Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 454

 

 

 

 

 

 

 

 

  2018          06           06                                      454

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                       

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч: Д.”Д” нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн “Д”ид холбогдох эрүүгийн 1805 0040 50543 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн 1978 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, “Д”.

 

Шүүгдэгч Д.”Д” нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах журмын хашаанд иргэн Ж.”Ч”ийг “мөнгө төлсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.”Д” мэдүүлэхдээ:

Тухайн хэрэг болсон газар нь найз Бямбажаргалын журмын хашаа байсан. Намайг манаач нь дуудаад “дотор бөөн юм болоод Бямбажаргалын ээжийн гар утсыг авч шидээд байна” гэж хэлсэн. Тэгээд намайг очоод маргааныг салгах гээд Ж.”Ч”ийг татахад салахгүй байхаар нь түүний нүүр рүү 2 удаа цохисон. Хойшид ийм асуудал гаргахгүй. Хохирогчийн эмчилгээний зардалд 2 100 000 төгрөг өгсөн. Түүний дараа хохирогч хагалгаанд орохдоо мөнгө авна гэж надтай 8 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Энэ мөнгийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны дотор төлнө. Хэрвээ хугацаандаа төлөхгүй бол алданги тооцох юм. Өөрийн гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан. Улсын яллагчаас санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг сайн дураар хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ж.”Ч” мэдүүлэхдээ:

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 16 цагийн орчим найз Бадамлянхуагийн хамт Хан-Уул дүүргийн цагаан хаалганы ард байрлах “Говь” рестораны баруун талын автомашины зогсоолын орчим 08 23 УНН улсын дугаартай, “Т.Кроун” маркийн машиныг нь байрлуулчихаад “Говь” ресторанд ороод хоол идээд байж байсан чинь Бадамлянхуа тамхи татах гэж гараад буцаж орж ирэхдээ “гадаа байрлуулсан машин ачаад явсан байна” гэж хэлсэн. Удалгүй Бадамлянхуа гараад буцаж орж ирээд “ойрхон байдаг журмын хашаа юм байна” гэж хэлсэн. Тэгээд манай хүү Энх-Амгалан 19 цагийн орчим ирээд бид гурав машиныг нь журмын хашаанаас авах гээд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний зүүн урд байрлах “Седней консртакшин” ХХК-ийн журмын хашаанд очсон. Би Бадамлянхуагийн хамт журмын хашаанд орсон чинь 08 23 УНН улсын дугаартай “Т.Кроун” машин байсан. Тэгээд Бадамлянхуагийн хамт вагончикт ороод “танайх ямар зөвшөөрөлтэй газар вэ, зөвшөөрлөө үзүүл” гэсэн чинь дотор нь гурван эмэгтэй, нэг залуу байсан бөгөөд “бичиг баримтаа үзүүлж болно” гэж байсан. Би хажуугаас нь “төв зам дээр байгаагүй машиныг ямар учраас ачсан юм бэ” гэж маргасан. Тэр үед журмын хашааны ажилтан эмэгтэй “та нар замын цагдаагаас ямар цагдаа ачуулсан талаар мэдэж болно” гэж хэлсэн. Тэгээд маргалдаж байтал нэг эмэгтэй гар утсан дээрээ бичлэг хийгээд байхаар нь би гар утсыг нь булааж авахад манай найз хэрэггүй гэхээр нь буцааж өгсөн. Тэр үед тэр эмэгтэй “цагдаа дуудлаа” гэхээр нь “тэг тэг” гэхэд удалгүй хоёр машинтай хүмүүс ирсэн бөгөөд нэг машин нь 63 51 УНЧ улсын дугаартай, “Т.Алион” маркийн машин байсан. Нийт 5 залуу ирсэн ба хоёроос гурван залуу нь вагончикт орж ирээд нэг залуу нь намайг “эмэгтэй хүн дээрэлхлээ” гээд заамдаж, угзараад түлхэлцсэн. Тухайн үед манай хүү Энх-Амгалан орж ирээд “больцгоо” гэж байсан. Тэгээд нөгөө залуутай зууралдаад вагончикоос гарч ирээд би гурван залуутай маргалдаад нэгэнтэй нь түлхэлцээд байж байсан чинь гэнэт нэг нь миний нүүр рүү нэг удаа цохисон. Тухайн үед миний баруун талын нүдний зовхи болон хамараас цус гарсан. Манаач дээр очоод цусаа угаагаад цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд болсон явдлыг санаж байгаа боловч намайг хэн юугаар цохисныг мэдээгүй. Би тэр үед 5-6 шил, 0.5 хэмжээтэй пиво уусан байсан.

Надад учирсан гэмтлийг “Д” учруулсан гэдгийг сүүлд цагдаагийн байгууллага дээр ирээд мэдсэн. Намайг бүлэглэн зодсон асуудал байхгүй. Зөвхөн “Д” гэх залуу цохисон. Би “Д”той сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирлын 2 100 000 төгрөгийг хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 22-23 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ш.Бадамлянхуа мэдүүлэхдээ:

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр найз “Ч”тэй уулзаад миний 08 23 УНН улсын дугаартай, “Т.Кроун” маркын автомашинтай “Говь” ресторанд хоол идэхээр ирээд машинаа рестораны баруун талд машинууд тавьсан байхаар нь өөрийнхөө машиныг байрлуулчихаад ресторан руу “Ч”тэй хамт ороод хоол идчихээд би тамхилах гээд үүдэн дээр нь гарч ирээд харсан чинь миний машин байхгүй байсан ба хоёр цагдаа байхаар нь очоод асуусан чинь тэмдэг рүү заагаад “тэмдэгээ хар, хориглосон газарт тавьсан байна. Нарны гүүрний доор байрлах журмын хашаанд хийсэн” гэсэн. Тэгээд буцаж ороод “Ч”д машиныг ачсан байна гэж хэлээд юм яриад 2 шил 0.5 хэмжээтэй пиво уучихаад “Ч”ийн хүүхдийг дуудаад хамтдаа машинаа авахаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний зүүн талд байрлах журмын хашаанд очоод би “Ч”тэй журмын хашаа руу нь орсон. Контейнер байхаар нь тийшээ орсон чинь гурван эмэгтэй, нэг эрэгтэй хүн байсан. Тэгээд би машинаа авах гэсэн юм гээд машины дугаараа хэлээд “хэний зөвшөөрлөөр, яагаад ачив” гэсэн чинь “Ч” “та нар ямар зөвшөөрлтэй юм, харъя” гэсэн чинь өөдөөс нэг эмэгтэй нь “байгаа болоод ачсан” гээд маргалдсан. Гэтэл нөгөө эмэгтэй гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд эхэлсэн. Тэр үед “Ч” гар утсыг нь булаагаад авсан ба би гар утсыг нь өг гээд өгүүлсэн. Тэгсэн тэр хүүхэн “цагдаа дуудна, наад хоёроо битгий гарга” гээд гар утсаараа хүнтэй яриад байсан. Тэгээд цагдаа дуудсан гэж бодоод байж байсан чинь гаднаас гурван залуу орж ирснээ “яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм бэ, Бенз унчихаад хүн дээрэлхэнэ гэж бодоо юу” гээд контейнерээс гарсан. Би машин авах гэж байна гэсэн чинь өөдөөс нэг залуу нь уусан юмаа шингээ гэсэн. Тэр үед “Ч” хажуу талаас та нар буруу ойлгоод байна гэсэн чинь нэг намхан залуу маргалдаад дайраад байсан. Бас нэг өндөр залуу ирээд “яагаад хүн дээрэлхээд байна” гэсэн чинь намхан залуу нь “Ч”ийг түлхэхээр нь би гар утсаа гаргаад бичлэг хийх гэсэн чинь хэрүүл хийгээд байсан эмэгтэй миний гар утсыг булаагаад авчихаар нь би гар утас аваад ир гэсэн чинь цаанаас хоёр залуу ирээд зууралдаад байсан. Тэгээд би над дээр ирсэн хоёр залуутай юм ярьж байгаад нэг харсан чинь “Ч”ийн хамар, нүд орчмоос цус гарчихсан байхаар нь яваад очсон чинь нөгөө хүмүүс маргалдахаа больсон. Тэгээд “Ч” цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Би хэн цохисоныг хараагүй. Би хэн цохив гээд тухайн үед асуухад хэн ч хэлээгүй гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ө.Бямбажаргал мэдүүлэхдээ:

Он сарыг нь санахгүй байна. Би журмын хашааныхаа гадна “Д”той машин дотор ажил яриад сууж байсан чинь хар өнгийн том машинтай хүмүүс дуут дохио хэрэглэж байгаад машинаас 3-4 эрэгтэй хүн буугаад журмын хашаа руу орсон. Удалгүй эмэгтэй хүмүүсийн чанга хашгирах дуу гарахаар нь би ганцаараа журмын хашаа руу орсон чинь харуулын байрны үүд хэсэгт манай ээж Бямбаа, эмэгтэй дүү Бямбабаяр, нягтлан Алтанцэцэг нар зогсож байсан бөгөөд нөгөө гурван залуу “машин ачиж явсан байна, гаргаж өг” гээд загнаад байхаар нь би очоод журмын хашааны дотоод журам үндэслэлийг тайлбарлан өгөхөд ямар нэгэн ойлгох чадваргүй, над руу “чи хэн юм бэ” гээд согтуу /”Ч”/ залуу нь намайг заамдаж авахаар нь би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгтэл гаднаас “Д” орж ирэн надтай зууралдаж байсан “Ч”ийн нүүрэн тус газар руу нэгээс хоёр удаа цохисон. Тэгтэл “Ч”ийн хамраас цус гарчихсан. Надтай зууралдаж байсан болохоор намайг өмөөрөөд цохисон байх. Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Мөн эмэгтэй хүмүүсийг хэл амаар доромжлоод байсан гэжээ. (хэргийн 79 дүгээр хуудас)

                                                                                                                                

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 1105 тоот дүгнэлтэд:

1. Ж.”Ч”ийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, хамрын ясны хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмдэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.”Д” нь Төв аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 88 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.”Д” нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах журмын хашаанд хохирогч Ж.”Ч”тэй маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, хамрын ясны хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.”Ч”, гэрч Ш.Бадамлянхуа, Ө.Бямбажаргал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 1105 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.”Д”ид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул Д.”Д”ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй болно.

 

Хохирогч Ж.”Ч” нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой эмчилгээний зардлыг нотлох баримтаар нэхэмжлээгүй боловч “...бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрч, 2 100 000 төгрөг хүлээн авсан тул цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрсөн болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч “Д”ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.”Д”ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.”Д” нь торгох ялыг 01 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

           

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.”Д” цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.”Ч”д 2 100 000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.”Д”ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН