Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/00105

 

Б.Амаржаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05773 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1854 дүгээр магадлалтай,

         Б.Амаржаргалын нэхэмжлэлтэй,

         Г.Наранбатад холбогдох      

         Зээлийн гэрээний үүрэгт 3.611.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Хариуцагч Г.Наранбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн  

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Б.Амаржаргал миний бие зээлдэгч Г.Наранбаттай 2014 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатайгаар сарын 7 хувийн хүүтэй 2 300 000 төгрөг зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан болно. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд барьцааны зүйл болох 75-51 УНГ улсын дугаартай “KIA PRONTIER” маркийн автомашин барьцаанд авсан болно. Гэвч зээлдэгч Г.Наранбат нь гэрээний үүргээ зөрчиж зээлсэн 2 300 000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байх тул зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээл өгөгчид үүрэгтэй гэж заасны дагуу зээлийн гэрээний үүргээ 309 хоног хэтрүүлсэн ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 2 300 000 төгрөгөөс хоног тутмын алдангийн 11 500 төгрөг болох бөгөөд алдангид тооцогдох анзын дүн 309 хоногт 3 553 500 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анз нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул үндсэн зээлийн дүн 2 300 000 төгрөгийн 50 хувь болох 1 150 000 төгрөгийн алданги тооцохоор байна. Иймд үндсэн зээл 2 300 000 төгрөг, 1 сарын хүү болох 161 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 1 150 000 төгрөг, нийт 3 611 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч өнөөдрийг хүртэл нийт 7 сарын хүү болох 1 050 000 төгрөгийг төлсөн.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Туяагийн гаргасан хариу тайлбарт: “Миний бие Б.Амаржаргалаас 2 300 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Энэхүү зээлийн 2 150 000 төгрөгийг Б.Амаржаргалын Хаан банкин дахь дансанд тушаасан. Одоо 150 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Би өмнө нь 150 000 төгрөг төлнө гэсэн боловч одоо шүүх хуралдаанд 1 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрөөд дуусгах саналтай байна. Би сар бүр 150 000 төгрөгийг 1 жил төлсөн. Би осолд ороод хүнд ажил хийж чадахаа больсон тул нэмж төлбөр төлөх боломжгүй.” гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05773 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Наранбатаас 2 116 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Амаржаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 494 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48 814 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 1 274 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1854 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05773 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Наранбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

         Хариуцагч Г.Наранбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Г.Наранбат миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05773 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 1854 дүгээр магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, эрх, үүргийг нь ойлгомжтой тайлбарлахгүй нэхэмжлэл гардан авахаар ирсэн намайг наад баримтууд дээрээ гарын үсэг зур гэж хэлэн гарын үсэг зуруулсан, надад юун дээр зурж байгааг маань ч сайн тайлбарлаагүй. Мөн шүүх хуралдаан болох тухай хэлэлгүй шүүхээс дуудаж байна ир гэж хэлээд намайг ирэнгүүт нь ямар ч бэлтгэлгүй байхад хуралдааныг хийсэн. Шүүхээс шүүх хуралдааныг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дараа намайг дуудаж хэргийн материалтай танилцуулах ёстой байсан юм билээ гэтэл огт тийм ажиллагааг шүүх хийлгүйгээр хурлаа хийсэн. Мөн миний бие нэхэмжлэгчид түүний дансаар 2 150 000 төгрөгийг шилжүүлж байсан, би бараг бүх мөнгөө төлж дуусгасан. Гэтэл шүүх намайг Б.Амаржаргалд 2 116 500 төгрөг төл гэж, түүний тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэв Б.Амаржаргал нь надаас 1 050 000 төгрөг авсан гэж байгаа бол түүнийгээ нотлох үүрэгтэй. Гэтэл зөвхөн нэхэмжлэгчийн амаар энэхүү хэргийг шийдвэрлэж намайг хохироосонд гомдолтой байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05773 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 1854 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, Иргэний хуулийн зээлийн гэрээний үүрэгт холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

      Нэхэмжлэгч Б.Амаржаргал нь хариуцагч Г.Наранбатад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 611 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн, 150 000 төгрөгийг өгөөд тооцоо дуусна гэж маргажээ.

      Талууд 2014 оны 2 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Амаржаргал нь хариуцагч Г.Наранбатад 2 300 000 төгрөгийг 2014 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаатай 7 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн тухай гэрээний хуулбар хэрэгт авагдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байна. /хх-7/

       Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдүүлэгчийн өмчлөлд 2 300 000 төгрөг шилжсэн байна.

       Харин зээлийн гэрээний үүрэгт төлсөн үнийн дүнгийн асуудлаар зохигчид маргаж, нэхэмжлэгч Б.Амаржаргал нь хариуцагчийг 1 050 000 төгрөг төлсөн гэж, хариуцагч Г.Наранбат 2 150 000 төгрөг төлсөн гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

        Иргэний хуульд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хариуцагч Г.Наранбатыг зээлийн гэрээний үндсэн үүрэгт 2 300 000 төгрөг, зээлийн хүүд 161 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэн хариуцагч Г.Наранбатаас 2 116 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалтыг зөв хэрэглэжээ.

          Хэргийн 19 дүгээр талд хариуцагч Г.Наранбатын бичсэн “...миний бие Б.Амаржаргалаас 2 300 000 төгрөгийг зээлж авсан үнэн. Энэхүү зээлийн 2 150 000 төгрөгийг Б.Амаржаргалын 5085044185 тоот дансанд шилжүүлсэн...” гэсэн тайлбар байгаа боловч тэрээр нэхэмжлэгчид 2 150 000 төгрөгийг бэлнээр эсхүл дансаар шилжүүлсэн тухай баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт шүүхэд ирүүлээгүй, уг тайлбар нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийг 2 150 000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

         Зохигчид зээлийн гэрээнд зээлдэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч Б.Амаржаргал нь хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.         

          Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагчаас үндсэн зээлд 1 250 000 төгрөг, зээлийн хүүд 161 000 төгрөг, алдангид 705 500 төгрөг нийт 2 116 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл хуульд нийцсэн байна.

          Хариуцагчийн “…эрх үүргийг тайлбарлан өгөөгүй, хэргийн материалтай танилцуулаагүй” гэх хяналтын журмаар гаргасан гомлын үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Г.Наранбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

      1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05773 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1854 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Г.Наранбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Хариуцагч Г.Наранбатын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                                          ШҮҮГЧ                                                           Д.ЦОЛМОН