Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 497

 

 

 

 

 

 

 

 

   2018           6          19                                     497

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Намдаг,

шүүгдэгч: Я.”Г”,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.”У” нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн “Г”д холбогдох эрүүгийн 1805 0116 80437 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, халх, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, аав, 6 настай хүүхдийн хамт “Г”.

 

             Шүүгдэгч Я.”Г” нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Хангай Миллс” ХХК-д борлуулагч, жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 2 543 000 төгрөгийн үнэ бүхий гурилнаас борлуулсны орлого болох 1 855 000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Я.”Г” мэдүүлэхдээ:

Би 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1 855 000 төгрөгийн гурил  борлуулаад мөнгөө тушаах гэтэл нягтлан явсан байсан. Тэгээд АТМ-аас захирлын данс руу мөнгөө хийх гэтэл АТМ ажиллахгүй байсан. Тэгээд 2 найзтайгаа тааралдаад архи уусан ба тэр чигээрээ архи уугаад нэг мэдэхэд хөдөө Булган аймаг руу явсан байсан. 18 хоног борлуулалтын мөнгөөр архи уусан. Би компанийн орлогын мөнгийг өөртөө бэлнээр авч явж байгаад санамсаргүйгээр  ийм байдалд орлоо. 2014 оны 5 дугаар сараас хойш байгууллагатай хариуцлагын гэрээ хийж, сар бүр хариуцлагын санд 150 000 төгрөг суутгуулж, тэнд хуримтлагдсан мөнгөнөөс 1 855 000 төгрөгийг байгууллагад төлж хохиролгүй болгосон. Би өөрийн үйлдсэн хэргээ ойлгож, гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Г.”У” мэдүүлэхдээ:

“Г”гийн манай байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хариуцлагын санд 2 250 000 төгрөг байсан боловч байгууллагын мөнгийг дураараа авч явсан учраас цагдаад гомдол гаргасан. Сүүлд энэ мөнгөнөөс түүний байгууллагад учруулсан 1 855 000 төгрөгийн хохирлыг суутган авч, хохиролгүй болсон тул одоо нэхэмжлэх зүйлгүй тул гомдолгүй. “Г” нь архи уух дуртай гэв.

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Я.”Г” ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Я.”Г” нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Хангай Миллс” ХХК-д борлуулагч, жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр түүнд итгэмжлэн хүлээлгэж өгсөн 2 543 000 төгрөгийн үнэ бүхий гурлийг байгууллагаас зарлагын падаанаар хүлээн авч, тухайн өдөр 1 855 000 төгрөгийн гурил зарсан атлаа борлуулалтын мөнгийг компанид тушаалгүй хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.”У”ийн мэдүүлэг, “Хангай Миллс” ХХК-ийн бараа материалын зарлагын падаан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Я.”Г”д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогч Н.”У” нь манай компани Я.”Г”гийн хариуцлагын санд хуримтлуулсан мөнгөнөөс өөрт учирсан хохирлоо суутгаж авсан, одоо байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй гэж мэдүүлж байх тул Я.”Г”г хохирогчид төлөх ёстой 1 855 000 төгрөгийг бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Я.”Г” нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч “Г”г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Я.”Г”г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Я.”Г” нь торгох ялыг 12 сар /арван хоёр сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Я.”Г” нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Я.”Г”д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Л.ОЮУН