Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/979

 

 

 

 

   2024           08            27                                        2024/ДШМ/979

 

Д.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

хохирогч Л.Б-ийн өмгөөлөгч Б.Б,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Г.Ө,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/763 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.А-д холбогдох эрүүгийн 2403002290370 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д.А, 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг … дүгээр хороо, … байрны … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: …………………./;

Шүүгдэгч Д.А нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь хангай мебель” ХХК-ийн арын замд Toyota prius 30 маркийн …… УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Б-ийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох, хохирогч Л.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Д.А-ээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж шийдвэрлэжээ.

            Хохирогч Л.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “... Энэ хэрэгт миний бие мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдсон бөгөөд энэ гэмт хэргийн улмаас миний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоож, надад учирсан сэтгэл санааны хохирлыг мөрдөн байцаалтын шатанд 3 дугаар зэрэглэл гэж тогтоож байгааг танилцуулж, энэ зэрэгтэй санал хийлж байгаа эсэх, нийлэхгүй бол дахин үнэлүүлэх үү гэж асуухад нь би үгүй гэж хариулсан. Гэтэл шүүхийн шатанд үүнийг сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн гэж тайлбарлаж, миний сэтгэл санааны хохирлыг үгүйсгэсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүх хурлын өмнө хэргийн материалтай танилцахад хохирлын зэргийг 3-аар үнэлж, сэтгэл санааны хохиролд 9,900,000 төгрөг нэхэмжилснээр тусгасан байсан. Энэ гэмт хэргийн улмаас учирсан бие махбодын гэмтлээс шалтгаалан эмчилгээтэй өдөр бүр оройн 22 цаг хүртэл сууж ажиллах, зарим үед өвдөлтөөс болж анхаарал төвлөрөхгүй байх, 7 хоногийн 3 өдөр эмнэлэг явах, энэ бүрийг бие даан хийж чадахгүй гэр бүлийнхнийгээ дагуулж явах зэргээр бусдад ч төвөг хүндрэл учруулж, миний амьдралын чанар ихээр өөрчлөгдсөн. 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр буюу 3 дахь сарын рентген зургийн дүгнэлтэд хугарлын улмаар үйрч хадахад зай үүссэн хэсэгт бороололт үүсээгүй байна гэж эмч дүгнэсэн бөгөөд дахин цаашид хэр удаан хугацаанд эмчилгээ шаардах, улмаар хадаасыг авах эсэх тодорхойгүй байсаар байна. Иймээс дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянаж сэтгэл санаанд учирсан хохирлыг тооцож гомдлыг барагдуулж өгнө үү. ...” гэжээ.           

            Хохирогч Л.Б-ийн өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийн 33 дахь талд мөрдөгч А-ийн “Сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тодорхойлон зөвшөөрөхгүй бол дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах” гэж танилцуулахад “Зөвшөөрч байна” гэсэн гарын үсэг зурсан баримт, 143 дахь талд улсын яллагч хохирогчоос “Сэтгэл санааны хохиролд хэдэн төгрөг нэхэмжлэх вэ” гэхэд хохирогч “Тооцож үзээгүй болохоор үнийн дүнг хэлж мэдэхгүй байна” гэсэн тэмдэглэл, яллах дүгнэлтийн хавсралтад “Сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоов” гэсэн баримтууд байсаар байтал анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг тооцоогүй, нэхэмжлэхгүй гэж хэлээгүй байхад гаргаагүй нь хууль зөрчсөн. Хүндэвтэр гэмтлийн улмаас хохирогчид учирсан сэтгэл санааны хохирол гуравдугаар зэрэглэлээр тогтоогдоно гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д зааснаар гуравдугаар зэрэглэл нь 13-22,99 дахин нэмэгдүүлэх буюу мөнгөн дүнгээр тооцвол 8.580.000-15.173.000 төгрөгийн хооронд байна. Миний үйлчлүүлэгч өдөрт 3 удаа эмчилгээнд явж байгаа бөгөөд цаашид эмчилгээний зардал их гарна. Хамгийн том яс болох дунд чөмөгний бэртэл, гэмтэл нь маш их өвдөлт, зовуурийг өгсөн. Тиймээс сэтгэцэд учирсан хор уршгийг дээрх журамд зааснаар 12.000.000 төгрөгөөр тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгч “хохирогч нь сэтгэл санааны хохирол авахгүй” гэж бичиж өгсөн гэж хэлсэн. Өөр нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

            Шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч Г.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн сэтгэцэд учирсан хохирлыг арилгах тухай тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д зааснаар сэтгэцэд учирсан хохиролд шинжилгээ хийлгэх шаардлагатай юу гэж танилцуулсан мөрдөгчийн баримтад хохирогчийн “Шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн хохирогчийн мэдүүлэг, мөн хэргийн 31 дэх талд  хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын талаар шинжилгээ хийлгэхгүй гэсэн байдаг. Анхан шатны шүүхэд энэ асуудал яригдаж шийдвэрлэсэн учраас давж заалдах шатны шүүх үүнийг үнэлж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 497, 498, 551 дүгээр зүйлүүдэд зааснаар шаардлагатай тохиолдолд хохирогч өөрөө баримтаа бүрдүүлэн  иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой. Шүүгдэгчийн зүгээс анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар хохирогчид учирсан хохирлыг төлсөн. Мөн 2.751.370 төгрөг, 405.000 төгрөг, нийт 6.677.000 төгрөгийг төлсөн. Иймээс сэтгэцэд хохирол учирсан асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээх боломжтой гэж үзэж байна. Хэдийгээр анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудал боловч Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлд зааснаар явган зорчигч ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэх ёстой байсан. Энэ асуудлыг тухайн үед шалгаагүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөн байцаалтын шатанд Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэл гэж тогтоосон. Хохирогч, шүүгдэгч нар уг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхээс хохирлыг гаргуулах нь зүйтэй. Яагаад гаргуулж шийдвэрлээгүйг мэдэхгүй байна. Хохирогчийн гомдлын сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн хэсгээс бусад нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан. 

Мөн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.6-д “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийг улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.” гэж,

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан  "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр шүүх шинжилгээний байгууллага …Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.” гэж,

2.3 дахь хэсэгт “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар" -ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж тус тус журамласан.

Хэрэгт авагдсан баримтуудад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч Л.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс хохирогчоос сэтгэл санааны хохиролд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар асуухад “тооцож үзээгүй тул үнийн дүнг хэлж мэдэхгүй байна.” гэж хариулсан нь тусгагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасан тул анхан шатны шүүх Д.А-д холбогдох хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогч Л.Бийн сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлж, нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг нэг мөр тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж заасан.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/763 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Л.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/763 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БАТЗОРИГ

 

                       ШҮҮГЧ                                           Г.ГАНБААТАР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ