Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1038

 

 

Д.**********д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/486 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.**********гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.**********д холбогдох эрүүгийн 24********** 0**********01 0481 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

********** овгийн **********ын **********, ********** оны 3 дугаар сарын 5-ны өдөр Архангай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт ********** дүүргийн ********** дугаар хороо, **********дүгээр байрны **********тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**********/;

Шүүгдэгч Д.********** нь 2023 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны гүүрэн доор авто зам дээр хохирогч Ж.**********г “Авто зам дээр машин шахлаа" гэж маргалдан гараа аманд нь хийж татах, базах зэргээр биед нь халдаж “1 шүдний сулрал, буйланд хөх өнгийн цус хуралттай, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.**********гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.**********г Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.**********д 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.**********д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.********** нь учирсан гэмтлийн улмаас хийлгэсэн болон цаашид хийлгэх эмчилгээ үйлчилгээний зардал, олох байсан орлого хөлс болон бусад зардалд хамаарах нотлох баримтаа зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, хэрэгт Д.********** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ж.********** давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2023 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Д.********** гэх хүнд нүүр, завж, шүдээ хугалуулсан. Тус хохирол маань үл ойлголцлоос үүссэн ч би тухайн хүнд гар хүрээгүй. Надад учирсан гэмтэл шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн тухайн үеийн гэрэл зураг, тухайн газрын камерын бичлэгт тодорхой харагдах бөгөөд энэ нь миний хохирлыг хангалттай нотлох баримт мөн гэж бодож байна. Би хуулиар олгогдсон эрх буюу амьд явах эрх, бусдын биед халдах, хэл амаар доромжлох, хүнд хөнгөн гэмтэл учруулбал хуулийн дагуу зохих шийтгэл авах ёстой гэж үзэж байна. Миний хувьд сэтгэл санаа бие эрхтэн, ажил төрөл, ар гэр амьдралаараа хохирол амссан бөгөөд эмчилгээ сувилгаа хийлгээд дараа нь мөнгөө нэх гэх. Мөнгөгүй хүн яах вэ. Амьдралын боломж тааруу хүн яах вэ. Бүгд ижил биш. Энийг хамгаалж иргэнийхээ талд үйлчлэх гэж хууль өөрөө байдаггүй гэж үү. Хэн ч хэнийг гэмтээж бэртээгээд хөнгөн торгуулаад, хохирогч хохироод үлдэж байгаа энэ зүйлтэй санал нэгдэхгүй гомдолтой байна. Хохирсон хохирол маань хуулийн дагуу тогтоогдож байгаа гэсэн атал гэм буруутай хүн гэмших ч үгүй, болдог зүйл аятай өнгөрсөнд харамсаж байна. Иймд шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул миний хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.**********гийн өмгөөлөгч А.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хохирлыг шийдвэрлэнэ гэж заасан. Хохирогч талаас нотлох баримтаа бүрдүүлж, хавтаст хэрэгт хавсаргасан бол мөнгөн хэлбэрээр хохирол төлөх боломжтой байсан. Мөнгөн хэлбэрээр хохирлын баримт гаргаж өгөөгүй тул давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд хохирогч Ж.**********ий зүгээс хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байсан тул анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.**********г бусдад төлөх төлбөргүй гэсэн тайлбар гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүхэд хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.**********г баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

  Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

            хохирогч Ж.**********гийн “...Энхтайваны гүүрний доор хөдөлгөөнд оролцоод явж байсан чинь миний хажуугаар “Toyota prius 41” маркийн тээврийн хэрэгсэл маш хүчтэй шахаж орж ирсэн. Би өөрөө замын донсолгоо гаргах гээд хажуу тийшээ болоод яваад байсан чинь “Рrius 41”  маркийн тэврийн хэрэгслийн жолооч миний урд гарч зогсоод, бууж ирээд миний хаалгыг онгойлгохоор нь “Би явлаа” гээд хаалгаа татсан чинь тэр залуу миний ам руу гараа хийгээд, завжийг маань татаж амнаас цус гарсан. ...Тухайн үед миний биед гэмтэл учруулсан залуу намайг хэл амаар доромжлоод, “Хаана уулзсан ч чадна” гээд орилоод байсан чинь үл таних 2 залуу тухайн үйл явдлыг салгасан. ...Тохойгоороо миний эрүү хэсэг рүү нэг цохисон, хоолой боосон. Тухайн хүнд би гар хүрсэн зүйл байхгүй. Намайг заамдахаар нь би бас адилхан заамдалцсан. Би ганцаараа явж байсан. Миний завж урагдсан байсан учраас 42.500 төгрөгөөр сорвины тос авсан.  Би шүдээ янзлуулах гэхээр надад мөнгө байхгүй байсан учраас би шүдээ янзлуулаагүй байгаа. ...” /хх **********-11, 15/,

            гэрч **********ийн ”... Энхтайваны гүүрний доод авто зам дээр би өөрийн 01-01 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцоод явж байсан чинь миний танил ах ********** танихгүй нэг эрэгтэй хүнтэй заамдалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би буцаж эргээд Д.********** ахын хойно зогсоод, машинаасаа буугаад “Юу болж байна” гээд хэлсэн чинь үл таних залуу “чамд хамаагүй” гэж хэлэхээр нь би тухайн залууд “Чи ямар харилцаа муутай залуу вэ” гэж хэлээд, гарыг нь тавиулаад салгасан. Тэгтэл ********** ах машиндаа суугаад яваад өгсөн. Тухайн залуугийн биед ил харагдах шарх сорви, цус болсон зүйл харагдаагүй. Намайг очиход бие биеийнхээ өмсөж байгаа хувцаснаас заамдалцаад зогсож байсан. Авто машинтай хөдөлгөөнд оролцож явж байгаад бие биеийгээ шахсанаас болоод маргаан болсон гэж хэлж байсан. ...” /хх 20-21/,

            шинжээч эмч Б.Долгормаагийн “...Зүүн завжинд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь аманд хуруу хийхэд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хоолой бооход үүсэхгүй. Мөн эрүү нудрахад үүсэхгүй. Нэг шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлээр цохигдох үед үүснэ. ...” /хх 33-34/,

            шүүгдэгч Д.**********гийн яллагдагчаар өгсөн: “...би өөрийн 07-99 УНТ улсын дугаартай “Toyota prius 41” маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа хөдөлгөөнд оролцоод, Энхтайваны гүүрний доод талын нүхэн гарцаар гараад петровис шатахуун түгээх станцаар буцаж эргэх гэж байсан чинь “Toyota harrier” маркийн тээврийн хэрэгсэл намайг шахсан. Тэгэхээр нь би хажуугаар нь ороод явсан чинь бас намайг шахаад байхаар нь би таньдаг хүн болов уу гээд урд нь ороод зогсоод, машинаасаа буугаад тухайн тээврийн хэрэгсэл дээр очоод маргалдсан. Тухайн залуу машинаас бууж ирээд, намайг барьж аваад зайл гэж хэлээд түлхэхээр нь “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “чи намайг барахгүй шүү” гэхээр нь “чи намайг зайл гэж хэлдэг хэн бэ” гээд бид 2 бие биеийгээ заамдаж аваад зогсож байсан. ...” /хх 39-40, 50-52/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3293 дугаар “…Ж.**********ий биед 1 шүдний сулрал, буйланд хөх өнгийн цус хуралттай, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүн завжинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 29-30/ гэсэн шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 8/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 53-54/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

шүүгдэгч Д.********** нь 2023 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны гүүрэн доор авто зам дээр хохирогч Ж.**********г “Авто зам дээр машин шахлаа" гэж маргалдан, харилцан заамдалцах явцад гараа аманд нь хийж татах, базах зэргээр биед нь халдаж “1 шүдний сулрал, буйланд хөх өнгийн цус хуралттай, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэнд нийцжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.

Шүүгдэгч Д.**********гийн үйлдлээс хохирогч Ж.**********гийн эрүүл мэндэд “1 шүдний сулрал, буйланд хөх өнгийн цус хуралттай, зүүн хацарт зулгаралт,  зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учирсан болох нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс Д.**********гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчмыг зөрчөөгүй гэж үзлээ.

Хохирогч Ж.********** “...шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул миний хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

 Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай зардлын хэмжээгээр тодорхойлогддог.

Хохирогч Ж.**********гээс хэрэгт гаргаж өгсөн “Ашид-Үлэмж” ХХК шүдний эмнэлгийн “Дэлгэмэл рентген зураг 30.000 төгрөг, шүд авхуулах 80.000 төгрөг, имплант шүд хийлгэх 2.500.000 төгрөг буюу нийт 2.6**********.000 төгрөг”-ийн зайлшгүй эмчилгээ хийлгэх талаар гаргасан тодорхойлолт үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс хохирогч Ж.**********ий эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний зайлшгүй зардалд 2.6**********.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/486 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.**********гээс 2.6**********.000 /хоёр сая зургаан зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.**********д олгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч Ж.**********гийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ                                       

                                     ШҮҮГЧ                                                        Т.ШИНЭБАЯР       

                                        ШҮҮГЧ                                                       Ц.ОЧ