| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2018/0075/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ахжий овогт Дашийн Бэд холбогдох 1829000950070 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар агуулга /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Ухаа худгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 216 дахь км-т Эсдэ ХХК-ийн эзэмшлийн 09-17 УНА улсын дугаартай Хово маркийн хүнд даацийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй үед зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган иргэн С.Дамбаагийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, Эсдэ ХХК-д 4 020 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэг өгөхгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч С.Дамбаагийн мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн иргэний нэхэмжлэгч П.Оюунбатын мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №76 дугаартай Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 50-р хуудас/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 8-13-р хуудас/
- Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-20-р хуудас/
- “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №10153743 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-р хуудас/
- Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/
- Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Ухаа худгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 216 дахь км-т Эсдэ ХХК-ийн эзэмшлийн 09-17 УНА улсын дугаартай Хово маркийн хүнд даацийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдын хасаж зайлшгүй үед зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган иргэн С.Дамбаагийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, Эсдэ ХХК-д 4 020 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
Хохирогч С.Дамбаагийн: “...Би Бтэй тааралдаад оочирт орох гэж байна хамт явъя гэхээр нь машинд нь суугаад оочирт орохоор 600 орчим метр газар яваад замын хажуу тал руу хажуулдаад уначихсан. Тэгэж онхолдсоноос болж миний гар хугарч, хүзүү маань гэмтсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч П.Оюунбатын: “...Хово маркийн 09-17 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ESDE ХХК-ийн эзэмшлийн машин байгаа юм. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр осол болсон талаар сонсоод тухайн газарт очход машин ачаатайгаа замын хажуу тал руу уначихсан байсныг ковшоор татуулан босгоод нүүрсийг өөр машинд шилжүүлэн ачуулаад явуулсан бөгөөд жолооч Б болон машинд хамт байсан хүн нь Ханбогд сумын эмнэлэг рүү явсан байсан. Уг ослын улмаас машинд 4 сая гаруй төгрөгийн хохирол учирсан бөгөөд даатгалаас манай хохиролыг барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн: С.Дамбаагийн биед хүзүүний 4-р нугалмын хөндлөн ба үений сэртэн, 5-р нугалмын үений сэртэнгийн хугарал, 4-р нугалмын жийргэвчийн гулсалт, урагдал, баруун гарын шуу, богтос ясны далд хугарал, баруун шууны зөөлөн эдийн эдийн няцрал, цус хуралт, духны олон тооны шарх, зулгаралт, зүүн хацрын зулгаралтууд, зүүн эгэм орчмын цус хуралт, баруун сарвууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх 4-р нугалмын хөндлөн ба үений сэртэн, 5-р нугалмын үений сэртэнгийн хугарал, 4-р нугалмын жийргэвчийн гулсалт, урагдал, баруун гарын шуу, богтос ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №76 дугаартай Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний “Д.Бийн биед тархи доргилт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-п зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 50-р хуудас/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 8-13-р хуудас/
- Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-20-р хуудас/
- “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №10153743 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-р хуудас/
- Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирогч С.Дамбаа нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 24-р хуудас/, иргэний нэхэмжлэгч П.Оюунбат “...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 28-р хуудас/ гэсэн тул шүүгдэгч Д.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Бэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эд мөрийн баримтаар хураагдсан Д.Бийн №342399 дугаартай BCDE ангиллын жолоочийн үнэмлэхийг Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ахжий овогт Дашийн Бийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4, 4-т зааснаар шүүгдэгч Д.Бийн тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №342399 дугаартай BCDE ангиллын жолоочийн үнэмлэхийг Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6. Ялтан Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1,2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр нь дээрх хугацаа дуусмагц хуулийн хүн төгөлдөр болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА