Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 659

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б.Мөнхсайхан, Д.Эрдэнэчимэг

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны алба,

Гуравдагч этгээд: “Мон-Аналитик” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “шүүхийн шийдвэр биелүүлэх тухай А/225 дугаар захирамжийн Б.Мөнхсайхан, Д.Эрдэнэчимэг нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Мөнхсайхан, нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан түүний өмгөөлөгч Э.Мөнхдаваа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир, М.Ууганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э. Номин-Эрдэнэ нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнхсайхан, Д.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...”Миний бие Б.Мөнхсайхан нь эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зусланд сүүлийн 15 жилийн 4 улиралд амьдарч байгаа билээ. Сүхбаатар дүүргийн Засаг даргад 2014 онд газар эзэмшихээр өргөдөл гаргаж одоогийн амьдарч байгаа 0,07 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшихээр 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/239 тоот захирамжаар, мөн Д.Эрдэнэчимэг, Т.Буянхүү нарт 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 260 дугаар захирамжаар тус бүр газар олгосон. Сүхбаатар дүүргийн 19-р хороонд байрладаг “Дружба” нэртэй хуучин орос хүүхдийн зориулалттай барилгыг эзэмшдэг гэх “Мон-Аналитик” ХХК нь хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа явуулдаг мэтээр олон нийтэд мэдээлэл цацаж, зуслангийн 500м2 –д ахуй зориулалтаар айл өрхүүдэд газар олгуулахгүй байхаар Сүхбаатар дүүргийн Засаг даргатай “Эвлэрлийн гэрээ” байгуулж шүүхийн шийдвэр гаргуулсан байна.

Дээрх гэрээ, Шүүхийн шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нь “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/225 тоот захирамж гаргаж тус нутаг дэвсгэрт байнга оршин суудаг миний болон бусад 12 хүний эзэмшил газар бүхий эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гаргажээ. Засаг дарга Д.Бадарсангийн гаргасан шийдвэрийг иргэд бид “Мон-Аналитик” ХХК-ний эрх ашгийг хамгаалсан нэг талд үйлчилсэн шийдвэр гэж үзэж байна. Тус компани нь хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа хэзээ ч явуулж байгаагүй, дружба зуслангийн барилга байгууламж нь сүүлийн 20 гаруй жил ямар ч ашиглалт байгаагүй, бүх зүйл нь тоногдож эвдэрсэн тул цаашид зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа  явуулах боломжгүй гэж үзэж байна.

“Мон-Аналитик” ХХК нь хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа явуулдаг, газар эзэмшиж байгаа иргэд байгаль орчин байгаа мэтээр олон нийтэд мэдээлэл өгч нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийг цуцлуулах шийдвэр гаргуулах тухай 25-р сувгийн мэдээгээр мэдээлэл цацсан.  Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас дружба зуслан 1990 оноос одоог хүртэл үйл ажиллагаа явуулаагүй Монгол улсад зуслангийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын бүртгэлд байхгүй гэдгийг тодорхойлж албан тоотоор бидэнд хариу өгсөн.

Тус компани нь хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа явуулдаг мэтээр олон нийтийг төөрөгдүүлж Сүхбаатар дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулж түүнийгээ шүүхийн шийдвэрээр баталгаажуулж, иргэдийн газар эзэмших эрхийг бүдүүлгээр зөрчиж нийтийн эзэмшлийн орц, гарц дээр хаалт барьж тэр орчмын газрыг өөрийн ах дүү, компанийн нэр дээр авах гэсэн шунахай үйл ажиллагаа явагдаад байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/225 тоот захирамжийг хүчингүй болгуулж, өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир, М.Ууганбаяр шүүхэд  ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:”...”Иргэн Б.Мөнхсайхан, Д.Эрдэнэчимэг, Т.Буянхүү, нарын нэхэмжлэлтэй, тус дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Тус дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зусланд нэхэмжлэгч Б.Мөнхсайханд дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар 700 метр квадрат, Д.Эрдэнэчимэгт дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 260 дугаар захирамжаар 700 м.кв, мөн захирамжаар Т.Буянхүүд 682 м.кв газрыг тус тус 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг баталгаажуулсан. Тухайн маргаан бүхий газартай холбоотой асуудлаар 2007 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд “Мон-Аналитик” ХХК нь нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчид 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/2007 тоот Эвлэрлийн гэрээг байгуулж, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Дружба зуслангийн эзэмшлийн газрын эргэн тойрон бүхий 500 метр квадрат газрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс бусдад шинээр газар ашиглах, эзэмших эрх олгохгүй байхаар дурдсан. Нийслэлийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай 982 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тухай бүр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан.

Дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг холбогдох хуулийн дагуу биелүүлсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6 дахь хэсэгт /нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүгчийн захирамж байгаа/ заасан.

Иймд дүүргийн Засаг даргын 2015 оны А/225 дугаар захирамж нь бусдын ашгийг зөрчөөгүй, хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж бөгөөд маргаан бүхий газрын талаарх асуудлыг урьд нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэв

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:”...”Иргэн Б.Мөнхсайхан, Д.Эрдэнэчимэг нар нь Сүхбатаар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/225 тоот захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасанд гуравдагч этгээд “Мон-Аналитик” ХХК-ийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

1984 онд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөх хуулийн дагуу 1984 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл- ийн “Газар эдлүүлэх тухай” 30 дугаар тогтоолоор “Дружба” пионерийн зусланд “Газар эдлэх эрхийн үнэмлэх"-ийг олгож, тухайн үеийн Улаанбаатар хотын Гачуурт хороо буюу одоогийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Шарга морьтын амны төгсгөлд ОХУ-ын өмчийн “Дружба” пионерийн зуслан нэг ээлжиндээ 600 хүүхэд амрах хүчин чадалтайгаар байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж ирсэн түүхтэй юм.

Нийгмийн захиалгаар шинэ зууны иргэдийг сургахад улс орноороо өөрчлөн байгуулалтын их аянд мордлоо. Энэ аянд хүүхдийн байгууллагууд тэр тусмаа “Дружба” пионерийн зуслан ихэд идэвхтэй оролцож байсан. “Хүүхдийн төлөө” За гэж хэлэх уриан дор хүүхдийн сурлага хүмүүжил, утга уран зохиол, бие бялдарт анхаарч ирээдүйн улс төрч, эдийн засагч төрөл бүрийн авьяастнуудыг бэлтгэн гаргасан. Одоогоос 90 жилийн тэртээ пионерийн анхны тангаргаа өргөж байсан эдгээр анхны пионерууд улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө хичээнгүйлэн зүтгэж эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч болохоо харуулж эх орныхоо Хүндэт иргэд болсон билээ.

1990-ээд оноос Хүүхдийн байгууллага Монголын Скаутын холбоо, Идэрчүүдийн холбоо, Залуучуудын улаан загалмай гэсэн олон арван дүү төрүүлсэн. 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах хууль 1996 оны 5 дугаар сард батлагдан гарлаа. 2000 онд “Хүүхдийн төлөө” уриан дор 16 жил хүүхдийг эрүүл орчинд амраахад чадах чинээгээр тусалж байсан хүүхдийн “Дружба” хүүхдийн зусланг Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2202005480 дугаарт бүртгэж 1.102,960 ам /тухайн үеийн ханшаар/ доллараар үнэлж, Оросын Холбооны Улсад 0020921 дугаарын гэрчилгээ олгосон байдаг юм.

2002 онд “Дружба” хүүхдийн зуслан, түүний орчныг хамгаалуулах талаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газартай “Мон-Аналитик” ХХК гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 2003-2004 онд Оросын Холбооны Улсын өмчид бүртгэлтэй “Дружба” хүүхдийн зуслангийн цогцолборыг худалдаалах, захиран зарцуулах эрх зөвхөн Оросын Холбооны Улсад байгааг Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос 2003 онд тодорхойлсны дагуу “Мон-Аналитик” ХХК нь Оросын Холбооны Улсаас 2004 онд өөрийн эзэмшилдээ авч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын албанд Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хандаж газар эзэмших эрхийг баталгаажуулахаар хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны алба нь өргөдөл хүсэлтийн 2628 дугаар бүртгэлээр бүртгэн авч, хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 154 дүгээр захирамжаар 26 га газрыг “Мон-Аналитик” ХХК-д эзэмшүүлэн баталгаажуулж, тус захирамжийг үндэслэн 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0046464 тоот дугаар 26 га газрыг 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгож, Газрын алба, “Мон-Аналитик” ХХК-ийн хооронд 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 326 дугаартай газар эзэмших ашиглах гэрээ байгуулан эдэлбэр газрын баталгаажилтын схем зураг/масштаб 1:5000/ гарган баталсан.

2005 онд “Мон-Аналитик” ХХК нь Монгол улсын хууль эрх зүйн дагуу 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хот төлөвлөлт, Эрдэм шинжилгээ, “Зураг төслийн хүрээлэн”-нд хүсэлтээ гаргаж 2005.05.23-нд 399 тоот албан бичгээр цогцолборын барилга бүрт дугаар авч, мөн хүсэлтийн дагуу Монгол улсын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000144408 дугаартай гэрчилгээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Газрын харилцаа геодези, зураг зүйн газар”-аас 2005 оны 06 дугаар сарын 06-ны өдөр авсан. 2005-2007 онд 2005, 2006, 2007 оны хооронд уг хүүхдийн зуслангийн орчны ойн сан бүхий газарт ойд дүүргийн газрын албанаас олон иргэн, аж ахуй нэгж, Элэгний сувилал зэрэгт газар олгосноор хүүхдийн зуслангийн орчны ойн сан, газар бохирдох болсон тул ингэж замбараагүй газар олголт хийх аваас хүүхдийн зуслан үргэлжлүүлэн ажиллахад хүүхэд, өсвөр үеийнхэнд аюул учирч болзошгүй байсан тул энэ талаар дүүргийн захиргаа, газрын алба, нийслэлийн мэргэжлийн хяналтын албанд өөрийн зүгээс гомдол шаардлага гаргаж анхааруулж ирсэн.

Монгол улсын Үндсэн Хууль болон НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенц, Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуульд хуульчлан заасан дагуу хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсч, сурч, хүмүүжих, амрах эрхийг төрөөс хангах ёстой. Ингээд хүүхдийн зуслан, түүний орчны эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор хүүхдийн зуслангийн орчны ойн сан бүхий газрын байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах тухай гурвалсан 11/1 тоот гэрээг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн байгаль хамгаалах газрын дарга, “Мон-Аналитик” ХХК- ийн хооронд 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулан хамтран ажилласан.

Мөн 2007 онд захиргааны хэргийн шүүхэд энэ асуудлаар манай талаас нэхэмжлэл гаргаж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Газрын албатай шүүхийн шатанд хүүхдийн зуслангийн газрын орчинд 500 м.кв ойн сан бүхий газарт цаашид газар олгохгүй байхаар тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс “Ойн сан бүхий газрын байгаль хамгаалах" чиглэлээр үйл ажиллагаа явуулах н/01 тоот гурвалсан гэрээг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн байгаль хамгаалах газрын дарга, “Мон-Аналитик" ХХК хооронд байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Тус гэрээний Сүхбаатар дүүргийн Засаг даргын хүлээх эрх үүргийн 2.6-д “Нөхөрлөлийн эзэмшиж хамгаалж буй ойн сан бүхий хүүхдийн “Дружба” зуслангийн баталгаажсан газрын эргэн тойронд 500 метр газарт бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шинээр газар олгохгүй байх үүрэг хүлээнэ. Энэ 500 м2 газрыг “Дружба” зуслангийн эрүүл ахуйн халдвар хамгааллын бүс гэнэ” гэж тогтоож өгсөн.

Улмаар 2007 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар улсын байцаагчид “Нийслэлийн ногоон бүсийн ашиглалтын журам”-ын 4.3-ыг зөрчсөн болохыг дүгнэж, мөн тус газрын ойр орчимд байрлах айлуудад Байгаль орчны сайдын 93 дугаар тушаалын дагуу нөхөн төлбөр ногдуулахаар, Сүхбаатар дүүргийн Засаг даргыг н/01 тоот гэрээгээ зөрчихгүй байхыг, Нийслэлийн ногоон бүсийн ойн сан газарт зуслангийн хэсэгчилсэн төлөвлөгөөгүйгээр бусад иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон зөрчлийг давтан гаргахгүй байх тус тус дүгнэлт гаргасан байдаг.

Түүнчлэн “Мон-Аналитик” ХХК-ийн гомдолд Нийслэлийн газрын албанаас 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2/849 тоот албан бичгээр Ойн тухай хуулийн дагуу ойгоос 100 метрийн зайд хамгаалалтийн бүс байх тул Шарга морьтын амны эцэст байрлах “Дружба” хүүхдийн зуслангийн орчимд газар эзэмших, ашиглах, өмчлөх боломжгүй бөгөөд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй талаар хариу өгч байсан.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга, газрын албанаас бидний хооронд байгуулсан н/01 тоот гэрээ, Ойн тухай хуулийг тус тус зөрчиж 2006 оноос зуслангийн эргэн тойрон, халдвар хамгаалалтын бүсэд газар олголт хийсээр байсан. Хувийн байгууллага өсвөр үе болсон ирээдүй хойч залуучуудын боловсрол, мэдлэг, бие бялдар бүхий л талд санаа зовниж хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийн, олон улсын хүүхдийн зусланг ашиглалтад оруулахаар хөрөнгө мөнгө шийдвэрлэх гэж байхад төрөөс дэмжих байтугай хувийн ашиг сонирхлын үүднээс манай эдэлбэр газарт бусдад хууль бусаар газар олголт хийсэн нь хууль бус юм.

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 8-р зүйлд "... эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй” гэж заажээ.

Мөн 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй байхаар хуульчилсан байна. Түүнчлэн “хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө төр хариуцна” гэж заасан нь Төрийн байгууллага, тэр дундаа төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг манай компанийн өмнө хариуцахаар заасан. Улмаар иргэн захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулах, хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд гомдлоо гаргах эрхтэй.

Энэхүү эрхийн хүрээнд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч хэрэг үүсгэн шалгах явцад 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга, “Мон-Аналитик” ХХК-ийн хооронд эвлэрлийн 01/2007 тоот гэрээ байгуулж улмаар 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 235 дугаар захирамжаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн билээ.

Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт: “Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын алба нь Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Шарга морьтын амны төгсгөлд орших “Мон-Аналитик” ХХК-ийн “Дружба” зуслангийн эзэмшлийн 26 га газар болон түүний эргэн тойрон эрүүл ахуйн халдвар хамгааллын 500 метр хүртэл ойн сан бүхий газарт олгохгүй, эзэмшүүлж, ашиглуулахгүй байх, энэхүү ойн сан бүхий газарт болон “Дружба” зуслангийн цэвэр усны эх үүсвэр, цэвэрлэх байгууламжийн дэргэд хашаа сууц барьсан иргэд байгууллагад зуслангийн газар өмчлүүлэхгүй байх, зөвшөөрөлгүй газар эзэмших, ашиглах талаар асуудлыг тухай бур хуулийн дагуу шуурхай шийдвэрлэж байх, Монгол Улсын Байгаль хамгаалах болон Ойн тухай хууль болон НБОГ, дүүргийн Засаг даргатай байгуулсан гурвалсан гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулах, Тухайн газарт зөвшөөрөлгүй газар, эзэмших, ашиглах талаар хууль бус үйлдлийн талаар А талд тухай бүр түргэн шуурхай мэдэгдэж шийдвэрлүүлж байх, дээрх газартай холбогдон гарсан зөрчлийн талаар Мэргэжлийн хяналтын байгууллагад нэн даруй мэдээлж зохих арга хэмжээ авч байх" гэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Захиргааны хэргийн шүүхийн акт нь шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр гэсэн хэлбэртэй байна.”, 5.2-т “Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй." гэж заасан болохыг анхааралдаа авна уу.

“Мон-Аналитик” ХХК-ийн зүгээс 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний дагуу зуслангийн орчны 100 га ойд хортон шавьж устгах хүртэл ажлыг зохион байгуулж гэрээнд заасан үүргээ биелүүлж, өөрийн эзэмшил газар болох “Дружба” зуслангийн эргэн тойронд буюу Монгол Улсын ойн санг хамгаалж ирсэн.

2008 онд Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хүртэл гарсан байхад Сүхбаатар дүүргийн газрын албаны зарим хувийн сонирхол бүхий албан тушаалтнууд иргэдэд газар олголт хийсэн зарим нэг тохиолдол гарч байсан тул бид 01/2007 тоот Эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлж холбогдох шаардлагуудыг холбогдох төрийн байгууллага болон Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын албанд тавьж байсан. Тухайлбал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав нь 2008 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хэг/1618 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргад хууль бус үйлдлийг зогсоох талаар үүрэг болгосон байдаг. Манай компанийн зүгээс холбогдох төрийн албан хаагчдыг хүртэл шалгуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол, хүсэлтээ гаргасныг шалгахаар Төрийн албаны зөвлөлөөс 2008 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2005 тоот албан бичгээр Нийслэл дэх төрийн албаны зөвлөлийн салбарын зөвлөлийн дарга Ц.Болдсайханд үүрэг болгосон.

2009 онд Тус газарт эрүүл ахуйг хамгаалах олон үйл ажиллагааг хийж, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр холбогдох төрийн болон хүмүүнлэгийн сангийн хүмүүстэй уулзаж хөрөнгө оруулалтыг хүсэх ажлыг эрчимжүүлсэн. Гэвч хүүхдийн зуслан нь ашгийн төлөө бус тул хөрөнгө оруулалт олдохгүй удааширсан, мөн дэлхий нийт болон Монгол орныг дайрсан эдийн засгийн хямралт байдлаас шалтгаалан хөрөнгө оруулалтын ажил зогсонги болсон. Гэвч манай компани өөрийн боломжоороо “Дружба” хүүхдийн зуслангийн барилгуудын хуучин дээвэр буулгах ажил, ул нурууны бэхэлгээ, цаасаар бүрэх, банзан шувуу нуруу угсрах, долгионт төмрөөр дээвэр бүрэх, эмжээр, хаалт хадах, дээврийг 3 үе хар цаасаар бүрэх, модон хийцлэлүүдэд галаас хамгаалах түрхлэг хийх зэрэг ажлуудыг хийлгэхээр “Сансар чойр” ХХК-тай “Дружба” пионерийн зуслангийн барилгын төмөр дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээг 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулж нийт 14.818.000 төгрөгийн хөрөнгө оруулалт тус зуслангийн барилга байгууламжид зарцуулсан байдаг. Хүүхдийн зуслангийн бүх барилгыг шувуу нуруу дээвэртэй болгож зассан.

2010 онд бид өөрийн эзэмшлийн газар болон эргэн тойрон дахь газрыг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж явах явцад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 141 дүгээр тогтоол, тогтоолоор батлагдсан “Ногоон бүсийн ашиглалт хамгаалалтын журам”, мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Нийслэлийн ногоон бүстэй холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/819 тоот захирамж гарсан. Энэхүү тогтоол, захирамжийг үзэхэд ч хүртэл иргэдэд газар эзэмшүүлэхдээ авах арга хэмжээг зөрчиж Сүхбаатар дүүргийн Засаг дарга иргэдэд газар олгосоор байсан ба мөн л Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан юм. Үндсэндээ манай шаардлагын дагуу 2008-2011 он хүртэл Дружба зуслангийн орчинд газар олгох явдал зогсоод байсан юм.

2012 онд Ингэж бид хүүхдийн зуслангийн орчин ойг хамгаалах талаар олон жил тэмцэж холбогдох газарт гомдол, хүсэлт, шаардлагуудыг дахин гаргах явцад 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс ирүүлсэн дүгнэлтэд хэрэв иргэдэд Шарга морьтын аманд “Дружба” зуслангийн эргэн тойрны газарт эзэмшил олгох юм бол хүүхдийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж, хөрсний бохирдол үүсэх шалгаан бий болно” гэж дүгнээд Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын албанд хүргүүлээд байхад тэд хууль бус үйлдлээ таслан зогсоосонгүй. Зуслангийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд 2011 оноос эхлэн иргэдэд эзэмшил газар олгосноос болж бид өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж чадахгүй, үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүйд хүрээд байна.

Мөн 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “Мон-Аналитик” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын албатай 2007 онд байгуулсан Эвлэрлийн гэрээний дагуу 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш “Дружба" зуслангийн эрүүл ахуй, хамгааллын бүсэд газар олгосон Засаг даргын шийдвэрүүд, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадаструудыг хүчингүй болгохыг даалгуулах...”шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;” буюу 2007 оны шүүхийн шийдвэр байгаа үндэслэлээр 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" 759 дүгээр шүүгчийн захирамжаар буцаан хүргүүлсэн.

Иймд манай компанийн зүгээс бидний эрх ашгийг нэгэнт хамгаалагдсан гэж үзэн Монгол улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т "Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, 32.3-т "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ 32.4-д "Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна. Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.10-т заасан "шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлд хяналт тавьж, холбогдох байгууллагад шаардлага тавих”, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3-д "Захиргааны хэргийн шүүхийн актыг биелүүлээгүй этгээдэд энэ хууль, Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актад заасан хариуцлага хүлээлгэнэ”, 78 дугаар зүйлийн 78.1-д "хэргийн оролцогчид захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хучин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй” гэж зааж, шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага, албан тушаалтан хэрхэн биелүүлэх арга, журмыг “хуулиар шууд биш”, хуульд заасан эрхийнхээ дагуу шүүх "шийдвэртээ” тодорхойлж болохоор тусгасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д "Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр....ийн үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас байна”, 186 дугаар зүйлд шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шууд хүргүүлэх нөхцөлийг, 187 дугаар зүйлд гүйцэтгэх хуудаст тусгагдсан байвал зохих үйлүүдийг тус тус зааж өгчээ. 

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага, албан тушаалтан сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183-188-р зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан биелүүлэхээр хуульд заажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж зааснаас үзвэл захиргааны шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа иргэний шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай нэгэн адил зарчмаар явагдахаар зааж өгснөөс өөр захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчилсан хуулийн зохицуулалт байхгүй.

Эдгээр хуулийн дагуу 2007 оны шүүхийн шийдвэрийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга газрын алба биелүүлэхгүй байгаа тул бид гүйцэтгэх хуудас бичүүлэхээр захиргааны шүүхэд хүсэлтээ гаргасан юм. Тус хэргийг шийдвэрлэсэн хэргийн шүүгч Х.Батсүрэн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай” 982 дугаар захирамж гарган 2007 оны 235 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад үүрэг болгосон билээ. Гэсэн хэдий ч Сүхбаатар дүүргийн Засаг хууль бусаар олгосон газраа хүчингүй болгохгүй, бүр нэмж олгосон тохиолдол байсан тул “Мон-Аналитик" ХХК-иас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол, Нийслэлийн Байгаль орчны газарт гомдол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлтүүдийг удаа дараа өгч байсан. Түүнчлэн Нийслэлийн байгаль хамгаалах газраас 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2/302 тоот албан бичгээр Ойн тухай хууль зөрчсөн болох талаар ч бидэнд хариуг өгсөн юм. Үүний дагуу ч Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын албанд манай компани 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 19 тоот албан бичиг, 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 20 тоот албан бичиг, 2012 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 22 тоот албан бичгүүдээр тус тус мэдэгдэл, гомдол, хүсэлт, шаардлага гаргасаар байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 7629 тоот албан бичгийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаа талаар хариу өгөх тухай шаардлага явуулсан байна. 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бид Улсын мөрдөн байцаах газарт хандаж энэхүү асуудлыг шалгуулахаар гомдол гаргасан ч прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэхүү асуудлыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын албанд хандаж хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ авахуулах нь зүйтэй ба мөн гомдлоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж гаргана уу гэх утга бүхий хариуг бидэнд өгсөн.

2013 онд Дүүргийн Засаг дарга хүүхдийн зуслангийн орчин ойн сан бүхий газарт олгосон газруудаа хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэхгүй ихэд удаж байх тул дахин асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17 тоот албан бичгээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаа талаар хариу өгөх тухай шаардлага явуулсан байдаг.

 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14/14, 14/16, 14/17, тоот албан бичгүүдээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хандаж гомдол, хүсэлтээ гаргаж, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 , 05, 06, тоот албан бичгүүдээр Нийслэлийн өмчийн харилцааны газар, Зохион байгуулалттай гэм хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газарт, Монгол Улсын Ерөнхий сайд, хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүнд гомдол, хүсэлт гаргаж байсан. Сүхбаатар дүүргийн Засаг дарга энэхүү асуудлыг шийдвэрлэхгүй байх тул мөн л бид эцсийн цэг болох Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд мөн л “Дружба” зуслангийн газрын асуудлаар нэхэмжлэл гаргахад манай нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шалгаж яваад мөн л Ц.Сайхантуяа шүүгч энэхүү асуудал өмнө нь захиргааны шүүхээр шийдвэрлэгдсэн байна гэж тогтоон үзэн 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1720 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр эрх зүйн үр дагавраараа заавал биелэгдэх, эцсийн байх шинжийг өөртөө агуулдаг. Аливаа хэрэг маргааны тухайд хамгийн дээд хүчин чадалтай эрх зүйн акт нь шүүхийн хуулийн хучин төгөлдөр шийдвэр юм. Чухам л энэ чанараар нь шүүх эрх мэдлийг зөвхөн шуух хэрэгжүүлнэ гэж Монгол Улсын Үндсэн хуульд хуульчилсан.

Энэ ч утгаараа Захиргааны шүүх нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлыг дахин шийдвэрлэхгүй гэж үзсэн байна. Харин Монголд шүүхийн шийдвэр дээд хүчин чадалтай ба энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/508 дугаар захирамжаар сая нэг биеллээ олоход иргэн Б.Мөнхсайхан, Д.Эрдэнэчимэг нар ингэж дүүргийн захиргаа болон бидэнтэй маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. “Мон-Аналитик” ХХК нь өөрийн 26 га газрын төлбөрийг жил болгон төлж ирсэн нь баримтаар нотлогддог. Ийнхүү газрын төлбөрийг төлж газрыг эзэмшиж, ашиглаж байхад бидний үйл ажиллагаанд саад учруулсан Засаг даргын буруутай үйл ажиллагааг шүүхийн оронд манай эзэмшлийн газар нутагт хууль бусаар ийнхүү халдаж байгаа нь ихэд гомдол төрүүлдэг.

 “Мон-Аналитик" ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамж, газар эзэмших эрхийн 0046464 дүгээр гэрчилгээ, улсын бүртгэлийн 326 дугаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, эвлэрлийн гэрээг баталсан захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн захирамжаар 26 га эдэлбэр газар эзэмших эрхтэй байна.

 Эвлэрлийн гэрээнд “Дружба” зуслангийн эргэн тойронд эрүүл ахуй, халдвар хамгаалалтын бүс гэх 500 м хүртэл Ойн сан бүхий газарт 2007 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хойш бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар олгохгүй, эзэмшүүлж, ашиглуулахгүй байхаар заасан байна” гэж тодорхой дурдсан байна. Дүгнэвэл:  Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч байна. “Мон-Аналитик” ХХК-ийн Шарга морьтын амны төгсгөлд байх Дружба хүүхдийн зуслангийн газар, түүний эрүүл ахуй халдвар хамгааллын бүстэй холбоотой нэхэмжлэлийг тус шүүхээс дахин хүлээн авдаггүй бөгөөд хариуцагч нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөх хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлээд байхад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;” гэж заасаар байхад нэхэмжлэлийг хүлээн авсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга өөрийн хууль бус үйлдлийг Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх шүүгчийн захирамж, түүнийг гүйцэтгэх хуудас гарсан даруйд биелүүлж шүүхийн шийдвэрийг хүндэтгэж ажилласан гэж бид үзэж байна. “Мон-Аналитик” ХХК-ийн Шарга морьтын амны төгсгөлд байх “Дружба” хүүхдийн зуслангийн газар, түүний эрүүл ахуй халдвар хамгааллын бүстэй холбоотой нэхэмжлэлийг тус шүүхээс дахин хүлээн авдаггүй бөгөөд хариуцагч нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөх хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлээд байхад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариулагчийн гэм буруугийн талаар, эсхүл үг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа:” гэж заасаар байхад нэхэмжлэлийг хүлээн авсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:”...”Эвлэрлийн гэрээгээр хуулийн дагуу газар эзэмшүүлж, ашиглуулж байгаа этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх талаар зохицуулж өгсөн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн газар эзэмших эрхтэй гэж заасны дагуу холбогдох газар хүсэлтээ гаргаж, газар эзэмших эрхийг олж авсан байгаа.

Гэтэл 2011, 2012 онд маргаан бүхий актыг олгосон этгээд нь захиргаа өөрөө юм. Өөрөө шийдвэрээ олгосны дараа нь нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн дүүргийн Засан дарга эрүүл ахуйн хамгаалалтын бүс гэж тодорхойлсон байдаг. Гэтэл газрыг хамгаалалтад авах, биелэлтэд хяналт тавих эрх нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байдаг. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга өөрөө эвлэрлийн гэрээ байгуулахдаа хуулиар олгосон эрхээ хэтрүүлэн ашигласан. Нэхэмжлэгч нар Газрын тухай хууль заасан үүргээ биелүүлэн газрын төлбөрөө жил бүр төлөөд явсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа нэрийдлээр хууль бус захирамж гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл захирамж нь 2007 оноос хойш гаргасан шийдвэрт хамааралгүй гэдгийг шүүхээс дүгнэлт хийсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь уг асуудлыг тайлбарласан байгаа.

Эвлэрлийн гэрээнд 2007 оноос 2012 он гэж хугацаа заасан байдаг. Шүүхээс уг гэрээнээс өөр гэрээ сунгах тухай хүсэлт байгаа эсэхийг тодруулахад өөр гэрээ, хүсэлт байхгүй байдаг. Уг гэрээ дууссаны дараа иргэдэд газар эзэмших эрхийг олгосон. Хэргийн материалаас харахад шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай гээд хэд хэдэн захирамж гарсан байдаг. Гуравдагч этгээд газраа ямар зориулалтын дагуу ашиглах гээд байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нар Газрын тухай хууль тогтоомжид заасан үүргээ зөрчөөгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар  Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” А/225 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхээ сэргээлгэх, Сүхбаатар дүүргийн Засаг даргатай байгуулсан эвлэрлийн гэрээг хүчингүй болгуулах, нийтийн эзэмшил газрын орц гарцыг хааж хашаа хаалга барьсныг нээлгэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсныг багасгаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” А/225 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлж, нэхэмжлэгч Т.Буянхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул түүнд холбогдох хэргийг тусгаарлажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Шарга морьт”-ын зусланд нэхэмжлэгч Б.Мөнхсайхан тус дүүргийн Засаг даргын 2014 оны А/239 дүгээр захирамжаар 700м.кв, Д.Эрдэнэчимэг 2012 оны 260 дугаар захирамжаар 700м.кв газруудыг эзэмших эрхтэй болжээ боловч дүүргийн Засаг даргын  2015 оны 6 дугаар  сарын 02-ны өдрийн А/225 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь цуцалжээ.

2007 онд маргаан бүхий газартай холбогдуулан “Мон Аналитик” ХХК Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2007 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын  26-ны өдрийн 235 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тус эвлэрлийн гэрээний талууд болох “Мон-Аналитик” ХХК, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нар  “Оросын хүүхдийн Дружба зуслангийн эзэмшил газар болон ойн сан бүхий эргэн тойрон эрүүл ахуйн халдвар хамгааллын 500 метр хүртэл газарт шинээр дахин газар олгохгүй байх  талаар зохих захиргааны акт гаргахыг даалгах, хашаа сууц барьсан иргэдэд зуслангийн газар хувьчлах талаарх  асуудлыг зогсоох”  гэсэн хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүх баталсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2007 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийн “нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 235 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. 2012 оны дээрхи захирамжийг албадан биелүүлэх тухай 982 дугаар захирамж гарчээ. Захирамжийн  үндэслэх хэсэгт “нэхэмжлэгчийн 2012 оны 6 дугаар  сарын 11-ний өдрийн хүсэлтэд дурдагдсан Эвлэрлийн гэрээний 3.1.1-д заасныг үндэслэн 2007 оны 5 дугаар сарын 1-ээс хойш “Дружба” зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгааллын бүсэд газар олгосон дүүргийн Засаг даргын шийдвэрүүд, газар эзэмших ашиглах гэрчилгээнүүдийг ирүүлж хүчингүй болгох талаар шүүхийн албадан шийдвэрт тусгуулах асуудлаар гүйцэтгэх хуудас, албадан биелүүлэх захирамж гаргах үндэслэлгүй, учир нь 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш олгогдсон Засаг даргын шийдвэр, газар ашиглуулах гэрчилгээг хүчингүй болгуулах асуудал нь тусдаа маргаан байна” гэж дүгнэжээ.

Иймд  хариуцагч “шүүхийн шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын  2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжийг гаргасан” гэж тайлбарлаж байгаа нь, мөн энэ үндэслэлээр  Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга, Оросын “Дружба” зуслан нөхөрлөлийн дарга, “Мон-Аналитик” ХХК-ийн Ерөнхий захирал нарын 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Ойн сан бүхий газрын байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах” 4/01 дүгээр гэрээ нь 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчлэх ба дахин сунгагдаагүй байхад, дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарны 07-ны өдрийн  206 дугаар, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/239 дүгээр захирамжуудаар “Шарга морь”-ын зусланд газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Б.Мөнхсайхан, Д.Эрдэнэчимэг нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгосон нь буруу байна.             

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмшигч” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт зааснаар газар эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болох газрын төлбөрийг төлж байсан төлбөрийн баримтууд, эзэмшил бүхий газраа жилийн дөрвөн улиралд амьдарч байгаа нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Энэ тал дээр талууд маргадаггүй зэрэг байдлыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Эвлэрлийн гэрээний зүйл заалтаар хуулийн дагуу, эрхийн доголдолгүй газар эзэмшиж буй иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, эвлэрлийн гэрээг туд тохиролцоогүй, асуудлаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийг хүчингүй болгох тохиолдлуудыг тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл үүсээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байхад хариуцагч нь хууль ёсны дагуу газар эзэмшиж байгаа иргэдийн эрхийг хүчингүй болгосон нь буруу байна.

  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т  “байгаль орчны улсын тусгай хамгаалалтад ороогүй объектыг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргаж, түүний хилийн зааг, хамгаалалтын дэглэм тогтоож, биелэлтэд нь хяналт тавих” гэж  заасны дагуу газрыг хамгаалалтад авах, хамгаалалтын бүсийн  хилийн зааг бүсийг тогтоох  бүрэн эрх нь  нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байна. Гэтэл маргаан бүхий газрыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр орон нутгийн хамгаалалтанд аваагүй байхад Сүхбаатар дүүргийн Засаг дарга хамгаалалтын бүс гэх нэрийдлээр маргаан бүхий захиргааны акт гаргасан нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Түүнчлэн “Мон-Аналитик” ХХК-ийн хүсэлтээр 2012 онд Эрүүл ахуйн, хүний экологийн төвийн захирал, АШУ-ны доктор Н.Сайжаагийн гаргасан дүгнэлт, зөвлөмжид “...зуслангийн эзэмшил 26 га талбайн эргэн тойронд 500 метр газрыг хүүхдийн зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгааллын бүс байхаар...”, “...хүүхдийн зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгааллын бүсийг 500-аас 1000 метр хүртэл зайн тогтоох шийдэл гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэжээ. Дээрх дүгнэлт нь ямар нэгэн хуулийн үндэслэл байхгүй, дүгнэлт гаргагчид ямар нэгэн эрхийн актаар ийнхүү дүгнэлт гаргах эрх олгоогүй тул шүүхээс дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн болно.

 Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэхэд, хариуцагч нь газар эзэмших эрх үүсээгүй гуравдагч этгээд “Мон-Аналитик” ХХК-ийн үндэслэлгүй шаардлагаар бусад ямар нэгэн эрхийн доголдолгүй газар эзэмшиж байгаа иргэдийн эрхийг хязгаарлаж, эвлэрлийн гэрээний зүйл заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдааныг  удаа  дараа хойшлуулах хүсэлт гаргаж байсан, мөн шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.5.3, 39 дүгээр  зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мөнхсайхан, Д.Эрдэнэчимэг нарын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Өмч газрын харилцааны албанд холбогдуулан гаргаснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” А/225 дугаар захирамжийн Б.Мөнхсайхан, Д.Эрдэнэчимэг нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.                  

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.               

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Д.ЧАНЦАЛНЯМ