Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 496

 

 

 

 

 

 

 

 

  2018            6           19                                    496

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч: Г.”Т” нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Бэсүд овогт Ганхуягийн “Т”т  холбогдох эрүүгийн 1805 0205 10472 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Т”.

 

             Шүүгдэгч Г.”Т” нь 2018 оны 4 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан-Од” зочид буудлын 207 тоот өрөөнд зүс таних иргэн М.”П”ийн нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.”Т” мэдүүлэхдээ:

Хохирогч “П” нь манай найз Баяржаргалтай маргалдаад Баяржаргалыг цохисноос уруулын дээд талд язарч, цус гарсан байхаар нь түүнийг айхтар зодсон байна гэж бодоод найзыгаа өмөөрч “П”ийг зодсон.  Тэр өдөр манай найз Отгонтөрийн төрсөн өдөр болж байсан тул бид архи уусан байсан. Би “П”ид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, эмчилгээний зардалд нь 1 000 000 төгрөг өгсөн.  Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би дахиж хүн зодож гэмтээхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-М.”П” мэдүүлэхдээ:

 ...Удалгүй Баяржаргал “намайг булхайцлаа” гээд бид хоорондоо маргалдсан юм. Баяржаргал ширээ рүү хөлөөрөө жийгээд босож ирээд намайг боогоод унагаасан юм. Энэ үед хамт байсан хэд бүгдээрээ салгасан юм. Тэгтэл хүмүүс хориод байхад Баяраа улам л асаад “босоод ир, үзье, зодолдье” гээд над руу дайраад байсан юм. Түүнийг болихгүй болохоор Гурваа түүнийг нэг тонгороод унагаасан. Түүнийг босоод ирэхэд нь би нэг удаа ам руу нь гараараа цохисон юм. Удалгүй Баяржаргал найз “Т”ыг дуудаад оруулаад ирсэн. Гаднаас “Т” нь архи ханхлуулан орж ирээд “хэн Баяржаргалыг цохисон юм бэ” гэхээр нь би түүнд “би цохисон” гээд хэлтэл шууд л намайг урагш нь нэг татаж унагаагаад, миний нүүр, ам руу өшиглөсөн юм. Энэ үед миний амнаас их хэмжээгээр цус гарч, тогтохгүй байсан. Үүний дараа ямар нэг зүйл болоогүй бөгөөд бид буудлаас гарцгаасан юм гэжээ. (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Баяржаргал мэдүүлэхдээ:

...”П” согтуу тасарчихсан унтаж байсан. Би найз “Т”ын хамт тоглохоор суусан юм. Хамт ирсэн найз Отгонтөр тоглоогүй зүгээр сууж байсан. Бид нар 20 000 төгрөг булж тоглодог. Ингээд тоглоод сууж байтал “П” цагийн дараа босоод ирсэн юм. Үргэлжлүүлээд дахин нэг цаг тоглоод “Т”, Отгонтөр бид З гараад “Стелла” нэртэй баар луу орж архи уусан юм. Би цагийн дараа “эргээд буудал орж тоглоллоо” гэж хэлээд ганцаараа Алтан-Од руу буцаад ороход “П”, Одко, Гурваа, Довууч, Ууганбаяр нар тоглож байсан.  Тоглоод сууж байтал “П”ийг би “Техас” покерийн хөзрийг тараахдаа илүү мод алаад байсан учир түүнийг булхайцлаа гээд түүнтэй маргалдаж эхэлсэн.  Ингээд би түүнийг багалзуурдаад боогоод автал, хамт байсан хэд маань салгаж болиулсан.  Тэгтэл Гурваа намайг арагш нь татаад унагаатал “П” миний уруул руу 1 удаа цохиход би шарандаа “Т” луу залгаад “ороод ирээч, намайг цохьчихлоо” гэсэн.  Удалгүй “Т” орж ирээд “юу болсон юм бэ, хэн намайг цохьсоныг асуутал, би “П” намайг цохьчихлоо” гээд заатал “Т” “П”ийг нэг удаа урагш татаж унагаагаад нүүр лүү нь нэг удаа өшиглөчихсөн юм. Тэгтэл “П”ийн амнаас цус гоожоод эхэлсэн  гэжээ. (хэргийн 7-8 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4579 дугаар дүгнэлтэд:

1. М.”П”ийн биед уруул няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, баруун дээд 1 дүгээр, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  (хэргийн 13 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.”Т” ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

  Шүүгдэгч Г.”Т” нь 2018 оны 4 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан-Од” зочид буудлын 207 тоот өрөөнд найз Н.Баяржаргалыг зодлоо гэх шалтгаанаар хохирогч М.”П”ийн нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь уруул няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, баруун дээд 1 дүгээр,  зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, хүзүү, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.”П”, гэрч Н.Баяржаргал нарын  мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4579 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.”Т”т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.

Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой 236 595 төгрөгийн нотлох баримт хэрэгт гаргаж өгсөн боловч Г.”Т”аас эмчилгээний зардалд  1 000 000 төгрөг өгч, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.”Т” цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч “Т”ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.”Т”ыг  750  нэгжтэй тэнцэх хэмжээний  750 000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.”Т” нь торгох ялыг 1 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.”Т” нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1 000 000 төгрөг төлсөн болохыг тус тус  дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.”Т”т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.”Т”т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН