2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/07686

 

 

 

 

 

 

 

 

2025 09 18 191/ШШ2025/07686

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

 

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* /РД:*******/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* овогтой ******* миний бие 2016 оны 9 сарын 1-нд Сос хүүхдийн хотхонд Сос Ээж-ээр ажилд орж Хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж эхэлсэн билээ. Ажилд орсноос хойших хугацаанд ажилдаа чин сэтгэлээсээ хандаж хариуцлагатай ажиллаж ирсэн.

Ингээд 2024 оны 4 сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг дахин шинэчлэн байгуулсан. Тус гэрээгээр миний бие тус байгууллагын Улаанбаатар Сос Хүүхдийн Хотхоны байршилд Сос ээжийн албан тушаалд 3,914,000 төгрөгийн цалинтай уртасгасан хувиараар байрлаж ажиллахаар тохиролцсон билээ.

Миний бие тус байгууллагад 2016 оноос хойш Сос ээжээр байрлаж бага насны хүүхдүүдтэй тасралтгүй 8 жил гаруй ажилласан,

Гэтэл 2025 оны 1 сарын 17 ны өдрийн оройн цагаар Улаанбаатар Сос Хүүхдийн Хотхоны байршлын захирал Б.Түвшин Б/01 дугаартай Г.*******ийг ажлаас чөлөөлөх тухай агуулга тушаал гаргаж гэнэт надад танилцуулж, хөдөлмөрийн гэрээг тус өдрөө дуусгавар болгосон. Тус тушаал танилцуулсан өдөр миний бие өөрийн асрамжид байсан 3- - бага насны хүүхэдтэй хамт байсан бөгөөд тус өдөр хүүхдүүдийг уйлуулж миний эд хогшлыг зөөж гэнэт л ажлын байрнаас явахыг шаардсан.

Намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх заалтаар чөлөөлсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 Хөдөлмөр -эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: 80.1.4 А.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан байна.төлөхгүй байх тул гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна.

Гэтэл миний бие ажиллаж байх хугацаандаа аливаа байдлаар сахилгын болон ноцтой зөрчил гаргаагүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан юуг ноцтой зөрчил гэж үзэх талаар огт тусгаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заажээ. Мөн тус зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасан байна.

Хөдөлмөрийн хуульд заасны дагуу надад зөрчил гаргасан тухай хэлж танилцуулж тайлбарласан зүйл огт байхгүй бөгөөд надад ямар нэгэн сахилгын арга хэмжээ авч байгаагүй.

Улаанбаатар Сос Хүүхдийн Хотхоны байршлын захирал Б.Түвшин Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журам, түүнд хамаарах журмуудыг дагаж мөрдөлгүй гэнэт намайг ажлаас чөлөөлсөн.

Г.******* миний ажлын байр нь онцгой, урт цагаар хүүхдүүдтэй ажилладаг бөгөөд тухайн өдөр хууль бусаар миний гэрээг цуцалж, хүүхдүүдийг уйлуулж, тэдгээрт сэтгэл санааны хямрал үүсгэж гэнэт ажлаас чөлөөлж байгааг хүлээн зөвшөөрч, санал нийлэхгүй байсан тул Улаанбаатар Сос хүүхдийн хотхоны захирал н.*******т хандан гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй юм.

Ингээд 2025 оны 01 сарын 28-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 151 дүгээр зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул дуусгавар болсон.

Иймд Г.******* намайг Улаанбаатар Сос Хүүхдийн Хотхоны байршилд Сос ээжийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн холбогдох бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Монгол Улсын иргэн *******ын ******* (Г.*******)-ийн зүгээс Улаанбаатар СОС хүүхдиийн хотхон ТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. ******* овогтой ******* нь Улаанбаатар СОС хүүхдийн хотхонд СОС ээжээр 2016 оны 09 сарын 01-нээс хөдөлмөрийн гэрээ (хөдөлмөрийн гэрээ) байгуулажн ажиллаж байсан.

2. Г.******* нь СОС ээжээр ажиллаж бай хугацаандаа дараах Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

3. Г.******* нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа байгууллагын дотоод журам болон ёс зүйн дүрмийг удаа дараа баримтлаагүй, давтан зөрчил гаргасан нь 2023 оны 05 сарын 08-ны өдрийн Сахилгын шийтгэл ноогдуулах тухай Улаанбаатар СОС Хүүхдийн хотхоны захирлын тушаал, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Зөрчлийн тэмдэглэл, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Зөрчлийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

4. Улаанбаатар СОС Хүүхдийн хотхон байгууллагын зүгээс Г.*******той байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль (2021)-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг, Монголын СОС Хүүхдийн Хотходын байгууллагын дотоод журмын 3.18.5 дахь хэсэг, Ёс зүйн дүрмийн 11 дүгээр заалт болон Хөдөлмөрийн гэрээний 3.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс тасалбар болгон цуцалж, түүний хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Ажил олгогч нь тушаалыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр танилцуулж, ажил хүлээлцсэн болно.

5. Г.*******ийг ажлаас чөлөөлөх тухай 2025 оны 01 сарын 17-ны өдрийн Улаанбаатар СОС Хүүхдийн хотхоны захирлын тушаал үндэслэл бүхий байгаа тул иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

******* овогтой ******* миний бие Монголын СОС хүүхдийн хотхоны нийгэмлэг НҮТББ байгууллагатай харилцан тохиролцож Сос ээжийн албан тушаалдаа томилуулж цаашид хамтран ажиллах болсон учир нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Бидний маргааныг хялбарчилсан аргаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Монголын СОС Хүүхдийн хотход байгууллага нь хүүхэд хамгааллын чиглэлээр хүмүүнлэгийн үйл ажиллагааг 26 жил тасралтгүй явуулж, Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн асрамж халамжийн үйлчилгээний жишиг тогтоон, эцэг эхийн хайр халамжаа алдсан болон алдах эрсдэлд байгаа хүүхэд, залуусыг зөв боловсон, эрдэм мэдлэгтэй хувь хүн болон төлөвшихөд тусалж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Монголын СОС Хүүхдийн хотходын НҮТББ нь манай байгууллагад ажиллаж байсан *******ын *******той өмнө ажиллаж байсан СОС ээжийн албан тушаалд нь эгүүлэн авахаар харилцан тохиролцсон тул тухайн иргэний хүсэлтийн дагуу нэхэмжлэлийг цуцалж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Монголын СОС Хүүхдийн хотходын НҮТББ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Монголын СОС Хүүхдийн хотходын НҮТББ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР