Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 448

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                  

                        

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

 

нарийн бичгийн дарга:  С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва,

иргэдийн төлөөлөгч:А.Өлзийнаран,

шинжээч:О.Болороо,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.З, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг       /0253/

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сын өмгөөлөгч: Ч.Наранцэцэг /1007/

гэрч: Б.Энхж,

шүүгдэгч: Р.Алт, түүний өмгөөлөгч А.Ганбат /0656/, Б.Тэнгис /0518/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтд холбогдох эрүүгийн 2017 2602 0577  дугаартай, 2 хавтас хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Алт.

 

             Шүүгдэгч Р.Алт нь 2017 оны 3 дугаар сарын 04-нд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Кёкүшю К104 байрны 11 тоотод согтуугаар хамтран амьдрагч Б.Энгийн биед олон тооны гэмтэл, шарх учруулан онц харгис хэрцгийгээр зодож, алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Р.Алт мэдүүлэхдээ:

2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр талийгаач Эн, төрсөн ах  Энхжайгаа хамт архи уусан. Энэ үед миний бие өвдөөд унтаж байсан. Энхж архи уугаад талийгаачаас архины мөнгө нэхээд “байхгүй” гэхээр нь түүнийг зодоод гэрээс гарсан гэсэн. Би Энхжыг шалгуулах хүсэлтийг удаа дараа байцаагчид гаргасан боловч ямар ч арга хэмжээ авч өгөөгүй. Тухайн үед миний бие муу салгалж өвдөн, даралт ихсээд, дотор муухайраад байхаар нь Мобиком орохоор гарсан. Тэгээд сааданд нэг жижиг шилтэй архи уугаад Мобиком руу очиход хаалттай байсан. Тэгэхээр нь замаасаа дахиж нэг шил архи аваад хуучин эхнэр, хүүхдүүдийнхээ амьдардаг гэрт очиход хүн байгаагүй. Тэдний ирэхийг хүлээж байрны тэнд байдаг вестибюльд ганцаараа тал шил архи уугаад унтсан байсан. Тэр үед би хэн нэгэнтэй тааралдаж, уулзаагүй. Цагийг нь сайн мэдэхгүй байна, шөнө 03-04 цагийн орчим Кёкүшю тауэрын байр руу алхаж очоод, хаалга нүдэхэд онгойлгож өгөөгүй. Дахиад 2-3 удаа нүдсэн ч онгойлгож өгөөгүй тул орцны хогийн савны хажууд нилээд сууж байгаад халаасаа уудлахад гэрийн түлхүүр байсан. Цагаан сараар өвөө гэх Даваацэрэнгийнд очиж золгохдоо талийгаач “гэрийнхээ түлхүүрийг би хаячихна, чи халаасандаа хийчих” гээд надад өгсөн байсан. Түлхүүрээр хаалгыг онгойлгож ороход талийгаач орныхоо урьд талд хөндлөн, доош харсан байдалтай, биеийн бөгсөн хэсэг нь орон дээр, толгой, цээж нь газар байсан санагдаж байна. Толгойны ард талд нь юмаар цохисон мэт хагарсан, цус гоожсон байсан. Намайг ороход орны тэнд байдаг тумбочка дээр байсан зурагт унасан, гэр ундуй сундуй, гэрт ноцолдсон байдалтай байсан. Би зурагтыг босгож, байранд нь тавихад зурагтын дэлгэц хагарсан байсан. Би түргэн тусламж дуудахаар гэрээс гарахдаа гар утсаа аваагүй. Гудамжинд зүс таньдаг ахтай тааралдаад “гэрт ороход манай хүн сонин байдалтай унасан байна, түргэн дуудъя” гэж хэлээд тэр ахын гар утсаар түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж ирэх хүртэл тэр ахтай юм ярьж, хамт зогссон. Түргэний эмч 30-40 минутын дараа ирэхэд тэр ах гэр рүүгээ явж, би эмчтэй хамт гэрт орсон. Түргэний эмч талийгаачийг үзээд “нас барсан байна” гээд цагдаа дуудсан. Эмчээс “юу болсон” гэж асуухад цагдаагийн байгууллага үүнийг тогтооно гэж хэлсэн.

 Би 02 дугаар сарын 28-ны өдөр Солонгос улсаас ирсэн. 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр талийгаачийн гэрт байхдаа би архи уугаагүй. Энхж 14-15 цагийн үед гэрт ирэхэд нь би унтаж байсан. Тухайн үед талийгаач намайг сэрээгээд “Энхж ирээд чамаас юм горьдоод байна, чи нэг шил архи аваад өгчих” гэхээр нь архи аваарай гээд 10 000 төгрөг өгсөн. Би авсан  архинаас нь уугаагүй, талийгаач, Энхж нар тэр архийг уусан. Би тэр үед жижиг өрөөнд унтаж байсан, тэр хоёр том өрөөнд байсан тул Энхж талийгаачийг зодохыг хараагүй, ямар нэгэн дуу чимээ сонсоогүй. Том өрөөнд нэг өргөн ор байдаг бөгөөд тэр орон дээр талийгаач миний хажуугаар орж хэвтээд уйлаад байхаар нь “чи яагаад уйлаад байгаа юм бэ” гэж асуухад “сая Жааваа ах архины мөнгө нэхээд, намайг татаж унагаагаад цохисон” гэж хэлсэн. Би “чи яах гэж архи уусан юм дээ” гээд гарсан. Би Солонгос улсад байхдаа түрийвчээ хаясан тул Мобикомын дугаараа сэргээлгэхээр 18-19 цагийн үед гэрээсээ гарсан.  Гэрээс гарахад миний согтолт бага, шарталттай байсан ба би богино нэхий дээл, цэнхэр өнгийн костюмны өмд, бор өнгийн гуталтай гарсан.  Намайг гэрээс гарахад гэр доторх замбараагүй болоогүй байсан гэж бодож байна. Харин шөнө 3, 4 цагийн үед гэрт буцаад ороход гэр доторх замбараагүй байсан. Би гэртээ орж ирээд түргэн тусламж дуудах хооронд хувцсаа солиогүй. Би 3 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагаас 04-ний өдрийн шөнийн 03 цаг хүртэл гэртээ байгаагүй. Гэрч нарын мэдүүлсэн шиг би талийгаачийг урьд нь үргэлж зодож байгаагүй. Түүний нүүрэнд шарх үүссэн байдаг ба тэр 00 орохдоо юм мөргөчихлөө, шат руу гүйж гараад шагайгаа мулталсан гэж хэлдэг байсан. Намайг халтуур хийгээд гадуур яваад ирэхэд тэр согтуу, нүд нь хөхөрсөн, шагайгаа мулталсан байдаг байсан. Бид хоёроос өөр хүн хамт амьдардаггүй байсан.

Би талийгаачийг юмаар цохиогүй, түүнийг алах зорилго байгаагүй. Намайг талийгаачийг зодоод алахыг харсан хүн ч байхгүй. Би энэ хүний үхэлд ямар ч буруугүй гэдгээ мөрдөн байцаалтын үеэс эхлэн хэлсэн. Мөрдөн байцаагч намайг “чи  хажууд нь байсан, чи түргэн дуудсан” гэж миний хэлээгүй үгийг хэлсэн болгож, миний зураагүй гарын үсгийг зурсан болгож, хэл амаар доромжлон зодож, өмгөөлөгчгүй мэдүүлэг авч, анхнаасаа “чи л хүн алсан, хэргээ хүлээ” гэж байцаасан. Намайг Солонгос улсад 2 сарын хугацаанд байхад өвөө, Мсм,  Эрдэнэбилэг нар талийгаачийн  гэрээр байнга орж, архи ууж байсан. Эдгээр хүмүүсийг шалгуулах хүсэлт гаргахад ч хүлээж аваагүй, “чи энэ хэргийг хийсэн” гэдэг. Миний 2017 оны 3 дугаар сарын 03-ны орой гэрээсээ гарч яваад сааданд архи уусан талаарх маршрутыг огт шалгаагүй. Би гэм буруугүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Б.З мэдүүлэхдээ:

Алт бүх зүйлийг үгүйсгэж байна. Манай ээж Алттэй хамт амьдарч эхэлснээс хойш тэр архи ууж, ээжийг байнга зоддог байсан. Ээж маань энэ талаар эхлээд нуудаг байсан. Дараа нь нуухын аргагүй олон хоногоор хэвтэрт орж, эмнэлэгт хэвттэл зоддог байсан учраас бидэнд мэдэгдэж эхэлсэн. Ээжийн маань нүүр нь байнга хавдаж хөхөрсөн, баярын өдрөөр гэрт нь очих гэхээр зугтаагаад уулздаггүй байсан. Дараа нь мэдэхэд уруул нь сэтэрсэн, гар нь хугарсан байдаг байсан. Би ганц 2 тохиолдлоор цагдаа дуудахад Алт зугтаад гараад явсан учраас барьж чадаагүй. Эмээ бид хоёр удаа дараа “яаж Алтгөөс салах вэ” гэж ээжтэй ярилцахад ээж уйлаад “Алтг цагдаад өгвөл сарын дараа гарч ирээд намайг дахиад зодно” гэж хэлээд үнэхээр айдастай байдаг байсан, өөрөө Алтгөөс эвтэйхэн сална гэж хэлдэг байсан. Манай ээжид Алтд зодуулаагүй газар байхгүй. Тэр Солонгос улс руу явахаас өмнө ээжийг зодсон байсныг эмээгээсээ сонссон. Эмээ ээжийн гэрт нь очиж харсан гэсэн. Алтг Солонгос улс руу явсан үед ээжтэйгээ утсаар ярихад миний ээжийн хамгийн жаргалтай үе нь байсан.  Алт гараа шалбартал миний ээжийг яргалж, зодчихоод “би биш” гээд сууж байгаад үнэхээр гомдолтой байна. Анхны мэдүүлэгтээ Алт “би согтуу байхдаа юу хийснээ мэддэггүй” гэж хэлээд гарын үсгээ зурсан байдаг. Тэр согтуу байхдаа юу хийснээ мэддэггүй учраас миний ээжийг тухайн үед алсан гэж бодож байна. Хэрэг гарсан өдрийн Алтгийн зураг байдаг. Тэгэхэд өвөл  оройн 18 цагаас дараа өдрийн шөнийн 04 цаг хүртэл дан цамцтай, өрөөсөн оймстой яаж гадуур явах вэ. Ээж Алттэй хамт амьдрахаас өмнө гэртээ ганцаараа байдаг байсан ба манай 2 хүүхдийг хардаг байсан. Одоо миний 2 хүүхэд эмээгээ ирнэ гээд хүлээдэг. Миний ээжийн нүдний хараа зүгээр байсан. Хэрвээ хараа муутай байсан бол нүдний шил зүүх эсхүл би мэдэх байсан. Ямар ч хүн энэ, тэнд очоод хаалга мөргөж явахгүй.

Миний сэтгэл санаа маш хэцүү байна. Ажил явдлын зардал 11 066 852 төгрөг, үүн дээр өмгөөлөгчийн 1 500 000 төгрөг нэмж нэхэмжилнэ. 11 066 852 төгрөгийн 6 900 000 төгрөг оршуулгын, бусад нь буяны ажил, хоол хүнс, зэд зэрэгт зарцуулсан. Энэ хэргийн улмаас хэвлийд байсан хүүхэд маань зулбаж, сэтгэл санааны хохирол амссан. Цагаан сарын баяраар ээжтэйгээ уулзах гэтэл алсан байсан учраас уулзаж чадаагүй. Би ээжтэйгээ байнга утсаар ярьдаг байсан. Би маш их харамсаж байна, маш их гомдолтой гэв.

 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-О.Болороо мэдүүлэхдээ:

Талийгаачийн биед маш олон гэмтлүүд учирсан байсан. Дүгнэлтийн 3, 5 дугаарт бичигдсэн тархины зүүн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины гүүрийн цус харвалт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын цус хуралт, нурууны дунд хэсэг, баруун мөрний ар хэсэг, хүзүүний хажуу, эрүүний зүүн булан, зүүн хацрын төвгөр, баруун нүдэнд дээд зовхи, хамрын нурууны дунд хэсэгт хүрэн улаан өнгийн өнгөц тав үүссэн зулгаралт гэмтлүүд нь нас барахаас 24 цагийн өмнөх хугацаанд үүссэн ба бусад гэмтлүүд нь 3-7 хоногийн дотор үүссэн байх боломжтой. Талийгаачийг нас барахаас 24 цагийн өмнө үүссэн шинэ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг нарийн тогтоох боломжгүй. Хүн юм мөргөхдөө нэг удаа мөргөхөөс биш олон удаа мөргөхгүй. Маш олон тооны гэмтэл байсан учраас юм мөргөхөд үүссэн гэж үзэх боломжгүй.  Эдгээр гэмтлүүд нь амь хохирогчид зовиур шаналгаа үүсгэнэ. Үхэлд хүргэсэн гэмтэл нь гавал тархины гэмтэл байсан. Тархины хатуу хальсан доорх цусан хураа үүссэн байсан ба гэмтсэн судасны байрлал, том, жижиг хэмжээ, тухайн хүний бие махбодийн онцлогоос хамаарч хэдэн цагаас хэдэн хоног хүртэл хугацаанд амьд байж болно. Гэхдээ энэ тохиолдолд амь хохирогчид учирсан цусан хураа шинэ 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Цусан хураа үүсээд тархийг дарах хэмжээнд хүртэл талийгаач идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Гавал тархины битүү гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарч, амь биед аюултай шинжтэй. Бусад хөхөрч, няцарсан биеийн гадаргууд үүсэн гэмтлүүдийг аминд аюултай гэж үзэхгүй. Талийгаачид учирсан тархины хатуу хальсан доорх цус хуралт үхлийн шалтгаан болсон. Гавал тархины гэмтлийг бүрдлээр нь авч үзэх ёстой. Бусад биеийн гадаргууд үүссэн гэмтэл нь үхэлд хүргэх шалтгаан биш. Хатуу хальсан доорх цус хуралт нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ч тухайн нөхцөл байдлаас авч үзэхэд талийгаачийн толгойд нь ямар ч байсан 2 удаа хүч үйлчилж, хуйхны дотор гадаргууд 2 эсрэг талд нь цус хурсан байдаг. Тийм учраас талийгаачийн толгойд 2 удаа хүч үйлчилсэн байх боломжтой. Хатуу хальсан доорх цусан хураа нь ихэвчлэн гэмтлийн улмаас үүсдэг. Энэ гэмтлийн байрлал зэргээс харахад унахаас илүү мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Учир нь талийгаачийн хуйхны 2 газар гэмтэл учирсан байсан.  Хэрвээ унасан бол нэг газар цус хуралт үүснэ. Талийгаачид учирсан гэмтлийн хувьд тархины зүүн тал бөмбөлөгт учирсан гэмтэл үхэлд хүргэх магадлал өндөр байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Б.Энхж мэдүүлэхдээ:

2017 оны 3 дугаар сарын 03-ны 13 цаг 30 минутын үед дүү Энгийн  гэрт очсон. Манай дүү надад хаалгаа тайлж өгөхөд тэр архи уусан байсан. Тэднийд ороход гэр нь замбараагүй байсан. Алт унтаж байсан тул түүнийг архи уусан эсэхийг мэдээгүй. Дүүгийн маань эрүү нь хөхөрсөн байсан ба тэр надад юм мөргөж унасан гэж хэлсэн.  Тэр үед миний талийгаач дүү надаар Ерөөл нэртэй архийг авахуулсан ба би тэр архийг ганцаараа уусан. Намайг гэрт нь байхад Алт босож ирсэн ч надтай хамт архи уугаагүй. Би тэнд  30 минут л байгаад явсан юм. Би талийгаач дүүтэйгээ болон Алттэй муудалцаж маргалдаагүй, тэднийг зодоогүй. Намайг гэрээс нь гарахад  Алт, талийгаач дүү нар үлдсэн. Би жижиг өрөөнд ороогүй тул зурагт нь хагарсан эсэхийг хараагүй. Гэр нь ямар ч байсан замбараагүй байсан гэв.

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.Энхц мэдүүлэхдээ:

...1 жил орчмын өмнө манай ээж С надтай ярьж байхдаа Энг хамтран амьдрагч нь үе үе зодоод байдаг бололтой гар нь одоо хугарсан байгаа гэж байсан. Тэгээд хааяа ирэхдээ бие дээр нь зодуулсан бололтой нүд хөхөрсөн, бие нь хөх няц болсон харагддаг байсан гэж ээж хэлж байсан. Тэгээд би утсаар залгаж, Энтай ярихад би өөрөө хальтраад унасан гэхээр нь “чамайг зоддог талаар би дуулж байсан, чи үнэнээ хэл” гэхэд “архи уусан үедээ л жоохон тэгдэг юм” гэж хэлж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 59 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Ням мэдүүлэхдээ:

...Би Алттэй гэр бүлийн харилцаатай байсан. Алт ер нь жоохон ширүүн, огцом зан ааш, түргэн ууртай тийм хүн байгаа юм. Архи дарс бол байнга уудаг. Архи уухаараа агсам согтуу тавьдаг. Намайг зодохдоо миний нүүр рүү алгадах, гараа атгаж байгаад нүүр рүү цохих зэргээр гар хүрдэг байсан. Алт хартай талдаа хүн. Намайг бусадтай зохиомлоор буюу хиймлээр хардах асуудал байдаг байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 60-61 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-З.Аб мэдүүлэхдээ:

...Сүүлийн 1 жилийн хугацаанд манай дээд талын К104-11 тоотод амьдарч байгаа айлд шөнийн цагаар хэрүүл, маргаан, зодоон болдог. Би тэр болгонд нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан. Шөнийн цагаар энэ айлд эрэгтэй, эмэгтэй 2 дандаа зодолддог. Би хэд хэдэн удаа гэрийн хаалгыг нь тогшиж байсан боловч хаалгаа огт тайлж байгаагүй. Зуны цагт байх би 00 өрөөнд орох үед дээд давхарын К-104-11 тоот айлаас бохирын хоолой манайхаар дамжин доош ордог юм. Тэр хоолойгоор цус урсаж манай гэр рүү орж байсан. Хамгийн сүүлд 2 хоногийн өмнө өглөөгүүр зодолдож байсан. Өчигдөр манай гэрийнхэн шөнө гэртээ ирсэн болохоор бүгд унтсан. Ямар нэг зүйл болсон талаар мэдрэгдээгүй. Хүмүүсийн унтдаг цагаар маргалдаж, зодолддог, чимээ ихтэй байдаг. Манайд их төвөгтэй байдаг байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 63-64 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Өаө мэдүүлэхдээ:

...Манайх энд нүүж ирсэн үеэс К-104-11 тоотод амьдардаг эрэгтэй, эмэгтэй 2 хоорондоо зодолддог, нэлээн ширүүн зодолдож байгаа чимээ гардаг. Эрэгтэй нь эмэгтэйгээ зодож байгаа чимээ гардаг. Дуудлагаар ирсэн цагдаа нар ирээд хаалгыг нь тогшиход шууд чимээгүй болоод хаалгаа тайлж өгдөггүй байсан. Энэ үйлдэл нь удаа дараа давтагддаг, давтамж ихтэй байдаг, сүүлдээ бид нар тоохоо больсон. Миний мэдэхэд хамгийн сүүлд 2 хоногийн өмнө хажуу айлын хүмүүс гэртээ архи ууж байгаа шинжтэй дуулж байгаад шөнө маргалдаж хоорондоо  зодолдсон. Өчигдөр шөнө 00 цагийн үед гэртээ ирээд шууд унтсан. Ямар нэгэн чимээ сонсоогүй, би их ядарсан байсан болохоор шууд унтсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 65 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Мсм мэдүүлэхдээ:

... Заримдаа өвөө бид нарыг гэрт нь ороход Энгийн нүүр нь хөхөрсөн, цохиулсан шинжтэй байдаг байсан. Би тухайн үед нь Алтд эмэгтэй хүнд гар хүрээд байхдаа яадаг юм, чиний гарын аяыг яаж даах юм гэж хэлдэг байсан.

            ...Энэ хэрэг болсны дараа талийгаачийн дүү гэх залуу над руу утсаар яриад та талийгаачийн талаар юу ярьсан юм гэж асуухаар нь би цагдаад ярьдаг юм аа ярьсан гэж хэлсэн. Дахиж битгий залгаарай гэж хэлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 66-67, хэргийн 2 дугаар хавтас, 37-38 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Энх-Алим мэдүүлэхдээ:

...Би анх 2013 онд энэ байранд нүүж ирэхэд манай доод талын айлд нэг хүүхэн байдаг байсан. Шөнө унтаж байгаад сэрэхэд хэдэн цагийг нь санахгүй байна хүмүүс шатаар дээшээ доошоо гүйж байгаа чимээ гарч байсан. Урьд өмнө нь 11 тоотын эмэгтэй олон удаа зодуулж байгаа юм шиг орилж бархирч байсан юм гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 68-69 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Дэлгэрмаа мэдүүлэхдээ:

...Энэ айл байнгын хэрүүл зодоон болдог байсан. Байнга нэг эмэгтэй зодуулж байгаа юм шиг уйлж орилж байдаг гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 70-71 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.Баасандорж мэдүүлэхдээ:

... 04 цаг 40 минутын үед такси барьж яваад Кёкүшю цамхагийн байрнууд руу ордог уулзвар дээр буутал 104 байранд оршин суудаг зүс таних, нэр, гэрийн хаягийг мэдэхгүй 40 орчим насны 170 см орчим өндөртэй, дунд зэргийн биетэй, бага зэргийн архи хэрэглэсэн залуу миний амар мэндийг мэдээд ойрд харагдахгүй хаана байсан юм бэ гэхэд өчигдөр буюу “2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 5 цагийн үед (өглөө, оройн алийг болохыг мэдэхгүй)  буусан, Солонгост ажиллаж байгаад ирлээ. Гэрт орсон чинь эхнэр газар уначихсан ухаангүй, гар хөл хүйтэн хөдлөхгүй байна, утсаараа түргэн дуудаад өгөөч” гэхээр нь утсаа өгөхөд өөрөө ярьж чадахгүй, оператор нь муу яриад байна, эрүүл хүн байна уу гэж байгаа сонсогдохоор би гэрийн хаягийн байршлыг өөрөөс нь асууж байгаад зааж өгсөн. Тэгээд удалгүй түргэн тусламж ирсэн ба би гэртээ орсон. Би гэрт нь ороогүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 75 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Дэлгэрмаа мэдүүлэхдээ:

...Миний мэдэхийн Алт нь архи уучихаараа Энг зодоод байдаг юм шиг байна лээ. Жилийн өмнө Энтай ярихад “миний бие өвдөөд байна, эм дөхүүлээд өгөөч” гээд дуудахаар нь очиж уулзахад хөл нь битүү хавдчихсан гишгэж чадахгүй байсан ба “Алт хөлийг нь мушгисан” гэж байсан. Гэхдээ энэ 2-ыг зодолдож, зодуулж байхыг хараагүй. Энгийн яриагаар “Алт архи уучихаараа байнга л зодож нүдэх юм” гэж ярьдаг байсан ба би “салаач” гэхээр “тэр салахгүй байгаа юм” гэдэг байсан. Хөөгөөд ч нэмэргүй гэдэг байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 78-80 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Эрдэнэбилэг мэдүүлэхдээ:

.... хааяа харахад Энгийн нүд хөхөрчихсөн надтай 2 удаа таарч байсан. Тэгээд нэг удаа би Өлзийгөөс “Энгийн нүд яагаад хөхөрсөн юм бэ” гэж байсан. Тэгэхэд Өлзий “хөгшин нь тасраад цохичихжээ гэж байсан”. Эн бас “энэ намайг цохисон” гээд инээж байсан,

             ...хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 1-ний шинийн 3-ны өглөө 09-10 цагийн хооронд Энгийнд ганцаараа орсон бөгөөд Алт ганцаараа халамцуу байсан ба удаагүй Эн гаднаас халамцуу ундаа барьчихсан орж

ирсэн. Тухайн үед Алтгийн гар болон биеийн ил харагдах хэсэгт ил харагдах гэмтэл, шарх, сорви байгаагүй, гэр орон нь цэвэрхэн байсан. Том өрөөнд бид нар суусан бөгөөд телевизор нь бүтэн байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 81-82, 2 дугаар хавтасны 36 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Даваацэрэн мэдүүлэхдээ:

... Алт согтохоороо их л овилгогүй хүн байгаа юм. Ширүүн ханддаг байсан юм. Урьд нь хэд хэд гар хүрчихсэн л байдаг байсан. Алтан- Өлзий хардаад байгаа бололтой “ална шүү” гээд байдаг. Гэхдээ цохиод зодоод байдаг зүйл байгаагүй. Харин хэд, хэдэн удаа Энгийн нүд нь хөхөрсөн байхаар нь асуухаар Алт хардаад зодсон гэдэг. Харин манайд шинийн 3-нд ирэхэд зүгээр ирсэн. Эн, Алт нарын нүүр ам нь хөхөрсөн, няцарсан зүйл байгаагүй. Энэ хэрэг явдлын дараа Өлзийгийн дүү гэх залуу ирээд “таньтай сүүлд уулзахад талийгаач хүнд зодуулсан байсан юм бишүү” гэж асууж байсан. Мөн утсаар цагдаа ирж асуусан уу гэж байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 33-35 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Бямбасүрэн мэдүүлэхдээ:

...Манай Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 104к-11 тоотод Нараа гээд эхнэр нь байдаг бөгөөд байнга нүүр ам нь хөх няц болчихсон явдаг байсан юм. Мөн манай хөрш хажуугийн айл учраас тэдний гэрт болж байгаа зарим зүйл нь сонсогддог байсан. Эмэгтэй хүн ч гэсэн согтуу хэрэлдээд байдаг юм. Юм шидэж байгаа чимээ, эвдэрч байгаа чимээ сонсогддог байсан. 2017 оны 02 сард нэг хэсэг чимээ шуугиан багатай байхаар нь нөхөр нь байхгүй байгаа юм байна гэж бодсон. ...би хөрш айл учраас хэрүүл зодоон болж байхад чимээгүй байгаад байвал муухай гэж бодоод өөрийн 96058440 гэсэн дугаарыг өгөөд хэрэг болвол залгаарай гэж Нараад хэлж байсан. Тухайн үед 2017 оны 02 сар байсан санагдаж байна. Нөхөр нь Солонгос явсан гэж байсан юм гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 165-167 дугаар хуудас

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 523 тоот дүгнэлтэд:

1. Талийгаачийн цогцост тархины зүүн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины гүүрний цус харвалт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын салстад цус хуралт, духны хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, баруун нүдний доод зовхийг хамарсан баруун хацарт, зүүн хацар эрүүний доод хэсэг, 2 чихний дэлбэнгийн дээд 1/3 хэсэг, эрүүний зүүн булан, зүүн бугалганы гадна дээд хэсэг, гадна доод хэсэг, зүүн тохой, зүүн бугалганы ар доод хэсэг, зүүн шууны ар хэсэг, зүүн бугалганы дээд хэсэг, баруун бугалганы урд дунд хэсэг, дотор доод хэсэг, баруун бугуйн ар хэсэг, баруун гарын сарвууны ар хэсэг, баруун суганы ар доод хэсгийн хөхөлбөр яагаан өнгийн цус хуралт, нурууны дунд хэсэг, баруун мөрний ар хэсэг, хүзүүний зүүн хажуу хэсэг, эрүүний зүүн булан, зүүн хацрын төвгөр баруун нүдний дээд зовхи, хамрын нурууны дунд хэсэгт хүрэн улаан өнгийн өнгөц тав тогтсон зулгаралт, хүзүүний урд дунд хэсэг, зүүн хажуу хэсэг, зүүн мөрний дээд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, цээжний дунд хэсэг, аюулхай хэвлийн баруун дээд хэсэг, баруун гуяны гадна дээд хэсэг, баруун гуяны гадна дунд хэсэг, урд дээд хэсэг, урд дунд хэсэг, баруун өвдөг баруун шилбэний урд дээд хэсэг, баруун шилбэний урд дунд хэсэг, баруун шилбэний дотор доод хэсэг, зүүн гуяны гадна дотор доод хэсэг, зүүн гуяны дотор доод хэсэг, зүүн гуяны гадна дээд хэсэг, урд дунд хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн шилбэний урд дээд хэсэг, гадна дунд хэсэг, урд доод хэсэг, зүүн тавхайн гадна хэсэг, зүүн дал, нурууны дунд хэсэг, хэвлийн зүүн хажуу дээд хэсэг, цээжний зүүн доод хэсэг, хэвлийн баруун хажуу дээд хэсэг, баруун ташаа, бүсэлхий нурууны дунд хэсэг зүүн өгзөг, зүүн шилбэний ар доод хэсэг, баруун шилбэний ар дээд хэсэг, баруун өгзөгний бор шаргал өнгийн хуучин цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаачийн цогцост тогтоогдсон тархины зүүн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины гүүрийн цус харвалт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын салстад цус хуралт, нурууны дунд хэсэг, баруун мөрний ар хэсэг, хүзүүний зүүн хажуу хэсэг, эрүүний зүүн булан, зүүн хацрын төвгөр, баруун нүдний дээд зовхи, хамрын нурууны дунд хэсэгт хүрэн улаан өнгийн өнгөц тав тогтсон зулгаралт гэмтэл нь нас барахаас 24 цагийн доторхи хугацаанд, духны хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, баруун нүдний доод зовхийг хамарсан, баруун хацарт, зүүн хацар, эрүүний доод хэсэг, 2 чихний дэлбэнгийн дээд 1/3 хэсэг, эрүүний зүүн булан, зүүн бугалганы гадна дээд хэсэг, гадна доод хэсэг, зүүн тохой, зүүн бугалаганы ар доод хэсэг, зүүн шууны ар хэсэг, зүүн бугалаганы дээд хэсэг, баруун бугалаганы урд дунд хэсэг, дотор доор хэсэг, баруун бугуйн ар хэсэг, баруун гарын сарвууны ар хэсэг, баруун суганы ар доод хэсгийн хөхөлбөр ягаан өнгийн цус хуралт, хүзүүний урд дунд хэсэг, зүүн хажуу хэсэг, зүүн мөрний дээд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, цээжний дунд хэсэг, аюулхай, хэвлийн баруун дээд хэсэг, баруун гуяны гадна дээд хэсэг, баруун гуяны гадна дунд хэсэг, урд дээд хэсэг, урд дунд хэсэг, баруун өвдөг, баруун шилбэний урд дээд хэсэг, баруун шилбэний урд дунд хэсэг, баруун шилбэний дотор доод хэсэг, зүүн гуяны гадна дотор доод хэсэг, зүүн гуяны дотор доод хэсэг, зүүн гуяны гадна дээд хэсэг, урд дунд хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн шилбэний урд дээд хэсэг, гадна дунд хэсэг, урд доод хэсэг, зүүн тавхайн гадна хэсэг, зүүн дал, нурууны дунд хэсэг, хэвлийн зүүн хажуу дээд хэсэг, цээжний зүүн доод хэсэг, хэвлийн баруун хажуу дээд хэсэг, баруун ташаа, бүсэлхий нурууны дунд хэсэг, зүүн өгзөг, зүүн шилбэний ар доод хэсэг, баруун шилбэний ар дээд хэсэг, баруун өгзөгний бор шаргал өнгийн хуучин цус хуралтууд гэмтэл нь 3-7 хоногийн дотор үүссэн байх боломжтой.

4. Талийгаачийн цогцост тогтоогдсон тархины зүүн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины гүүрийн цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалаар нас барсан болно.

5. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй.

6. Талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

7. Талийгаач О/I/ бүлгийн цустай байжээ.

8. Талийгаачийн бэлэг эрхтэнд гэмтэл учраагүй байна.

9. Талийгаачийн үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн.

10. Талийгаач нь бэлгийн замын халдварт өвчингүй байжээ гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 92 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 6384 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1 дүгээр хавтаст хэргийн 135 дугаар талд авагдсан 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн "Сэжигтнээр тооцох тогтоол" гэсэн баримтын доод хэсэгт “сэжигтэн” гэсний ард, 136 дугаар талд авагдсан 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Сэжигтнээр байцаасан тэмдэглэл гэсэн 2 хуудас баримтын 1 дэх хуудсын дунд хэсэгт “сэжигтэн” гэсний ард, 136 дугаар талд авагдсан 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Сэжигтнээр байцаасан тэмдэглэл” гэсэн 2 хуудас баримтын 1 дэх хуудсын доод хэсэгт “Гарлуу нь” гэсний доор, 137 дугаар талд авагдсан 2017 дугаар сарын 04-ний өдрийн “Сэжигтнээр байцаасан тэмдэглэл” гэсэн 2 хуудас баримтын 2 дахь хуудсын дунд хэсэгт “сэжигтэн” гэсний ард тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Р.Алтгийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загвартай тохирно гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 172 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар  сарын 09-ний өдрийн 2473 тоот дүгнэлтэд:

1. Б.Энгийн үтрээний гэх арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар хуудас)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар  сарын 20-ны өдрийн 5596 тоот дүгнэлтэд:

 

1. Б.Энгийн үтрээнээс авсан гэх 2473 дугаартай арчдаст илэрсэн эр бэлгийн эс нь Р.Алтгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 43 дугаар хуудас)

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн  418 тоот дүгнэлтэд:

1.Р.Алт нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө сэтгэцийн өвчинтэй байсан гэх баримт мэдээ үгүй байна.

2. Р.Алт нь гэмт хэрэг үйлдэх үед сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэх баримт мэдээ үгүй байна.

3. Р.Алт нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

4. Р.Алт нь зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 128 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Р.Алт нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 97 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сар хасаж, 3 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 1 жил тэнсэн харгалзсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас,  146 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР :

 

Шүүгдэгч Р.Алт нь 2017 оны 3 дугаар сарын 04-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Кёкүшю К104 байрны 11 тоотод архи ууж, согтуурсан үедээ хамтран амьдрагч, амь хохирогч Б.Энг зодож, талийгаачийн тархины зүүн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины гүүрний цус харвалт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын салстад цус хуралт, духны хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, баруун нүдний доод зовхийг хамарсан баруун хацарт, зүүн хацар эрүүний доод хэсэг, 2 чихний дэлбэнгийн дээд 1/3 хэсэг, эрүүний зүүн булан, зүүн бугалганы гадна дээд хэсэг, гадна доод хэсэг, зүүн тохой, зүүн бугалганы ар доод хэсэг, зүүн шууны ар хэсэг, зүүн бугалганы дээд хэсэг, баруун бугалганы урд дунд хэсэг, дотор доод хэсэг, баруун бугуйн ар хэсэг, баруун гарын сарвууны ар хэсэг, баруун суганы ар доод хэсгийн хөхөлбөр яагаан өнгийн цус хуралт, нурууны дунд хэсэг, баруун мөрний ар хэсэг, хүзүүний зүүн хажуу хэсэг, эрүүний зүүн булан, зүүн хацрын төвгөр баруун нүдний дээд зовхи, хамрын нурууны дунд хэсэгт хүрэн улаан өнгийн өнгөц тав тогтсон зулгаралт, хүзүүний урд дунд хэсэг, зүүн хажуу хэсэг, зүүн мөрний дээд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, цээжний дунд хэсэг, аюулхай хэвлийн баруун дээд хэсэг, баруун гуяны гадна дээд хэсэг, баруун гуяны гадна дунд хэсэг, урд дээд хэсэг, урд дунд хэсэг, баруун өвдөг баруун шилбэний урд дээд хэсэг, баруун шилбэний урд дунд хэсэг, баруун шилбэний дотор доод хэсэг, зүүн гуяны гадна дотор доод хэсэг, зүүн гуяны дотор доод хэсэг, зүүн гуяны гадна дээд хэсэг, урд дунд хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн шилбэний урд дээд хэсэг, гадна дунд хэсэг, урд доод хэсэг, зүүн тавхайн гадна хэсэг, зүүн дал, нурууны дунд хэсэг, хэвлийн зүүн хажуу дээд хэсэг, цээжний зүүн доод хэсэг, хэвлийн баруун хажуу дээд хэсэг, баруун ташаа, бүсэлхий нурууны дунд хэсэг зүүн өгзөг, зүүн шилбэний ар доод хэсэг, баруун шилбэний ар дээд хэсэг, баруун өгзөгний бор шаргал өнгийн хуучин цус хуралт бүхий гэмтлүүд учруулсны улмаас тархины зүүн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины гүүрийн цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалын улмаас нас барж, хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн нь

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Згийн

... Алт гараа шалбартал миний ээжийг яргалж, зодчихоод “би биш” гээд сууж байгаад үнэхээр гомдолтой байна. Анхны мэдүүлэгтээ Алт “би согтуу байхдаа юу хийснээ мэддэггүй” гэж хэлээд гарын үсгээ зурсан байдаг. Алт согтуу байхдаа юу хийснээ мэддэггүй учраас миний ээжийг тухайн үед алсан гэж бодож байна. Хэрэг гарсан өдөр авсан Алтгийн зураг байдаг. Тэгэхэд өвөл  оройн 18 цагаас дараа өдрийн шөнийн 04 цаг хүртэл дан цамцтай, өрөөсөн оймстой яаж гадуур явах вэ. Алт нь миний ээжийг байнга зоддог байсан. Хамгийн сүүлд Солонгос улс руу явахаас өмнө зодуулсан талаар эмээгээс сонссон. Эмээ ээжийн гэрт нь очиж харсан гэсэн. Цагаан сарын баяраар ээжийг маань алсан учраас уулзаж чадаагүй,

 

гэрч Б.Энхжын

... 2017 оны 3 дугаар сарын 03-ны 13 цаг 30 минутын үед дүү Энгийн  гэрт очсон. Манай дүү надад хаалгаа тайлж өгөхөд тэр архи уусан байсан. Тэднийд ороход гэр нь замбараагүй байсан. Алт унтаж байсан тул түүнийг архи уусан эсэхийг мэдээгүй. Дүүгийн маань эрүү нь хөхөрсөн байсан. Тэр үед миний талийгаач дүү надаар Ерөөл нэртэй архийг авахуулсан ба би тэр архийг ганцаараа уусан. Намайг гэрт нь байхад Алт босож ирсэн ч надтай хамт архи уугаагүй. Би тэнд  30 минут л байгаад явсан юм. Би талийгаач дүүтэйгээ болон Алттэй муудалцаж маргалдаагүй, тэднийг зодоогүй. Намайг гэрээс нь гарахад  Алт, талийгаач дүү нар үлдсэн. Би жижиг өрөөнд ороогүй тул зурагт нь хагарсан эсэхийг хараагүй. Гэр нь ямар ч байсан замбараагүй байсан гэв.

гэрч Ж.Баасандоржийн 

... 04 цаг 40 минутын үед такси барьж яваад Кёкүшю цамхагийн байрнууд руу ордог уулзвар дээр буутал 104 байранд оршин суудаг зүс таних, нэр, гэрийн хаягийг мэдэхгүй 40 орчим насны 170 см орчим өндөртэй, дунд зэргийн биетэй, бага зэргийн архи хэрэглэсэн залуу миний амар мэндийг мэдээд ойрд харагдахгүй хаана байсан юм бэ гэхэд өчигдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 5 цагийн үед (өглөө, оройн алийг болохыг мэдэхгүй) буусан.  Солонгост ажиллаж байгаад ирлээ, гэрт орсон чинь эхнэр газар уначихсан ухаангүй, гар хөл нь хүйтэн хөдлөхгүй байна, утсаараа түргэн дуудаад өгөөч” гэхээр утсаа өгөхөд өөрөө ярьж чадахгүй, оператор нь муу яриад байна, эрүүл хүн байна уу гэж байгаа сонсогдохоор би гэрийн хаягийн байршлыг өөрөөс нь асууж байгаад зааж өгсөн. Тэгээд удалгүй түргэн тусламж ирсэн ба би гэртээ орсон. Би гэрт нь ороогүй гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн талийгаачийн цогцост тархины зүүн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины гүүрний цус харвалт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын салстад цус хуралт, духны хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, баруун нүдний доод зовхийг хамарсан баруун хацарт, зүүн хацар эрүүний доод хэсэг, 2 чихний дэлбэнгийн дээд 1/3 хэсэг, эрүүний зүүн булан, зүүн бугалганы гадна дээд хэсэг, гадна доод хэсэг, зүүн тохой, зүүн бугалганы ар доод хэсэг, зүүн шууны ар хэсэг, зүүн бугалганы дээд хэсэг, баруун бугалганы урд дунд хэсэг, дотор доод хэсэг, баруун бугуйн ар хэсэг, баруун гарын сарвууны ар хэсэг, баруун суганы ар доод хэсгийн хөхөлбөр яагаан өнгийн цус хуралт, нурууны дунд хэсэг, баруун мөрний ар хэсэг, хүзүүний зүүн хажуу хэсэг, эрүүний зүүн булан, зүүн хацрын төвгөр баруун нүдний дээд зовхи, хамрын нурууны дунд хэсэгт хүрэн улаан өнгийн өнгөц тав тогтсон зулгаралт, хүзүүний урд дунд хэсэг, зүүн хажуу хэсэг, зүүн мөрний дээд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, цээжний дунд хэсэг, аюулхай хэвлийн баруун дээд хэсэг, баруун гуяны гадна дээд хэсэг, баруун гуяны гадна дунд хэсэг, урд дээд хэсэг, урд дунд хэсэг, баруун өвдөг баруун шилбэний урд дээд хэсэг, баруун шилбэний урд дунд хэсэг, баруун шилбэний дотор доод хэсэг, зүүн гуяны гадна дотор доод хэсэг, зүүн гуяны дотор доод хэсэг, зүүн гуяны гадна дээд хэсэг, урд дунд хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн шилбэний урд дээд хэсэг, гадна дунд хэсэг, урд доод хэсэг, зүүн тавхайн гадна хэсэг, зүүн дал, нурууны дунд хэсэг, хэвлийн зүүн хажуу дээд хэсэг, цээжний зүүн доод хэсэг, хэвлийн баруун хажуу дээд хэсэг, баруун ташаа, бүсэлхий нурууны дунд хэсэг зүүн өгзөг, зүүн шилбэний ар доод хэсэг, баруун шилбэний ар дээд хэсэг, баруун өгзөгний бор шаргал өнгийн хуучин цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн цогцост тогтоогдсон тархины зүүн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины гүүрийн цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалаар нас барсан болно. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй,

 Б.Энгийн үтрээний гэх арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн,

Б.Энгийн үтрээнээс авсан гэх 2473 дугаартай арчдаст илэрсэн эр бэлгийн эс нь Р.Алтгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 523,  2017 оны 3 дугаар  сарын 09-ний өдрийн 2473,  2017 оны 6 дугаар  сарын 20-ны өдрийн 5596 тоот дүгнэлт, 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хэрэг учралын газар хийсэн тэмдэглэл, цогцсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь амь хохирогчид Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 523 тоот дүнэлтэд дурдсан гэмтлүүдийг учруулсны улмаас талийгаач нь тархины зүүн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины гүүрийн цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалаар нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т “онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан” бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ,

 

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ гэж тус тус заасан ба шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах хорих ялын доод, дээд хэмжээ буурчээ. 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн Баянгол дүүргийн прокурорын газраас Р.Алтд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй боловч  Р.Алтгийн 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед 2017 оны 3 дугаар сарын 04-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэрэгт дээрх дурдсанаар яллах дүгнэлт үйлдэхдээ 2015 оны  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлаагүй тул шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх шаардлагын дагуу шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

 

Иймд шүүх шүүгдэгчийг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүл мэндийн байдлыг нь  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан 18 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллгад эдлүүлэхээр  шийдвэрлэлээ. 

Энэ хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирсноос оршуулгын зайлшгүй зардалд 10 138 086 төгрөг гарсан нь хүнсний зүйл худалдан авсан тухай баримт, “Суварга буян” ХХК-иас үйлчилгээ авсан, буяны цайллагын төлбөр төлсөн зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Р.Алтгөөс 10 138 086 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Зд олгож шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, түүнд төлсөн 1 500 000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн оршуулгын зардалд нэхэмжилсэн 11 066 852 төгрөгөөс 928 766 төгрөгийн зардал нь нотлох баримтаар нотлогдоогүй тул 928 766 төгрөг, өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 1 500 000 төгрөг зэргийг тус тус хэрэгсэхгүй болгов.  

 

      Р.Алт нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 97 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сараар хасаж, 3 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан боловч 1996 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлд зааснаар ялгүй болсон байна.

Шүүгдэгчийг  Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар 1 жил тэнсэн харгалзсан гэж гэж ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд бичиж, 127 дугаар шийтгэх тогтоолын хуулбарыг хэрэгт хавсаргажээ. Гэтэл уг тогтоолын удиртгал хэсэгт Р.Алтгийн биеийн байцаалтыг,  тогтоох хэсэгт О. Ганболдод 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан байх тул 127 дугаар шийтгэх тогтоолыг Р.Алтд хамааралтай гэж үзэх боломжгүй байна.

 

            Гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нар архи ууж согтуурсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.  

Р.Алт нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т заасан  “өөрийн  эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” эрхийнхээ дагуу “би талийгаачийг  зодоогүй, түүнийг алаагүй, намайг талийгаачийг зодоод алахыг харсан хүн ч байхгүй гэж өөрийн үйлдсэн хэргийг хүлээхгүй байна.

 

Түүний “Би 3 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагаас 04-ний өдрийн шөнийн 03 цаг хүртэл гэртээ байгаагүй, хуучин эхнэр, хүүхдүүдийнхээ амьдардаг байрны гадаах сааданд архи уугаад тэнд унтсан байсан, намайг гэрт ороход талийгаач орныхоо урьд талд хөндлөн, доош харсан байдалтай, биеийн бөгсөн хэсэг нь орон дээр, толгой, цээж нь газар байсан. Толгойны ард талд нь юмаар цохисон мэт хагарсан, цус гоожсон байсан. Би талийгаачийг юмаар цохиогүй, зодоогүй, 3 дугаар сарын 03-ны өдөр талийгаачийг Энхж зодсон гэсэн мэдүүлэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй, түүний эзгүйд өөр хүн Энг зодож алсан үйл баримт тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан оосоргүй цаг 1 ширхэг, ногоон нимгэн хөнжил 1 ширхэг, улаан бүтээлэг 1 ширхэг, цагаан эрээн хөнжил 1 ширхэг, хар өмд 1 ширхэг, улаан судалтай өмд 1 ширхэг, саарал цамц 1 ширхэг, улаан даавуу 1 ширхэг, цагаан даавуу 1 ширхэг, саарал алаг оймс 1 ширхэг, хар өнгийн “Скай” бичигтэй гар утас 1 ширхэг, шалны мод 1 ширхэг, Эссэ тамхины иш 3 ширхэг зүйлүүдийг устгах нь зүйтэй. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болно.

Алтн 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон  458  хоногийг ялтны ял эдлэх хугацаанд оруулан нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчийг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул өмгөөлөгч А.Ганбатын хэргийг зөвхөн яллах талын байрнаас шалгасан, Алтг энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг хөдөлбөргүй нотлоогүй, түүний тухайн өдрийн маршрутыг шалгаагүй, шинжээч тархины гэмтэл үхэлд хүргэсэн гэж дүгнэлт гаргасан байхад улсын яллагч талийгаачид олон тооны шарх учруулж, зовоон, онц харгис хэрцгий аргаар хүний амь хохироосон гэж зүйлчилсэн нь буруу,  

 

өмгөөлөгч Б.Тэнгисийн хэргийг шүүхээс буцаасны дагуу хэргийг бүхэлд нь шалгаагүй, хэргийн газраас олдсон 4 дүгээр бүлгийн цус хэнийх вэ гэдгийг тогтоогоогүй тул Алтг гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг хүлээн аваагүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ НЬ:

1. Алтг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Р.Алтг 18  /арван найм/  жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Р.Алтд оногдуулсан 18 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Р.Алтн 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын     06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 458 хоногийг ялтны ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 6 дугаар  сарын  06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан оосоргүй цаг 1 ширхэг, ногоон нимгэн хөнжил 1 ширхэг,  улаан бүтээлэг 1 ширхэг, цагаан эрээн хөнжил 1 ширхэг, хар өмд 1 ширхэг, улаан судалтай өмд 1 ширхэг, саарал цамц 1 ширхэг, улаан даавуу 1 ширхэг, цагаан даавуу 1 ширхэг, саарал алаг оймс 1 ширхэг, хар өнгийн “Скай” бичигтэй гар утас 1 ширхэг, шалны мод 1 ширхэг, Эссэ тамхины иш 3 ширхэг зэрэг зүйлүүдийг устгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д  зааснаар Р.Алтгөөс гэм хорын хохиролд 11 066 852 төгрөг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Зд олгож,

түүний өмгөөлөгчийн зардалд нэхэмжилж байгаа 1 500 000 төгрөг, нотлох баримтгүй 928 766 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Алтд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ОЮУН

 

 

                                    ШҮҮГЧИД                                   Ч.ОТГОНБАЯР

 

 

                                                                                   

                                                                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ