Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2016/ДШМ/017

 

*******, *******, *******, *******

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Ялтан *******, *******

Ялтан *******, ******* нарын өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201605000023 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ... улсаас авсан гавъяа шагналгүй, 2007 оны 4 дүгээр сарын 18-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар таван жил нэг сар хорих ял шийтгүүлж, 2008 оны 3 дугаар сарын 26-нд *******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан гурван жил хорих ялыг хассан, 2008 оны 7 дугаар сарын 8-нд түүний эдлээгүй үлдсэн зургаан сар ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, 2013 оны 9 дүгээр сарын 17-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хоёр жил хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, регистрийн дугаар /*******/

Монгол Улсын иргэн, ******* овогт гийн , ... улсаас авсан гавъяа шагналгүй, 2012 оны 7 дугаар сарын 6-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гурван сар арав хоног баривчлах, 2014 оны 4 дүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, хоёр жил нэг сар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 300.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр зургаан сар баривчлах ял болгон өөрчилж байсан, регистрийн дугаар //

Монгол Улсын иргэн, овогт ын , ... улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

Монгол Улсын иргэн, овогт ийн , ... улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

*******, *******, *******, ******* нар нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 12 сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг "Адгийн цагаан" гэх газраас иргэн Б.Баасанбатын эзэмшлийн 3 тооны нас гүйцсэн монгол үхрийг хулгайлан бусдад 3.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, *******, *******, ******* нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* овогт *******гийн *******, овогт ын , овогт ийн , ******* овогт гийн нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил нэг сар, *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар, *******г эд хөрөнгө хураахгүйгээр зургаан сар, *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр зургаан сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт тус бүр оногдуулсан зургаан сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж тус тус эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан хоёр жил нэг сар, *******т оногдуулсан хоёр жил нэг сар хорих ялуудыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан хоёр жил нэг сар хорих ялыг тэнсэж, нэг жил, *******т оногдуулсан хоёр жил нэг сар хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан *******, ******* нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан *******, ******* нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт зааснаар *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, *******, *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3 дахь хэсэгт зааснаар *******ын цагдан хоригдсон 10 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2, 330 дугаар зүйлийн 330.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан *******ын өмчлөлийн "Mitsubishi 1200 Бикап” маркийн 77-86 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01053058 гэрчилгээ 1 ширхэгийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар *******ын 5 ханатай гэр, *******н эзэмшлийн мустанг-5 маркийн мотоцикль, *******ын эзэмшлийн 5 ханатай гэр, *******ын эзэмшлийн 1 тооны зээрд зүсмийн адуу зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг эзэмшигч *******, *******, *******, ******* нарт тус тус буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******ын өмчлөлийн "Mitsubishi 1200 Бикап” маркийн 77-86 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, *******д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, *******, ******* нарын эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэмт хэрэг үйлдсэндээ маш олон зүйл бодож, өөртөө гэмшиж, мөн өөрийнхөө хийсэн алдааг засаж залруулах талаар бодон тунгааж, ухамсарлаж сууна. Мөн миний амьдралын байдлын хувьд ам бүл 2 өндөр настай ээжийн хамт амьдардаг, ээжийн биеийн байдал тааруу байдаг, даралт ихтэй, эмнэлгийн хяналтанд байдаг тул миний бие асран хамгаалж, харж хандаж амьдардаг. Мөн мал аж ахуй хариулж, харж хандах хүн хүч байхгүй байгаа учир энэхүү ар гэрийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Ялтан ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь ийм гэмт хэрэг үйлдсэндээ туйлын их гэмшиж, их олон зүйлийг тунгааж, өөрийн энэ үйлдсэн хэрэгтээ их харуусаад дахиж, ийм хэрэг үйлдэхгүй гэдгээ тангараглаж байна. Би 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт төмсөгний буюу венийн үрэвсэл гэсэн оноштойгоор хагалгаанд орсон. Одоогоор биеийн байдал их тааруу, тамиржиж өгөхгүй байна.

Иймд биеийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

Ялтан *******, ******* нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч нар хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

Оролцсон прокуророоч: Ялтан нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

ХЯНАВАЛ:

*******, *******, *******, ******* нар нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг Адгийн цагаан гэх газраас иргэн Б.Баасанбатын эзэмшлийн 3 тооны нас гүйцсэн монгол үхрийг хулгайлж бусдад 3.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, *******ын эзэмшлийн Mitsubishi Бикап маркийн 7786 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 1-р хавтас 6-10, 17-22-р тал/, хохирогч Б.Баасанбатын хулгайд алдагдсан гэх 3 үхрийн ширийг *******ын оршин суух Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 6 дугаар гудамжны 11 тоот хашаанаас хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, хохирогч Б.Баасанбат, гэрч Б.Баянмөнх болон *******, *******, *******, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийнхээ талаар удаа дараа сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1-р хавтас 36-44, 97, 99, 101-102, 104, 107, 109, 201, 111-112, 114, 2-р хавтас 15-26-р тал/, Хөрөнгийн үнэлгээний төв компаний 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 193 тоот хохирогч Н.Баасанбатын алдагдсан үхрийг үнэлсэн тайлан зэрэг хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн ялтан нарт оногдуулсан ял тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Иймд ялтан *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг

удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                      ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                   Т.ДАВААСҮРЭН