Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00421

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00421

 

 

****-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/04281 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч ****-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Буяндаваа, хариуцагч ******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

1.Нэхэмжлэгч ****-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Би ******-тай 2003 онд танилцаж, гэр бүл болсон. Бидний дундаас 2005 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Т, 2009 оны 06 дугаар сарын 20-ны өдөр охин Б.Х нар төрсөн.

Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийг тогтоосон.

Одоо хүү Б.Т 15 настай, охин Б.Х 12 настай. Цаашид би ганцаараа хүүхдүүдийн хэрэглээний төлбөр, сургалтын төлбөр, ахуйн бүх зардлыг төлж барагдуулах боломжгүй байна. Учир нь миний бие нярай хүүхэдтэй, ажил хийх боломжгүй байгаа тул эцэг ******аас хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ******-ын тайлбарын агуулга: ****тэй 2003 онд гэр бүл болсон. Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар шийдвэрээр бидний гэрлэлт цуцалж, хүүхдүүдийг эх ****-ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн.

Тус шийдвэрээр гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Баянгол сумын  м.кв талбай бүхий хувийн орон сууц болон газрын би өөрт оногдох хэсгийг ****-ийн нэр дээр шилжүүлж, тэрээр надаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, дээрх шаардлагаас нэхэмжлэлээсээ татгалзсан. Нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан эх ****-ийн асрамжид байгаа 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2009 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Б.Х нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь мөн тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг ******аар тэжээн тэтгүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,560 төгрөгийн 75,730 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 45,830 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ******аас 75,730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****т олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч ******-ын давж заалдах гомдлын агуулга:

4а.Би Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчтэй харилцан тохирч, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эхнэр хүүхдүүдээ бүрэн шилжүүлэн өгч, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар эвлэрлийн гэрээг байгуулсныг баталгаажуулсан. Гэтэл нэхэмжлэгч **** нь дээрх гэрээг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үл харгалзан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь бид энэ гэрээг шүүхийн шийдвэр гарахын өмнө харилцан тохирч байгуулсан ба эд хөрөнгөөр нэг удаа тэтгэлэг төлсөн ойлголт биш.

4б.Мөн шүүх надад шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Буяндаваагийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эцэг эх хүүхдээ асран тэтгэх журамт үүрэгтэй. Хариуцагч нь тусламж дэмжлэг үзүүлдэггүй байсан учраас нэхэмжлэл гаргасан. Хэргийн 55 дугаар талд авагдсан талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд тохиролцоог заасан. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т тэтгэлгийг нэг удаа олгох зохицуулалт байдаг. Гэхдээ талууд нэг удаа олгож, цаашид олгохгүй байх тохиролцоо хийгээгүй. Энэ нь тухайн үеийн нөхцөл байдалд эд хөрөнгөө хуваарилахтай холбоотой зохицуулалт, хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудал зохицуулагдаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдож байна.

2.Нэхэмжлэгч **** нь хариуцагч ******-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх үеэр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын  тоот хаягтай байрлах 82 м.кв талбай бүхий хувийн орон сууц болон газрын өөрт оногдох хэсгийг ****-ийн нэр дээр шилжүүлж, **** нь хүүхдийн тэтгэлэг надаас нэхэмжлэхгүй байхаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан, нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан байна. /хх-1, 33/ Үүнээс үзвэл, хүүхдийн тэтгэлгийг эд хөрөнгөөр олгосонд тооцох эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

3.Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

4.Хэргийн 36 дах талд авагдсан ****, ****** нарын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгийн талаар байгуулсан эвлэрлийн гэрээний 1 дэх заалтаар ****** нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрхийн өөрт ногдох 50 хувийг ****т шилжүүлэх, 2 дах заалтаар **** нь хүүхдийн тэтгэлэг цаашид нэхэмжлэхгүй гэж тохиролцжээ. /хх-36/

4а.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар шийдвэрээр ****, ****** нарын гэрлэлтийг цуцалж, тэдний дундаас төрсөн 2005 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Т, 2009 оны 06 дугаар сарын 20-ны өдөр охин Б.Х нарыг эх ****-ийн асрамжид үлдээж, зохигчид хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг, мөн талуудыг хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох болон хоёр хүүхдэд оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигч эвлэрлийн гэрээ байгуулсныг дурдаж шийдвэрлэжээ. /хх-34,35/ Энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Баянгол сумын  тоотод хаягт байрлах гэр бүлийн зориулалтай 1646 м.кв газрын өмчлөх эрх болон 82 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрх нэхэмжлэгч ****-ийн өмчлөлд шилжсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, талууд маргаангүй. /хх-37-40/

Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт хүүхдийн тэтгэлгийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр олгож болохоор заажээ. Иймд хариуцагч **** нь хүү Б.Т, охин Б.Х нарт олгох тэтгэлгийг эд хөрөнгөөр тооцон олгосон гэж үзнэ.

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь дээрх эд хөрөнгийн хэлбэрээр олгосон хүүхдийн тэтгэлэг нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хэмжээнд хүрэхгүй байгаа гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол хууль зүйн үндэслэлтэй.

 

Маргааны үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй, түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хариуцагч ******-т холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгч ****-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т нийцнэ гэж үзлээ.

4б.Хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг шүүх зөрчсөн гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамирт 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг мөн сарын 14-ний өдөр мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар нотлогдож байх тул хариуцагч талын дээрх гомдлыг хангах боломжгүй байна. /хх-58/

5.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/04281 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч ******-т холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгч ****-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,730 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ч.ЦЭНД