Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 457

 

 

 

 

 

 

 

 

    2018          6           07                                     457

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                    

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: И.Сэлэнгэ,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч: М.”М” нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн “М”д холбогдох эрүүгийн 1805 0220 80528 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, дөрвөд, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, хувиараа таксинд явдаг, сард 600 000 төгрөгийн орлоготой, ам бүл 4, эхнэр, 1-3 насны 2 хүүхдийн хамт “М”.

 

Шүүгдэгч М.”М” нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЦЭ” паабын гадна хохирогч Г.”Э”ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.”М” мэдүүлэхдээ:

Би өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Г.”Э”д 300 000 төгрөг төлсөн. Улсын яллагчийн санал болгосон ялыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.”Э” мэдүүлэхдээ:

Миний бие “Файр” нэртэй бааранд ди жи хийгээд 1 жил гаруй болж байгаа юм. 2018 оны 4 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 04 цагийн үед баар хаасны дараа дотор цэвэрлэгээ хийж, хүмүүсээ гаргаж байх үед миний бие баарнаас гараад хажуу талын “Цэ” паабын үүдэнд найз Ихтамир надтай уулзахаар ирсэн тул түүнтэй юм яриад, уулзаад зогсож байсан юм. Тэгтэл манай баараар үе үе орж ирж үйлчлүүлдэг зүс таних “М” архидан согтуурсан үедээ над руу хүрч ирээд шууд надаас “хоёулаа сайхан зодолдох уу” гэж асуусан юм. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ хөгшөөн, тийм юм байхгүй шүү дээ” гэж хэлээд доошоо хальт суунгуут над руу аймар хараад шууд миний зүүн шанаа руу цохичихсон юм. Тэгтэл тэр залуутай хамт яваа цаана нь зогсож байсан найз нар нь хүрч ирээд найзыгаа боль гэж хэлээд “М”ийн хажууд хамт байсан охидуудыг аваад цааш явсан юм. Тэгтэл “М”ийн найз нь хүрч ирээд миний хүзүүнээс боогоод түлхсэн юм. Харин би тухайн залууст “яагаад байгаа юм бэ” гээд хэлтэл “М” “Баянгол дүүрэгт намайг хэн ч амждаггүй юмаа” гэж хэлээд, гараа алдлаад над руу дайраад байсан. Харин би над руу дөхөөд ирэхээр нь түүний цээж рүү түлхтэл “М” шууд миний дээгүүр өмсөж явсан яакнаас татангуутаа миний зүүн шанаа, хөмсөг орчим хоёр удаа цохисон. Энэ үед манай баарны нэг хамгаалагч хүрч ирээд, салгаж болиулсан. Миний бие одоогоор хэвийн, зүгээр байгаа. Биед учирсан ил харагдах бэртэл гэмтлүүд эдгэсэн бөгөөд “М” миний зүүн шанаа, хөмсөг орчим цохисноос болж миний зүүн нүдний нулимсны суваг хавчуулагдаж, улмаар нүд хуурайшиж байнгын нулимс гоождог болчихоод байгаа юм. Иймд миний бие хувийн нүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэж, эмчлүүлж байгаа. Надад учирсан гэмтлийг “М” учруулсан. Миний зүгээс анх мэдүүлэг өгөхдөө “М”эс 700 000 төгрөг нэхэмжилж байсан боловч одоогийн байдлаар нэг ч төгрөг аваагүй бөгөөд цаашид ч ямар нэгэн мөнгө, төгрөг түүнээс авах шаардлагагүй. Ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй гэжээ. (хэргийн 15-17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Батбаяр мэдүүлэхдээ:

Тухайн шөнө миний бие найз “М” болон бусад хэдэн найзуудын хамтаар 02 цагийн орчим хорооллын эцсийн “Файр” баар руу орцгоосон юм. Ингээд бааранд бид нар ууж байгаад баар хаах үеэр бөөнөөрөө гадаа гарсан. Гэтэл “М” үл таних залуутай маргалдаад, тэр залуугийн нүүр рүү нэг удаа цохичихсон юм. Ингээд би тэр залуугаас “М”ийг салгаж холдуулах гээд аль алиныг нь түлхтэл “М” намайг тоохгүй үргэлжлүүлээд түүнийг зуураад цааш яваад өгсөн юм. Удалгүй нэг баарны хамгаалагч ирээд салгаж, болиулсан. Ингээд би “М”ийг тухайн баарны хамгаалагчаас аваад явах гэтэл тэр баарны хамгаалагч одоо цагдаа ирж байгаа, түүнийг явуулах боломжгүй гэж хэлсэн гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 4940 тоот дүгнэлтэд:

1. Г.”Э”ы биед баруун хөмсөгт шарх, баруун зүүн нүдний зовхи, баруун хөмсөг, баруун хацар, хүзүүнд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун талын завьжинд язрал гэмдэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 9 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

М.”М” ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч М.”М” нь архи ууж, согтуурсан үедээ 2018 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЦЭ” паабын гадна хохирогч Г.”Э”ыг зодож, эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, баруун зүүн нүдний зовхи, баруун хөмсөг, баруун хацар, хүзүүнд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун талын завьжинд язрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.”Э”, гэрч Б.Батбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 4940 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.”М”д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд М.”М”ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй болно.

 

Хохирогч Г.”Э” нь гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотойгоор баримтаар хохирол нэхэмжлээгүй, “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч “М”ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.”М”ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар М.”М” нь торгох ялыг 01 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

           

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.”М” цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.”М”д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН