Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/951

 

 

 

 

 

   2024           08             20                                        2024/ДШМ/951

 

Э.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ц.Оч, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оргилбаяр,

шүүгдэгч Э.Б,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Очбадрах даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/633 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2409001280396 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Э.Б, 1977 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн … дугаар хороо ……  тоотод оршин суух,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, /РД: …………../;

Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.О-ын улаан шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг 1 ширхэг, хуучны 19-н амтай улаан шүрэн толгой 1 ширхэг эд зүйлсийг “зарж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 38,412,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Б-г “Бусдыг хуурч, зохиомол байдпыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугааар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-гийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцож, түүний эдлэх нийт ялын хэмжээг 492 /дөрвөн зуун ерэн хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт 1 /нэг/ хоног шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан ба түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 10,412,000 төгрөгийг, мөн хохирогч С.О-ын сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,293,400 төгрөгөөр тооцож шүүгдэгч Э.Б-гаас гаргуулж, хохирогч С.О-д олгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие өдөр тутам олсон орлогоороо гэр бүлийнхээ санхүүгийн асуудлыг шийдвэрлэдэг. Миний эрүүл мэндийн байдал муу бөгөөд олон цагаар ажиллах боломжгүй байгаа. Ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх, эсхүл ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

            Прокурор А.Оргилбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дурдагдаагүй зүйлс дурдагдаж байна. Эд зүйлийн үнэлгээ, хохирогчийн сэтгэл санааны хохирол зэрэг асуудлууд яригдаж байна. Анхан шатны шүүх хохирогчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгийг үндэслэж хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн давж заалдах гомдол, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар зэрэг нь “торгуулийн ял оногдуулж өгнө үү, миний бие эрүүл мэндийн хувьд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлэх боломжгүй” гэсэн агуулгатай байна. Нэгдүгээрт, тэрээр биеийн эрүүл мэндийн хувьд нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжгүй талаарх баримт хэрэгт авагдаагүй. Хоёрдугаарт, анхан шатны шүүхээс түүнд торгуулийн ялыг бус нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, чанар, нийгмийн аюулын хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ хийж байгаа дүгнэлт, гэмшил зэрэгт нийцсэн бөгөөд хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.О-ын улаан шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг 1 ширхэг, хуучны 19-н амтай улаан шүрэн толгой 1 ширхэг эд зүйлсийг “зарж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 38,412,100 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч С.О-ын “... 2023 оны 06 дугаар сард анх урт цагаан дээр О гэх хүнтэй танилцаад би лангуун дээр байсан хөөргийг авахаар болсон. Тэгээд О /Хаан банкны 502……………./ гэх хүн намайг Б /80298888/ гэдэг эзэнтэй нь холбоод өгье чи яриад үз гэсэн тэгээд би Б-тай холбогдоход 15,000,000 төгрөгөөр ав гэсэн. Тэгээд би ярьсаар байгаад 14,500,000 төгрөгөөр тохироод тэгээд авахаар болсон. Тэгээд Б нь О гэх хүний данс руу хийчих гээд би тэгээд 14,500,000 төгрөгөө хийгээд хөөргөө аваад явсан. Тэгээд би хөөргөндөө шүрэн толгой хийгээд утсан сүлжмэлээр нуух хийгээд найз Э-оор фейсбүүк дээр хөөргөө 38,000,000 төгрөгөөр зарна гээд зар тавьсан. Тэгээд над руу Б гэх хүн над руу залгаад наад хөөргийг нь зараад өгье чи хүн амьтнаас мөнгө зээл аваад дор хаяж 45,000,000 төгрөгөөр зарна ш дээ над дээр аваад ир гэсэн тэгээд 2023 оны 07 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн … дүгээр хороонд байрлах гэрт аваачиж өгсөн. Тэгээд миний Б-д өгсөн өгсөн 2 ширхэг хаш хөөргө, шүрэн толгойтой манан хөөргө 1 ширхэг, 19-н амтай хуучин цагийн 1 ширхэг шүрэн толгой, шинэ цагийн 1 шүрэн толгой, 29-н амтай 1 шүрэн толгой би зараад өгье гээд аваад үлдсэн. Надад нийт 52,000,000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Гомдолтой байна. Хаш хөөрөг, шүрэн толгой 2-г буцаагаад авах хүсэлтэй байна...” /хх 15/,

гэрч Б.Ч-ын “...Би Б-тай 2020 онд Их дэлгүүрийн баруун талын … дугаар байрны урд талд байрлах Сайн ломбардад дотор “Үнэн итгэл мөнх” гэх нэртэй ломбардад ажиллаж байх үедээ би танилцаж байсан. 2023 онд би өөрөө ломбард ажиллуулах зөвшөөрөл аваад "Ц " гэх нэртэй ломбардыг шинээр нээж ажиллуулсан. 2023 оны 07 дугаар сарыг 22-ны өдөр миний ажиллуулдаг “Ц” ломбарданд Б орж ирээд шүрэн толгойтой, алтан нугатай хаш хөөргийг 12,000,000 төгрөгт тавьчихъя гэсэн тэгээд би хүлээн зөвшөөрөөд 1,000,000 төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдсэн 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед Б удахгүй ирээд авна гэж хэлсэн. Манай барьцаалдуулан зээлдүүлэх газар 1 сарын хугацаатай буюу 30 хоногийн хугацаатай Хаш хөөргийг тавьсан. Одоо надад байхгүй. Би тухайн хаш хөөргийг Нарантуул зах дээр үл таних 2 хүнд 16,000,000 төгрөгөөр бэлнээр худалдсан. Би зарахаасаа өмнө Б руу зөндөө залгаж, мессеж бичиж байхад намайг тоохгүй гар утсаа авахгүй мессеж хариу байхгүй байсан учир үл таних хүмүүст зарсан. ...” /хх 67/,

гэрч С.А-ийн: “...2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүрэгт … дугаар хороонд байрлах … дугаар байрны үүдэнд байх үедээ өгөөд энэ оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн … дүгээр хороо … дугаар байрны байрны үүдэнд байх үедээ Шүрэн толгойтой сүлжмэл алтан нуухтай цагаан хаш дунд гарын хөөргийг Ч-т үзүүлээд бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн...”  гэсэн мэдүүлгүүд,

“Д” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн СБ1-24-705 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 54-56/,

Барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн тасалбар, Хаан банкны 572………….. тоот дансны хуулга /хх 68-69/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Э.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Б-г “Бусдыг хуурч, зохиомол байдпыг зориудаар бий болгож, бодит байдпыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугааар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Э.Б-аас “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын санкцитай.

Анхан шатны шүүхээс Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу тухайн зүйл, хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, хугацааг 500 цагаар тогтоосон нь хуульд нийцэж байна.

Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэж хуульд тодорхойлсон бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтоодог.

Анхан шатны шүүх Э.Б-гийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 10,412,000 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3,293,400 төгрөг, нийт 13,651,400 төгрөгийг гаргуулж, хохирогч С.О-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шийтгэх тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Б-гийн зүгээс хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн хохирлоос төлөөгүй, төлөх талаар идэвхитэй үйлдэл хийгээгүй зэрэг нөхцөл байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, байнгын орлого олдог гэх нотолгоо баримтгүй зэргийг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих хууль зүйн үндэслэлгүй.  

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж заасан бөгөөд энэ нь шүүхээс заавал хэрэглэх, шүүхэд үүрэг болгосон зохицуулалт биш юм.

Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б-д оногдуулсан ялыг өөрчлөх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/633 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Э.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/633 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХТУЛГА

 

                       ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ