Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/980

 

 

 

 

    2024           08            27                                       2024/ДШМ/980

 

Ц.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Түмэнжаргал,

яллагдагч Ц.А, түүний өмгөөлөгч Ч.Ө, Л.Н,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/1741 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ц.Аръяад холбогдох эрүүгийн 2308018740169 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Ц.А, 1958 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймагт төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Зуухны засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 6, охин, хүргэн, 3 зээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороо, … дүгээр хороолол, Станцын … дүгээр байрны … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ……………. /;

Яллагдагч Ц.А нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороо, Станцын ..... тоотод хохирогч У.Р-г “хоолоо идсэнгүй баашилсан” гэх шалтгааны улмаас цээж, хэвлийн тус газарт нь гуталтай хөлөөрөө 3-4 удаа өшиглөж “цээжний баруун, зүүн талын олон хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, цээж, хэвлийн цус хуралдалт” бүхий хүнд хохирлыг санаатай учруулсны улмаас хохирогч У.Р нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргрийн прокурорын газраас: Ц.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж тус тус заасан байдаг. Прокуророос гэмт хэрэг гарсан газар, цаг хугацааг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Станцын ... тоотод үйлдэгдсэн хэмээн үзэж, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ц.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 241 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Г мөрдөн шалгах ажиллагаа явцад: “...Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр аавыг Ц.А ахын охин Э-ээс “эмнэлгээс гарч байгаа, аавын найз түүнийг гэрт нь хүргэж өгөх талаар хэлээд, аавыг гэртээ ганцаараа байгаа талаар хэлсэн...” гэж, гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагаа явцад: “...Манай аав Ц.А нь 2023 оны 05 дугаар сарын 07-ны орой Солонгос Улсад ах дээрээ байж байгаад ирсэн ба ирээд манай гэрт хэд хоног байж байгаад уушгины гуурсан хоолойн хорт хавдартай учир тоос шорооны улирал гээд 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улсын 3 дугаар эмнэлэгт үзүүлэхэд “хорт хавдар” гээд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шинжилгээ өгөөд гадуур ажилтай байсан...” гэж, гэрч Ш.Бат-Өлзий мөрдөн шалгах ажиллагаа явцад: “...Хамгийн сүүлд 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр миний 8666….. дугаар луу талийгаач өөрийнхөө 9606…. гэсэн дугаараас өдрийн 13 цагийн орчимд залгаж эмнэлэгт хэвтэж байгаа талаар хэлсэн ба намайг гэрт хүргээд өгөх боломж байгаа талаар асуусан. Би тэр үед хүүхэд харж байсан тул боломжгүй байгаагаа хэлсэн. Дахин 15 цагийн үед залгаж эмнэлгээс гаргаад “Тахилт руу, гэр лүү хүргээд өгөөч” гэж гуйхаар нь би зөвшөөрч, өөрийнхөө “Ист” маркийн ….. УНН улсын дугаартай машинаар талийгаач Ц.Р-г Сонгинохайрхан дүүргийн … дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн нэгдсэн эмнэлгийн 3 давхраас буулгаж гэрт нь хүргэж өгсөн...” гэж, гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...Талийгаач 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бие, хаа нь өвдөөд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлсэн бөгөөд би хааяа сахиур хийсэн. 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эмнэлгээс гараад гэртээ очсон юм...” гэж тус тус мэдүүлсэн байна. Дээрхээс дүгнэхэд мөрдөгч, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал” буюу гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэнийг бүрэн шалгаж тогтоолгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн эсэхийг, мөн Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороо, Станцын .... тоотод үйлдэгдсэн эсэхийг тус тус тогтоох үүднээс: 1. Яллагдагч Ц.А нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгсөн /Улсын 3 дугаар эмнэлэг, өөр бусад эмнэлэгт/ талаарх баримтыг холбогдох эмнэлгийн байгууллагаас гаргуулан авах, 2. Яллагдагч Ц.А-г 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хэдэн цагт шинжилгээ өгч, хэзээ Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороо, Станцын .... тоотод байрлах өөрийн гэртээ очсныг тодорхой болгох, 3. Амь хохирогч У.Р-г 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгээс гарсан талаарх лавлагааг хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгийн байгууллагаас гаргуулан авах, 4. Амь хохирогч У.Р нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгээс гараад хэдэн цагийн үед хаана, хэнээр хүргүүлснийг хөдөлбөргүй тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагатай байна. Иймд дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” байх тул яллагдагч Ц.А-д холбогдох, эрүүгийн 2308018740169 дугаартай хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв. Мөн яллагдагч Ц.А-д холбогдох, эрүүгийн 2308018740169 дугаартай хэрэг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шилжиж ирэхдээ “2308000000294” гэх дугаараар цахим системд бүртгэгджээ. Гэтэл яллагдагч Ц.А-д холбогдох эрүүгийн 2308018740169 дугаартай /үндсэн/ хэрэг тус дүүргийн прокурорын газрын цахим санд “шүүх хүлээн аваагүй” төлөвтэй байгаа болох нь дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1/3274 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул шүүхэд цахимаар шилжиж ирээгүй атлаа биет байдлаар ирсэн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй. Харин яллагдагчийн өмгөөлөгч Л.Н, Ч.Ө нар нь “урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай” хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсан мөрдөн шалгах ажиллагааг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болж хэрэг прокурорт хүргэгдсэний дараа мөрдөгч, прокурорт хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно. Хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэлдээ: “... шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Ц.А нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улсын 3 дугаар эмнэлэгт хэвтсэн өвчний түүхийг авч хэрэгт хавсаргасан /1хх 210/ нь яллагдагчийг хэрэг явдал болсны маргааш өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 23 минутад эмнэлэгт хэвтсэн болохыг нотолдог. 2. Ц.А нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ “2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би өглөө 07 цаг гээд гэрээсээ гарсан ба 07 цаг өнгөрөөгөөд 3 дугаар эмнэлэг дээр очиж шээс цус, биохимийн шинжилгээ өгсөн. Манай гэрт тухайн үед хүүхдүүд үлдсэн бөгөөд би эмнэлэг рүү ганцаараа явсан юм. Би 3 дугаар эмнэлэг дээр шинжилгээгээ өгчихөөд дараа нь мэргэжлийн эмчлэгч эмчдээ үзүүлээд өглөө 10 цагийн үед эмнэлгээс гараад шууд гэртээ харьсан. Би гэртээ очиход манай гэрт хүнгүй байсан ба би гэртээ ганцаараа байсан юм” гэж дурджээ. /2хх 30/ Дээрх мэдүүлгээр яллагдагч Ц.А нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өглөө 3 дугаар эмнэлгээс гараад Сонгинохайрхан дүүргийн дугаар хороонд байрлах өөрийн гэртээ 10 цаг өнгөрөөд очсон болох нь тогтоогддог. Хэдийгээр амь хохирогч Ц.Р нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эмнэлэгт хэвтээд гарахдаа найз Ш.Б-аар өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн дугаар хороонд байрлах Тахилтад тухайн өдрийн 15 цагийн үед хүргүүлээд үлдсэн байх боловч тэр оройноо амь хохирогч Ц.Р нь амьдардаг төрсөн ах болох яллагдагч Ц.А-ийн гэрт очсон байдаг. Түүнчлэн яллагдагч, амь хохирогч нар Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Станцын ... тоотод 2022 оны 12 дугаар сараас хойш хамт амьдардаг байсан нь гэрч Я.С-ын “Р ах манай хадам аав болох Ц.А-ийн төрсөн дүү нь юм. Ц.Р нь Тахилтад ганцаараа амьдардаг байсан ба 2022 оны 12 сараас хойш манай гэрт байсан юм. Түүнээс хойш талийгаач Ц.Р болон Ц.А нар нь цуг нэг байранд амьдрах болсон юм” /2хх 39/, гэрч А.Э-ийн “2023 оны 01 дүгээр сараас эхлэн Ц.Р ах манайд ихэвчлэн амьдарч эхэлсэн” гэсэн мэдүүлгүүд /1хх 46/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоно. 3. Амь хохирогч Ц.Р нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хавдар хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх зорилгоор хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчилгээ дуусч, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус эмнэлгээс гарсан болох нь түүний өвчний түүх /1хх 143-157/ эмнэлгээс гарах үеийн эмчийн тэмдэглэл, гэрч Ш.Б хууль ёсны төлөөлөгч Р.Г нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байхад шүүхийн шийдвэрт дурдсан лавлагааг авах нь ач холбогдолгүй юм. Түүнчлэн Ц.Р-г эмчилсэн эмч С.С “Ц.Р нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай эмнэлгээс гарсан ба өвчний түүх дээр тэмдэглэгдсэн байгаа” гэсэн мэдүүлэг өгсөн. /1хх 64-65/ 4. Амь хохирогч Ц.Р нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгээс гарахдаа гэртээ хүргүүлэхээр өөрийн найз Ш.Бат-Өлзийг дуудсан байдаг бөгөөд найз Ш.Б нь өөрийн автомашинаар 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад амь хохирогч Ц.Р-г Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Тахилтад байх гэрт нь хүргэж өгөөд явсан болох нь гэрч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...15 цагийн үед залгаж эмнэлгээс гаргаад Тахилт руу, гэр лүү хүргээд өгөөч” гэж гуйхаар нь би зөвшөөрч, машинаараа гэрт нь хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /1хх 51-54/, хууль ёсны төлөөлөгч Р.Г-ийн мэдүүлэг /1хх 33-34/, талийгаач Ц.Р-ийн амьд ахуй байхдаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ахындаа амарч байтал ах согтуу орж ирээд хоол идсэнгүй баашиллаа гээд зодсон” гэх агуулга бүхий мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон. Хэрэгт авагдсан яллагдагч Ц.А, амь хохирогч Ц.Р нарын төрсөн дүү болох гэрч Ц.Т-ийн “Ер нь Ц.А ахын гэрээр ордог. Заримдаа Ц.А ах над руу Ц.Р ахыг замаараа гэрт ирж, хоол унд идчихээд гараад явлаа гэж ярьдаг” гэж мэдүүлсэн /1хх 57/. Яллагдагч Ц.А нь “Би 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төрсөн дүүтэйгээ уулзаагүй. 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би 3 дугаар эмнэлэг дээр шинжилгээгээ өгчихөөд дараа нь мэргэжлийн эмчлэгч эмчдээ үзүүлээд өглөө 10 цагийн үед эмнэлгээс гараад шууд гэртээ харьсан. Би гэртээ очиход манай гэрт хүнгүй байсан ба би гэртээ ганцаараа байсан юм” гэж мэдүүлж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” юм. Харин амь хохирогч Ц.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Би 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн төрсөн ах Ц.А-ийн гэрт Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, шар Станцын .... тоотод гэрт нь амарч байсан чинь манай ах Ц.А согтуу намайг унагаж байгаад миний цээж хэвлий рүү гуталтай хөлөөрөө "Чи босож хоолоо ид гээд мөн намайг бие муу гээд хэвтэж байна гэхэд маяглаад байна гээд 3-4 удаа өшиглөөд бос гэсэн боловч би амьсгалж чадахгүй тухайн үед ухаан алдсан” гэж хэргийн үйл баримт, болсон явдал, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, газар, сэдэлт, зорилгыг хөдөлбөргүй тогтвортой, эх сурвалжаа шууд заан мэдүүлсэн байдаг /1хх 27-28/. Дээрх амь хохирогч Ц.Р-ийн “ахдаа зодуулсан” гэх мэдүүлгийг хууль ёсны төлөөлөгч Р.Г, гэрч Б.У, гэрч Б.Н нар давхар нотолж мэдүүлэг өгсөн бөгөөд шинжээч эмч Т.А “Дээрх талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба гуталтай хөлөөр өшиглөж, дэвсэх үед үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтлийг амь хохирогч нь өөрөө өөртөө учруулах боломжгүй, амь хохирогчийн биед учирсан гэмтэл унах, ойчих үед үүсэх боломжгүй” гэж мэдүүлсэн. Мөн тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Эрхэсийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Ц.А нь 6 хоногийн өмнө очсон, тухайн үед намайг амарч байхад манай ах архи уучихсан намайг гуталтай хөлөөрөө цээж, хэвлий хэсэг рүү өшиглөж гэмтээсэн.” гэх мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт авагдсан байна. Прокуророос яллах дүгнэлтдээ гэмт хэрэг үйлдэгдсэн огноог “2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр” гэж тодорхойлсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасан хугацааг минут, цаг, хоног, cap, жилээр тоолно” гэснийг зөрчөөгүй болно. Амь хохирогч Ц.Р нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр өгсөн “2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, яллагдагч Ц.А-ийн гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо шар Станцын …. тоотод зодуулсан. Намайг манай ахаас өөр хүн зодоогүй” гэх мэдүүлгийн эх сурвалж буюу ахын гэрт очиж зодуулсан гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, өвчний түүх, мөрдөгчийн тэмдэглэл зэрэг бусад бичгийн баримтуудаар давхар тогтоогдсон байхад шүүх амь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлсэн мэдүүлгийг үнэлэлгүй “Гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэнийг бүрэн шалгаж тогтоолгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн", энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” байх тул гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг хэзээ, хаана, яаж, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг гэмт хэргийн нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон байна. Шүүх гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэнийг тогтоогоогүй гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх заалтуудыг зөрчсөн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж дүгнэж байна. 5. Прокуророос яллагдагч Ц.А-д холбогдох хэрэгт үйлдсэн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 241 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт хэргийн дугаарыг “2308000000294” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулахаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-д “Прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт” шүүхэд өгсөн, түүнчлэн цахим системд огт байхгүй хэргийн дугаараар буюу “2308000000294” дугаараар шүүxийн цахим системд бүртгэгдсэнийг зөвтгүүлэх талаар прокуророос 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1/3274 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байтал прокурор шүүхийн xэлэлцүүлэгт гаргасан хүсэлт болон албан бичгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүгчийн захирамжид дурдаагүй, эрүүгийн 2308018740169 дугаартай хэргийг шүүx биет байдлаар хүлээн авч, шүүхийн xэлэлцүүлэг явуулсан байхад цахим системд бүртгэгдээгүй гэх нэрийдлээр хэсгийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй, цаашлаад гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийг шийдвэрлэхэд шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй юм. Шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биeлүүлэxэд ямар нэгэн эргэлзээ төлүүлэxгүй байхаар бичигдсэн байна” гэх, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй” гэх заалтуудыг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй”, 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1741 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Прокурор Д.Түмэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эсэргүүцлийг дэмжиж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

            Яллагдагч Ц.А-ийн өмгөөлөгч Ч.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тус хэргийг прокуророос анхан шатны шүүхэд шилжүүлэхээс өмнө гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулахаар Улсын ерөнхий прокурор  хүртэл гомдол гаргасан. Гэвч гомдлыг хүлээж аваагүй, хэрэг шүүхэд шилжсэн. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргаж гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зайтай холбоогүйгээр талийгаачийг асарч байсан хүмүүс болон талийгаачийн эрүүл мэнд, хувийн байдалтай холбоотой зүйлүүдийг тодруулахаар хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх өмгөөлөгч нарын урьдчилсан хэлэлцүүлэгт дурдсан хүсэлтүүдийг хүлээн аваагүй боловч гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зайг зайлшгүй тодруулах шаардлагатай гэж дурдан захирамжаараа шийдвэрлэсэн. Миний хувьд шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын хамгийн түрүүнд шалган тогтоох ёстой нөхцөл байдлууд байхад прокурорын байгууллага, энэ хэрэгт хяналт тавьсан прокурорын үйл ажиллагаа, ямар байгааг харуулж байна. Эргэлзээтэй байхад шилжүүлсэн хэрэгт шүүх тодорхой дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд  үндэслэлтэй. Прокурорын шатанд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийх нь зохимжтой гэж шүүх дүгнэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн. Миний үйлчлүүлэгч энэ цаг хугацаанд хавдрын хүнд шатны эмчилгээнүүдийг хийлгэж явсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оновчгүй, шуурхай бус удаан үргэлжилж байгаа байдал нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, сэтгэл зүйн нөхцөл байдалд маш их хүндрэл үүсгэж байна. Хуульд заасны дагуу ажиллагааг түргэн шуурхай, оновчтой явуулсан бол эрүүл мэндийн үйлчилгээ авахад эергээр нөлөөлөх байсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх боломжтой бол прокурорыг анхаарал хандуулан ажиллахыг тусгайлан дурдаж өгөхийг хүсч байна. ...” гэв.      

            Яллагдагч Ц.А-ийн өмгөөлөгч Л.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэгт улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ болон урьдчилсан хэлэлцүүлэгт хэлсэн тайлбар, давж заалдах журмаар бичсэн эсэргүүцэл дундаас 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр талийгаачийг эмнэлгээс гарсан гэдэг дээр маргадаггүй гэдгийг харж болно. Б гэх найз нь эмнэлгээс гаргаад хаана хүргэж өгсөн гэдэг асуудал анхаарал татна. Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороо, Тахилт гэх газарт талийгаачийг гэрт нь хүргэж өгсөн болох нь гэрчийн мэдүүлгээр баталгаатай тогтоогддог. Харин хэзээ Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороо, Станцын тоот буюу гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газарт хэзээ, яаж, хэрхэн очсон, тэнд зодуулсан бол буцаж хэзээ, яаж гэртээ харьсан, хэн хүргэж өгсөн гэдгийг тогтоох ёстой. Энэ бүгдийг шүүгчийн захирамжид тодорхой заасан тул эсэргүүцэл үндэслэлгүй. Яллах дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтаар энэ бүгдийг зааж, нотолж оруулах ёстой байтал огт тайлбарладаггүй. Талийгаач 2023 оны 01 дүгээр сараас энэ гэрт амьдарч байсан, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороо, Станцын гэх газрын гэрт очсон гэдгийг яаж нотлох вэ. Өмгөөлөгч нар болон шүүгчийн хэлснээр яллагдагч болон талийгаач нар яаж хоорондоо уулзсан, яаж таарсан, гэмт хэрэг гарсан гэх газар талийгаач байсан гэдгийг нотлох ёстой. Үүнийг заавал нотлон тогтоож байж хэргийг бодитой шийдвэрлэхээс биш өмнө амьдарч байсан гэдэг гэрч нарын мэдүүлэг, тайлбарыг барьж, өмнө амьдарч байсан учраас 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр талийгаачийг зодсон байж таарна гэдэг байдлаар буруутгах үндэслэлгүй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Яллагдагч Ц.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өмгөөлөгч нартайгаа санал нэг байна. Тухайн өдөр би дүүтэйгээ уулзаагүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал” буюу гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэнийг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй ба уг ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тодруулсан, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Тодруулбал, анхан шатны шүүх гэмт хэрэг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн эсэхийг, мөн Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороо, Станцын .... тоотод үйлдэгдсэн эсэхийг тус тус тогтоох үүднээс яллагдагч Ц.А нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгсөн /Улсын 3 дугаар эмнэлэг, өөр бусад эмнэлэгт/ талаарх баримтыг холбогдох эмнэлгийн байгууллагаас гаргуулан авах, яллагдагч Ц.А-г 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хэдэн цагт шинжилгээ өгч, хэзээ Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороо, Станцын ... тоотод байрлах өөрийн гэртээ очсныг тодорхой болгох, амь хохирогч Ц.Р-г 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгээс гарсан талаарх лавлагааг хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгийн байгууллагаас гаргуулан авах, амь хохирогч Ц.Р нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгээс гараад хэдэн цагийн үед хаана, хэнээр хүргүүлснийг хөдөлбөргүй тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагатай гэж үзжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, Ц.А нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “би 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өглөө 07 цаг гээд гэрээсээ гарсан ба 07 цаг өнгөрөөгөөд 3 дугаар эмнэлэг дээр очиж шээс цус, биохимийн шинжилгээ өгсөн. Манай гэрт тухайн үед хүүхдүүд үлдсэн бөгөөд би эмнэлэг рүү ганцаараа явсан. Би 3 дугаар эмнэлэг дээр шинжилгээгээ өгчихөөд дараа нь мэргэжлийн эмчлэгч эмчдээ үзүүлээд өглөө 10 цагийн үед эмнэлгээс гараад шууд гэртээ харьсан. Би гэртээ очиход манай гэр хүнгүй байсан” гэсэн мэдүүлэг, мөн тэрээр 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр биохими, гематологи, клиник химийн шинжилгээ өгсөн /1хх 218, 221/, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр өвчний түүх нээсэн нь эрүүл мэндийн бүртгэлийн маягтад /1хх 210-232/ авагдсан зэргээс яллагдагч Ц.А нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн өглөөний 07 цагийн үед 3 дугаар эмнэлэгт шинжилгээ өгсөн, эмчлэгч эмчдээ үзүүлээд 10 цагийн үед эмнэлгээс гараад өөрийн гэртээ очсон болох нь тогтоогдсон гэж үзэхээр байна.

Амь хохирогч Ц.Р-г 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгээс гарсан талаарх лавлагааг хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгийн байгууллагаас гаргуулан авах, У.Р нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгээс гараад хэдэн цагийн үед хаана, хэнээр хүргүүлснийг хөдөлбөргүй тогтоох ажиллагааг мөн дахин хийх шаардлагагүй байна.

Учир нь, амь хохирогч Ц.Р нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгээс гарсан нь хохирогчийн өвчний түүх /1хх 143-152/, эмчлэгч эмч С.С “Ц.Р нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай эмнэлгээс гарсан” /1хх 64-65/, гэрч Ш.Б-ийн “...2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед эмнэлгээс гаргаад Тахилт руу, гэрт нь машинаараа хүргэж өгсөн” /1хх 51-54/ гэсэн мэдүүлгүүдээр амь хохирогч Ц.Р нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээс гарч, Тахилтад байх өөрийн гэртээ очсон болох нь нотлогдож байна.

Дээрх хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаанууд хийгдсэн байх бөгөөд уг ажиллагааг заавал дахин гүйцэтгэх шаардлагагүй ба хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, хэрэгт авагдсан яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, хэргийн бодит байдлуудыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох боломжтой байна гэж дүгнэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/1741 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Н.Ундрахын бичсэн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.

Яллагдагч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/1741 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ   

                                             ШҮҮГЧ                                      Г.ГАНБААТАР

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ