Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00455

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00455

 

 

 

********-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/03021 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч ********-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч ******** ХХК-д холбогдох

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 3,840,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 18,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ********-ны нэхэмжлэл, тайлбарын агуулга: ********- нь 2019 оны 09 дүгээр сараас эхлэн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах ххх дугаар байранд үйл ажиллагаа явуулж байна. ******** ажлаа хүлээн авснаас хойш ххххХХК нь 24 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал төлбөрөө төлөөгүй. Иймээс ххххХХК-ийн мөн байрны 01 тоотод байрлах оффисийн төлбөр 1,920,000 төгрөг, 4 тоотод байрлах хүнсний дэлгүүрийн төлбөрт 1,920,000 төгрөг, нийт 3,840,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ххххХХК-ийн тайлбарын агуулга: Манай компанийн оффис ххх дугаар байрны 01 тоотод байрладаг, гаднаас шууд орох хаалгатай тул байрны нийтийн эзэмшлийн талбайг ашигладаггүй. ********-оос үйлчилгээ авдаггүй тул оффисийн өрөөний СӨХ-ны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин ххх дугаар байрны 4 тоотод байрлах хүнсний дэлгүүрийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,920,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3.Хариуцагч ххххХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: ******** нь манай компанийн хариуцан ажиллаж байсан ххх дугаар байрны оршин суугчдаас авах ашиглалтын зардлын төлбөрийн үлдэгдэл 18,184,000 төгрөгийн шаардах авах эрхийг шилжүүлэн авч, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Мөн манай компанийн өмнөөс хххххх ХХК-д төлөх цахилгаан шатны үлдэгдэл төлбөр 18,000,000 төгрөгөөс сар бүр 1,000,000 төгрөг төлнө гэж харилцан тохиролцсон боловч төлбөрийг төлж барагдуулаагүй.

Иймд ********-оос Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, ххх дугаар байрны оршин суугчдаас авах дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын зардлын үлдэгдэл төлбөр 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч ххххх СӨХ-ны сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ******** нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал бөгөөд бүх гишүүдийн хурлаар холбооны төсөв, тайлан тэнцлийг хэлэлцэж батлах журамтай. Өөрөөр хэлбэл шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дэх хэсэгт заасан журмын дагуу хэлцлийн үндсэн дээр шилжүүлэх бөгөөд гүйцэтгэх захиралтай тооцоо нийлсэн акт үйлдсэнээр шаардах эрх шилжсэн гэж үзэхгүй.

ххххХХК нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дэх хэсэгт заасан ашиглалт хариуцах гурван жилийн хугацааны төлбөр тооцоотой, төлөөгүй оршин суугч, сууц өмчлөгчөөс төлбөр тооцоог өөрөө шаардах нь зүйтэй. Дээрх хуулийн 48 дугаар зүйлд заасан шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулдаг бөгөөд ххххХХК нь тус орон сууцанд суурилуулсан цахилгааны шатны төлбөр тооцоог оршин суугчдын дундын ашиглалтын зардалд төлсөн төлбөрөөс суутгана гэсэн нь үндэслэлгүй. ххххХХК нь дээрх орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгөхдөө хххххх ХХК-тай гэрээ байгуулсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Мөн ххххХХК нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд дээрх цахилгаан шатны төлбөрийг оршин суугчдын дундын өмчлөлийн зүйлд зарцуулагдах зардлаас төлүүлсэн нь хууль бус. Тус байрны оршин суугчдын анхдугаар хурлаар дээрх асуудлыг хэлэлцэж, барилга барьсан компанийн өр төлбөрийг оршин суугчид болон СӨХ төлөхгүй байх тухай шийдвэр гаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *********ХХК-аас 3,680,000 /гурван сая зургаан зуун наян мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ********-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 160,000 төгрөгийн болон хариуцагч ххххХХК-ийн орон сууц эзэмшигчдээс шаардан авах төлбөрийн үлдэгдэл 18,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,390 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ххххХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 73,830 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ********-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч ххххХХК-ийн давж заалдах гомдлын агуулга:

6а. ххххх СӨХ, ********ХХК-ийн 18,000,000 төгрөгийг шаардах эрхийг шилжүүлэн авч, улмаар түүний оронд ******** ХХК-ийн ****** ХХК-д төлөх төлбөрийг сар бүр 1,000,000 төгрөг шилжүүлэх байдлаар төлж барагдуулах хүсэл зоригоо бичгээр илэрхийлж, тус сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Анхан шатны шүүх хэргийн 30-35 дах талд авагдсан баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.

2б. Манай компаниас ххххх СӨХ-д шилжүүлсэн шаардах эрх нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага тавигдаагүй. Нэхэмжлэгчээс шаардах эрхийг хүлээн авснаа илэрхийлж, ххххХХК-ийн Хьёндэ Элеватор Монгол ХХК-д төлөх өр төлбөрийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу илэрхийлсэн тул талуудын хооронд хэлцэл байгуулагдсан гэж үзэн зохих хуулийг хэрэглэх ёстой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч ххххх Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/ нь хариуцагч ******** ХХК-д холбогдуулан гаргасан ххх дугаар байрны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 3,840,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь тус байрны 04 тоотод байрлах хүнсний дэлгүүрийн зардал 1,920,000 төгрөгийг зөвшөөрч, 01 тоотын хувьд нийтийн эзэмшлийн талбайг ашигладаггүй гэх үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргасан байна. Тэрээр нэхэмжлэгч талд холбогдуулан 18,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-1,2, 24-27/

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг 3,680,000 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 160,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба энэ шийдвэрт зохигч талууд давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан талуудын зарчимд нийцэхгүй гэж үзлээ.

4.Хариуцагч ******** ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... ******** нь манай компанийн хариуцан ажиллаж байсан байрны ашиглалтын зардлын төлбөрийн үлдэгдэл болох оршин суугчдаас шаардаж авах 18,184,000 төгрөгийн эрхийг шилжүүлэн авч тооцоо нийлж акт үйлдсэн. Улмаар манай компанийн хххххх ХХК-д төлөх цахилгаан шат суурилуулах гэрээний төлбөрийн үлдэгдэл 18,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, төлбөрийг төлөөгүй гэж тайлбарлан ххххх СӨХ-ны 2019 оны 06 дугаар сарын 06, 05-ны өдрөөр тус тус огноолсон хххххх ХХК-д гаргасан хүсэлт, тооцооны үлдэгдлийн баталгаа, ххх дугаар байрны СӨХ-ны 2018.03-2019.05 сарын төлбөр өгөөгүй оршин суугчдын тооцооны жагсаалт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, *** МН ХХК, ххххХХК-ийн хооронд байгуулагдсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /хх-30-47/

5.Нэхэмжлэгч тал тооцоо нийлсэн актыг хэзээ, хаана, хэн хийснийг шүүх анхаарах ёстой, бүх гишүүдийн хурлаар холбооны төсөв тайланг хэлэлцэж батлах журамтай, шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дэх хэсэгт заасны дагуу хэлцлийн үндсэн дээр шилжүүлдэг. ******** ХХК тус орон сууцанд суурилуулсан цахилгааны шатны төлбөрийг оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын зардалд төлсөн төлбөрөөс суутгах үндэслэлгүй, хууль бус гэх агуулгаар эс зөвшөөрч, маргажээ. /хх-54,55/

6.Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэгт заасанд нийцээгүй байна. Мөн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэсэн маргааны үйл баримтын талаарх дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журамд нийцээгүй боловч хариуцагч ******** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6а.Тодруулбал, хариуцагч ххххХХК Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрчим хүчний хөгжлийн төвийн ажилчдын 22 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 90 айлын орон сууц буюу ххх дугаартай орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан байна. /хх-36-39/ Тэрээр тус орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг 2018 оны 03 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд хариуцан ажиллаж байгаад ххххх СӨХ-д шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, ххххх СӨХ-ны гэрчилгээ, ххх дугаар байрны бүх оршин суугчдын анхдугаар хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх-6-8, 10,11/

6б.Хэргийн 32-35 дах талд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, ххх дугаар байрны СӨХ-ны 2018 оны 03 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны төлбөр өгөөгүй оршин суугчдын тооцооны жагсаалт зэрэг бичгийн баримтууд нь ******** ХХК, ххххх СӨХ-д тухайн байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний ажлыг хүлээлгэн өгөхдөө төлбөр төлөөгүй оршин суугчдын жагсаалт гарган, төлбөрийн дүнг тооцон баталгаажуулсан агуулгатай байна.

6в.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Иймд ******** ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу цахилгаан шатны үнийг хххххх ХХК-д сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн хөрөнгө ашиглалт, хамгаалалтад зарцуулах мөнгөн хөрөнгөөр төлөх үүргийг ххххх СӨХ шилжүүлэн авсан хариуцагчийн шаардаж буй сөрөг нэхэмжлэл дээрх хуульд нийцэхгүй байна.Энэ талаар анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дах хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

7.Түүнчлэн нэхэмжлэгч ххххх СӨХ-ны гүйцэтгэх захирлаас хххххх ХХК-д гаргасан гэх хүсэлтийг хариуцагч ******** ХХК, ххххх СӨХ-ны хооронд эрх зүйн үр дагавар бий болгосон, хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй.

8.Хариуцагч ******** ХХК нь дээрх ххх дугаартай орон сууцыг хариуцаж байх хугацаандаа оршин суугчдын өмнөөс орцны жижүүрийн цалин, цэвэрлэгээний зардал, нийтийн эзэмшлийн талбайн цахилгааны төлбөр зэрэг төлбөрүүдийг төлж байсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

9.Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/03021 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД