Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/995

 

 

 

 

    2024           08            29                                        2024/ДШМ/995

 

С.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, ерөнхий шүүгч Б.Халиун, шүүгч Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШТ/59 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Шагдарын бичсэн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 79 дүгээр эсэргүүцлийг үндэслэн С.Г-д холбогдох эрүүгийн 2402000000226 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн С.Г, 1991 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны баримт бичиг шалгагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн … дугаар хороо … дүгээр байрны … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ………………./;

Шүүгдэгч С.Г нь нийтийн албан тушаалтнаар буюу Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн …. дүгээр ангид тээврийн хэрэгслийн шалгагчаар ажиллаж байх хугацаандаа: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг тус тус зөрчиж, Өмнөговь аймгийн ……. сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ……..  боомт дахь Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн ……..  дүгээр ангийн шалган нэвтрүүлэх заставын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх талбайд хахууль өгөгч Д.Э-ны тээврийн хэрэгсэлд “баримт бичиг шалгагч” албан тушаалын тодорхойлолтод заасан “Зорчигч тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэх” гэсэн албаны чиг үүргийн дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулж тээврийн хэрэгслийг талбайд нэвтрүүлж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Д.Э-аас 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 100.000 төгрөгийг өөрийн Хаан банканд эзэмшдэг 508……………….. дугаарын дансаар дамжуулан өөрийн оршин суух Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлэн мөнгөний машинаас авч 100.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: С.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд Шүүхийн харьяаллыг тодорхой хуульчилжээ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар эрүүгийн хэргийг анхан шатны шүүх нутаг дэвсгэрийн зарчмаар хүлээн авч шийдвэрлэж байгаа билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ” гэж туйлын тодорхой зааж өгсөн байна. Энэхүү заалт нь эрүүгийн хэргийг ердийн болоод хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх аль ч тохиолдолд үйлчлэх учиртай. Шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсэгт Анхан шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гэсний 30.6.1 дэх заалтад хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх гэж мөн заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонхи байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно гэж нутаг дэвсгэрийн зарчмыг баримтлахгүйгээр эрүүгийн хэргийг өөр нутаг дэвсгэрт байрлах шүүхээр шийдвэрлэх цор ганц боломжийг хуульчилсан байна. Шүүгдэгч С.Г-д холбогдох эрүүгийн 2402 00000 0226 дугаартай хэрэгтэй танилцахад: С.Г-ийн эзэмшлийн Хаан банк дахь төгрөгийн 508…………….. тоот дансны хуулга “...2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 509…………… дугаартай данснаас 100.000 төгрөг orlogo гэсэн гүйлгээний утгатайгаар орсон” /1хх 62-75/, С.Г-ийн эзэмшлийн Хаан банк дахь төгрөгийн 508…………….. тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (1хх 86), гэрч Д.Э мэдүүлсэн “...2018 оны 08 дугаар сард БНХАУ-ын Ганц мод НАБТ руу нүүрс тээвэрт явж байгаад Монгол Улсын хил буюу Гашуунсухайт авто замын боомтын хилийн цэргийн алба хаагчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаар зөрчил илрээд С.Г гэж бол танихгүй тухайн гарч байсан алба хаагчид учир байдлаа тайлбарлаж гуйж байгаад хилийн цэргийн алба хаагчид 100.000 төгрөгийг шилжүүлж байсан тэр гүйлгээг гэж бодож байна. Өөр байдлаар ажлаа бүтээлгэх гэж тухайн мөнгийг өгсөн зүйл байхгүй. Ийм асуудал нь нэг л удаа болж байсан” гэх мэдүүлэг (1хх 53-55), шүүгдэгч С.Г яллагдагчаар мэдүүлсэн “...2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Д.Э гэх хүнээс 100.000 төгрөг авсан минь үнэн. Тухайн үед миний санаж байгаагаар надаас гуйгаад байхаар нь би нэг удаадаа тус болъё гэж бодоод хил нэвтрүүлсэн. ...Д.Э-аас 100.000 төгрөг өөрийн дансаар авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (1хх 41-42) зэрэг нотлох баримтуудтай танилцахад гэрч Д.Э нь шүүгдэгч С.Г-д 100.000 төгрөгийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт шилжүүлсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн боловч шүүгдэгч С.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт авсан гэх зэргээр зөрүүтэй мэдүүлжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хахууль өгөхийг шаардсан, авсан бол бүрдэл төгсөх гэмт хэрэг юм. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудтай танилцахад 100.000 төгрөгийг дансаар шилжүүлснээр Д.Э-ны эзэмшил, өмчлөлөөс гарч С.Г-ийн дансанд шилжиж орсноор эзэмшил, өмчлөл шилжсэн байна. Гэтэл шүүгдэгч С.Г нь хахуулийн мөнгийг өөрийн Хаан банканд эзэшдэг 5087………………  дугаарын дансаар дамжуулан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бэлэн мөнгөний машинаас гаргуулан авсан гэж дүгнэн хэргийн шүүхийн харьяаллыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож ирүүлсэн нь ойлгомжгүй байна. Хэрэв хахууль авах, өгөх гэмт хэргийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж төгссөн гэж үзвэл түүнийг нотлох холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх, мэдүүлгийн зөрүүг арилгах, гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тогтоох, эсхүл шүүхийн харьяаллыг Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүнээр тогтоолгох нь зүйтэй. Дээрх ажиллагаа хийгдээгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан илэрхий ойлгомжтой заалтыг зөрчсөн ноцтой зөрчил болно. Мөн шүүхээс хэргийг харьяалах шүүхэд нь хүргүүлэх тухай шийдвэр гаргах тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлах ёстой бөгөөд энэ нь зөвхөн ердийн журмаар шийдвэрлэж буй хэрэгт хамааралтай зохицуулалт. Гэтэл хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн хэргийн хувьд харьяаллын асуудлаар хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр шүүх шийдэх нь оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулна гэж үзэж, шүүгдэгч С.Г-д холбогдох эрүүгийн 2402 00000 0226 дугаар хэрэг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг маргаан мөн эсэх, шүүхийн харьяаллыг эсхүл тус шүүхэд тогтоосон эсэх зэргийг тогтоох ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлд хамаарч буйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д холбогдох эрүүгийн 2402 00000 0226 дугаар хэргийг прокурорт буцааж шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Ц.Шагдар бичсэн эсэргүүцэлдээ: “... Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 223 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд шүүхийн харьяаллыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож ирүүлсэн нь ойлгомжгүй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг маргаан мөн эсэх, шүүхийн харьяаллыг тус шүүхэд тогтоосон эсэх зэргийг тогтоох ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг баримглан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичив. Эрүүгийн хуулийн тусгай ангид хахууль өгөх, хахууль авах гэмт хэргийг тус тусад нь зүйлчилсэн ба ингэж зүйлчлэхдээ хэргийн объектив талын шинжийг харгалзан үзжээ. Хахууль өгөх гэмт хэрэг нь хахууль өгөгч этгээд өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан тодорхой эд зүйл өгөх, үнэ гөлбөргүй, хөндөлттэй үйлчилгээ үзүүлэх, эсхүл эдгээрийг амлаж, санал болгосноор буюу тодорхой үйлдэл, эс үйлдэхүй хийснээр уг гэмт хэрэг төгсөхөөр хуульчилсан. Хахууль авах гэмт хэргийн тухайд хахууль авагч этгээд хахууль өгөгчөөс хахууль өгөхийг шаардах, эсхүл хахуулийн эд зүйл, аливаа үйлчилгээг үнэ төлбөргүй хүлээн авснаар уг гэмт хэрэг илэрч, гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдохоор хуульчилжээ. Тодруулбал, эрх бүхий албан тушаалтан нь хахууль өгөгчийн зүгээс хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй, хүлээн аваагүй тохиолдолд, эсхүл хахууль өгөгч этгээд хахууль өгөхөөр тохиролцсон боловч өөрийн хүсэл зоригоор хахууль өгөхөөс татгалзсан тохиолдолд хахууль авах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэхээр байна. Хэрэгт тусгагдсан бичгийн нотлох баримтуудаар хахууль өгөгч /хөөн хэлэлцэх хугацаа дууссан/ Д.Э нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С.Г-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүнийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхөөр тохиролцон, улмаар хахуулийн эд зүйлийг С.Г-д шилжүүлсэн ба хахууль авагч С.Г нь дээрх хахуулийг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бэлэн мөнгөний машинаас гарган авсан болох нь энэ тухайгаа илэрхийлсэн түүний хүсэлт, тайлбар болон холбогдох дансны хуулгаар нотлогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Г-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэх явцад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх харьяалан шийдвэрлэх маргаан бус гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжпүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэн” гэж заасны дагуу хэргийг прокурорт буцаалгүйгээр эцэслэн шийдвэрлэх боломжтой байжээ. Гэвч шүүх С.Г-д холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг маргаан мөн эсэх, шүүхийн харьяаллыг тус шүүхэд тогтоосон эсэх зэргийг тогтоох ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн газар нутгийг тогтоох нь хахууль авах гэмт хэргийг сэргээн дүрсэлсэн үйл баримтад өөрчлөлт орохгүй буюу хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөхөөргүй байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Г нь өөрийн холбогдсон гэмт хэргийг сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдэж олсон ашгийг Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын Төрийн банк дахь дансанд байршуулсан ба хахууль өгөгч Д.Э нь хахууль өгсөн тухайгаа мэдүүлсэн бөгөөд дээрх нөхцөл байдал нь хэрэгт тусгагдсан бичгийн баримтуудаар давхар нотлогдсон буюу шүүгдэгч С.Г-ийн холбогдсон хэргийн бодит байдал нэгэнт тогтоогдсон байжээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зохицуулсан төдийгүй Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам болон шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” тогтоол, хавсралтад дурдсанаар хэргийн харьяаллыг зөрчсөн үндэслэлээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байхад шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШТ/59 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.  

Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурор Ц.Шагдарын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байсан атал дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч С.Г-д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, “...тогтоолыг хүчингүй болгуулах...” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Прокуророос С.Г-ийн хууль, журам зөрчиж, албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд Д.Э-аас 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 100.000 төгрөгийг өөрийн Хаан банканд эзэмшдэг 508……………… дугаарын дансаар дамжуулан өөрийн оршин суух Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн …. дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлэн мөнгөний машинаас авч 100.000 төгрөгийн хахууль авсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг маргаан мөн эсэх, шүүхийн харьяаллыг эсхүл тус шүүхэд тогтоосон эсэх зэргийг тогтоох ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлд хамаарч байна гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д холбогдох эрүүгийн 2402000000226 дугаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд тусгайлан зааснаас бусад хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч С.Г нь албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд Өмнөговь аймгийн ….. сумын ….. багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ………. боомт дахь Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн ….. дүгээр ангийн шалган нэвтрүүлэх заставын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх талбайд иргэн Д.Э-аас 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 100.000 төгрөгийг өөрийн Хаан банканд эзэмшдэг 5087………  дугаарын дансанд авсан үйлдэл нь ................ аймгийн нутаг дэвсгэрт болсон болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хахууль өгөхийг шаардсан, авсан бол бүрдэл төгсдөг гэмт хэрэг ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь хуульд нийцэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШТ/59 дүгээр шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Шүүгдэгч С.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШТ/59 дүгээр шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Шагдарын бичсэн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 79 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч С.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТСАЙХАН

                     ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ  

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ