Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 316

 

П.Л-ийн нэхэмжлэлтэй,

Цагдаагийн ерөнхий газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Б.Мөнхтуяа

                                                      П.Соёл-Эрдэнэ

                                                      Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                 Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаартай тушаалын П.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгож П.Л-ийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээн, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0095 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0394 дүгээр магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц-О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н нарыг оролцуулж,

            Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн хурандаа Ж.Б-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0095 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4, 27 дугаар зүйлийн 27.2.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, 81.4.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Л-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/648 дугаар тушаалын П.Л-дхолбогдох хэсгийг хүчингүй болгож, П.Л-ийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээж, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчид 5.098.408 /таван сая ерэн найман мянга дөрвөн зуун найман/ төгрөгийг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0394 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0095 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4, 26.8, 27 дугаар зүйлийн 27.2.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, 81.4.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д” гэж, 2 дахь заалтыг    “Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн хурандаа Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ “...П.Л-ийг цагдаагийн албанаас халж захиргааны акт гаргахдаа үйл баримтаар тогтоогдсон зөрчилд тохирсон арга хэмжээ аваагүй, төрийн албанаас халах асуудлыг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй...” гэж дүгнэжээ.

4. Төрийн алба хаагчийн нийтлэг эрх зүйн байдлыг тогтоосон Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол” мөн зүйлд заасан сахилгын шийтгэлийг оногдуулахаар, 26.2-т “сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй” гэж тус тус заасан бөгөөд Цагдаагийн албаны тухай хуульд алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалт байхгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26.1 дэх хэсгийг хэрэглэх нь зүйн хэрэг.

5. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”, 81.2-т “Энэ хуулийн 81.1-д заасан цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална”, 81.3-т “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно” гэж тус тус заасан бөгөөд мөн зүйлийн 81.4 дэх хэсэгт Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн албан тушаалтанд оногдуулах сахилгын шийтгэлийн төрлийг заасан.

6. Өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгаж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахин мөрдөх үүрэг бүхий цагдаагийн алба хаагч өөрийн шууд удирдлагад ажиллаж буй албаны харилцаатай алба хаагчтай эр эмийн харилцаа үүсгэж, ёс зүйгүй байдлаар авхуулсан зураг нь олон нийтийн сүлжээнд тавигдсан нь цагдаагийн байгууллагын нэр хүндийг гутаасан, сөрөг үр дагаврыг бий болгосон явдал гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа бөгөөд анхан шатны шүүхээс зөрчилд тохирсон арга хэмжээ аваагүй гэж хэргийн үйл баримтыг дүгнэж буй нь цаашид төрийн албанд энэ мэт ёс зүйгүй сөрөг үзэгдэл таслан зогсоогдохгүй байх, улмаар төрийн алба хаагчдын дунд буруу хэвшил, хандлага, тогтох нөхцөл бүрдэхээр байна.

7. Цагдаагийн байгууллага нь алба хаагчдынхаа хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангаж, Төрийн албаны тухай хуульд заасан “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх” зарчмыг хангаж ажиллах ёстой хэдий ч мөн хууль болон Цагдаагийн албаны тухай хуулиар хүлээсэн “хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биөлүүлэх, алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журам, алба хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргээ биелүүлээгүй алба хаагчид хуульд заасан шийтгэл оногдуулах нь зүй ёсны хэрэг юм.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5-д шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэхээр заасан бөгөөд цагдаагийн байгууллага, алба хаагчийн тухайд түүний эрх зүйн байдлыг Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулсан байдаг.

9. Дээрхээс үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт хийхдээ нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

10. Хувь хүн гэр бүлээс гадуур эр эмийн харилцаа үүсгэх нь өөрөө ёс суртахууныг гажуудуулсан үйлдэл болох бөгөөд хэдийгээр тухайн хувь хүний асуудал мэт харагдах хэдий ч төрийн алба хаагч өөрийн шууд удирдлагад ажиллаж буй албаны харилцаатай алба хаагчтай бэлгийн харьцаатай байж, үүнээс улбаалан ёс зүйгүй байдлаар авхуулсан зураг нь олон нийтийн сүлжээнд тавигдаж буй нь ёс зүйн зөрчлийн хэлбэр мөн бөгөөд орон нутгийн хэмжээнд төрийн байгууллагын нэр хүндийг унагасан, цаашлаад төрийн ажил, үйлчилгээг иргэдэд хүргэж буй бусад алба хаагчдын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц үр дагаврыг бий болгосон үйлдэл гэж үзэж байна.

11. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс П.Л нь өөрийн шууд удирдлагад ажилладаг Э.Сугар-Эрдэнэтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн нь Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох хэм хэмжээг зөрчсөн зөрчил мөн гэж үзсэн, энэ үйлдэл нь төрийн тусгай алба хаагчийн хувьд өөрөө ёс суртахуунгүй үйлдэл мөн болохыг зөвшөөрсөн атлаа Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг баримтлах байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

12. Төрийн албаны тухай /2002/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гээд шийтгэлийн төрлийг зааж өгчээ.

13. Цагдаагийн байгууллага нь өөрийн үйл ажиллагааг зохицуулсан нарийвчилсан хуультай тул дээрх зохицуулалтын хууль өөрөөр заагаагүй бол гэсэн заалтад хамаарч Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан.

14. Мөн дээрх зохицуулалтад “тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан...” гэж дундаа таслалтай 2 төрлийн шинжийг зааж өгсөн нь заавал дурдсан 2 шинж хоёулаа байхыг шаардахгүй тул Цагдаагийн байгууллагаас “гаргасан зөрчлийнх нь шинж байдал”-ыг харгалзан үзэж сахилгын шийтгэл оногдуулсан.

15. Нэхэмжлэгч нь урьд сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, удаа дараа үүрэг ажлаараа тэргүүлж байсныг нь цагдаагийн байгууллагаас тухай бүр үнэлж, цагдаагийн байгууллагын болон хууль зүйн салбарын шагналуудаар шагнаж, урамшуулж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.

16. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажлын үр дүн нь сайн байсан, урьд сахилгын шийтгэл хүлээж байгаагүй байна гэсэн үндэслэлээр хариуцагчийн гаргасан актыг хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй байгаа бөгөөд Төрийн албаны тухай хууль болон бусад хуульд өмнө байгуулж, зохих шагнал урамшууллаа тухай бүр авч байсан гавьяагаар өнөөдөр гаргасан ноцтой зөрчлийг хөнгөрүүлж үзэх тухай зохицуулалт хуульд байхгүй юм.

17. Дээрх сөрөг үзэгдлийг таслан зогсоох, цаашид ийм зөрчил давтан гарахаас урьдчилан сэргийлэх, төрийн албаны нэр хүндийг дээдлэх, хуульд заасан ёс зүйн зөрчлийн шинж байдалд нь тохирсон шийтгэл оногдуулсан бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид оногдуулсан сахилгын шийтгэл хүндэдсэн гэж үзэхгүй байна.

18. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

19. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

          20. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.4.1, 2.4.10-т заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Л-ийг цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан, хариуцагч уг тушаалын үндэслэлээ “... 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн дэслэгч Э.Сугар-Эрдэнийн “Suugii suugii” гэсэн фэйсбүүк хаягнаас П.Л-ийн шалдан байх үеийн зураг олон нийтийн сүлжээнд ... /тарсан/, ... П.Л нь өөрийн шууд удирдлагад ажилладаг цагдаагийн дэслэгч Э.Сугар-Эрдэнэтэй эр эмийн харьцаанд орж цагдаагийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн нь албаны шалгалтаар тогтоогдсон” гэж тайлбарласан, нэхэмжлэгчээс “...цагдаагийн алба хаагчийн хувьд ажиллаж буй үндсэн чиг үүрэгтэй нь холбогдуулж бус хэтэрхий хувийн болон гэр бүлийн амьдралд нь халдсан” гэж маргажээ.

            21. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, маргаан бүхий захиргааны акт гаргах үндэслэл болсон гэх “2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн дэслэгч Э.Сугар-Эрдэнийн фэйсбүүк хаягнаас П.Л-ийн зураг олон нийтийн сүлжээнд тарсан”, “П.Л нь өөрийн шууд удирдлагад ажилладаг цагдаагийн дэслэгч Э.Сугар-Эрдэнэтэй /тодорхой хугацаанд/ дотно харилцаатай байсан” үйл баримттай талууд маргаагүй байна.

22. Төрийн албаны тухай (2002) хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “... /төрийн жинхэнэ албан хаагч нь/ төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх /үүрэгтэй/” гэж, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.4.1, 2.4.10-т “ ... /цагдаагийн алба хаагч нь/ өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах..., ... гэр бүл үр хүүхэддээ хайр халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх .../үүрэгтэй/” гэж тус тус заасан, тухайн тохиолдолд, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Л нь өөрийн шууд удирдлагад ажилладаг алба хаагчтай гэр бүлээс гадуур, дотно харилцаа үүсгэсэн нь “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн дээрх заалтуудаар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл мөн болно.

23. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд уг асуудлаар “... зөрчилд тохирсон арга хэмжээ аваагүй, ... төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчиж, төрийн тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг тодорхой хэмжээнд хязгаарласан, ... урьд сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан, удаа дараа үүрэгт ажилдаа тэргүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байх ба энэ тохиолдолд төрийн албан хаагчид хүлээлгэх сахилгын хариуцлагын хамгийн хүнд хэлбэрийг сонгож хэрэглэсэн ... зөрчлийн шинж байдалд тохироогүй” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

24. Энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн “... гэр бүлээс гадуур эр эмийн харилцаа үүсгэх нь өөрөө ёс суртахууныг гажуудуулсан үйлдэл болох бөгөөд хэдийгээр тухайн хувь хүний асуудал мэт харагдах хэдий ч төрийн алба хаагч өөрийн шууд удирдлагад ажиллаж буй албаны харилцаатай алба хаагчтай бэлгийн харьцаатай байх  ... нь ёс зүйн зөрчлийн хэлбэр мөн бөгөөд орон нутгийн хэмжээнд төрийн байгууллагын нэр хүндийг унагасан, цаашлаад төрийн ажил, үйлчилгээг иргэдэд хүргэж буй бусад алба хаагчдын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц үр дагаврыг бий болгосон үйлдэл”, “... /шүүх/ энэ үйлдэл нь төрийн тусгай алба хаагчийн хувьд өөрөө ёс суртахуунгүй үйлдэл мөн болохыг зөвшөөрсөн атлаа Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг баримтлах байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх гомдол үндэслэлтэй байна.

25. Харин, Төрийн албаны тухай (2002) хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “... хуулийн 13... дугаар зүйлд заасныг зөрчсөн ... тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид ... сахилгын шийтгэл ногдуулах”-аар заахдаа мөн хуулийн 26.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж сахилгын шийтгэл ногдуулж болохгүй нөхцөл байдлыг зөрчил гаргасан хугацаанаас хамааруулж үзэхээр тусгайлан хуульчилсан тул эрх бүхий албан тушаалтан “зөрчил гаргасан хугацаа”, “зөрчлийг илрүүлсэн хугацаа”-г тус тусад нь тодорхой тогтоосны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргах ёстой, энэ тохиолдолд, П.Л-ийн гаргасан ёс зүйн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзлээ.

26. Тодруулбал, хэрэгт авагдсан “Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын тасгийн дарга ... Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн” талаарх албаны шалгалтын материалаас үзвэл, П.Л, Э.Сугар-Эрдэнэ нар нь “.... 2016 оны 10 сараас дотно харилцаа үүсгэж, 2017 оны 04 сараас харьцаагаа тасалсан” үйл баримтаа шалгалтын явцад өөрсдөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хариуцагчаас уг үйл баримтыг үгүйсгэж маргаагүй, уг “ёс зүйн зөрчил” нь 2017 оны 04 сараас хойшхи хугацаанд үргэлжилж байгаа талаар хэрэгт өөр баримт авагдаагүй тул П.Л-ийн ёс зүйн зөрчил гаргасан эцсийн хугацааг  “2017 оны 04 сар”-аар тогтоох үндэслэлтэй, уг зөрчилд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь  Төрийн албаны тухай (2002) хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан “...сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” хугацаанд хамаарч байх тул маргаан бүхий захиргааны акт “хуульд нийцсэн” гэж шүүх дүгнэх боломжгүй.

27. Түүнчлэн, маргаан бүхий захиргааны актын нэг үндэслэл болсон “... 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн дэслэгч Э.Сугар-Эрдэнийн фэйсбүүк хаягаас П.Л-ийн нүцгэн зураг олон нийтэд тарсан” үйл баримттай холбогдуулан албаны шалгалт явуулсан, хяналт шалгалтын явцад Э.Сугар-Эрдэнээс “... зургийг манай гэрт 2017 оны 03 сард П.Л-ийг мэдээгүй байхад нь би өөрийн гар утсаараа авч хадгалсан” гэх тайлбар гаргасан, хариуцагч уг үйл баримтыг үгүйсгээгүй, өөр баримт хэрэгт авагдаагүй байх тул “зураг олон нийтэд тарсан” үйлдэлд нэхэмжлэгч П.Л-ийг  шууд холбогдуулан буруутгах үндэслэлгүй, өөр этгээдийн буюу  Э.Сугар-Эрдэнийн сахилгын зөрчил гаргасан “2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр”-өөс П.Л-дсахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тооцож болохгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх “... зураг олон нийтийн цахим сүлжээнд тавигдсанд нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй, ийнхүү зураг тавьсан үйлдэлд нэхэмжлэгч өөрөө буруугүй, Э.Сугар-Эрдэнийн үйлдэлтэй холбоотой гэж үзнэ” гэж зөв дүгнэлт хийсэн атлаа “... зураг тавигдсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцох нь зөв” гэх зөрчилтэй дүгнэлт хийсэн нь буруу гэж үзнэ.

28. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0095 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0394 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай (2002) хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/648 дугаар тушаалын П.Л-дхолбогдох хэсгийг хүчингүй болгож, П.Л-ийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээсүгэй” гэж өөрчлөн, шийдвэр магадлалыг бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.Болдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА