Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/1001

 

 

 

 

    ******           9              03                                        2024/ДШМ/1001

 

Д.******, Д.****** нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Намдаг,

шүүгдэгч Д.******, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны ******оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/743  дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.******ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.******, Д.****** нарт холбогдох 2408 00000 0215 дугаартай эрүүгийн хэргийг ******оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. ****** овгийн ******ын ******, 1981 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Увс аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт ******оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:******/;
  2. ****** овгийн ****** ******, 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Увс аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ******ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр баг, ******оршин суух, ял шийтгэлгүй, /РД:******/;
  1. Д.****** нь ******оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс ******оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-10 тоот гэртээ Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон 1 ширхэг “******” шувууны түүний эд болох 1 ширхэг бодгалийг хадгалсан, ******оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ******улсын дугаартай “Kia” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобусанд тавьж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шалган нэвтрүүлэх цэгээр тээвэрлэсэн,
  2. Д.****** нь ******оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс ******оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд ******байрлах Хөшөөт гэх газар оршин суух гэртээ Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон 1 ширхэг “******” шувууны түүхий эдийг хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Д.******, Д.****** нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овгийн ****** ******ийг ховор амьтны түүний эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн, шүүгдэгч ****** овгийн ******ын ******ийг ховор амьтны түүний эдийн зүйлийг хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******ийг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.******ийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Байгаль орчин, уур амьсгалын санд төлөх төлбөргүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “******” шувууны нэг ширхэг бодгалийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******өөс гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 85.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.****** давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 4-12 насны гурван хүүхэд, эхнэрийн хамт Увс аймагт амьдардаг ба миний том хүү одоо 11 настай, төрөлхийн зүрхний хүнд хэлбэрийн дөрвөлсөн гажиг /тетрадо фалло/ оноштойгоор төрсөн цагаас эхлэн өнөөдрийг хүртэл эмчлэгдэж байгаа, зүрхний эмч нарын хяналтад байдаг. Уг өвчин нь Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй учраас 2012 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Самсунг эмнэлэгт мэс засалд орсон. Уг эмнэлгийн зүрхний эмч нарын хяналтад байдаг. дээрх оноштой хүүхдийн хувьд зүрхний гол судас нарийсалтай, гол судас гаралт буруу, хавхлагийн дутагдалтай байдаг учир 15 нас хүрэхээс өмнө Самсунг эмнэлэгт зүрхний гол судас тэлэх мэс засал зайлшгүй хийх шаардлагатай байгаа бөгөөд энэхүү мэс заслын 70-90 сая төгрөг орчмын зардалтай гэж Бүгд Найрамдах Солонгос Улсын талаас урьдчилсан байдлаар хэлсэн бөгөөд манай гэр бүлийн зүгээс эмчилгээний зардлыг шийдвэрлэхээр хөөцөлдөж байгаа. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж, шүүхийн тогтоолд надад оногдуулсан 85.000.000 төгрөг хураах шийтгэлийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд гэм буруугийн тал дээр маргахгүй, анхан шатны шүүхэд үүнийгээ илэрхийлсэн болно. ...” гэв.

Шүүгдэгч Д.******ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдолдоо бага насны 3 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг, том хүү нь зүрхний хүнд хэлбэрийн өвчтэй зэрэг хувийн байдлуудаа дурдаж холбогдох баримтаа гаргаж өгч байгаа нь гэм буруугийн талаар маргасан гэдэгт хамаарахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл болон Эрүүгийн хуулийг хэрэглээний талаар ямар нэгэн маргаан байхгүй. Гэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 10-т “Гэмт хэргийн халдлагын зүйл болох ховор амьтны түүхий эдийг Увс аймгаас Улаанбаатар хот хүртэл ******улсын дугаартай “Kia” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобусаар тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн, уг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 85.000.000 төгрөгөөр тогтоосныг гэм буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэв” гэснийг хууль зүйн хэрэглээний хувьд эс зөвшөөрч байна. Шүүх тээвэрлэсэн гэх ойлголтыг дурдахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдийг хууль зүйн үндэслэлээ болгосон. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авахаар заасан. Харин шүүх  шийдвэрийн үндэслэлээ болгохдоо “Шүүгдэгч Д.******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө байх тул ашигласан тээврийн хэрэгслийн үнийг түүнээс гаргуулах” гэсэн. Тээвэрлэх гэдэг ойлголтыг Эрүүгийн хуульд тодорхой хуульчлаагүй ба бусад харилцааг зохицуулсан, тухайлбал Импортын хуулийн 3 дугаар зүйлд тээвэрлэх гэдэг ойлголтын хууль зүйн  тодорхойлолтыг өгсөн байдаг. Хот хоорондын зорчигч тээврийн автобусыг тухайн ховор амьтан болох шувууг агнах, хууль бусаар олж авах үйлдэлдээ идэвхтэйгээр ашиглаагүй. Ашиглана гэдэг нь шувууг агнасан даруйдаа өөр газар зөөх, нуух гэх мэтээр идэвхтэй үйлдэлдээ хүч оруулсан дэмжлэг болохоос нийтийн тээврийн хэрэгсэл, галт тэрэг, онгоц зэрэгт дайвар байдлаар тавьсныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг төгссөний дараа хэрэгжүүлсэн байх тул энэ асуудлын талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй. Шувуугаа зөөх, агнасан шувууг нуун далдлах, гэмт хэргийн газраас хурдан зайлах зэрэг үйлдэлдээ ашигласан зүйл байхгүй. Хэрэгт өөр байдлаар тээврийн хэрэгсэл ашигласан үйл баримт ажиглагддаг хэдий ч миний хувьд үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг хүндрүүлж байгаа тайлбар хийгээгүй болохыг анхаарч үзэхийг хүсэж байна. Тээвэрлэх гэдгийг А цэгээс Б цэг хүртэл үргэлжлэх үйлдлийнхээ явцад хүч дэмжлэг оруулж буй идэвхтэй үйл ажиллагаа гэж ойлгож байх тул анхан шатны шүүхийн 85.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.******ийн өмгөөлөгч Б.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэдэгт нийтийн тээврийн хэрэгсэл хамаарахгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд шувууг нийтийн тээвэр эрхэлдэг жолооч нарын ачаа тээврийн үйлчилгээг ашиглаж Увс аймгаас Улаанбаатар хот руу дайвар ачаа болгож явуулсан үйл баримт тогтоогддог. Энэ үйлдлээс үзэхэд Д.****** нь өөрийн шууд үйлдлээр нийтийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх шийтгэх тогтоолоор 85.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэв.

Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч Д.******өөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 85.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл бусад этгээдийн өмчлөлд байсан болох нь тогтоогдсон бол хураан авч улсын орлого болгохоор заасан. Тухайн тээврийн хэрэгсэлд эд зүйлийн үнэлгээ гаргасан тайлангаар 85.000.000 төгрөгийн үнэлгээтэй, хот хооронд зорчигч тээврийн компанийн өмч хөрөнгө болох нь тогтоогдсон. Тийм учраас үнэлгээгээр тогтоогдсон үнийн дагуу Д.******өөс гаргуулахаар шийдвэрлэсэн. Д.******ийн хувьд гэмт хэрэг үйлдэх санаа зорилго нь ховор амьтны жагсаалтад орсон хойлог шувууны түүхий эдийг Улаанбаатар хот руу тээвэрлэх байсан бөгөөд хориотой амьтны түүхий эд байгаа гэдгийг мэдэгдэлгүй нууц далд аргаар уг үйлдлээ хэрэгжүүлж бусдын тээврийн хэрэгслийг ашигласан хэмээн үзэж тээврийн хэрэгслийн үнийн дүнг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.****** нь ******оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс ******оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд ******байрлах Хөшөөт гэх газар оршин суух гэртээ Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон “******” шувууны түүний эд болох 1 ширхэг бодгалийг хадгалсан,

шүүгдэгч Д.****** нь Д.******оос түүнийг авч, ******оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс ******оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-10 тоот гэртээ хадгалсан, ******оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ******улсын дугаартай “Kia” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобусанд дайж Увс аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн болох нь:

гэрч Э.******ын “...Би “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-д орон нутгийн автобус барьж хот хооронд жолооч хийдэг. Би ******оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагт Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хот руу ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хот хоорондын зорчигч тээвэрт хөдлөх гэж байтал зүс таних ****** гэх эрэгтэй хүн надад дайвар ачаа өгч явуулсан. Тэгэхдээ надад хэлэхдээ адууны мах байгаа гэж хэлсэн. Улмаар би хот руу гарах гэж яах ч байсан болохоор тухайн ачааг шалгаж аваагүй. Ингээд энэ оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот руу 14 цагийн орчимд орж ирэхэд Сонгинохайрхан дүүргийн эмээлтийн постод цагдаагийн алба хаагч зогсоож шалгахад тухайн ****** гэх залуугийн өгч явуулсан ачаан дотроос 2 ширхэг шувуу, 1 ширхэг гялгар ууттай амьтны элэг гарч ирсэн... 22-26 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-ийн эзэмшлийнх юм...” /хх 40-41/,

гэрч Ц.******ын “...******оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ****** над руу залгаад таны захисан Ахууна шувуу цагдаагийн алба хаагч нарт баригдсан байна. Би хөдөө явж байна, та цагдаа дээр очоод уулзаадах гэж надад хэлсэн. ...****** надад хэлэхдээ миний захисан Ахууна гэх шувуу байгаа гэж надад хэлсэн. Энэ талаар надад мэдэж байгаа зүйл огт алга. ****** надад Ахууна шувуу байгаа л гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Би тухайн шувууг мөнгө, төгрөг өгч худалдаж авсан зүйл бол байхгүй, ...олдвол авна гэж хэлж байсан...” /хх 44-45/,

гэрч Б.******ын “...би хэрэв чамд Ахууна шувуу байгаа бол над руу нэгийг явуулаач гэсэн юм. ******оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Д.****** над руу холбогдож Увс аймгаас чиний захисан шувууг автобусанд хийгээд явуулсан тосоод аваарай гэхээр нь би ажилтай байсан болохоор хүртэлтээр авна гэж хэлсэн...” /хх 48-49/,

яллагдагч Д.******ийн “...Би ******оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагт Увс Улаанбаатар чиглэлийн ******улсын дугаартай Kia Grandbird маркийн тээврийн хэрэгсэлд найз ****** гэх хүн рүү бор өнгийн цаасан хайрцагтай дайвар өгч явуулсан. Би нэг тооны хөлдөөсөн “Ахууна” шувууг цэнхэр өнгийн гялгар торонд, нэг тооны хөлдөөсөн “Хойлог” шувууг шар өнгийн гялгар торонд, тэжээвэр гахайны нэг ширхэг элгийг цагаан өнгийн гялгар торонд хийж, давхарлаж цэнхэр өнгийн гялгар уутанд тус тус хийж бор өнгийн цаасан хайрцагт хийсэн байсан. Би тухайн 1 тооны хөлдөөсөн “Ахууна” шувууг 2022 оны 11 сард Увс аймгийн Улаангом сумын “Улаангом шинэ зах” дээрээс худалдан авсан.

...Харин 1 тооны хөлдөөсөн “Хойлог” шувууг ******оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүнсний малаа гаргах зорилгоор Увс аймгийн Сагил сумын 4 дүгээр багийн нутаг “Хөшөөтийн эхэн” гэх газарт өвөлжиж байсан найз Д.******ийн гэрт ганцаараа очсон. Тухайн очсон өдрөө хүнсээ гаргах зуураа би Д.******т ходоод өвдөж байгаа мөн ходоодонд шарх үүссэн талаараа хэлтэл Д.****** надад хавханд орж үхсэн нэг шувуу байна, гэхдээ би тухайн шувууг ямар шувуу болохыг мэдэхгүй байна, хойлог гэх шувуу байж магадгүй хүмүүс “Хойлог” шувууны мах ходоодонд сайн гэж хэлж ярьж байсан, чи надаас тухайн шувууг аваарай гэхдээ хэрэглэхээр бол хүнээс хойлог шувуу мөн эсэх талаар сайн асуугаарай гэж хэлээд надад өгсөн. Би тухайн шувууг Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг 1-10 тоот өөрийн гэрийнхээ болкон дээр хөлдөөж хадгалж байгаад идэх гэсэн боловч ходоод өвдөх болон ходоодны шархтай хүн идэж болдоггүй гэх хүмүүсийн ам дамжсан ярианаас сонсож тухайн авч ирсэн шувууны махаа идэлгүйгээр хадгалсан.

...Би ******оны 01 дүгээр сарын 20-ний өдөр Улаанбаатар хотод оршин суух найз ****** руу холбоо барьсан. ****** надад хандаж хагалгаанд орсон мөн “Ахууна" шувуу байгаа эсэх талаар надаас асуусан.” /хх 76-79/,

яллагдагч Д.******ийн “...Би Д.****** гэх хүнийг сайн таньж мэднэ. Найзалж нөхөрлөөд 3-4 жил болж байна. Манай Увс аймгийн Сагил сумын 4 дүгээр багийн нутаг “Хөшөөт” гэх газарт өвөлждөг. ******оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сагил сумын 4 дүгээр багийн нутаг “Хөшөөтийн эхэн” гэх газарт малаа хариулж явтал 1 тооны бор саарал зүстэй цээжний орчмоос бага хэмжээний улаан хүрэн зүйл урсаж хөлдөж үхсэн байдалтай шувуу байсан. Би тухайн 1 тооны бор саарал зүстэй үхсэн шувууг ямар нэртэй төрөл зүйлийн шувуу болох талаар мэдэх зорилгоор гэртээ авч ирж өөрийн эзэмшлийн “Бонго Ж-3” маркийн тээврийн хэрэгслийн тэвшинд хадгалчихсан. Удалгүй манай найз Д.****** ганцаараа манайхаас хүнсээ авах зорилгоор ирсэн. ...Д.****** тухайн үед надад ходоод өвдөж байгаа, ходоодонд шарх үүссэн талаараа хэлсэн. Би тухайн үед Д.******өд хандаж надад хавханд орж үхсэн нэг шувуу байна гэхдээ би тухайн шувууг ямар шувуу болохыг мэдэхгүй байна хойлог гэж шувуу байж магадгүй хүмүүс хойлог шувууны мах ходоодонд сайн гэж хэлж ярьж байсан чи надаас тухайн шувууг аваарай гэхдээ хэрэглэхээр бол хүнээс хойлог шувуу мөн эсэх талаар сайн асуугаарай гэж хэлээд тухайн шувууг өгч явуулсан, ...бор саарал зүстэй, цээж хэвлий орчим цагаан өнгийн өдтэй шувуу байсан. ...Би анх тухайн 1 ширхэг шувууны бодгалийг олоход бор саарал зүстэй, цээж хэвлий орчим цагаан өнгийн өдтэй шувуу байсан ба цээж орчимд бага зэрэг цус гарч хатсан байсан. Би тухайн 1 ширхэг шувууны бодгалийг олж гэрийн гадна өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн тэшин дээр хадгалсан, эхнэр Х.Сарантуяад хонь хариулж байгаад нэг шувуу олж тухайн шувууг гэрийн гадна машины тэвшинд хадгалсан талаараа хэлсэн ...Би Хөвсгөл аймгийн Ханх сумын сургуульд галч хийдэг...” гэсэн мэдүүлгүүд /хх 91-92/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн шинжлэх ухааны Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн ******оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №536 дугаартай: 1.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг шувууны бодгаль нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Уг 2 ширхэг шувуу нь Тахиатан-Galliformes (Gebler, 1836) баг, Гургуулынхан-Phasianidae овгийн ******-Tetraogallus altaicus, (Gebler, 1836) зүйл, Тахиатан- Galliformes (Gebler, 1836) баг, Гургуулыхан- Phasianidae овгийн Ахууна-Lapogus Brisson, 1760 төрлийн шувуу байна. Шинжилгээнд ирүүлсэн шувууны толгой байхгүй тул зүйлийг тодорхойлох боломжгүй болно. 3. Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай Алтайн хойлгийн хүзүү хэсэгт 3 см орчим нүх үүсэж цус мэт зүйлээр бохирлогдсон, тарс хугарсан байдалтай, 2 дугаартай Ахууна нь толгой байхгүй цус мэт зүйлээр бохирлогдсон байна. Тухайн шувуунуудын агнагдсан байдал болон хэзээ агнагдсан цаг хугацааг тогтоох боломжгүй. Уг 1, 2 гэж дугаарласан шувуунууд нь нас бие гүйцсэн байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн ******-Tetraogallus altaicus, (Gebler, 1836) нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1-р хавсралтын Ховор амьтны жагсаалтад орсон зүйл юм. Тахиатан- Galliformes (Gebler, 1836) баг, Гулгуулынхан- Phasianidae овгийн Ахууна-Lapogus Brisson,1760 нь ховор болон нэн ховор ангилалд багтаагүй болно.

б.Монгол Улсын Засгийн газрын ******оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 260 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг толгой ******-Tetraogallus altaicus, (Gebler, 1836)-ийн экологи-эдийн засгийн үнэлгээг 217,000 төгрөгөөр ...тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын Амьтны аймагт учирсан хохирлын үнэлгээ нь 486,000 төгрөг байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд /хх 55-61/,

хохирогч Байгаль орчин, уур амьсгалын сангийн хууль ёсны төлөөлөгч Ц.Тэнгисийн мэдүүлэг /хх 25-26/, ******оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 5-9/, эд баримтаар тооцох ******оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх 13/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Д.******ийг ховор амьтны түүний эдийн зүйлийг хадгалсан, шүүгдэгч Д.******ийг ховор амьтны түүний эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Д.******ийн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон 1 ширхэг “******” шувууны түүний эд болох 1 ширхэг бодгалийг хадгалсан, хот хоорондын зорчигч тээврийн автобусанд тээвэрлэсэн,

Д.******ийн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон 1 ширхэг “******” шувууны түүхий эдийг хадгалсан тус тус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******өд 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.******т 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Д.****** “...85.000.000 төгрөг хураах шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна., 2 дахь хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно., 4 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах ...” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Д.******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшил, өмчлөлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөрөнгө, түүнчлэн дан ганц тухайн шувууны бодгалийг тээвэрлэхэд ашиглагдаагүй байх тул тухайн тээврийн хэрэгслийн үнэ 85.000.000 төгрөгийг /хх 169-170/ Д.******өөс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.****** нь ховор амьтны эдийг дайвар ачаа байдлаар хот хоорондын зорчигч тээврийн автобусанд хийсэн нь тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслийн жолоочид “Адууны мах” гэж худал хэлж ачааг дайж явуулсныг гэмт хэрэг үйлдэхэд хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч Д.******ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгохоор зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/743  дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.******ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ