Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 451

 

 

                                   

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

                                    

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч: Ц.На нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Над холбогдох эрүүгийн 1700 0495 0508 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 1 000 000 төгрөгийн орлоготой,

На.

 

Шүүгдэгч Ц.На нь 2017 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “S” пабад иргэн Ч.Мөнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ц.На мэдүүлэхдээ:

Хохирогч цагдаад өргөдөл гаргаж, шалгуулж байгаа талаар би мэдээгүй.   Би өөрийн гэм буруутай үйлдээ хүлээн зөвшөөрч, маргахгүй. Одоо би ахтайгаа хамт комьпютерийн худалдаа эрхэлж байна. Цаашид алдаагаа дахин давтахгүй байх болно. Би хохирогч Мөнт учирсан 750 000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Миний холбогдсон хэрэг 2017 оны 6 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө буюу 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байхад үйлдэгдсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн тохиолдолд холбогдох этгээдийг эрүүгийн хэрэгт татахгүй гэсэн байдаг учраас надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ч.Мөн мэдүүлэхдээ:

2017 оны 6 дугаар сарын 20-ны оройн 22 цагийн үед кино үйлдвэрт байрлах Амар зочид буудлын 3 давхарт байрлах караокед Lfggын төрсөн өдрийг тэмдэглээд 2 цагийн үед тавуулаа тус караокеноос гараад хороололд байрлах “S” нэртэй пабад орсон. Тухайн пабад сууж байхдаа бүгдээрээ Ерөнхийлөгчийн сонгууль яриад маргалдсан. Тэгтэл На над руу хэл амаар доромжлон дайрсан. Би өөдөөс нь хүний төрсөн өдөр дээр ирсэн, би өөртэй чинь маргалдмааргүй байна гэж хэлсэн чинь ширээн дээр байсан пивоны шил аваад толгой руу цохисон. Мөн миний дээр гарч “чамайг ална” гэж хоолой боож, гараа тавихгүй байсан. Би ухаан алдах гээд байж байтал Lfgg намайг тус пабаас авч гарсан. Тэндээс гараад Lfggтай хамт гэрт очиж усанд ороод гэмтлийн эмнэлэг орж толгойдоо оёоо тавиулсан. Маргааш нь буюу 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Натэй тухайн өдөр танилцсан. Lfggын хуурай ах гэж байсан. На миний нүүр рүү 2-3 удаа цохисон, ширээн дээр байсан пивоны шилээр толгойны зүүн хэсэг рүү нэг удаа цохисон. Газар унасны дараа нуруу руу хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Lfgg мэдүүлэхдээ:

2017 оны 6 дугаар сарын 20-ны оройн 22 цагийн үед миний төрсөн өдрийг кино үйлдвэрт байрлах Амар зочид буудлын 3 давхарт байрлах караокед 12-уулаа тэмдэглээд, шөнийн 02 цагийн үед тус газраас гараад Золбоо, Уянгаа, На, Мөн бид тав Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “S” пабад орсон. Бөөнөөрөө пиво ууж, ерөнхийлөгч тэр болно гэж бүгдээрээ яриад бага зэрэг маргалдсан. Тэгтэл На, Мөн хоёр уг ярианаас болоод маргалдсан. Би тус пабад нилээн согтуу ирсэн учир хоёр шил пиво уугаад би тасарч, сууж байсан ширээн дээрээ унтсан байсан. Сэрсэн чинь хамт ирсэн хоёр найз охин явсан байсан. На ах байхгүй, Мөн зодуулсан, нүүр нь цус болсон байсан. “Чи яасан бэ” гэж асуусан чинь Над зодууллаа гэж хэлсэн. Тэгээд 05 цагийн үед Мөн бид хоёр манай гэрт очсон. Мөн усанд ороод 06 цагийн үед гэртээ харилаа гээд явсан. Би На, Мөн нарыг маргалдаж байхыг харсан, зодолдож байхыг хараагүй. Тухайн өдөр Нагээс өөр миний хуурай ах гэж хүн байгаагүй гэжээ. (хэргийн 22-23 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8216 тоот дүгнэлтэд:

1. Ч.Мөнийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, баруун чамархайн хуйханд шарх, дагзны хуйханд цус хуралт, зүүн тохой баруун өвдөгөнд зулгаралт, баруун чихний ар хэсэг, бүсэлхийн зүүн доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  (хэргийн 25 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ц.На нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 351 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 441 дүгээр тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан гэжээ.  (хэргийн 38 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Ц.На нь 2017 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “S” пабад хохирогч Ч.Мөнтай Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай асуудлаар маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, баруун чамархайн хуйханд шарх, дагзны хуйханд цус хуралт, зүүн тохой баруун өвдөгөнд зулгаралт, баруун чихний ар хэсэг, бүсэлхийн зүүн доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Мөн, гэрч Д.Lfgg нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8216 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан байна.

 

Мөрдөн байцаалтад Ц.Наг хохирогч Ч.Мөнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татжээ.

 

Ц.Нагийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2017 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө буюу 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад үйлдэгдсэн байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ,

мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.”,

мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д  хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө  гэж тус тус заажээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Над 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй,  

1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

 

Иймд Ц.Нагийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчлэн, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаас илүү ашигтай, эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

 

На нь 2017 оны 8 дугаар сарын 07-оос 08-нд өдөр шилжих шөнө бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.2-т “.Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуулийн 72.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно” гэж заасны дагуу шүүгдэгчийн 2017 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд үйлдсэн хөнгөн гэмт хэрэгт тооцох хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тасарч, түүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолоход 2018 оны 2 дугаар сарын  08-ны  өдөр зургаан сар өнгөрсөн тул Наг эрүүгийн хариуцлагад татах боломжгүй байна. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Ц.Наг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Хохирогч Ч.Мөн нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотойгоор нотлох баримтыг гаргаагүй бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 750 000 төгрөгийг төлж, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.На нь цагдан хоригдсон хоноггүй, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцсон  болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Наг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Наг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг журамлан Ц.Наг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д  заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Ц.На нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Шүүгдэгч нь хохирогч Ч.Мөнт 750 000 төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН