Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/981

 

 

 

 

    2024           08             27                                       2024/ДШМ/981

 

Г.Г, Б.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

шүүгдэгч Г.Г, Б.Д нарын өмгөөлөгч Д.Б,

шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч М.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Аюушжав, шүүгч С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/737 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г, Б.Д нарын өмгөөлөгч Д.Б, шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч М.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Г, Б.Д нарт холбогдох эрүүгийн 2403002290370 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г.Г, 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн … дугаар хороо, Яргайтын ….. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: …………../;

О овгийн Б.Д, 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Хан-Уул дүүргийн … дүгээр хороо …. хотхоны ….  тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 390 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 257 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД: ……………………./;

Шүүгдэгч Б.Д, Г.Г нар нь бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Б.Э-ийг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 08 дугаар cap хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд болохыг нь мэдсээр байж бусдад худалдаалсан,

насанд хүрээгүй хохирогч Г.Ц-г биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 08 дугаар cap хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд болохыг нь мэдсээр байж бусдад худалдаалсан,

насанд хүрээгүй хохирогч А.Н-ийн биеийг үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр cap хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд болохыг нь мэдсээр байж бусдад худалдаалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Г, Б.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Г, Б.Д нарыг бүлэглэн хүнийг байнга тогтвортойгоор биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн, орогнуулж худалдаалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г, Б.Д нарт 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Г, Б.Д нарт тус бүр оногдуулсан 12 арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад здлүүлж, хохирогч Г.Ц, А.Н, Б.Э нар нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нараас 3,705,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч Г.Г-ээс 1,852,500 төгрөг, шүүгдэгч Б.Д-оос 1,852,000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Г, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, хохирогч Г.Ц, А.Н, Б.Э нартай уулзахыг хязгаарлах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Г, Б.Д нарын өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасны дагуу миний үйлчлүүлэгч Г.Г, Б.Д нарыг 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ц мэдүүлэхдээ “Гэгээ гэдэг охиноор дамжуулж танилцсан. Тухайн үед бид нар насанд хүрээгүй харилцах дансгүй байсан учир шүүгдэгч нарын дансыг ашигладаг байсан. Бусдаар бол аймаар их дарамтанд орж байсан зүйлгүй, тодорхой хэмжээнд мөнгө авдаг байсан. Мөрдөн байцаагч бид нараас мэдүүлэг авахдаа тулгаж авдаг байсан. Бид нар тулгамдсан айсан байсан. Дараа нь мэдүүлэг өгөхдөө тэгээд өмнөх мэдүүлэгтэй адил гээд л “явчихсан” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нараас өгсөн мэдүүлгүүд мөрдөгчийн асуулт, хариултууд нь ижил байгаа нь мөрдөн шалгах ажиллагааг зөвхөн нэг талыг барьж шалгасан гэж үзэх үндэслэлтэй байна. Г.Г, Б.Д нарт холбогдох хэргийг үйлдсэн гэх цаг хугацаа нь 2016 оны 11 дүгээр сараас эхлэж 2017 оны 09 дүгээр cap хүртэл үргэлжилсэн байна. Энэ гэмт хэрэг гаргах цаг хугацаанд 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г, Б.Д нарыг бүлэглэн хүнийг байнга, тогтвортойгоор биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн, орогнуулж худалдаалсан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, 2002 оны Эрүүгийн хуульд “байнга, тогтвортой" гэсэн хүндрүүлэх заалт байгаагүй байна. Иймээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Монгол улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 12 тоот тогтоолын 4 дэх хэсгийн 4.3, 4.5-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 737 тоот шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.         

            Шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч М.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Д болон түүний өмгөөлөгч М.Б бид Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/737 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Г.Ц “Тухайн үед бид нар насанд хүрээгүй, харилцах дансгүй байсан учир шүүгдэгч нарын дансыг ашигладаг байсан. Бусдаар бол аймар их дарамтад орж байсан зүйлгүй. Мэдүүлгийг 4-5 жилийн өмнө өгч байсан. Мөрдөн байцаагч бид нараас мэдүүлэг авахдаа тулгаж авч байсан. Бид нар тулгамдсан айсан байсан. Дараа нь мэдүүлэг өгөхдөө тэгээд өмнөх мэдүүлэгтэй адил гээд л явчихсан” гэх мэдүүлэг. Шүүхийн хэлэлцүүлэгч Б.Э-ийн “гомдол саналгүй” гэх мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогч А.Н, Г.Ц, Б.Э нарыг зодож, хорьж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээс харагддаг. Миний үйлчлүүлэгч Б.Д-ийн хувьд үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бусдад төлөх өр төлбөргүй билээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт гэмт хэрэг тодорхой үйлдлээр үргэлжилсэн бол үйлдэл төгссөн цаг хугацаагаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцохоор хуульчилсан. Энэ хэргийн хувьд 2016 оноос эхлэлтэй бөгөөд хамгийн сүүлийн үйлдэл 2017 оны 09 дүгээр сард гарч, гэмт хэрэг таслан зогсоогдсон. Энэ үүднээс 2017 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан асуудлын хүрээнд тус зүйлийг бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт хэрэглэх ёстой. Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нь бүх насаар хорих оногдуулах шийтгэлтэй тул тус зохицуулалтыг хэрэглэх боломжгүй. Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндсэн гол шалтгаан нь шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг чухалчилдаг. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр  үлдээж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заасан үндэслэл тогтоогдоогүй болно. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.Д, Г.Г нар нь бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Б.Э-ийг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 08 дугаар cap хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд болохыг нь мэдсээр байж бусдад худалдаалсан,

насанд хүрээгүй хохирогч Г.Ц-г биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 08 дугаар cap хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд болохыг нь мэдсээр байж бусдад худалдаалсан,

насанд хүрээгүй хохирогч А.Н-ийн биеийг үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэж, орогнуулан 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр cap хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд болохыг нь мэдсээр байж бусдад худалдаалсан болох нь:

хохирогч Б.Э-ийн “... 2016 оны 10 дугаар сарын дундуур Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод ажил хийхээр багын найз Г.Ц-тай ирээд Жуковт хажуу өрөө түрээслэн амьдарч эхлээд Сансрын Баянцээлийн орчимд цайны газарт Г.Ц бид хоёр бэлтгэгчийн ажил хийж байсан. ...Орой бид гурвыг Г.Г, Б.Д нар машиндаа суулгаад “Хөдөө аж ахуйн” буудлын тэнд аваачиж машиндаа суулгаж байгаад эрэгтэй хүмүүс олж ирээд бид гурвын биеийг үнэлүүлж эхэлсэн. Тэгээд энэ байдлаар нэг cap гаран явж байгаад Г.Ц бид хоёр “алга болохгүй ээ” гэж хэлээд тусдаа байр түрээслээд Г.Г, Б.Д хоёр оройд ирж авч гарч биеийг маань үнэлүүлдэг байсан тэгээд хэсэг явж байгаад Г.Ц бид хоёр нэг өдөр найзуудтайгаа уулзаад хэд хоног нийтийн байрандаа очихгүй гадуур явсан. Нийтийн байрандаа очсон чинь Б.Д, Г.Г хоёр ирчихсэн хүлээж байгаад бид хоёрыг барьж аваад “та хоёрыг тусдаа байлгахгүй” гээд шууд Г.Г-ийн төрсөн ээж Д.М гэх эгчийнд аваачаад тэгснээ “та хоёр энд байж бай, эндээс гарахгүй” гэж хэлээд тэнд байлгаад орой болохоор тэндээс ирж авч явж биеийг маань үнэлүүлдэг байсан. ... Манай нутгийн охин А.Н нэмж ирээд тэнд байцгаасан тэгсэн нэг өдөр А.Н, Н.Г, Г.Ц, Н.Н бид хэд Г.Д-той хамт машины уралдааны тэмцээн үзээд ирсэн чинь Г.Г-д Н.Н худлаа хов зөөгөөд “намайг гадуурхдаг” гэж хэлсэн чинь Г.Г, Г.Ц, А.Н бид гурвыг зодоод тэгэхээр нь бид гурав “явлаа” гээд тэгсэн хэд хоногийн дараа буцаж бид гурвыг тэнд авч ирээд байж байгаад орой болохоор авч гарч биеийг маань үнэлүүлээд өдөр нь цоожлоод явдаг байсан. ...1 цагийн 30.000-100.000 төгрөг, хоногийн 250.000-300.000 төгрөгөөр үнэлүүлдэг байсан. Эхний 2 сарын хугацаанд олсон мөнгөний 50 хувийг нь өгч байгаад Д.Мөнхцэцэг эгчийн гэрт байлгаж эхэлсэн үеэс эхлэн мөнгө өгөхөө больсон. Олсон бүх мөнгөө Г.Г, Б.Д хоёр үйлчлүүлэгч нараас шууд авдаг байсан. Сансарт байхад 100.000 төгрөгөөр 2 удаа өгсөн өөр мөнгө өгөөгүй бид нарт. Үйлчлүүлэгч олж ирээд түрүүлээд авчихсан байдаг байсан. Бэлнээр голдуу авдаг байсан. Мөн " Г.Г өөрийнхөө дансаар авдаг байсан байх. Бид нарыг машинд суулгаад “Хөдөө аж ахуйн” буудал орчимд очиж зогсоод Б.Д, Г.Г нар бууж яваад үйлчлүүлэгч олж ирэхдээ тооцоогоо авчихсан ирдэг байсан. Намайг 2016 оны 12 дугаар сарын дунд үеэс 2017 оны 08 дугаар сар хүртэл биеийг маань үнэлүүлсэн. ...мэдэж байсан хүн байхгүй. би тэд нартай холбоо барьж чадаагүй байсан. Бас Улаанбаатар хот явлаа гэдгээ хэлээгүй байсан. Намайг тухайн үед гэрийнхэн хаана байгааг ч мэдэхгүй байсан. ...” /1хх 64-67, 3хх 49/,

хохирогч Г.Ц-ийн "... 2017 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд Б.Э бид хоёр Г.Г, Б.Д нарын доор биеэ үнэлэх болсон. Бид хоёр шиг хотод тогтсон байх газаргүй, мөнгө олж өөрсдийгөө тэжээх боломжгүй хүмүүст их зүгээр санагдаж, энэ хоёрын үгэнд орж л бусдад биеэ үнэлэх болсон. Эхний 2-3 cap бидний биеэ үнэлж олсон мөнгөний 50 хувийг Б.Д, Г.Г хоёр авч байгаад сүүлдээ Сансарт 37б байрны булангийн орц, 2 давхрын 6 тоотод байр түрээслэн Б.Э бид хоёрыг байрлуулан биеийг маань үнэлүүлж, бид хоёрт нэг ч төгрөг өгөхөө больсон. Энэ хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас багын найз А.Н ирж Б.Э бид хоёртой хамт Г.Г, Б.Д нарын доор биеэ үнэлэх болсон. Бид гурвын худалдан авагч нарыг Б.Д, Г.Г нар нь “Хөдөө аж ахуйн” автобусны буудлаас олж ирээд цагийн 70.000 төгрөг, хоногийн 150.000 төгрөгөөр биеийг маань үнэлүүлж байсан. Тэр мөнгийг Б.Д, Г.Г нар өөрсдөө авчихдаг байсан. Өдрийн цагаар Сансарт байх түрээсийн байранд бид гурвыг байлгаж, оройн цагаар бөхийн өргөөний “Нэгдэлчин” зочид буудлын зогсоолд Б.Д, Г.Г нарын эзэмшлийн Sonata 6 маркийн машиндаа суулгаад буулгадаггүй байсан. Худалдан авагч ирэхээр нэг нэгээр нь гаргаж уулзуулдаг байсан. “Гэр лүүгээ явмаар байна” гэж хэлэхээр Г.Г бид гурвыг зодож цохидог байсан. Заримдаа бид гурав руу заазуур бариад заазуурдана шүү гэж айлгаж заналхийлдэг байсан. ... Би бол 15 настай байсан. Б.Д, Г.Г нар намайг болон Б.Э, А.Н нарыг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан. ... Намайг насанд хүрээгүйг мэдэх боломжтой. 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 08 дугаар сарын хооронд “Хөдөө аж ахуйн автобус”-ны буудал дээр биеийг маань үнэлүүлсэн. Миний биеэ үнэлж олсон мөнгийг тэд нар өөрсдөө авдаг байсан. Тооцоог бэлэн мөнгөөр эсхүл Г.Г-ийн дансаар авдаг байсан. “Та хоёртой баймааргүй байна, явмаар байна” гэхээр Г.Г уурлаж бид гурвыг зодож, цохидог, заазуураар айлгадаг. Мөн сансарт түрээсэлдэг байсан байранд бид гурвыг цоожлоод явчихдаг байсан.” /3хх 20/,

хохирогч А.Н-ийн “... Анх 2017 оны 05 дугаар сард Г.Ц гээд манай ангийн найз фейсбүүкээр надтай холбогдож ярихдаа “найз нь Улаанбаатар хотод бааранд ажил хийдэг чи хотод ирж ажил хийх үү” гэхээр нь би “болох юм уу?” гэж ойр зуурын зүйлс ярилцаж байгаад би хот руу очиж найз Г.Ц-тай хамт ажиллахаар болсон. ... Тэгсэн тэд нар нүдэн дээр их мөнгө олоод ирэхээр нь мөнгө олох амархан юм байна гэж бодоод маргаашаас нь эхэлж тэд нартай ажиллах болсон. Тэгээд маргаашаас нь эхэлж ажиллахад миний бодож байснаас шал өөр зүйл болж хувирсан Б.Д, Г.Г бид нарыг загнаж биеийг маань үнэлэх болсон. Тэр хоёр биднийг эндээс гараад очоод хайчих юм бэ? гэж байнга дарамталдаг байсан. Тухайн үед бид нарт мөнгө байхгүй бид нарын олсон мөнгийг шууд өөрсдөө авчихдаг биеэ үнэлэхээс өөр аргагүй байдалд оруулдаг байсан. ... Би тухайн үед 15 настай байсан. Б.Д, Г.Г нар намайг насанд хүрээгүйг мэдэж байсан. Бид нараас насыг минь асууж байсан. Г.Г, Б.Д нар 2014 оны 04 дүгээр сараас 09 дүгээр cap хүртэл хугацаанд биеийг минь бусдад үнэлүүлсэн. Тэр хоёр үйлчлүүлэгчээ найзууд пон, мессеж зарын сайтад болон фейсбүүк, цахим сүлжээнд “санхүү авна”, “дуудлагаар очино 2 охин” гэж зар тавьдаг. Бас “Хөдөө аж ахуйн буудал” дээр өөрсдөө зогсож хүн олж бид нарыг уулзуулдаг байсан. Г.Г, Б.Д нарын дансны дугаарыг би мэдэхгүй Ц, Э буюу Б.Э хоёр мэдэж байгаа. Би бэлнээр авсан мөнгөө тэр хоёрт шууд өгчихдөг байсан. Г.Г, Б.Д нар миний биеийг үнэлүүлж мөнгө олохын тулд надтай цуг байсан охидтой хамт байрандаа түгждэг байсан. Бас хоол унд өгөлгүй, дандаа гоймон идүүлж, амралтгүй биеийг минь үнэлүүлдэг байсан. Нэг удаа Б.Энхцэцэгтэй хамт нохой салхилуулна гэж хэлээд гараад зугтсан. Зугтсаны маргааш бид хоёрыг олж бариад зодож байсан. Биднийг зугтах юм бол нэр хүндэд чинь халдаж олон нийтэд дэлгэнэ гэж янз бүрийн үг хэлээр доромжилж байнга дарамталдаг байсан. ... Б.Д бол хүн олж өгдөг, жолооч хийж бид нарыг биеэ үнэлэх газар луу хүргэж өгдөг байсан. Г.Г бид нарын нүүр будалт, хувцас, гадаад төрхөд анхаарч биеэ үнэлсэн мөнгийг хурааж авдаг байсан. Тэд нараас өөр хүн олж өгдөг хүмүүс байдаг байсан. Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө Б.Д, Г.Г хоёр гол үүрэг оролцоотой байсан. Энэ хэргийн талаар манай ээжээс өөр хүмүүс мэдэхгүй болохоор бусад хүмүүст мэдэгдэнэ гэхээс айж байна.” /1хх 94-95, 3хх 54/,

гэрч Н.С-ийн “...Би хаан банкны 55………….. гэсэн дугаарын данс ашигладаг. Уг данс нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Тухайн дансыг 2008 оноос хойш ашиглаж байгаа. Энэ гүйлгээний талаар тодорхой яг санахгүй байна. Миний санаж байгаагаар 2017 онд Улаанбаатар хотод очоод 100 айлын гүүрний хойд талд байдаг нэрийг нь сайн санахгүй байна буудалд байрласан. Тэгээд тэнд байрлахдаа интернэтийн зарын сайтаас “Санхүү авна” гэх утгатай зарыг хайж олоод биеэ үнэлэгч авах зорилгоор ямар дугаар байсныг санахгүй байна дугаар луу залгаад миний байрлаж байсан буудалд уулзахаар болсон. Тэгээд тэр буудалд зарын дагуу холбогдсон нэг хүүхэн, хоёр залуугаар мөнгөлөг саарал өнгийн Sonata 6 маркийн автомашинтай хүргүүлж ирсэн. Зарын дагуу ирсэн хүүхэн надтай хамт буудал руу ороод тооцоогоо хийчих гэхээр нь би нэг дансны дугаар руу 240.000 төгрөг шилжүүлсэн. Тэр хүүхэн мөнгө шилжүүлсний дараа найзтайгаа уулзчихаад ирье гэчихээд тэр чигээрээ яваад өгсөн. Тухайн хүүхэн 165-170 см орчим өндөртэй, 20 орчим насны, цайвар царайтай байсан санагдаж байна. ... Би 240.000 төгрөгөө муриулчхаад тухайн үед мөнгөө олж авах зорилгоор зарын дагуу ирсэн нэг эмэгтэй, хоёр эрэгтэйн унаж ирсэн мөнгөлөг саарал өнгийн …… УНЭ улсын дугаартай Sonata 6 маркийн автомашины номерыг нь гар утас нь дээрээ тэмдэглэж авч байсан. Тухайн үед тэмдэглэж авч байсан гар утас одоо байхгүй саяхан утсаа сольсон” /1хх 115/,

гэрч Д.М-ийн “...Би эдгээр 3 охиныг сайн танихгүй ээ, 2016 билүү 2017 онд байх яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Нэг өдөр би ажлаа тараад Чингэлтэй дүүргийн … дугаар хороо, Хандгайтын ….. тоот гэртээ ирэхэд манайд гэрт Г.Ц, Б.Э, А.Н гэх 3 охин ирчихсэн байхаар нь гайхаад Г.Г-ээс “энэ охид чинь ямар учиртай юм бэ” гэхэд надад “миний таньдаг дүү нар байгаа юм аа, эд нарт түрээсийн байр олж өгөх гээд, түр энд байлгаж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд энэ 3 охин ямартай ч манайд 3-4 хоног байсан, би өөрөө ч гэртээ гадны хүн байлгах дургүй учраас Г.Г-д “чи энэ охидоо аваад яваач ээ, манайд яагаад байлгаад байгаа юм бэ” гэж хөөсөөр байгаад явуулж байсан” /3хх 36-37/ гэсэн мэдүүлгүүд,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 71-76/,

шүүгдэгч Г.Г-ийн эзэмшлийн Хаан банкны 50…………. тоот дансны дэлгэрэнгүй хуулга, уг дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 43-56, 57-61/,

хохирогч А.Н, Г.Ц нарын эрүүгийн 1810024190063 дугаар хэрэгт өгсөн мэдүүлгийн хуулбар /1хх 133-137, 140-143, 146-149/,

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хохирогч Б.Э, Г.Ц, А.Н нарын нас тоолсон тэмдэглэл /2хх 145-147/,

 “Д” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №24-37 дугаар: ‘Шинжилгээний объектын 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 3.705.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт /3хх 101-104/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Г.Г, Б.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Г, Б.Д нарыг бүлэглэн хүнийг байнга тогтвортойгоор биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн, орогнуулж худалдаалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г, Б.Д нарт 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн тухайд гэмт үйлдэл нь хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, хууран мэхлэх, итгэл эвдэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдах аргаар хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан идэвхтэй үйлдэл байдаг ба эдгээр үйлдлүүдийн аль нэгийг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Г.Г, Б.Д нарын хувьд хохирогч Г.Ц, А.Н, Б.Э нарыг байнга тогтвортойгоор биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн, орогнуулж худалдаалсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон байх ба хохирогч нарт байр түрээслэж өгч, машиндаа суулган тээвэрлэж, биеийг нь үнэлүүлж, олсон мөнгийг нь өөрсдөө авч, байрнаасаа гарахыг хориглож, хяналтандаа байлгаж байсан үйлдлүүд нь хүн худалдаалах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж хууль үйлчлэх хугацааг хуулиар тодорхойлсон.

Шүүгдэгч Г.Г, Б.Д нар нь нэр бүхий хохирогч нарыг 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд худалдаалсан байх бөгөөд тэдний гэмт үйлдэл төгссөн хугацааг 2017 оны 09 дүгээр сар гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн боломжгүй юм.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх  заалтад заасан хүн худалдаалах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай заалт нь хугацаатай хорих ял оногдуулахаар заасан ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэж болох зохицуулалт тул шүүгдэгч Г.Г, Б.Д нарт хамаарахгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/737 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Д.Б, М.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.Г, Б.Д нарын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 62 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/737 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г, Б.Д нарын өмгөөлөгч Д.Б, шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч М.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Б.Д нарын цагдан хоригдсон 62 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

 

                       ШҮҮГЧ                                        Г.ГАНБААТАР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ