Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/1052

 

 

 

 

 

2024          9              **********                                            2024/ДШМ/1052

 

Ө.**********д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах /томилолтоор/,

шүүгдэгч Ө.**********ын өмгөөлөгч Н.Намжилцогт,

хохирогч Г.**********ын  өмгөөлөгч Б.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/788 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.**********ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1808 00682 0244 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

********** овгийн **********ы **********, ********** оны ********** дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт ********** дүүргийн 7 дугаар хороо, ********** гудамж, ********** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**********/.

Шүүгдэгч Ө.********** нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “******” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2016 оны ********** дугаар сарын **********-ны өдрөөс 2017 оны ********** дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 23 удаагийн үйлдлээр тус компанийн банкны данснаас 27.044.800 төгрөгийг шилжүүлж авсан,

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус компанийн захирал Г.**********аас Нийгмийн даатгалын газарт аваачиж тушаана гэж хэлэн 2.681.360 төгрөг, хүн амын орлогын албан татварт төлөх 860.000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт төлөх байсан 1.400.000 төгрөгийг тус тус бэлнээр авч нийт 31.986.160 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Ө.**********ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ********** овогт **********ы **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.**********ыг 4 (дөрөв) жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.**********д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.**********ын цагдан хоригдсон 32 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.********** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.**********аас 29.986.160 төгрөг гаргуулж, хохирогч Г.**********т олгож, бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.********** давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч байна. Тухайн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа учир нь:

1. Миний бие өөрийн хавтаст хэрэгтэйгээ огт танилцаагүй бөгөөд хохирогчийн гарган өгсөн 29.986.160 төгрөг гэсэн мөнгөн дүнг зөв гэж итгэн, хохирлын тооцоог зөвшөөрч явсан. Гэтэл би 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр тус тогтоолыг хүлээн авч нэг бүрчлэн данс руу орсон мөнгөн дүнг шалгатал 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нийгмийн даатгалын төлбөр болох 2.384.800 төгрөгийг Хаан банкны ****** тоот данс руу шилжүүлсэн байтал надад өгсөн гэж хохиролд тооцжээ. Уг мөнгийг аваагүй тул хохирлын тооцооноос хасаж тооцож өгнө үү.

2. Би өөрийн анхааралгүй, сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж энэхүү гэмт хэргийг үйлдсэндээ харамсан өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Би 3 хүүхдийн ээж бөгөөд гэр бүлдээ хайртай сайн ээж, сайн хань, сайн ажилтан байхыг хичээж ирсэн билээ. Гэтэл эмэгтэй хүний амьдралд таарах сэтгэл зүйн асуудлаас болж гэр бүл, хамт олныхоо итгэл сэтгэлийг алдаад зогсохгүй Монгол Улсын иргэн байж эх орныхоо төлөө сайн сайхныг хийж бүтээх ёстой байтал тус хэргийг үйлдэж гэмт хэрэгтэн болсондоо маш их харамсаж, өөртөө үнэлэлт дүгнэлт хийж ухамсарлаж эрхэм шүүгч та бүхэн хүлээн авч дээрх 2 учир шалтгааныг бодолцон нэг өдрийн өмнө ч гэсэн хохирогчид төлбөр барагдуулах мөн хөгжлийн бэрхшээлтэй ээжийгээ хүлээн суугаа бага хүүдээ очих боломжийг надад өгөөч хэмээн чин сэтгэлээсээ гуйж байгааг минь хүлээн авна уу.” гэжээ.

 

Шүүгдэгч Ө.**********ын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх “******” ХХК-д учирсан хохирлын тооцоог буруу гаргасан. Шүүгдэгч Ө.********** нь нийт 23 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн бөгөөд 22 удаагийн үйлдлээр шилжүүлсэн мөнгийг өөрөө авч ашигласан. Харин нийгмийн даатгалын төлбөр болох 2.384.800 төгрөгийг Хаан банкны ****** тоот данс руу буюу Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын газрын данс руу шилжүүлсэн. Нэгэнт шилжүүлсэн мөнгийг буцааж авах боломжгүй тул завшсан гэж үзэхгүй. Хавтаст хэрэгт тухайн мөнгийг буцааж авсан, завшсан гэх баримт байхгүй. Хавтаст хэргийн 18, 59 дүгээр талд авагдсан шүүгдэгч Ө.**********ын өгсөн 2 удаагийн мэдүүлэгт тэрээр “тухайн мөнгийг шилжүүлсэн” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Ө.********** нь Дүүргийн нийгмийн даатгалын газрын данс руу мөнгө шилжүүлсэн болох нь түүний мэдүүлгээс гадна хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан аудитын шалгалт, эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Шүүгдэгч Ө.********** нь “******” ХХК-д 29.601.360 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 2.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо 27.601.360 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд үүнийг залруулж, хохирлын тооцоог бодитой гаргаж өгнө үү. Шүүгдэгч Ө.********** нь гэм буруу дээр маргадаггүй, компанид учруулсан хохирлоо төлөхөө байнга илэрхийлж байсан. Мөнгө олохоор Турк улс руу явсан боловч ковидын үе байсан тул хоолны мөнгөнөөс илүү мөнгө олж чадаагүй гэдэг зүйл ярьдаг бөгөөд түүнийг Турк улсаас ирсэн даруйд шүүх хуралдаан болсон. Шүүгдэгч Ө.********** нь 3 хүүхэдтэй зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг багасгаж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Г.**********ын өмгөөлөгч Б.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийгмийн даатгалын төлбөр төлсөн нь баримтаар тогтоогддог тул хохирлоос хасаж тооцоход татгалзах зүйл байхгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.**********ын хувийн байдалд нь дүгнэлт хийж түүнд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Ө.********** нь шүүхийн шатнаас оргон зайлсан, мөн түүнээс “хохирол төлөх үү” гэж асуухад “үгүй” гэж хариулдаг бөгөөд хохирол төлөхөө илэрхийлээгүй зэрэг нөхцөл байдлуудыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү...” гэв.

 

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд нийгмийн даатгалын шимтгэл нэрээр орсон мөнгийг хохиролд тооцсон байх тул 2.384.800 төгрөгийг хасаж тооцоход татгалзах зүйл байхгүй. Шүүгдэгч Ө.********** нь шүүхийн шатнаас 4 жилийн хугацаанд оргон зайлсан, 4-5 жилийн хугацаанд хохирол, төлбөр огт төлөөгүй, төлөхөө илэрхийлээгүй тул түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Ө.**********ын гаргасан давж заалдах гомдлын “2.384.800 төгрөгийг хохирлоос хасаж тооцуулах” хэсгийг хангаж, ял хөнгөрүүлэх талаар гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.**********д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ө.********** нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “******” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2016 оны ********** дугаар сарын **********-ны өдрөөс 2017 оны ********** дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 22 удаагийн үйлдлээр тус компанийн банкны данснаас 24.660.000 төгрөгийг шилжүүлж авсан,

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус компанийн захирал Г.**********аас Нийгмийн даатгалын газарт аваачиж тушаана гэж хэлэн 2.681.360 төгрөг, хүн амын орлогын албан татварт төлөх 860.000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт төлөх байсан 1.400.000 төгрөгийг тус тус бэлнээр авч нийт 29.601.360 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-шүүгдэгч Ө.**********ын: “...Би ганцаараа ямар нэг хүний оролцоогүйгээр “******” компанийн нягтлан бодогчийн ажилтай байх хугацаандаа 1 жилийн дотор нийт 31.026.160 төгрөгийг завшсан нь үнэн. ....би мөнгө шилжүүлж болох эсэх талаар туршиж үзэхийн тулд ******ийн данс руу 5.000. 000 төгрөг интернет банкаар шилжүүлж үзсэн. Интернэт банкинд бүртгүүлэх талаар би захиралд санал болгосон. ...2017 оны 4 дүгээр сард 2.384.800 төгрөгийг бэлнээр авч явж байгаад 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дансаар нийгмийн даатгалын 5019201048 дугаарын данс руу шилжүүлсэн. Бусад мөнгийг нь тухайн үедээ хэрэгцээндээ зарцуулж дуусгасан...” (1хх 56-59),

 

-хохирогч Г.**********ын: “...2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр **********тай хөдөлмөрийн гэрээ хийсэн. Компаний ****** дансыг 2016 оны 11 дүгээр сараас Ө.********** нь “Дансны үлдэгдэл шалгах үйлчилгээнд холбуулах" гэсэн юм гээд бид 2 банк ороод “дансны үлдэгдэл шалгах үйлчилгээ”-нд холбосон. Тэр үед надад банкны ажилтан болон ********** нар уг дансаар гүйлгээ хийх боломжтой гэдгийг хэлээгүй. .... Ингэж мөнгө авч байсан талаараа надад огт хэлж байгаагүй. Уг дансанд ойролцоогоор 10 орчим сая төгрөг байнга эргэлддэг байсан. Тэгэхээр би дансаа шалгаж үздэггүй байсан. Тухайн үед надад банкны ажилтан ч нарийн сайн тайлбарлаж өгөөгүй, би ч асуугаагүй. Гэхдээ би интернет банкийг дансны орлого, зарлага л Ө.**********д харагдах байх, өөр гүйлгээ хийж болохгүй болов уу гэж ойлгож байсан. Нийт 31.026.160 төгрөгийн хохирол учраад байгаа, энэ хохирлоос Ө.********** нь хөргөгч, хөлдөөгч, 32 инчийн ЛСД зурагт, хувилагч машин, дасгалын дугуй зэрэг эд зүйлсийг 2.000.000 төгрөгөөр бодож хасуулсан. Өөр надад ямар нэг хохирол барагдуулаагүй...” (1хх 7-9, 11-13),

 

-гэрч Э.******гийн: “...Уг мөнгийг Ө.********** “найз нь данс руу чинь мөнгө шилжүүлээд авчихъя” гэж хэлээд миний данс руу 2.900.000 төгрөг шилжүүлээд 1-2 хоног байлгаж надаас буцааж авсан. Яг ямар хэлбэрээр буцааж шилжүүлж өгснөө сайн мэдэхгүй байна. Надад өөр ямар нэг зүйл хэлээгүй. Тухайн мөнгийг хаана яаж хэнтэй хэрхэн зарцуулсан талаар мэдэхгүй. Надад мөнгө төгрөг зээлж байгаагүй...” (1хх 29),

 

гэрч Т.******: “...Анх 2017 оны 07 сарын сүүлээр мөнгөний хэрэг гараад мөнгө зээлэх хүн хайж байгаад ... уулзаж, танилцсан. ********** надад 15,000,000 төгрөгийг хүүтэй зээлсэн бөгөөд хүү болох 3.300.000 төгрөгийг суутгаад 10.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд, үлдсэн 1.700.000 төгрөгийг нь данс руу хийсэн. Уг мөнгийг 2017 оны 07 сарын 25-ны өдөр өгсөн шиг санаж байна...” (1хх 30),

 

-гэрч Л.******ийн: “...манай Сонгинохайрхан салбартай 2017 оны 04 сарын 03-ны өдөр Г.********** гэрээ хийсэн. Интернет банкны үйлчилгээг 2016 онд Г.********** нь “******” ХХК-ийн ****** тоот дансанд авсан. Ингэхдээ нууц код буюу интернет банкинд нэвтрэн орж гүйлгээ хийх кодыг **********ын эзэмшлийн е.мэйл хаягаар авахаар өгсөн байна. Интернет банкны үйлчилгээ авч буй хүний өөрийнх нь өгсөн емэйл хаягаар кодыг явуулдаг. Тухайн код ирсэн даруйд нь интернет банкны үйлчилгээ рүүгээ нэвтэрч ороод шууд кодоо солих ёстой байдаг. Энэ нь аюулгүй байдлаас үүдэлтэй юм. Энэ үйлчилгээ анх ********** гэх “******" ХХК-ийн захирал нэвтрэх эрхтэйгээр нээгдсэн боловч **********ын емэйл хаягийг бүртгүүлсэн...” (1хх 35-37)

 

-гэрч Л.******ийн: “...2016 онд би Солонгос явах бодолтой байсан бөгөөд виз гарахад нөлөөлөх гол зүйл дансанд орж гарах гүйлгээ их чухал байдаг болохоор найзууддаа “миний данс руу мөнгө хийгээд буцааж авч байгаарай” гэж хэлж байсан. Нэг орой ********** яриад “чиний дансаар мөнгө шилжүүлж авъя, картаа өгч бай” гээд ажил дээр ирж карт авч яваад тэр оройдоо буцаж ирээд өгсөн. Түүнээс миний хувьд **********аас авах мөнгөний авлага байхгүй..." (1хх 38-40),

 

-“******” ХХК-ийн “...****** тоот дансыг гүйлгээ хийлгэх эрхтэй интернет банкинд холбуулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу...” гэх хүсэлт, Хаан банкны интернет банкны үйлчилгээ авах тухай маягтын хуулбар (1хх 65-68),

 

-“Жисаса” ББСБ-ын зээлийн гэрээ (1хх 74-77),

 -“******" ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ (1хх 82-83),

-“******” ХХК- ийн ****** тоот дансны хуулга (1хх 114-116),

-“Монста-Аудит” ХХК-ийн 2018.02.02-ны өдрийн шалгалтын ажлын тайланд: “...нягтлан бодогч Ө.********** нь удаа дараагийн үйлдлээр интернэт банкны гүйлгээ хийж 26084800 төгрөг, холбогдох татвар нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг төлөлгүй 4941360 төгрөг, бүгд 31026160 төгрөгийг ашигласан байна. Ө.********** нь дээрх аргаар 31026160 төгрөгийг ашигласан болохоо хүлээн зөвшөөрч тодорхойлолт гаргасан болно...” (1хх 47-49) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ө.**********д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч Ө.**********ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэлтэй маргаагүй болно.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоох зэрэг аргаар завшдаг. Харин албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг ажил үүргийнхээ дагуу олгогдсон эрхийг ашиглаж завшсан үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Ө.********** “...2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нийгмийн даатгалын төлбөр болох 2.384.800 төгрөгийг Хаан банкны ****** тоот данс руу шилжүүлсэн байтал надад өгсөн гэж хохиролд тооцжээ. Уг мөнгийг аваагүй тул хохирлын тооцооноос хасаж тооцож өгнө үү...би 3 хүүхэдтэй, бага хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү...” гэж давж заалдах гомдол гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “...гэмт  хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг...” нотлон тогтооно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ө.**********ын 2016 оны ********** дугаар сарын **********-ны өдрөөс 2017 оны ********** дугаар сарын 16-ны өдрийн хооронд 23 удаагийн үйлдлээр тус компанийн банкны данснаас 27.044.800 төгрөгийг шилжүүлж авсан үйлдлээс “...2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нийгмийн даатгалын төлбөр болох 2.384.800 төгрөгийг Хаан банкны ****** тоот данс руу шилжүүлсэн...” үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь шүүгдэгч Ө.********** нь …бэлнээр авч явсан 2.384.800 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 01-нд Нийгмийн даатгалын ****** дугаарын дансруу шилжүүлсэн.../1хх 59/…прокурор Н.Ундрахын…Нийгмийн даатгалын төлбөр болох 2.384.800 төгрөгийг Хаан банкны ****** тоот данс руу буюу Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын данс руу шилжүүлсэн. Нэгэнт шилжүүлсэн мөнгийг буцааж авах боломжгүй тул завшсан гэж үзэхгүй…хохирогч Г.**********ын өмгөөлөгч Б.Баасанжаргалын…нийгмийн даатгалын төлбөр төлсөн нь баримтаар тогтоогддог тул хохирлоос хасаж тооцоход татгалзах зүйл байхгүй… гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдов.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч Ө.**********ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад хууль бусаар учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ. Гэвч шүүгдэгчийн учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.**********д оногдуулсан хорих ялын хэмжээг “3 жил 6 сар” болгон хөнгөрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ө.**********ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/788 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.**********ыг 4 (дөрөв) жилийн хорих ял шийтгэж...гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.**********ыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж...гэж,...6 дахь заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.**********аас 27.601.360 төгрөг гаргуулж хохирогч Г.**********т олгохоор өөрчлөлт оруулав.

Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан тул шүүгдэгч Ө.**********ын цагдан хоригдсон хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/788 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Ө.**********ыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...Ө.**********ыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

6 дахь заалтыг “...шүүгдэгч Ө.**********аас 29.986.160 төгрөг гаргуулж...” гэснийг “...шүүгдэгч Ө.**********аас 27.601.360 төгрөг гаргуулж...” гэж тус тус өөрчилсүгэй.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.**********ын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын **********-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 104 /нэг зуун дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БАТСАЙХАН

 

                           ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ

 

                           ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ