиллагаа хийгдэж дууссан байна.

Өөрөөр хэлбэл Авлигатай тэмцэх газар нь мэдүүлгийг хянан шалгаад “ашиг сонирхлын зөрчилтэй” гэж үзсэн бөгөөд уг үндэслэлүүд нь шүүхээр тогтоогдоогүй байх тул Б.Лгийн мэдүүлгийг дахин хянах шаардлагагүй юм.

Гэтэл Авлигатай тэмцэх газар нь анх мэдүүлгийг хянаад дээрх хуульд заасан 10 хоногийн хугацаанд хариу ирүүлээгүй, уг хугацаа өнгөрсний дараа ирүүлсэн хариу нь шүүхээс хүчингүй болсон байхад 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/6366 дугаар албан бичгээр “ ...  хариуг аваагүй байхдаа буюу 2016 оны 12 дугаар сарын 01-н өдрийн Б/90 дүгээр тушаалаар томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг зөрчсөн гэж үзэн, Б/90 дүгээр тушаалыг хүчингүй болгож, түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянуулахыг мэдэгдсэн” нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нь Авлигатай тэмцэх газрын үндэслэлгүй 03/6336 дугаар албан бичгийн дагуу Б.Л-г албан тушаалд томилсон 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дүгээр тушаалаа хүчингүй болгосон нь ... хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Авлигатай тэмцэх газраас хариу ирэхээс өмнө томилсон нь хууль зөрчсөн тул уг тушаалаа хүчингүй болгосон байхад шүүх хууль буруу тайлбарласан ...” гэх  давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “шүүгч нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын талаар шүүх хуралдаанд “... эхний шаардлагыг шийдүүлснээр эрх сэргэх боломжтой” гэж тайлбарласан нь нэхэмжлэгч талд үйлчилж гарах шийдвэрээ урьдчилан хэлсэн ...” гэж гомдолдоо дурджээ. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхой болгосны үндсэн дээр тус бүрт нь дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй тул энэ хүрээнд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар асуулт асуусныг нэг талд үйлчилсэн, шийдвэрээ урьдчилан гаргасан гэж үзэхээргүй байна.

Мөн Б.Л нь төрийн албанд нэр дэвшиж түр томилогдон ажиллаж байсан бөгөөд маргаан бүхий актын улмаас төрийн жинхэнэ албанд зохих журмын дагуу томилогдон ажиллаж цалин хөлс авах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, анхан шатны шүүхээс уг эрхийг сэргээн шийдвэрлэсэн байх тул “нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх нь тодорхойгүй энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалаа хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзвэл хэрэгсэхгүй болгодог бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн эрхийг сэргээхээр шийдвэрлэсэн атлаа түүний үр дагавраар хийгдэх 2 дахь шаардлага буюу ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь агуулгын хувьд зөрчилтэй болжээ.

Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн маргааны хувьд Төрийн албаны тухай хуулийн 11.6-д зааснаар тус хуулиар зохицуулаагүй харилцаанд баримтлах Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар тушаалыг хүчингүй болгоод зогсохгүй ажлаас үндэслэлгүй халагдсан /чөлөөлөгдсөн/ ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг шүүх гаргахаар заасны дагуу “урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох” асуудлыг шүүхийн шийдвэрт заах шаардлагатай.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0056 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “зарим хэсгийг” гэснийг “бүхэлд нь” гэж, мөн заалтын “эгүүлэн тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “эгүүлэн тогтоосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 35100 /гучин таван мянга нэг зуун/” гэснийг “70200” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Л-гээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан олгосугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ