Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 29

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, нэхэмжлэгч А.Амгаланбаатарын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад хариуцагдах

 

2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “ Боловсрол, соёл, урлагийн газар байгуулж, А.Амгаланбаатарыг ажлаас чөлөөлөх тухай” б/107 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Амгаланбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа нараас эвлэрлийн гэрээ байгуулсаныг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Амгаланбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие МУИС-ийг математикч-математикийн багш мэргэжлээр төгсөж, боловсролын салбарт 27 дахь жилдээ ажиллаж байна. 2013 оноос одоог хүртэл Архангай аймгийн Боловсрол соёлын газрын даргаар ажилласан.

Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн б/107 захирамжаар буюу Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоол, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн.

Миний бие 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж 83 оноо авч тэнцэн, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм.Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулдаг байсаар байтал хөдөлмөрийн хуулийг үндэслэж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн талаар эрхээ хамгаалуулахаар гомдол гаргасан боловч, салбар зөвлөлийн дарга томилогдоогүй тул гомдлоо Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн болно.

Иймд Архангай аймгийн Засаг даргын 2016 оын 09 дүгээр сарын 12-ны өдрийн  б/107 захирамжаар А.Амгаланбаатарыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул, захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын бүтцийг өөрчлөн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр аймгийн Боловсрол соёлын газар нь Боловсрол соёл урлагийн газар болон өөрчлөгдсөн ба тухайн газрын чиг үүрэг урлагийн асуудал нэмэгдэн орж ирсэн. Бүтэц өөрчлөгдөн зохион байгуулагдсантай холбоотойгоор А.Амгаланбаатартай харилцан ярилцаж, тохиролцон Боловсрол соёлын газрын даргын ажлаас чөлөөлсөн. А.Амгаланбаатар нь өөрөө ажлаас чөлөөлөгдөхийг зөвшөөрч, харин өөр ажил олгож өгөхийг хүссэн болно гэжээ.

 

Хэргийн оролцогч нар 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: “..Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “А.Амгаланбаатарыг математикийн сургалт хариуцсан мэргэжилтний ажилд томилох тухай” б/31 дүгээр тушаал гарсан  бөгөөд энэхүү гэрээнд дараахь шаардлагыг тусгажээ.

1.Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагын газрын бүтэц орон тоо өөрчлөгдсөн тохиолдолд математикийн сургалт хариуцсан мэргэжилтний ажлын байраар хангах

2.Цалингийн нэмэгдэл болон зэргийн, ажилласан жилийн нэмэгдэл, урамшуулалыг тооцож, ажиллах нөхцөлийг сайжруулах

3.Улс төрийн дарамт учруулахгүй байхаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Амгаланбаатар нь Архангай аймгийн Засаг даргад хариуцагдах “2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Боловсрол, соёл, урлагийн газар байгуулж, А.Амгаланбаатарыг ажлаас чөлөөлөх тухай” б/107 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Шүүх хуралдааны өмнө гуравдагч этгээд Ц.Мөнхбат нь нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн “А.Амгаланбаатарыг математикийн сургалт хариуцсан мэргэжилтний ажилд томилох тухай” б/31 дүгээр тушаалаар тус аймгийн Боловсрол, соёл, урлагын газарт математикийн сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгч А.Амгаланбаатарыг томилсон захиргааны акт  гаргажээ.

 

Улмаар нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийсэн эвлэрлийн гэрээндээ  “Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагын газрын бүтэц орон тоо өөрчлөгдсөн тохиолдолд математикийн сургалт хариуцсан мэргэжилтний ажлын байраар хангах, цалингийн нэмэгдэл болон зэргийн, ажилласан жилийн нэмэгдэл, урамшуулалыг тооцож, ажиллах нөхцөлийг сайжруулах, улс төрийн дарамт учруулахгүй байхаар саналыг тус тус гаргаж хэргийн оролцогчид эвлэрсэн болно.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед эвлэрэх эрхтэй бөгөөд харилцан буулт хийж, хоорондоо тохиролцож эвлэрснээ бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан нь хуульд харшлахгүй байна.

 

Иймд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, А.Амгаланбаатарын  нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад хариуцагдах  2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Боловсрол, соёл, урлагийн газар байгуулж, А.Амгаланбаатарыг ажлаас чөлөөлөх тухай” б/107 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэхь хэсэгт заасныг баримтлан хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, А.Амгаланбаатарын нэхэмжлэлтэй  Архангай аймгийн Засаг даргад хариуцагдах “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Боловсрол, соёл, урлагийн газар байгуулж, А.Амгаланбаатарыг ажлаас чөлөөлөх тухай” б/107 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /аймгийн Засаг даргын тамгын газраас/ улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                                                                         

 

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ОДОНТУЯА