Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Ч.Ш, Б.Н /шүүгдэгч нар өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ш, Б.Н нарт холбогдох 1829000600068 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Багануур дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой, ам бүл 5, ээж, дүү, эхнэр, хүүхдийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 17-27 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Баярцэндийн Н  /РД:УЮ88062416/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч Ч.Ш нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг сумын төвөөс зүүн тийш 50 км зайд байрлах Нобу транс ХХК-ийн кемп дээр иргэн Б.Нтой хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг сумын төвөөс зүүн тийш 50 км зайд байрлах Нобу транс ХХК-ийн кемп дээр иргэн Ч.Ш, С.Дагвадорж нартай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хохирогчоор, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр тус тус мэдүүлэг өгөхдөө иргэн С.Дагвадоржийг Ч.Штой бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ш: Нацаг ах намайг үгээр өдсөн. Тэгээд зодсон. Түүнээс биш би Дагваа ахтай нийлээд ална гэж айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй. Энэ хүн анх манай компанид 2017 оны 12 сард ирсэн. Танай захирал чинь явууллаа гээд ахтайгаа гайгүй харилцаад 23-03 ӨМӨ улсын дугаартай машиныг өгсөн. 2 сар гаруйн дараа хойно 25 километр дээр машины эд зүйлийг зарсан гэж 2, 3 удаа сонссон. Тэгээд хамгийн сүүлийн ирээсэндээ яваад буухад нь шалгахад запас дугуй байхгүй ирсэн. Түүнээс болж Дагваа ахтай муутсан. Тэгээд Дагваа ах түүнээс машинаа шалгаж үзээд ав гэхээр нь авах гээд очиход энэ хүн боорцогны банди минь чамд хамаагүй гэсэн. Бичиг баримт өгөхгүй, миний нүд рүү хатгахаар нь би цохисон. Би Нийг цохиж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н: Дагвадорж намайг хэл амаар  доромжилж, дарамталж, хулгайн хэрэгт гүтгэж өөдөөс дайрахад нь за сайдаж муудаад яах юм бэ? Цагаан сар болох гэж байна, зам замаа олж, мөр мөрөө хөөе би явлаа гээд машинаас цүнх, бичиг баримтаа авах гэхэд миний цүнхийг машинаас гаргаж шидэж байсан. Тэгэхээр нь би гар, хөлтэй хүн өөрөө юмаа авчиж чадна гэж хэлэхэд үгийн зөрүүгүй өөдөөс намайг цохиж авсан. Би зориуд худлаа хэлж хүн гүтгэсэн зүйл байхгүй. Би энэ компаниас нэг ширхэг боолт ч алга болгоогүй, намайг гүтгэж байна. Хоолоо олж идэхийн тулд үүнээс өөр ажил алга. Монгол улсад сард 2 000 000-3 000 000 төгрөгний цалин авдаг хүн байхгүй. Хүүхэд машин 2 адилхан арчилгаа шаардагдана. Шын хийх ёстой ажлыг би хийж машиныг нь янзалдаг. Яагаад гэвэл түүнээс арай илүү туршлагатай, 5-6 жил машин жолоодсон болохоор засвар үйлчилгээ бүх зүйлээ би өөрөө хийдэг байсан. Өөрийн эд зүйл шиг арчилж байхад сүүлд нь хулгайд гүтгэж, нэмээд зодсон. Дагвадорж намайг ажлаас гарахад миний араас хулгай хийсэн зүйл гарвал чи шүү гэсэн. Муудалцахад чи хулгай хийсэн бүх зүйлийг чинь бичээд өгье цалингаа олоод аваарай, хулгай хийсэн зүйлүүдийг чинь жагсааж бичээд цагдаад өгөхөөс өмнө зайл гэсэн. Тэгээд би цалингийн урьдчилгаа орсон байсан болохоор цалингаа авахгүй гэж бодоод гарсан. Мөн миний нүүрний хавдсан зургийг мөрдөгч алга болгосон. Утсан дээр байсан боловч устгачихсан.  Миний хүрэн өнгийн цус нь нэвчсэн ноосон цамц байсан тэр бас байхгүй болсон. Өөрөөс нь асуухаар тийм цамц байхгүй гэсэн. Хүнийг битгий хэл нохойг ч ингээд зодохоо байсан цаг, гэтэл намайг 3 хагалгаанд орохоор болтол зодсон. Гарын ясны цууралт, хамрын яс хугарал, нүдний ухархайн яс цөмөрсөн. Намайг хуучин байсан хэвэнд минь оруулж өгвөл өөр нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. 3 хагалгааны зардал болох 5,600,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Нийн өгсөн  мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Дагвадоржийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Цэрэн-Очирын өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Лхагвасүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/

            Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 20-ний өдрийн №48 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/,

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15-р хуудас/

Эд мөрийн баримтыг хураан авах тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас

Хохирогч Б.Нийн амбулаториор эмчлүүлэгчийн картын /хх-ийн 97-102-р хуудас/,

Хохирогч Б.Нийн хохиролын баримтууд /хх-ийн 105-181-р хуудас/

Шүүгдэгч Ч.Ш, Б.Н нарын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 84, 86-р хуудас/,

Шүүгдэгч Ч.Ш, Б.Н нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60, 62-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

 - Шүүгдэгч Ч.Ш нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг сумын төвөөс зүүн тийш 50 км зайд байрлах Нобу транс ХХК-ийн кемп дээр иргэн Б.Нтой хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Нийн өгсөн: “...Ш намайг ална гээд цааш нь түлхэж унагаагаад миний нүүр болон толгой руу баруун гараараа хэд хэдэн удаа цохихоор нь...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Гэрч С.Дагвадоржийн өгсөн: “...би зөв талын хаалгаар нь орж шатан дээр зогсож байхад Н кабин дотор арын суудал дээр дөрвөн хөллөөд цаашаа хараад цусаа гоожуулаад гудсан дээрээ гараараа нялаад “та 2 намайг нийлж зодсон, буруу хүнээрээ оролдлоо доо цагдаа дууд би үхлээ, хөдөлж чадахгүй байна гээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

Гэрч С.Цэрэн-Очирын өгсөн: “...Лхагвасүрэн намайг дуудаад “Н Ш 2 зодолдоод байна гэхээр нь Лхагвасүрэн бид 2 хүрч очоод би зөв талын хаалгыг нь онгойлгоод Лхагвасүрэн буруу талын хаалгыг нь онгойлгоод машинд ороод очиход Ш зөв талын рүльний хажууд хөндлөн суусан, Н машиныхаа ар талын орон дээр хажуугаар хэвтээд гараараа тулсан, хамраас нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

Гэрч Т.Лхагвасүрэнгийн өгсөн: “...Шыг “боль, буу” гээд буулгасан. Тэгээд Н машиныхаа кабинд хамраас нь цус гарсан, ар талынхаа орон дээр цусаа гоожуулаад үлдсэн. Би ажлаа үргэлжлүүлээд хийсэн. Н, Ш хоёр нэг нь машин дотроос, нөгөө нь гаднаас хоорондоо хэрэлдээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/

            Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 20-ний өдрийн №48 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Нийн биед тархины доргилт, зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны өнгөц эсгэгдсэн шарх гэмтэл үүсчээ. Тархины доргилт, зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шууны эсгэгдсэн шарх гэмтэл нь 2.6 зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун шууны эсгэгдсэн шарх нь иртэй зүйлийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Хамар, зүүн ухархайн хугарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. Бусад гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг сумын төвөөс зүүн тийш 50 км зайд байрлах Нобу транс ХХК-ийн кемп дээр иргэн Ч.Штой хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хохирогчоор, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр тус тус мэдүүлэг өгөхдөө иргэн С.Дагвадоржийг Ч.Штой бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогдсон болох нь:

Хохирогч Б.Нийн “...Ш намайг ална гээд цааш нь түлхэж унагаагаад миний нүүр болон толгой руу баруун гараараа хэд хэдэн удаа цохихоор нь би босох гэтэл Дагвадорж намайг дээрээс дарж байгаад толгой болон цээж, нурууруу гараараа цохиод байхаар нь “одоо болно намайг аллаа та хоёр хоёулаа нийлж намайг зодсон шүү, миний хамраас цус гараад нүд хавдчихлаа, одоо болно ш дээ, хүний олон хүнээ барьж иддэггүй шүү” гэж хэлээд өндийгөөд босоод ирэхэд Ш хайч бариад “чамайг ална” гээд дайрахаар нь цээжин биеэ зайлуулахад баруун гарын шуун хэсэгт 5 см хэсэгт зүсэгдсэн. Дагвадорж хайчийг булааж авсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Гэрч С.Дагвадоржийн “...Шыг дуудаад машиныг нь хүлээж аваад наадахыгаа явуул гэж хэлээд буцаад оффист ороод суух гэж байтал засварчин Лхагвасүрэн “Дагваа ахаа” гэж дуудахаар нь гараад очтол Ш Н хоёр машин дотор зодолдоод бид 2 салгалаа гээд Лхагвасүрэн, Цэрэн-Очир хоёр машины баруун, зүүн хаалган дээр зогсож байхаар нь би очоод юу болсон талаар асуухад Ш “бичиг баримт чинь хаана байна, түлхүүр нь аль юм гэж асуухад мангар бацаан минь зүгээр байгаарай гээд Н мангасдаад цохиод авахаар нь би зөрүүлээд барилцаж аваад нүд рүү нь 2 цохиход энэ 2 орж ирээд салгаад байж байна” гэхээр нь би зөв талын хаалгаар нь орж шатан дээр зогсож байхад Н кабин дотор арын суудал дээр дөрвөн хөллөөд цаашаа хараад цусаа гоожуулаад гудсан дээрээ гараараа нялаад “та 2 намайг нийлж зодсон, буруу хүнээрээ оролдлоо доо цагдаа дууд би үхлээ, хөдөлж чадахгүй байна” гээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

Гэрч С.Цэрэн-Очирын өгсөн: “...Дагвадорж намайг байхад зодоон хийгээгүй. Дагвадорж бол тэгэж хүн зодох хүүхэд биш. Нийн нүүрэнд болон хамар, нүдийг Ш цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Гэрч Т.Лхагвасүрэнгийн өгсөн: “...Нийн нүүр болон хамар, нүдийг Ш л цохиж гэмтэл учруулсан. Намайг харж байхад Нийн бие эрх чөлөөнд Дагвадорж халдаагүй. Машин дотор ороод рүлэн дээр сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/ зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Н нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгээ үнэн зөв өгсөн, С.Дагвадорж нь намайг зодоход оролцсон гэх боловч гэрч С.Цэрэн-Очир, гэрч Т.Лхагвасүрэн нарын анхнаасаа тогтвортой өгсөн мэдүүлэг, гэрч хохирогчийн нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлээс /30-38-р хуудас/ түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байх бөгөөд 2018 оны 2 сарын 20-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Нийн биед тархины доргилт, зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, аруун шууны өнгөц эсгэгдсэн шарх гэмтэл үүссэн” гэсэн дүгнэлт нь шүүгдэгч Б.Нийн “Дагвадорж намайг дээрээс дарж байгаад толгой болон цээж нуруу руу гараараа цохиод байхаар одоо  болно...” гэсэн мэдүүлэгийг няцаах үндэслэл болж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.Н нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хагалгаанд орох шаардлагатай эмнэлгийн нэхэмжлэхээр тооцож нийт 5 600 000  төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэргийн 105-р хуудас дахь Орбита ХХК-ийн ухархайн мэс заслын нэхэмжлэх, 107-р хуудас дахь хамрын хагалгааны төлбөрийн нэхэмжлэхийг үнэн зөвд тооцож Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах зэрэг зайлшгүй зардал гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Ш нь хохирогчид хохирол төлбөр төлөөгүй тул дээрх хохиргчийн эмчилгээнд зарцуулах төлбөрийг төлөх үүрэгтэй учир түүнээс 5 080 000 төгрөгийг гаргуулж, хохиргч Б.Нид олгох нь зүйтэй.  

 Шүүгдэгч Ч.Ш, Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Ч.Ш, Б.Н нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

  Шүүгдэгч Ч.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх бөгөөд дээрх байдлуудыг харгалзаад прокурорын санал болгосон торгох ялыг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

Харин шүүгдэгч Б.Н нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа эс зөвшөөрсөн ч түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас торгох ял оногдуулах нь оновчтой гэж үзлээ.

 Эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 00-ын цаас 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон эрээн даавуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 Шүүгдэгч Ч.Ш, Б.Н нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхай овогт Чулуунхүүгийн Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн,

    Шүүгдэгч Боржигон овогт Баярцэндийн Нийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Шыг  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох,

   Мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Ч.Ш, Б.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Шоос нийт 5 080 000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Нид олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон нойлын цаас 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон эрээн даавуу 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА