Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 482

 

 

 

 

 

 

 

 

 2018           6           14                                     482

                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: И.Сэлэнгэ,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч: Р.”Б” нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Б”д холбогдох эрүүгийн 1805 0228 40467 тоот дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “Б”.

 

             шүүгдэгч Р.”Б” нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 122-1508 тоотод эхнэр Д.”Э”тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь тархи доргилт, баруун нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Р.”Б” мэдүүлэхдээ:

2018 оны 4 дүгээр сарын 12-ны өглөө миний гар утсанд манайд ажиллаж байсан эмэгтэйгээс ирсэн мессежнээс болж эхнэртэйгээ маргалдсан. Эхнэр 00 өрөөний дотор байсан ба би шүдээ угаахаар 00-д орох гэтэл маргалдаад намайг оруулахгүй байхаар нь түүнийг холд гээд түлхчихсэн чинь тэр унахдаа 00 өрөөний суултуур мөргөчихсөн юм. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл хохирогчид учруулснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. Эхнэрийн эмчилгээний зардалд 400-500 000 төгрөгийн зардал гарсныг төлж барагдуулсан.  Одоо бид хоорондоо эвлэрсэн гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.”Э” мэдүүлэхдээ:

Нөхөр бид хоёр эмч болохоор хоёулаа жижүүрт хонодог. Би жижүүрт 2018 оны 4 дүгээр сарын 10-нд хоноод 4 сарын 11-ний өдөр жижүүрээс буусан. 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өглөө 07 цаг 30 минутын үед байх гэрээсээ бид хоёр ажилдаа гарахын өмнө би нөхөр “Б”ы гар утаснаас хүний дугаар харах гээд үзэхэд нэг хүний утаснаас хувийн чанартай мессеж ирсэн байсан. Тухайн үед нөхөртөө мессежийг харуулахад надад тайлбарлаж өгөөгүй. Би тэгэхээр нь энэ хүнтэй очиж уулзана гэхэд үгүй, энэ хүн манайд ажилладаггүй гэж надад хэлсэн. Эхлээд энэ хүнийг танихгүй гэж байснаа намайг очиж уулзана гэхээр манай ажилд ажиллдаггүй гээд эхэлсэн. Тэгээд би чи нууцаар уулзаад байх хэрэггүй, хоёулаа шүүхээр ороод салсан нь дээр байх гэж хэлээд би 00-ийн өрөөнд ороод шүдээ угаагаад зогсож байхад манай нөхөр миний нүүр рүү түлхсэн. Би 00-ийн суултуур мөргөөд унасан юм. Тэр өдрийнхөө орой би ээж, аавтайгаа ярилцаад нөхөртэйгээ уулзахад надтай ярилцахгүй байхаар нь би гомдоод цагдаад мэдэгдсэн юм. Нэг жилийн өмнө маргаанаас болоод намайг түлхэж байсан. Манай нөхөр намайг цус нөжтэй нь холиод зодоод байдаггүй. Бид хоёр залуу хүмүүс болохоор маргах үе байдаг. Би түүнтэй хэрэлдээд байдаггүй юм. Бид хоёр цаашдаа хүүхдээ бодоод амьдарч байна. Манай хүн боловсролтой, надад гар хүрээд байдаггүй, би эмэгтэй хүний хувьд нөхөртөө гомдоод өргөдөл гаргасан юм. Одоо бид хоёр ярилцаад учраа олсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, нөхөртөйгээ эвлэрсэн, гомдол саналгүй гэжээ. (хэргийн 26-27 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 4892 тоот дүгнэлтэд:

1. Д.”Э”гийн биед тархи доргилт, баруун нүдний алиманд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  (хэргийн 31 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Р.”Б” ял шийтгэгдэж байгаагүй гэжээ.  (хэргийн 61 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Р.”Б” нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 122 дугаар байрны 1508 тоот гэртээ эхнэр,  Д.”Э”тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.”Э”гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 4892 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас Р.”Б”д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

Хохирогч Д.”Э” нь бид учраа олж, эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй,  гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч “Б”ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Р.”Б”ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Р.”Б” нь торгох ялыг 01 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Р.”Б” цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.”Б”д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН