Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/051

 

 

*******ид

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ж.Баттогтох, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор ******* /томилолтоор/;

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/442 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор *******ын бичсэн эсэргүүцэлд үндэслэн *******ид холбогдох эрүүгийн 2414002290186 дугаар хэргийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ............ оршин суудаг, Урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан жолооч дараах үүргийг хүлээнэ:в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7-т заасан “Жолоочид дараах 'зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15-16 цагийн үед Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох "Ар хөшөөгийн ам” гэх газарт улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоциклийг жолоодож яваад осолдож, улмаар мустанг-5 мотоциклийн ард сууж явсан насанд хүрээгүй хохирогч *******ийн биед баруун дунд чөмгөний далд хугарал бүхий бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6, 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар яллагдагч *******ид холбогдох хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 3-д зааснаар яллагдагч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, прокурор, хэргийн оролцогч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхэд Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор ******* тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

“... анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж дүгнэн, дараах үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичлээ. Үүнд:

Үндэслэл 1: Яллагдагч ******* нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан жолооч дараах үүргийг хүлээнэ:  в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15-16 цагийн үед Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Ар хөшөөгийн ам” гэх газарт улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоциклийг жолоодож яваад осолдож, улмаар мустанг-5 мотоциклийн ард сууж явсан насанд хүрээгүй хохирогч *******ийн биед баруун дунд чөмгөний далд хугарал бүхий бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 128 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Тус аймгийн цагдаагийн гарын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Жигмэд нь 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал гарган, хяналтад ирүүлснийг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 128 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн байна.Прокуророос 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 128 дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ яллах дүгнэлтийн Удиртгал хэсэгт буюу хэнд холбогдох хэд гэсэн дугаартай хэргийг ямар мөрдөх байгууллага, мөрдөгч шалгасан эсэх, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан эсэх, мөрдөн байцаалтыг хэзээ эхэлж, хэзээ дуусгасан эсэх, хэзээ прокурорт ирүүлсэн эсэх гэх мэт ерөнхий мэдээллийг тусгахдаа прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан огноог “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр...” гэж, мөн мөрдөх байгууллагаас мөрдөн байцаалт явуулж дуусган хэргийг прокурорт ирүүлсэн огноог “...2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр...” гэж буруу бичсэн.

Мөн яллах дүгнэлтийн ТЭМДЭГЛЭХ нь хэсгийн биеийн байцаалтад яллагдагч ******* овогт *******гийн *******ийн эцэг /эх/-ийн нэрийг бичихдээ *******” гэж /ийн/ залгаж бичээгүйг хэргийг прокурорт буцаах үндэслэл болгосон байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Прокуророос яллах дүгнэлтэд бичигдсэн үг, үсгийн алдаа буюу техникийн шинжтэй алдааг үгүйсгээгүй боловч, хэргийг прокурорт буцаах хэмжээний алдаа буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх, нотлох ажиллагаа хийлгэх гэх мэт, цаг хугацаа, орон зай шаардсан ажиллагаа гэж үзэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, хэргийг прокурорт буцааснаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт огт хийхгүй, зөвхөн цаг хугацаа алдах, хохирогч, иргэний нэхэмжлэгч, яллагдагч, прокурорын байгууллагад зөвхөн зардал нэмэгдэхээс өөр нөхцөл байдал үүсэхгүй болно.

Эрүүгийн 2414002290186 дугаартай яллагдагч *******ид холбогдох 1 хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад /*******/ регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* иргэний бүртгэл, улсын бүртгэлтэй холбоотой лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар гэх мэт баримтууд хангалттай авагдсан байдаг, мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол, прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл, яллах дүгнэлт гардаж авсан тэмдэглэл, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, прокурорын тогтоол гэх мэт нотлох баримт, тогтоолуудад яллагдагчийн ургийн овог, эцэг /эх/, өөрийн нэрийг хангалттай дурдагдсан байдаг тул шүүх хавтаст хэрэгт авагдсан тус нотлох баримт, тогтоолуудаас яллагдагчийн эцэн /эх/-ийн нэрийг, мөн яллагдагчаар татсан огноо, хэргийн прокурорт ирсэн огноог зөвтгөн шийдвэрлэх боломжтой юм.

Тодруулбал: Анхан шатны шүүхээс прокурорын яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг шүүх хуралдаанаар зөвтгөн, нөхөн шийдвэрлэх боломжтой байхад шийдвэрлэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт Дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэхээр байна.

Үндэслэл 2: Мөн анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Үүнд:

Шүүхийн захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь: хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаасугай гэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж, Мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана”:

4.1. шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх;

4.2. гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;

4.3. прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх;

4.5. гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх,

4.6. гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх-г хянаад аль нэг нь хангагдаагүй бол прокурорт буцаана гэж хуульчилжээ.

Тэгвэл анхан шатны шүүх захирамждаа дүгнэхдээ прокурорын яллах дүгнэлтэд бичиг үсгийн алдаа гарсан гэх үндэслэл дээрх зүйл, хэсэг, заалтад заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлүүдэд хамаарахгүй, огт байхгүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон байгаа нь анхан шатны шүүх хуулийг төсөөтэй хэрэглэсэн, мөн хуулийн зүйл, хэсэг, заалтад байхгүй зүйлийг байгаа мэтээр дүгнэсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ноцтой зөрсөн гэж үзэхээр байна.

Үндэслэл 3: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” прокурорт буцаахаар заасныг захирамжлах хэсэгтээ давхар барьсан байгаа нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дах заалт “Мөрдөн шалгах ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөн бие даан явуулах энэ хууль заасан ажиллагааг" ойлгохоор хуульчилсан байна.

Тэгвэл анхан шатны шүүх захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж үндэслэлээр заасан мөрдөн шалгах ажиллагаагаар ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар огт дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Үндэслэл 4: Мөн шүүх захирамжийнхаа үндэслэл болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад тус тус заасан үндэслэлүүдийн алийг баримтлах нь ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Үндэслэл 5: Мөн анхан шатны шүүхийн захирамжийн ТОДОРХОЙЛОХ нь: хэсэгт Шүүхийн энэ шийдвэрт талууд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болох бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдаж шийдвэрлэв” гэж дүгнэсэн, мөн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар шүүхийн захирамжид талууд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болох бөгөөд бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай” гэсэн байгаа нь улсын яллагч, прокурор, дээд шатны прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч нарын эрхийг ноцтой зөрсөн, хязгаарласан байна гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн захирамжид заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл болох прокурорын яллах дүгнэлтийн үг, үсгийн алдаа буюу техникийн шинжтэй алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж, Мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана” гэж заасанд хамаарахгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болох бөгөөд бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй...” гэх хязгаарлалт тогтоосон зүйл, хэсэгт огт хамаарахгүй байхад анхан шатны шүүхээс улсын яллагч, прокурор, дээд шатны прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч нарын эрхийг ноцтой зөрсөн, хязгаарласан шийдвэр гаргасан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ноцтой зөрчсөн, мөн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэж заасан буюу шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэхээр байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/442 дугаартай шүүгчийн захирамжид “Хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ноцтой зөрсөн” гэж үзэх үндэслэлтэй байх тул захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* би прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус удирдлага болгон *******ид холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокуророор оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүх хэргийг буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа гэж үзэж хэргийг прокурорт буцаасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон нөхцөл байдлуудаар тухайн үндэслэл байхгүй. Хууль зүйн үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцааж, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/442 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

Өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа тогтоогдоогүй учраас энэ үндэслэлээр гарсан анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/442 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар  *******ид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд бичсэн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь шүүгчийн уг захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянаж, захирамжийг хүчингүй болгож, эсэргүүцлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гаргасан шүүгчийн уг захирамжийн 3 дахь хэсэгт анхан шатны шүүхийн шүүгч тухайн захирамжид гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй гэж тухайлан заасан боловч давж заалдах шатны шүүх доорх үндэслэлээр  прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч хянах үндэслэл нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид давж заалдах шатны шүүхэд талууд, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргах эрхийг тусгайлан журамлаагүй тул мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ердийн журмыг баримтлах, 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй;

Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг нь мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрээс гадна мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүгчийн 2 төрлийн захирамжид нэгэн адил хэрэглэгдэх тул уг захирамжид талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно;

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам болон шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” 13 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, эсхүл шүүгдэгчийг цагаатгаж болох үндэслэл тогтоогдвол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан журмын дагуу хэргийг прокурорт буцаах, эсхүл яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасан зэргийг тус тус үндэслэж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” зорилтод  нийцнэ гэж үзэв.

Яллагдагч ******* хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Прокурорт хүсэлт гаргасныг  хүлээн авч, хүсэлтийг ханган хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай  2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр  53 дугаар прокурорын тогтоол/хх121-122/гаргаж, яллагдагч *******ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан жолооч дараах үүргийг хүлээнэ:в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7-т заасан “Жолоочид дараах 'зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15-16 цагийн үед Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох "Ар хөшөөгийн ам” гэх газарт улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоциклийг жолоодож яваад осолдож, улмаар мустанг-5 мотоциклийн ард сууж явсан насанд хүрээгүй хохирогч *******ийн биед баруун дунд чөмгөний далд хугарал бүхий бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. /хх125-129/

 Анхан шатны шүүх шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 6, 33.3 дугаар зүйлийн 1.2-д заасныг баримтлан яллагдагч *******ид холбогдох хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь:

Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэлд “... Шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг даруй зарлан явуулахад шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцоход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д ..нотлох баримтаар нотлогдсон эсэх..гэх заалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д “...зайлшгүй шаардлагатай нотлох баримт...”гэх заалтад байгаа шүүгдэгчид Эрүүгийн хэрэг үүсгэх гэх хэсэгт “2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан *******ид” ..гэж, мөн хэсэгт “ ...2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал гаргаж...” гэж оныг буруу бичсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10  дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д  “яллагдагчийн эцэг, /эх/-ийн нэр өөрийн нэр” гэж заасныг буруу бичсэн буюу шүүгдэгч “******* овогт ******* ******* “гэж бичсэн нь хуулийн заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг  ******* ******* гэж  ******* овогтой *******, *******  гэсэн 2 яллагдагч Байгаа гэж ойлгогдохоор байгаа тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг аль нэг хангагдаагүй гэж үзэж прокурорт буцаан шийдвэрлэв тул Баянхонгор аймгийн Прокурорт  буцаалаа...” гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх мөн хуулийн

4.1. шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх;

4.2. гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;

4.3. прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх;

4.5. гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх,

4.6. гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх-г хянаад заасан нөхцөл байдлыг хангасан байхад  анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг явуулахдаа  хэргийг эцэслэн шийдвэрлэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан  “урьдчилан хэлэлцүүлгийн үед  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” заалтыг баримталж, хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  6-д  “....шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ....” гэж заасныг зөрчсөн байна.

Хуульд зааснаар яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтдээ гэмт хэргийн улмаас өөрийн учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байхаас гадна түүнийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд тухайн үед болон ирээдүйд гарах хохирол, хор уршгийн хэмжээнээс үл хамааран тус хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалт болон бусад хэсэгт заасан бусад урьдчилсан шаардлагууд хангагдсан нөхцөлд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлийг үгүйсгэхгүй болно. Тодруулбал, хуулийн мөн зүйл, хэсэг, заалтад яллагдагч нь гэмт хэргийн улмаас өөрийн учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байхаас гадна түүнийг нөхөн төлөхөө хангалттай илэрхийлсэн байдал нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болохоор хуульчилсан.

Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэлд  дурдагдсан прокурорын  яллах дүгнэлтэд бичигдсэн огноо, үг үсгийн буюу техникийн шинжтэй алдааг зөвтгөхгүй боловч техник ажиллагааны шинжтэй гаргасан алдааг дахин гаргахгүй байхаар шүүх шийдвэртээ дүгнэн, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх боломжтой байхад шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй юм.

 Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7.-д "регистрийн дугаар" гэж Монгол Улсын иргэний төрсөн он, сар, өдөр, хүйсийн талаарх мэдээллийг тусгасан 2 үсэг, 8 орон бүхий тооноос бүрдсэн, үл давхардах нийлмэл кодыг.”, 5.12-д “…Монгол Улсын иргэн бүр регистрийн болон иргэний бүртгэлийн дугаартай байна. Иргэний бүртгэлийн дугаар нь төрсний, гэрлэсний, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, төрийн байгууллагаас олгох бусад баримт бичигт бичигдэнэ...” гэж зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн ******* ВЛ 80081910 регистрийн дугаартай  болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, *******ид холбогдох хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/442 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9.дүгээр зүйлийн 3-д  заасныг баримтлан шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ

Ч.БАЯРЦЭНГЭЛ