| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 158/2025/0020/З |
| Дугаар | 158/ШШ2026/0016 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Төрийн алба, Бусад, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 158/ШШ2026/0016
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Ууганцэцэг, шүүгч Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн *******,
Хариуцагч: Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Гуравдагч этгээд Ж.******* нарын хоорондын “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулах тухай”, VII/37 дугаартай "Булган аймгийн ИТХ-ын даргаар Ж.*******ыг томилох тухай" тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, Ш.*******ыг Хөдөлмөрийн хуулийн дагуу Булган аймгийн ИТХ-ын даргын ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг буруутай этгээдээс гаргуулан, нөхөж олгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, Р.Цэрэнханд, гуравдагч этгээд Ж.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, иргэдийн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдаанд:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.******* нь Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “тус Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд ирүүлсэн.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “хэргийг шийдвэрлэх хүртэл хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ ба тухайн үед албан томилолтоор ажилласан хөлс, шүүхээр шийдвэрлүүлэх хугацааны явцад өөрөөс гарсан зардлууд болох замын зардлууд, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс, тэмдэгтийн хураамж зэргийг буруутай этгээдээр төлүүлэх” гэж нэмэгдүүлсэн.
3. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 2026 оны 01 дүгээр сарын 05 өдөр тодруулахдаа “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулах тухай”, мөн өдрийн VII/37 дугаартай "Булган аймгийн ИТХ-ын даргаар Ж.*******ыг томилох тухай" тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, Ш.*******ыг Хөдөлмөрийн хуулийн дагуу Булган аймгийн ИТХ-ын даргын ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг буруутай этгээдээс гаргуулан, нөхөж олгуулах” гэж тодорохойлсон бөгөөд шүүх хуралдаанд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцсэн болно.
4. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудал огт тусгагдаагүй, итгэл үзүүлэх эсэхээр хэлэлцэх үндэслэл болсон тухай материал Хурлын төлөөлөгч нарт тараагдаагүй, танилцуулагдаагүй, Хурлаар хэлэлцүүлэх асуудлыг Хуралдаанаас 2 хоногийн өмнө төлөөлөгчдөд мэдэгддэг хуралдааны дэгийн заалтыг зөрчиж асуудлыг гэнэт оруулж ирсэн нь үндэслэлгүй ба намайг хүндэтгэн үзэх шалтгаанаар байхгүй байх хойгуур мэдэгдэх ажиллагаа хийж, тайлан, тайлбар авалгүйгээр VII/35 дугаартай тогтоолоор хөдөлмөрлөх эрхийг зогсоосон шийдвэр гаргасан,
- тус тогтоолын хууль зүйн үндэслэл нь тусгайлан эрх олгосон хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцээгүй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг хангах” зарчим, заалтыг зөрчсөн,
- хуульд заасан тодорхой шалтгаан үндэслэлгүйгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг итгэл үзүүлэх эсэх асуудлаар огцруулах заалт байхгүй тул маргаан бүхий тогтоолууд нь хууль зөрчсөн” гэж тодорхойлов.
5. Хэргийн үйл баримтын талаар:
5.1. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэх/-ын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн II/05 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолоор тус Хурлын даргаар *******гийн *******ыг сонгож, баталсан. /хэргийн нэгдүгээр хавтасны 6 дугаар тал/
5.2 Мөн Хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/26 дугаартай “Ш.*******д цалин олгох тухай” тушаалаар Ш.*******ын үндсэн цалинг төрийн өндөр албан тушаалын ТӨ-ҮА буюу 3,535,560 төгрөг, онцгой нөхцөлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 30 хувь, орон нутгийн нэмэгдлийг 20 хувь, хоолны хөнгөлөлтийг 1 өдрийн 10,000 төгрөгөөр тооцож, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс олгохоор шийдвэрлэсэн. /хэргийн нэгдүгээр хавтасны 7 дугаар тал/
5.3. Тус Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн II/08 дугаартай “Хуралдааны дэг батлах тухай” тогтоолоор Хуралдааны дэгээ баталсан бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн 10 дугаар хурлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг зарлах, тус Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг тус тус тодорхойлсон. /хэргийн нэгдүгээр хавтасны 100-111, 114-119 дүгээр тал/
5.4. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/08 дугаартай “Хуралдаан зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай” захирамжаар тус Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагт танхимаар зарлан хуралдуулж, “...1. “Амар тайван Булган” хөтөлбөр батлах тухай, 2. Улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай, 3. “Хөдөө аж ахуй-Хөгжлийн ирээдүй” ОНӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн батлах тухай, 4. “Булган-Мээж” ОНӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн батлах тухай”, 5. “Булган-Мээж” ОНӨХХК-ийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний санал, 6. Сум, сургуулийн түүхт ой, тэмдэглэлт өдрийн тов тогтоох тухай, 7. Сүм, хийдийн зөвшөөрөл олгох тухай, 8. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, 9. Засгийн газрын хуралдаанд танилцуулах бодлогын баримт бичигт санал оруулах тухай” асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. /хэргийн нэгдүгээр хавтасны 8-9, 85-86 дугаар талууд/
5.5. Дээрх Хуралдааны тов болон түүгээр хэлэлцэх асуудлуудтай холбогдох материалуудыг төлөөлөгч нарт цахимаар хүргүүлжээ. /хэргийн нэгдүгээр хавтасны 124-172, 181-184 дүгээр тал/
5.6. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/10 дугаартай “Хуралдаан удирдуулах тухай” захирамжаар “...1....Хурлын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар 2025 оны 04 дүгээр сарын 23-25-ны хооронд Улаанбаатар хотод ажиллах тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдааныг Орхон сумын төлөөлөгч, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Ч.Оюунчимэгээр удирдуулсугай” гэж шийдвэрлэсэн. /хэргийн нэгдүгээр хавтасны 10 болон 87 дугаар тал/
5.7. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан бөгөөд тус Хуралдаанд оролцвол зохих 29 төлөөлөгчөөс 22 төлөөлөгч оролцож 75.9%-ийн ирцтэй, 7 төлөөлөгч чөлөөтэй байсан байна. /хэргийн нэгдүгээр хавтасны 44-84, хэргийн хоёрдугаар хавтасны 8 дугаар тал/
5.8. Хуралдаанд тус Хурлын төлөөлөгч Т.******* Хурлын даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх эсэх талаарх асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналыг гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар Т.******* төлөөлөгчийн саналыг тус хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулсан төдийгүй нэгдүгээрт хэлэлцэхээр шийдвэрлэсэн. /хэргийн нэгдүгээр хавтасны 122-123 дугаар тал/
5.9. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/34 дугаартай “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолоор тус Хурлын даргад итгэл үзүүлэх, итгэл эс үзүүлэх тухай санал хураалтыг зохион байгуулах Тооллогын комиссыг төлөөлөгч Д.Нармандах, О.Далайцэрэн, Б.Энх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд тооллогын комиссын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай “Тооллогын комиссын дарга, нарийн бичгийн даргыг сонгох тухай” тогтоолоор Тооллогын комиссын даргаар төлөөлөгч Д.Нармандахыг, нарийн бичгийн даргаар О.Далайцэрэнг сонгожээ. /хэргийн нэгдүгээр хавтасны 88, хоёрдугаар хавтасны 09 дүгээр тал/
5.10. Дээрх тооллогын комиссын 02 дугаартай “Тооллого явуулах журам, Саналын хуудасны загвар батлах тухай” тогтоолоор журмыг 1 дүгээр хавсралтаар, саналын хуудасны загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталж, /хэргийн хоёрдугаар хавтасны 10 дугаар тал/
5.11. Мөн комиссын 03 дугаартай “Тооллого явуулсан дүнгийн тухай” тогтоолоор санал хураалтад 19 төлөөлөгч оролцон санал өгснөөс “итгэл үзүүлнэ” гэж 15.8 хувь буюу 3 саналын хуудас, “итгэл эс үзүүлнэ” гэж 84.2 хувь буюу 16 саналын хуудас гарсныг Хуралдаанд уламжлахаар шийдвэрлэсэн байна. /хэргийн нэгдүгээр хавтасны 90 дүгээр тал/
5.12. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолоор Ш.*******ыг Хурлын даргын албан тушаалаас огцруулж, VII/37 дугаартай тогтоолоор төлөөлөгч Ж.*******ыг Хурлын даргаар сонгож, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100%-ийн саналаар маргаан бүхий тогтоолуудыг баталжээ.
5.13. Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолоор Ш.*******ыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд тус шийтгэл тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
5.14. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаас 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02/63 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр дээрх 2025/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үндэслэлээр “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон”-ыг Ш.*******д мэдэгдсэн үйл баримтууд тус тус тогтоогдов.
6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн эрх, үүргийг тодорхойлсон 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, 39.1.3-т “хэлэлцэж байгаа асуудлын талаар …санал хураалгах”, 39.1.4-т “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” гэжээ.
Түүнчлэн дээрх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Аймаг…ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах… чиг үүрэг бүхий Хурлын хороо байгуулан ажиллуулж Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангана”, 46 дугаар зүйлийн 46.6-д “Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана”, 46.9-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын …төлөөлөгч …асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн… олонхын саналаар батална”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь …хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий …Зөвлөл байгуулна…”, 52 дугаар зүйлийн 52.1.1-д “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах”, 52.1.2-т “тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах”, 52.1.4-т “эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах”, 52.1.10-т “тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх” гэж Хурлын даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийг, 53 дугаар зүйлийн 53.3-т “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж тус тус хуульчилсан байна.
8. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хуралдан нийт 9 асуудлыг Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тодорхойлсныг дарга Ш.******* мөн өдрийн А/08 дугаартай захирамжаар баталгаажуулж, Хурлын ээлжит бус VII хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цагт танхимаар 22 төлөөлөгч буюу 75,9 хувийн ирцтэйгээр эхэлжээ.
9. Хуралдааныг тус Хурлын даргын захирамжаар Хуралдаан удирдах эрх олгосон төлөөлөгч Ч.Оюунчимэг удирдан явуулсан байх ба хуралдаанд оролцоогүй чөлөөтэй байсан 7 төлөөлөгчийн нэг нь Хурлын дарга Ш.******* байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуралдааны тэмдэглэл, ирцээр нотлогдож байна.
10. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах явцад төлөөлөгч Т.******* “Хурлын даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх тухай” асуудлыг хэлэлцэх асуудалд нэмж оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 14 төлөөлөгч /63,6%/-ийн, уг асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллын нэгдүгээрт хэлэлцэх санал гаргасныг 12 төлөөлөгчийн саналаар тус тус дэмжиж, баталсан.
11. Маргаан бүхий захиргааны акт болох Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоолыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтууд, 48 дугаар зүйлийн 48.1, 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсгүүд болон Тооллогын комиссын 4 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн гаргажээ.
12. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаал нь улс төрийн албан тушаалд хамаарахаар хуульчилсан. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т “Хурлын даргын сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж зааснаар уг албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүн /төлөөлөгч/-ийг хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар томилох, түүнийг чөлөөлөх, огцруулах шийдвэр нь улс төрийн шийдвэрт хамаарахаар байна.
13. Иймд Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл буюу түүнийг Хурлын даргын албан тушаалаас огцруулах үнэслэлтэй байсан эсэхийг хянахгүй ч уг шийдвэрийг гаргахдаа хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэнэ. Тодруулбал: Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь шийдвэр гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны тусгайлсан журмыг баримталсан эсэхийг хянана.
14. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий VII/35 дугаартай тогтоолыг гаргасан “Хуралдааны үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй” гэж, хариуцагч талаас “Хуралдаан өөрийн баталсан Дэгийн дагуу явагдсан” хэмээн маргаж байгаа.
15. Хэргийн оролцогч нар ийнхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн эсэх талаар маргаж байх тул уг маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарна.
16. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 болон 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсгүүдийг заан мэтгэлцэв.
17. Дээрх зохицуулалтууд нь Хурлын төлөөлөгч асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй. Тухайн саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх, олонхийн санал авсан хүнийг Хурлын даргад сонгох агуулгатай байна.
18. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдааныхаа дэгийг өөрөө тогтоохоор хуульчилсан бөгөөд Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн II/08 дугаартай тогтоолоор “Дэг”-ээ баталсан байдаг.
19. Тус “Дэг”-ийн 3.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан нь хууль дээдлэх..., төлөөлөгч нарын тэгш оролцоог хангах... зарчмыг удирдлага болгоно”, 4.1.4-т “Горимын санал” гэж хэлэлцэх асуудал, дарааллын талаар гаргасан саналыг” ойлгоно”, 6.1-д “Хуралдаанаар ...Хурлын төлөөлөгч ...шийдвэрлүүлэхээр санал болгосон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ”, 6.6-д “Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, хэлэлцэх дарааллыг ИТХ-ын Зөвлөлийн саналыг харгалзан, Хурлын даргын захирамжаар батална”, 6.7-д “Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй, цаг үеийн шинжтэй асуудал гарсан тохиолдолд тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ”, 6.8-д “Хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг төлөөлөгчдөд бүртгүүлсэн албан ёсны цахим хаягаар хуралдаанаас 2 хоногийн өмнө хүргүүлнэ. Хүргүүлсэн тухай мэдээллийг утсан холбоогоор давхар мэдэгдэнэ”, 7.2-т “Төлөөлөгч нь эрүүл мэндийн шалтгаанаар болон ...гадаад, дотоодод томилолтоор явсан... холбоотойгоор хуралдаанд ирээгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх бөгөөд бусад тохиолдолд бичгээр хүсэлт гаргаагүй бол хуралдаанд ирээгүй гэж үзэж тасалсанд тооцно”, 8.6-д “Төлөөлөгч тухайн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг ...дараалал өөрчлөх, асуудал нэмэх “горимын санал” гаргах бол хурлын даргад саналыг үндэслэлийн хамт амаар болон бичгээр илэрхийлнэ”, 9.1-д “Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ил болон нууц санал хураалтаар шийдвэрлэнэ”, 12.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, МУЗЗНДНТУТХ, бусад хуульд хэлэлцэхээр заасан ...асуудлуудыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ”, 12.2-т Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэрийн төслийг тухайн хуралдаан болохоос ажлын 5 өдрийн өмнө холбогдох судалгаа, тайлбар, тооцоо, лавлагаа, зураг бүхий баримт бичгийг асуудал оруулж байгаа этгээдээс Хурлын Ажлын албанд цаасаар болон файлаар, албан бичгийн хамт ирүүлнэ”, 12.6-д “Хуралдаанд бэлтгэх ажлын төлөвлөгөө гаргах, санал дүгнэлтийн төслийг боловсруулах... ажлыг тухайн хорооны дарга, Хурлын ажлын алба... хариуцна”, 14.2-т “МУЗЗНДНТУТХ-ийн холбогдох заалтын дагуу төлөөлөгч Хурлын... даргыг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн бол Хурал уг саналыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэнэ...”, 16.1-д “Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилсан бэлтгэлийг хангах, санал дүгнэлт гаргах... чиг үүрэг бүхий Хурлын хороог байгуулан ажиллуулна...”, 17.1-д “Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны ...бэлтгэл хангах... Зөвлөл байгуулна...” гэж тус тус журмалжээ.
20. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл, Даргын захирамжаар ээлжит бус VII хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг тодорхойлон, холбогдох материалыг бэлтгэн төлөөлөгчдөд хүргүүлсэн бөгөөд тухайн асуудлуудыг хэлэлцэхээр Хуралдаанд оролцсон төлөөлөгчид баталж, шийдвэрлэсэн үйл ажиллагаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9, 47 дугаар зүйлийн 47.2, 52 дугаар зүйлийн 52.1.1 болон тус Хурлын Дэгийн 6.6, 6.8, 12.2, 12.6 дахь зохицуулалтуудад нийцсэн байна. Хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.
21. Харин 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн дээрх ээлжит бус VII хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг батлах шатанд Хурлын дарга Ш.*******д “итгэл үзүүлэх, эс үзүүлэх эсэх” асуудлыг Хуралдаанаар хэлэлцэх асуудалд нэмж оруулах “горимын санал”-ыг Хурлын төлөөлөгч Т.******* гаргасан нь Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжигдэн, Тооллогын комиссыг байгуулж, санал хураалтын үйл ажиллагааг явуулан, Ш.*******ыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулах шийдвэр гаргасан үйл ажиллагааг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргаж байгаа.
22. Хурлын дарга Ш.*******д “итгэл үзүүлэх, эс үзүүлэх эсэх” асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үр дагавар нь Ш.*******ын “Хурлын даргын бүрэн эрхийг дуусгавар болгох” эсхүл “Хурлын дарга хэвээр үлдээх” гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргах агуулгатай байна.
23. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт болон 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэгийн 6.1 дэх зохицуулалтуудаар төлөөлөгч нь Хуралдаанаар хэлэлцэх асуудлын санал гаргах эрхтэй бөгөөд хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 болон Дэгийн 12.1 дэх зохицуулалтуудад зааснаар Хурлын даргын албан тушаалаас огцруулах эсэх асуудал нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэлэлцэн шийдвэрлэх асуудалд хамаарна.
24. Гагцхүү тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан хурлын шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлсэн байх шаардлагатай юм. Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь ...хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах эрх, үүрэгтэй байна” гэж заасан бөгөөд 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэгт зааснаар Хурлын төлөөлөгч нь Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах эрхээ хэрэгжүүлэхдээ тухайн асуудалд холбогдох баримтыг гаргаж өгөх, ИТХурал уг баримтуудыг Хуралдаан болохоос ажлын 2 хоногийн өмнө нийт төлөөлөгч нарт өгч танилцах боломжийг олгох учиртай.
Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, ...ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий ...Зөвлөл байгуулна. Зөвлөлийг Хурлын дарга тэргүүлнэ”, 51.3-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал батална” гэж заасан.
Зөвлөлийн “...хуралдааны бэлтгэл хангах” үүрэг нь дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан “...саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын 2 өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах...” үйл ажиллагаагаар хэрэгжих бөгөөд Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал батлахаар хуульчилсан ба хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргаж буй этгээдээс саналд холбогдох тооцоо, судалгаагаа гарган саналын хамт хүргүүлэхээр байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан “ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ”-ын 4.1.3-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан эрх бүхий этгээдээс санаачилсан асуудлыг Зөвлөлийн хурлаар урьдчилан хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд энэ журмын 4.1.4-т заасан арга хэмжээг авах”, 4.1.4-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Зөвлөлд ирүүлсэн материалыг хянаж, шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдээс тооцоо, судалгаа, лавлагаа, мэдээллийг гаргуулж авах” гэж журамласан. Иймд энэхүү журмыг шийдвэр гаргах ажиллагаандаа баримтлана.
25. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлд Хурлын даргыг сонгох журмыг хуульчилсан боловч түүнийг огцруулах шийдвэр гаргах үндэслэлийг тухайлан зохицуулаагүй, харин 41 дүгээр зүйлд Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэлүүдийг хуульчилсан байх ба хуулийн 41 дүгээр зүйл нь төлөөлөгч “зөрчил” гаргасан бол огцруулах, бусад тохиолдолд чөлөөлөх шийдвэр гаргах агуулгатай байна.
26. Төлөөлөгч Т.******* нь “Нэг. Хурлын удирдлагын ёс зүй, манлайлал хангалтгүй байна, Хоёр. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрөө чадамжгүй байгууллага болж байна. Гурав. Аймгийн ИТХ-ын Хуралдааны бэлтгэл хангалтгүй байгаагаас хурлын хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна” гэх гурван үндэслэлээр “горимын санал”-аа гаргасан хэмээн мэдүүлдэг.
27. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 4.1.4-т “Горимын санал” гэдгийг “хэлэлцэх асуудал, дарааллын талаар гаргасан саналыг ойлгоно” гэж тайлбарлажээ. Иймд төлөөлөгч Т.*******ын гаргасан санал нь Хуралдаанаар хэлэлцэх асуудалд Хурлын даргатай холбогдох асуудлыг нэмж оруулах, уг асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллын нэгдүгээрт хэлэлцүүлэх агуулгатай байх ба хариуцагч болон гэрч нар “горимын санал” гаргасан гэж тайлбарлав.
28. Тус “горимын санал”-д тусгагдсан асуудал нь VII хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй болох нь Хурлын даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/08 дугаартай “Хуралдаан зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай” захирамжаар нотлогдож байна.
29. Харин дээрх “горимын санал”-д Хурлын дарга Ш.*******ын “удирдлагын ёс зүй, манлайлал хангалтгүй байгаа болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “чадамжгүй байгууллага” болж байгаа, Хурлын бэлтгэл ажиллагаа хангалтгүй байгаа нь хэрхэн, ямар баримтуудаар тогтоогдож байгаа болон Хурлын бэлтгэл ажиллагаа хангалтгүй, Хурал “чадамжгүй” байдалд хүрэхэд Хурлын дарга Ш.*******ын ямар үйлдэл, эс үйлдэхүй нь хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг тодорхойлсон тооцоо, судалгаа, лавлагаа, Хурлаас гарах шийдвэрийн төслийг хавсаргаж Хурлын төлөөлөгч нарт хүргүүлээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Т.*******ын шүүх хуралдаанд гаргасан “...2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр горимын санал амаар гаргасан. Дараа нь бичгээр гаргаж өгсөн. Баримт хавсаргаж өгөөгүй...” гэх мэдүүлэг болон хэрэгт нотлох баримтаар цугларсан ээлжит бус VII хуралдааны материалуудад энэ талаарх баримтыг хариуцагчаас ирүүлээгүй нөхцөл байдлуудаар давхар нотлогдож байна.
30. Саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг төлөөлөгч нарт хүргүүлэх хугацааг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “...хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө” гэж, Дэгийн 6.8 дахь зохицуулалтад “...хуралдаанаас 2 хоногийн өмнө” гэж тус тус заажээ.
31. Энэ нь төлөөлөгч холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, Хурлаас гарах шийдвэрийн төсөлгүй аливаа асуудлыг шууд хуралдаанд оруулж хэлэлцүүлэхгүй байх агуулгыг илэрхийлж байх ба холбогдох баримт материалыг Хуралдаан болохоос ажлын 5 хоногийн өмнө хүргүүлсэн байх үүргийг Дэгийн 12.2-т “...асуудал оруулж байгаа этгээдээс Хурлын Ажлын албанд цаасаар болон файлаар, албан бичгийн хамт ирүүлнэ“ гэж заасан байна.
32. Мөн дэгийн 6.7-д “Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй, цаг үеийн шинжтэй асуудал гарсан тохиолдолд тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ” гэжээ.
33. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат горимын саналыг “Дэгийн 6.7-д заасан “Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудал” гэх нөхцлийн тухайд гаргасан бөгөөд “цаг үеийн шинжтэй” асуудал гэдэгт хамаарахгүй, энэ хоёр нь тусдаа бие даасан нөхцөл, давхардсан байхыг шаардахгүй” гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа ч гэрч Т.*******аас “....хуралдаанаар “цаг үеийн асуудал” гэдгээр оруулсан гэж ойлгож болно...” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн.
34. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах, түүнд итгэл үзүүлэх эсэх асуудал нь дэгийн 6.7-д заасан тухайн хуралдаанаар цаг алдалгүй хэлэлцэх нэн шаардлагатай, цаг хугацаа алдахгүйгээр шийдвэрлэх чухал ач холбогдолтой, нийгэм, эдийн засаг, ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал гэх мэтээр зайлшгүй шийдвэрлэх “цаг үеийн шинжтэй” асуудал байсан гэж үзэхээргүй байна.
35. Хариуцагчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн маргаан бүхий VII/35 дугаартай тогтоолоор “1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******гийн *******д ...олонхын буюу 84.6 хувийн саналаар итгэл эс үзүүлэх гэсэн тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь огцруулсугай” гэж шийдвэрлэсэн байна.
36. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IX дэх удаагийн сонгуулийн II хуралдааны II/08 дугаартай тогтоолоор баталсан “АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭГ”-ийн 14.2-т “МУЗЗНДНТУТХ-ийн холбогдох заалтын дагуу төлөөлөгч Хурлын... даргыг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн бол Хурал уг саналыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэнэ...” гэх зохицуулалт батлагджээ.
37. Энэхүү зохицуулалтын гол агуулга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь “Хурлын даргыг огцруулах” саналыг “өргөн мэдүүлсэн” байх шаардлага тавигдсанаас гадна энэ төрлийн саналыг Хурал хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх үүргийг гүйцэтгэх бөгөөд санал гаргасан төлөөлөгч уг саналд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ямар заалтыг үндэслэснийг тусгасан байхыг шаардсан байна.
38. Тиймээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, тус Хурлын дэгийн 12.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргасан саналыг Хурлын хуралдаан эхлэх /хамгийн багадаа Дэгийн 12.2-т заасан хугацаанд/-ээс өмнө Хурлын Ажлын албанд бичгээр хүргүүлсэн байх үүрэгтэй байна. Тодруулбал: Хурлын төлөөлөгч хүлээн авч танилцах боломжийг хангах үүднээс санал, түүнд холбогдох баримтыг материаллаг /цаасан болон цахим суурьтай/ хэлбэрээр илэрхийлсэн байх агуулгатай байна.
39. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн батлан гаргаж, мөрдөж байгаа “АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭГ”-ийн 12.2-т заасан хугацаанд, холбогдох материал, гарах шийдвэрийн төслийн хамт, 14.2-т заасан “өргөн мэдүүлсэн” байх тусгай шаардлагыг хангаагүй саналыг Дэгийн 6.7-д заасан “горимын санал”-тай дүйцүүлэн ээлжит бус VII хуралдаанд хүлээн авч, шууд хэлэлцэх асуудалд нэмэлтээр оруулан, нэгдүгээрт хэлэлцэж маргаан бүхий VII/35 дугаартай тогтоолыг гаргасан нь Дэгийн 3 дугаар зүйлд заасан зарчим болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.
40. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаал нь “орон тооны” албан тушаал тул түүнд сонгогдсон хүн нь “төрийн албан хаагч” болно. Иймд Ш.*******ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас огцруулах асуудлыг хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж шийдвэрлэсэн нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн шийдвэр болсон гэж дүгнэв.
41. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/10 дугаартай захирамжаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдааныг төлөөлөгч Ч.Оюунчимэгээр удирдуулахаар шийдвэрлэснийг хариуцагч зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит бус VII хуралдааныг тус Хурлын VII/37 дугаартай тогтоол гарах хүртэл удирдуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, VII/34, VII/35, VII/37 дугаартай тогтоолууд болон хуралдааны тэмдэглэлээр нотлогдсон.
42. Гэтэл хариуцагч тал “Ш.******* 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанд өөрөө биечлэн оролцоогүй ч түүний гаргасан шийдвэрийн дагуу Хурлын төлөөлөгч Ч.Оюунчимэг VII хуралдааныг удирдсан. Ш.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжит бус VII дугаар хуралдаанд оролцоогүй, хуралдаанаар өөрийнх нь тухай асуудлыг хэлэлцэх гэж байгааг мэдэж байсан. Улаанбаатар хот руу явсан. Албан ажлаар явсан болохыг нотлох баримт байхгүй байна. Тэрээр 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймагт байсан болох нь мөн өдөр гаргасан шийдвэрүүдээр нотлогдоно” хэмээн маргав.
43. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны А/10 дугаартай захирамж нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.******* тус Хурлын төлөөлөгч Ч.Оюунчимэгт ээлжит бус VII Хуралдааныг удирдах эрхээ шилжүүлсэн агуулгыг илэрхийлж байхаас Хурлын даргын бүрэн эрхийг бүхэлд нь шилжүүлсэн агуулгагүй байна. Түүнчлэн Ш.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймагт байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
44. Хэрэгт Монгол Улсын гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05/839 дугаартай “Ажлын албаны дарга О.Наранжаргал”-д хаягласан албан бичиг, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02/101 дугаартай “Гадаад харилцааны яамны Консулын газар”-т хаягласан албан бичиг болон мөн өдрийн 01/99 дугаартай “Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хаягласан албан бичгүүд,” Асралт мед” нэгдсэн эмнэлгийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/97 дугаартай тодорхойлолтууд цугларсан бөгөөд тухайн баримтууд эх хувь болон хариуцагч байгууллагын “Хуулбар үнэн” тэмдгээр баталгаажигдсан хуулбар хувиуд авагдсан.
45. Дээрх баримтууд болон гэрч О.Наранжаргал, Ж.Наранчимэг нарын шүүх хуралдаанд гаргасан “Хурлын дарга Ш.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ажлын цаг дуусах дөхтөл Булган аймагт байсан бөгөөд мөн өдрөө Улаанбаатар хот руу явсан. 04 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын Тамгын газарт очих албаны болон эмнэлэгт үзүүлэх хувийн ажлаар явах болсон талаараа утсаар мэдэгдсэн” гэх агуулга бүхий мэдүүлгүүд, ээлжит бус VII хуралдааны тэмдэглэлд түүнийг “тасалсан” гэх бүртгэл хөтлөөгүй байгаа зэргээр “Ш.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжит бус VII хуралдаанд оролцоогүй” гэх хариуцагч талын тайлбар няцаагдаж байна.
46. Мөн хариуцагч тал “Ш.******* өөрийг нь Хурлын даргын албан тушаалаас огцруулах санал гаргах гэж байгаа талаарх яриа хуралдааны өмнө гарч байсныг мэдсэн” гэж мэтгэлцэж байгаа ч энэ талаар төлөөлөгчдийн хооронд яригдсан яриаг “Хурлын даргаас огцруулах санал гаргасан, түүнийг нэхэмжлэгч мэдсэн” гэж дүгнэх боломжгүйн дээр түүнийг эзгүйд уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь хэлэлцэж буй асуудлыг мэдэх, түүнд тайлбар өгөх, сонсох ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн шийдвэр болжээ.
47. Хариуцагчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаартай тогтоол нь дээрх үндэслэлүүдээр хууль бус захиргааны акт болох нь нотлогдсон тул уг тогтоолын үр дагаварт Ж.*******ыг Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон мөн өдрийн VII/37 дугаартай тогтоол нь мөн хууль бус болох учиртай.
48. Дээрх хууль бус захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх боловч маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох эрх сэргэхгүй нөхцөл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болжээ.
49. Тодруулбал Ш.*******ыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.
50. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно” гэж заасны дагуу Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02/63 дугаартай албан бичгээр “Ш.*******ын Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон” талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.
51. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т “Тухайн хурлын төлөөлөгч Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй...” гэж зааснаас дүгнэхэд тухайн Хурлын дарга нь тухайн хурлын төлөөлөгч байхаар байна.
52. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хурлын төлөөлөгч Ш.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байх тул түүний зөрчигдсөн эрхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар сэргээх үндэслэлгүй байна.
53. Тодруулбал, маргаан бүхий захиргааны актууд болох Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35, VII/37 дугаартай тогтоолууд нь хууль зөрчсөн захиргааны актууд болох нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон ч дээрх нөхцөл байдлын улмаас тухайн тогтоолуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хурлын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх сэргэхгүй.
54. Иймд “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35, VII/37 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгох, Ш.*******ыг Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
55. Харин нэхэмжлэгчийн “Хөдөлмөрийн хуулийн дагуу ажилгүй байсан үеийн цалин хөлсийг буруутай этгээдээс гаргуулан, нөхөж олгуулах” шаардлагыг тодорхой хугацаанд тооцон гаргуулах нь зүйтэй юм.
56. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, …эрхтэй. … Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. …”, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн... шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “иргэн ... өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж тус тус заажээ.
57. Нэхэмжлэгч Ш.*******ыг Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулах шийдвэрийг хуульд заасан журмыг зөрчиж гаргасан байх тул нэхэмжлэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойшхи хугацаанд авах байсан цалин хөлс нь хууль бус захиргааны актын улмаас түүнд учирсан хохирол болно.
58. Тиймээс хариуцагч нь хуульд заасан журмыг зөрчиж гаргасан маргаан бүхий VII/35 дугаартай тогтоолын улмаас нэхэмжлэгчид учруулсан хохирлыг барагдуулах үүрэгтэй.
59. Хохирлын хэмжээг маргаан бүхий захиргааны актыг гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс Ш.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шийтгэл тогтоол гарсан өдөр болох 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, түүний авч байсан цалин, хөлстэй тэнцэх нөхөх олговрыг тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйд нийцнэ.
60. Учир нь Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ш.*******ыг тус Хурлын даргаас огцруулсан хууль бус шийдвэрийг гаргаснаар нэхэмжлэгчийн /төрийн албаны/ албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх замаар хөдөлмөрлөх эрх, улмаар хөдөлмөрлөх эрхийн үндсэн дээр цалин хөлс авах эрх давхар зөрчигдөж эхэлсэн байна.
61. Харин нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол гарснаар түүний Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар дуусгавар болох үндэслэл бий болсон.
62. Тиймээс нэхэмжлэгчид учирсан хохиролыг түүний Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан хугацаагаар тооцож олгох нь хуульд нийцэх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээнд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
63. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага...Үндэслэлгүй гэж бодож байна” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд дүгнэлтийн “нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэснийг харгалзан дүгнэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35, VII/37 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгох, Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.*******ын ажилгүй байсан хугацаа болох 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгохыг хариуцагч Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ